Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч М.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Мөнхбатын Бд  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Бд холбогдуулж ирүүлсэн эрүүгийн 1805011730261 дугаартай хэргийг 2018 оны 3 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Б 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны гадна найз Б.Даваацэрэнг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 80000 төгрөг өгсөн”  гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Даваацэрэн мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 02 дугаар сарын 23-нд 19 цагийн үед өөрийн найз Б, Пүрэвсүрэн, Батмөнх, Амаржаргал, Билгүүн нартай уулзаж модны 2-ын 36 дугаар байрны хажуу талын интернэт тоглоомын газар орж тоглосон. Тэгээд тоглож гарч ирээд хоорондоо юм ярьж зогсож байгаад  Б тамхи гаргаж ирээд асаах гээд гартаа барьсан зогсож байхад би тухайн үед асаагаад өгье гээд тамхинаас нь барьтал Б чи яаж харьцаад байгаа юм бэ гээд миний нүүр рүү 1 удаа цохиход би газар унасан. Би босож ирээд цусаа арчаад чи яасан гэж намайг цохиж байгаа юм би чамайг яасан юм гэхэд чи харьцахгүй байж болно шүү гээд дахиад нүүр рүү нэг удаа цохисон. Би нүүрээ бариад доошоо хараад сууж байхад дахиад миний нүүр рүү өшиглөх гэхээр нь би гараараа хаасан...намайг өөрийнх нь тамхийг  авах гэж байна гэж бодоод цохисон гэсэн. Би зөрүүлж гар хүрээгүй...” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн М.Б мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 2 дугаар сарын 23-нд орой 18 цагийн үед өөрийн найз Амаржаргал, Билгүүн, Нямхүү, Батмөнх, Даваацэрэн нартай модны 2-ын автобусны буудал дээр уулзаж 36 дугаар байрны интернэт тоглоомын газарт орж тоголсон. Тэгээд 19 цагийн үед гарч ирээд дэлгүүр орж тамхи авч татаад зогсож байсан. Хажууд зогсож байсан Даваацэрэн миний татаж байсан тамхийг амнаас булааж авсан. Би тэгэхээр нь яагаад байгаа юм гэхэд чи өөрөө яагаад байгаа юм би чиний тамхийг чинь асааж өгөх гэж байна ш дээ гэхээр нь би хэлээд авбал зүгээр өгөх байсан гээд Даваацэрэнг нүүр рүү нь 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд Даваацэрэн доошоо тонгойгоод зогсож байхаар  нь би дахиж очоод гар руу нь нэг удаа өшиглөсөн” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3008 дугаартай”  Б.Даваацэрэнгийн биед дээд уруулын гадна дотор салстад няцарсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч М.Б хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 28/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 30/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 31/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 29/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны гадна найз Б.Даваацэрэнг “миний татах гэж байсан тамхийг авлаа” гэх шалтгаанаар зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Даваацэрэнгийн”...Б чи яаж харьцаад байгаа юм гээд миний нүүр рүү 1 удаа цохиход би газар унасан...дахиад нүүр рүү нэг удаа цохисон...” /хх-ийн 11/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3008 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч М.Бат-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Даваацэрэнг нүүр рүү нь 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд Даваацэрэн доошоо тонгойгоод зогсож байхаар  нь би дахиж очоод гар руу нь нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч М.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг М.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ