Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

2023        12           18                                           2023/ДШМ/45

 

                Б.А, Х.Б, Б.Б,

У.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан /цахимаар/, яллагдагч Б.А, Х.Б /цахимаар/, Б.Б, яллагдагч Х.Бгийн өмгөөлөгч Д.Бэлгүүн /цахимаар/, яллагдагч У.У-гийн өмгөөлөгч Т.Уянга, яллагдагч Б.А-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/354 дүгээр “Хэргийг прокурор буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.А, Х.Б, Б.Б, У.У нарт холбогдох, 2102000000063 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

яллагдагч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Их тойруу гудамж ........ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Х-ын Б, регистрийн дугаар:...........

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Увс аймгийн Автотээврийн төвийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Бадрахын ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт У-ын У, регистрийн дугаар: .............

3. Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механик мэргэжилтэй, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-гийн А, регистрийн дугаар: ......

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникчээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн дунд гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын Б, регистрийн дугаар: .......

Холбогдсон хэргийн талаар:

1. Яллагдагч Х.Б нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар, У.У нь Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар, Б.А нь Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр, Б.Б нь Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникчээр ажиллаж байхдаа санаатай нэгдэж бүлэглэн, Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам"-ын 2.6 дахь хэсэгт "Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно" гэж заасныг зөрчиж:

-2018 оны 8 дугаар сарын 6-наас 8-ны өдрийн хооронд “Сан тээвэр групп” ХХК-ийн эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүлийг,

-2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, 100 чиргүүлийг,

-2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Тэнгри транс групп” ХХК-ийн эзэмшлийн 3 автомашин, 3 чиргүүл, “Баянговь транс” ХХК-ийн эзэмшлийн 9 автомашин, 9 чиргүүл, “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 102 автомашин, 102 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж, бусдад  давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

2. Нийслэлийн Прокурорын газраас: Б.А, Х.Б, Б.Б, У.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/354 дүгээр шүүгчийн захирамжаар:

- Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Х-ын Б, Т овогт У-ын У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн А, Б овогт Б-ын Б нарт холбогдох эрүүгийн 2102000000063 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр тус прокурорын газарт буцаасугай.

- Хэрэг прокурорт очтол яллагдагч У.У, Б.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ. 

4. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

 Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлага нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах ажиллагааны зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Өөрөөр хэлбэл “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК, “Тэнгри транс” ХХК-ийн техникийн үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлсэн 664 автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол, хор уршиг учирсан бол уг гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үзэхээр байна. Гэвч энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болохоор хуульчилсан байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” заасан. Яллагдагч Х.Б, У.У, Б.А, Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож Авлигын эсрэг хууль, Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”, Ажлын байрны тодорхойлолтын холбогдох зүйл, заалтыг зөрчиж албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс" ХХК, “Тэнгри транс групп” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж дээрх компаниудад замын хөдөлгөөнд оролцох эрх буюу эдийн бус давуу байдал бий болгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Харин дээрх дөрвөн хуулийн этгээдийн техникийн үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлсэн 664 автотээврийн хэрэгсэл нь нүүрс тээвэрлэж хэчнээн төгрөгийн ашиг орлого олсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарахаар байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болсныг яллах дүгнэлтэд дүгнэсэн байдаг.

- Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг аймгийн төв, нийслэлд техникийн хяналтын үзлэгийн суурин төвд, аймгийн төв, нийслэлээс алслагдсан нутаг дэвсгэрт техникийн хяналтын үзлэгийг явуулын төвөөр хийж гүйцэтгэнэ” гэж зааснаар техникийн хяналтын үзлэгийг явуулын төвөөр хийж гүйцэтгэх эрх нээлттэй байхаар журамласан байхаас гадна хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч Ц.С, Д.Э, М.Э, С.Б нарын мэдүүлгээр орон нутгийн техникийн хяналтын явуулын төвийн эрх нээлттэй байсан болох нь нотлогдсон. Харин яллагдагч Б.А, У.У нарын мэдүүлгийн эх сурвалж өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/354 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Хулан дүгнэлт, тайлбартаа: Өмгөөлөгч нарыг хэргийн үйл баримт, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарыг ойлгоосой гэж хүсэж байна. Х.Б нарт холбогдох хэрэг нь нэр бүхий 4 компанийн 664 чиргүүлийг авто тээврийн хяналтын үзлэгт хамруулахгүйгээр тэнцүүлж байгаа нь үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч нар нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус давуу байдал олгосон” гэж үзэж байна. Авто тээврийн хяналтын үзлэгийг Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгслүүд нь стандарт шаардлагаа хангаж байгаа эсэхийг тогтоохын тулд явуулдаг. Эдгээр тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцсоноороо хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах эсэхэд дүгнэлт хийх зорилгоор хийгдэж байгаа ажиллагаа юм.

Гэтэл эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж үзэхгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг үзлэгт оруулсан мэтээр Увс аймагт тэнцүүлж байгаа нь авто тээврийн техникийн үзлэг хийх журмыг зөрчиж байна. Замын хөдөлгөөнд оролцох эдийн бус давуу байдал олж авсан гэдгийг дүгнэлтдээ дурдсан. Авто тээврийн техникийн үзлэгт тээврийн хэрэгсэл нь жил бүр орох ёстой. Үүний дагуу авто тээврийн техникийн үзлэгт тэнцсэн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцдог гэдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа.

Гэтэл нүдээрээ үзэж хараагүй атлаа нэр бүхий 4 компанийн 664 чиргүүл нь замын хөдөлгөөнд оролцох эрх буюу эдийн бус давуу эрх олж авсан. Ийм учраас хохирол, хор уршиг заавал учирсан байх ёстой биш. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг. Гэтэл яллагдагч нарын өмгөөлөгч нар нь прокурорын зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох боломжгүй гэж хэлсэн гэх тайлбарыг гаргаад байна. Би энэ хэрэгт хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдоогүй байна гэж тайлбарласан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол хор уршиг учирсан байхыг заавал шаардаагүй гэдэг байдлаар тайлбарлаагүй. Хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол хор уршиг учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас энэ гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоох, иргэний хариуцагчаар тогтоох субъект байхгүй.

С зөвшөөрөл нь 2041000160196 дугаартай Д нарт холбогдох  хэргээс тусгаарласан учраас тусдаа асуудал. С зөвшөөрлийг тусгай эрхээр авдаг. Техникийн хяналтын үзлэгт ороогүй байж оруулсан мэтээр тэнцүүлж байгаа нь өөр хэргийн асуудал. Харин С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн компаниуд нь хэчнээн удаагийн тээвэр хийж хэдэн төгрөгийн ашиг олсон эсэх нь техникийн үзлэгтэй хамааралгүй.

 Иймд яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг бодит байдлыг ойлгоосой хүсэж байна. Явуулын эрхийг төв байгууллагаас нээж, хааж өгч байгаа хүн нь энэ хэрэгт хамааралгүй. Х.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож Ханбогд суманд байсан тээврийн хэрэгслийг Увс аймагт үзлэгт оруулсан мэтээр тэнцүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн. Явуулын эрхийг нээж, хаагаад байгаа хүн нь 664 чиргүүлийг үзлэгт оруулсан хүн биш учраас хэрэгт хамааралгүй. Явуулын эрх нь байнга нээлттэй байсан гэдгийг хангалттай нотолж тогтоосон. Тухайн эрх нь байнгын нээлттэй, хаалттай байсан ч хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Ийм учраас давж заалдах шатнаас дүгнэлт хийж өгнө үү. Яллагдагч нарын дансны хуулгатай холбоотой шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хийнэ. Прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхээс хохирол хор уршгийн асуудалд дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

6. Яллагдагч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Яллагдагч Б.А-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 354 дугаартай Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнө нь энэ хэрэг шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан ба захирамжид дурдсан ажиллагаа хийгдээгүй байхад  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Прокурор нь эсэргүүцлээ тайлбарлахдаа нэр бүхий компаниудад ямар давуу байдал олгосон гэдгээ тогтоох шаардлагатай гэж шүүхээс үзсэн гэж хэлсэн. 664 тээврийн хэрэгслийг улсын үзлэгт тэнцүүлснээр тухайн компани нь эдийн ямар ашиг орлого олсныг тогтоох ёстой. Улсын яллагч нь тухайн тээврийн хэрэгслүүдийг зөвхөн тэнцүүлснээрээ давуу байдал бий болгосон гэж үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас хохирол, хор уршгийн асуудал яригдахгүй гэж тайлбарлаж байна.

Харин миний хувьд  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байсан ч хохирлын хэмжээг тодорхой тогтоох ёстой гэж үзэж байна. Прокурор нь тухайн компаниудын тээврийн хэрэгсэл нь хэдэн удаагийн тээвэр хийж, хичнээн төгрөгийн ашиг орлого олсныг тогтоох боломжгүй учраас хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн гэж хэлсэн. Гэрч А нь манайх тухайн үед нягтлан бодогч, анхан шатны санхүүгийн баримтгүй байсан гэж мэдүүлсэн учраас хохирлын асуудлыг тогтоох боломжгүй гэж үзсэн нь буруу бөгөөд тухайн компанийн нягтлан бодогчоос гэрчийн мэдүүлэг авчихаад хохирол тогтоох боломжгүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хэдэн тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлсэн нь тодорхой байхад хилээр хэдэн удаа орж гарсан нь тодорхой байгаа. Гэтэл хохирлын асуудлыг тогтоох боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид хуулийн этгээдүүдийг иргэний хариуцагчаар татаж оролцуулахаар заасан. Гэтэл иргэний хариуцагчаар татаж оролцуулах ажиллагаа хийгдээгүй.

Явуулын эрхийг нээж, хааж өгдөг субъект нь Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт шалгалтын албаны дарга байдаг. Хэрвээ явуулын эрх нь байнга нээлттэй байдаг бол түүнийг нээж, хаах эрх нь Авто тээврийн үндэсний төвд байх шаардлага байхгүй.

Явуулын эрхийг нээж хаадаг хүнийг гэрчээр асуусан учраас байнгын нээлттэй байдаг гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Тухайн гэмт хэрэгт холбогдож болзошгүй этгээдүүдийг гэрчээр асуучхаад нэмэлт ажиллагаа хийх боломжгүй гэж байгааг ойлгохгүй байна. Урьд нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн  захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Яллагдагч У.Угийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнө нь энэ хэргийг 41 дугаартай шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн 10 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг биелүүлэх үүрэг нь иргэн хуулийн этгээдэд байдаг.

Гэтэл тухайн захирамж, магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Прокурор нь С зөвшөөрлийн асуудлыг тусдаа учраас хэрэгт хамааралгүй, зөвхөн техникийн хяналтын үзлэгт оруулж тэнцүүлсэн асуудлыг шийдэж байгаа учраас хохирол хор уршиг учраагүй байна гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж удаа дараагийн шүүх хурал дээр ярьсан. Хэргийг шалгахад тухайн хэрэг нь хэлбэрийн эсхүл материаллаг байна уу гэхээс илүүтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоход анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн зүйлчилж байгаа зүйл анги нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтооно гэж заасан.

Үүнийг шалгаж тогтоох үүрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорын хийж гүйцэтгэх ажил байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж тогтоосны үндсэн дээр хэргийн бодит байдал тогтоогдох ёстой. Гэтэл хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж учраас хохирол, хор уршиг учраагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий 4 хуулийн этгээдийн гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2018, 2019 онд хэчнээн төгрөгийн орлого олсон нь татварын тайлангаар тогтоогдсон. Тухайн татварын тайланд нэр бүхий 4 хуулийн этгээдийн 2018, 2019 онуудад олсон орлогын хэмжээ нь тодорхой тусгагдсан байгаа. 2018, 2019 онд нэр бүхий 4 компанийг хэдэн удаа тээвэр хийсэн гэдэг нь тогтоогдсон нөхцөл байдал байгаа. Эдгээр баримтууд нь хохирол хор уршигтай хамааралгүй бол ямар зорилгоор хавтаст хэрэгт авагдсан гэдэг нь эргэлзээтэй байна. Тийм учраас ямар ч зорилгогүй мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна гэж үзэж байна. Хэрэв мөрдөгч прокурор нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд эдийн засгийн ямар хохирол учирсныг тогтоох боломжгүй байгаа бол тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээч томилж дүгнэлт гаргуулж олсон ашгийн хэмжээг тогтоох боломжтой.

Техникийн үзлэгт тэнцсэн мэтээр хуурамч баримт үйлдэж авто тээврийн үзлэгт тэнцүүлснээр монголын баялгийг тээвэрлэх боломжийг олгосон. 600 гаруй тээврийн хэрэгсэл нь өөрөө Монголын баялгийг буюу төрийн өмчийг монгол улсын хилээр гаргасан нөхцөл байдал байна. Гэтэл прокурор нь ямар ч хохирогч байхгүй, ямар ч хохирол учраагүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нийцэхгүй байна.

Мөн прокурор нь явуулын эрхтэй холбоотойгоор гэрч нараас мэдүүлэг авч байнгын нээлттэй байдаг гэдгийг тогтоосон гэж хэлсэн. Улсын яллагчийн шинжлэн судалсан нэр бүхий гэрч нар нь авто тээврийн үндэсний төвд ажилладаг, явуулын эрхийг нээж хаах эрхийг хариуцдаг хүмүүс байдаг. Тэгэхээр өөрөө өөртэйгөө холбоотой асуудлаар үнэн зөв мэдүүлэг өгч чадах эсэх нь эргэлзээтэй. Прокурор нь тухайн асуудлыг хариуцдаг Эрдэнэ-Мөнхөөс гэрчийн мэдүүлэг авахад байнгын нээлттэй байдаг гэж хэлсэн.

Явуулын эрхийг зөвхөн Увс аймагт нээж өгч байгаа зүйл биш. Энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа 21 аймагт адилхан нээж, хааж өгч байгаа. Бусад аймгуудын холбогдох этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авахад явуулын эрхийн асуудлыг эргэлзээгүй, бүрэн тогтоох боломжтой. Нотлох баримтуудынхаа эх сурвалжийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Яллагдагч Б болон гэрчээр мэдүүлэг өгсөн Равдандорж нарын дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар авсан. Тухайн иргэдийн хооронд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2018, 2019 онуудад тодорхой хэмжээний гүйлгээнүүд хийгдсэн байдаг. Тухайн гүйлгээ нь ямар утга учиртай, ямар ач холбогдолтой гүйлгээ хийгдсэн талаар шалгаж тодруулсан зүйл байхгүй байна. Гэрч Урьханы хаан банкны данснаас яллагдагч яллагдагч Б-гийн данс руу 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дамжуулав гэх утгатай 500.000 төгрөг, 1 сая, 2 сая төгрөгийн гүйлгээнүүд хийгдсэн.

Гэрч Равдандоржийн данс руу яллагдагч Б-гээс гүйлгээ хийгдсэн, мөн өөр хүний данснаас Б гэх утгатай 10 сая, 20 сая төгрөгийн гүйлгээнүүд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хийгдсэн байдаг. Эдгээр гүйлгээнүүд нь ямар учиртай, яагаад ийм гүйлгээнүүд хийгдсэн талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй байна.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй байгаа учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Яллагдагч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор нь эдийн бус давуу байдал бий болгосон гэж яллаж байгаад харамсаж байна. Прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 3-4 удаа эсэргүүцэл бичсэн. Хамгийн сүүлд энэ хэрэг нь прокурорт буцаж 9 сард мөрдөн байцаалтад дахин мэдүүлэг өгөхөд Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч комиссар миний өмнө нь өгсөн мэдүүлгийг хуулаад тавьчихсан байсан.

Төрийн албаны захирах, захирагдах зарчимд нийцүүлж энэ ажлыг хийсэн. Х.Б даргаас тухайн тээврийн хэрэгслүүдийн үзүүлэлтүүдийг явуулж үзлэгт оруулна гэсэн чат ирэхэд албаны дарга бид нар техникийн үзлэгт оруулна, оруулахгүй гэж маргалдаж байгаад тухайн тээврийн хэрэгслүүдийг үзлэгт оруулсан.

Гэтэл прокуророос үүнийг урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзсэн. Явуулын эрх нь нээдэг, хаадаг тухай асуудлыг яг түүнийг хариуцдаг хүнээс асуугаад байна. Хотын төвийн авто тээврийн газрыг  оролцуулахгүйгээр үүнээс бусад аймгуудын авто тээврийн газруудын инженер техникийн ажилтнуудыг гэрчээр асуух шаардлагатай гэдгийг хэлж байсан.

Эрдэнэ-Мөнх нь 2018 оноос өмнө явуулын эрхийг нээж өгч байсан. Хэлтсийн дарга Эрдэнэдалай нь би явуулын эрх нээж өгдөг гэж хэлсэн атлаа сүүлд мэдүүлэг өгөхдөө явуулын эрх нь байнга нээлттэй байдаг гэж хэлсэн байдаг. Гэрч Батхишиг нь Авто тээврийн үндэсний төвийн инженерийн ажилтай хүн байдаг. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь тухайн хүнээс энэ программыг хэн нээж өгдөг талаар асуухад манай программын шинэчлэл хийгдсэн учраас мэдэх боломжгүй байна. Ийм учраас 21 аймгийн асуудал хариуцсан хүмүүсийг гэрчээр асуух хүсэлтийг гаргасан” гэв.

10. Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийдэг эрх хэмжээтэй хүн биш. Үүнийг хийдэг хүн нь тусгай эрхтэй хүн байгаа. Би техникийн хяналтын хэлтэст хамрагдаж туслах ажилтан хийж байсан учраас энэ хэрэгт яллагдагчаар татагдсан.

Тийм учраас намайг техникийн хяналтын үзлэг хийх эрхтэй хүн эсэхийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан. Явуулын эрхийн тухайд би ажилд нь тусалдаг байсан болохоор сайн мэдэж байна. Үзлэгт орж чадахгүй байгаа өндөр тээврийн хэрэгслийн зургийг нь дарж байгууллагын дотоод сүлжээгээр дамжуулж хэлтсийн дарга руу явуулж, хэлтсийн дарга нь байгууллагын дарга руу явуулаад ийм тээврийн хэрэгсэл ирээд оруулж шалгах боломжгүй байхгүй учраас шалгах эрхийг нээж өгнө үү гэж хүсэлт гаргасны үндсэн дээр хийдэг байсан.

Намайг нэр бүхий эдгээр 4 компанид давуу байдал бий болгосон гэж үзсэн. Харин надад өөртөө болон бусдад давуу байдал үүсгэх эрх мэдэл байгаагүй. Энэ хэрэг нь 2018-2019 оны хооронд гарсан. Миний хувьд 2020 онд эрхээ авчхаад мөн оны 7 дугаар сард анх удаа үзлэг хийж үзсэн. Тийм учраас техникийн хяналтын үзлэг хийх эрхтэй байсан эсэхийг шалгаж тогтоож өгөхийг хүсэж байна” гэв. 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь :

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/ 354 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Х.Б, У.У, Б.А, Б.Б нарт холбогдох, 2102000000063 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

         2.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас: яллагдагч Х.Б, У.У, Б.А, Б.Б нарыг  Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6дахь хэсэгт: “Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэснийг зөрчиж, нэр бүхий 4 компанид давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

         3. Анхан шатны шүүх яллагдагч Х.Б, У.У, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч У.Угийн өмгөөлөгч Т.Уянга, яллагдагч Б.А-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр  прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

          4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           5. Анхан шатны шүүхээс “...мөрдөгч, прокурор нь энэ хэрэгт урьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай магадлалд заасан нэмэлт ажиллагааг бүрэн гүйцэд эргэлзээгүй байдлаар хийж гүйцэтгээгүйгээс  хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь  үндэслэл бүхий болсон байна.

          6. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

          Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал: гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн гүйцэт бодит байдлаар шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         7. Энэ хэрэгт урьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжинд “...Х.Б, У.У, Б.А, Б.Б гэрч Б.У, Д.Р нар болон нэр бүхий 4 компанийн дансны мэдээлэлд / гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны/ үзлэг хийж, ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрвэл холбогдох хэсгийг нь хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэх, энэ гэмт хэрэгт гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нар нь хамтран оролцсон эсэх, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн эсэх, урьдчилан амалж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлсэн эсэх, эсхүл бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн эсэхийг нарийвчлан шалгаж, яллагдагч Х.Б болон гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоо тус бүрийг тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй “ гэх үндэслэл заасан байна.

Хэрэгт хийсэн нэмэлт ажиллагаагаар гэмт хэрэг гарах цаг хугацаанд гэрч Д.Р-ийн ХААН банк дахь ..... тоот данснаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ХААН банк дахь .... тоот дансанд “B” гэх гүйлгээний утгаар 30.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ /4 дүгээр хх-ийн 53 дахь тал/,

- 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ХААН банк дахь ... тоот дансанд “B” гэх гүйлгээний утгаар 10.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн /4 дүгээр хх-ийн 53 дахь тал/,

- гэрч Б.У-ы ХААН банк дахь ...... тоот данснаас яллагдагч Х.Б-гийн ХААН банк дахь ..... тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “zeel” гэх гүйлгээний утгаар 1.000.000 төгрөгийн шилжүүлэг,

- 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “zeel” гэх гүйлгээний утгаар 2.000.000 төгрөгийн шилжүүлэг ,

           - 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “damjuulav” гэх гүйлгээний утгаар 500.000 төгрөгийн шилжүүлэг / 4 дэх х.х- ийн 69-83 дахь тал/  тус тус хийгдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

            Гэтэл мөрдөгч, прокурор нь яллагдагч Х.Б, гэрч Б.У, Д.Р нарын хооронд хийгдсэн дээрх орлого, зарлагын гүйлгээний талаар тодруулж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шалгах үнэлэх журамд нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба энэхүү шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ шүүгчийн захирамжийн энэхүү үндэслэлийг няцааж үгүйсгээгүй, мөн прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо “яллагдагч нарын дансны хуулгатай холбоотой шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хийх боломжтой” гэх тайлбар гаргаж, энэ үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үгүйсгээгүй болно.

          8. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа : “ ... нэр бүхий 4 компанийн техникийг үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлсэн 664 автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол, хор уршиг учирсан бол уг гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үзэхээр байна. Гэвч энэ гэмт хэргийн улмаас хохирол , хор уршиг учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болохоор хуульчилсан, тээврийн хэрэгслүүдийг техникийн үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж дээрх компаниудад замын хөдөлгөөнд оролцох эрх буюу эдийн бус давуу байдал бий болгосон тул хохирол, хор уршгийг тогтоох шаардлагагүй” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.    

        Учир нь: "Сан тээвэр групп" ХХК, "Ульгансар транс" ХХК, “Тэнгри транс групп” ХХК, "Баянговь транс" ХХК-ийн  хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг Увс аймгийн Автотээврийн төвд техникийн үзлэгт тэнцсэн гэх хуурамч мэдээллийг  оруулсны улмаас дээрх нэр бүхий 4 компанийн 600 гаруй тээврийн хэрэгслүүд нь Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл авч, улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайгаас Гашуунсухайт – БНХАУ-ын ганц модны боомтын чиглэлд ачаа (нүүрс) тээвэрлэж орлого олж байсан талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан байх бөгөөд тухайн компаниудын тээврийн хэрэгслийг хууль бусаар техникийн хяналтын үзлэгт оруулж, тэнцсэн дүгнэлт гаргаснаар тус тээврийн хэрэгслүүдэд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл олгох нэг нөхцөл / шалгуур/-ийг бүрдүүлсэн, улмаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулж, орлого олох боломжийг хууль бусаар олгосон  талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид материаллаг хохирол учирсан байхыг шаардсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол, хор уршиг учирсныг тогтоох шаардлагатай бөгөөд эдгээрийг нотлоогүй нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүхээс яллагдагч Х.Б, У.У, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотлогдвол зохих зүйл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж, энэ үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах хийлгэхээр шүүгчийн захирамжид заасныг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд:С зөвшөөрөл олгосон асуудал нь 2041000160196 дугаартай Доржпалам нарт холбогдох хэрэгт шалгагдаж байгаа, С зөвшөөрлийг тусгай эрхээр авдаг. Техникийн хяналтын үзлэгт ороогүй байж оруулсан мэтээр тэнцүүлж байгаа нь өөр хэргийн асуудал. Харин С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэж тайлбарлан, энэ хэрэгт С зөвшөөрөл хууль бусаар олгосноос учирсан хохирол, хор уршгийг тогтоох шаардлагагүй, тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх агуулга бүхий тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй  байна.

           Хэрэг /1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал/-т  авагдсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай”  тогтоолд : 2041000160196 дугаартай, Г.Доржпалам нарт холбогдох хэрэгт нэр бүхий компаниудын 680 гаруй тээврийн хэрэгсэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл олгох асуудлыг 2020 онд 03 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцэж, зөвшөөрөл олгож шийдвэрлэхдээ  бусдаас хахууль авсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар тусгасан байх бөгөөд харин яллагдагч Х.Б, У.У, Б.А, Б.Б нар нь 2018, 2019 онуудад нэр бүхий 4 компанийн тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр тэнцсэн мэтээр хуурамч дүгнэлт гаргаж, мэдээллийн санд оруулж, бусдад  давуу байдал бий болгосон гэх үйлдэлд шалгагдсан, тодруулбал, эдгээр хэргүүд цаг хугацааны хувьд давхцаагүй буюу өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн хэргүүд байх тул дээрх нэр бүхий 4 компанийн тээврийн хэрэгслүүдэд 2018, 2019 онуудад С зөвшөөрөл олгосон эсэх асуудлыг  мөрдөн шалгах ажиллагаа тусдаа явагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Техникийн хяналтын явуулын үзлэг оношилгоог хэрхэн явуулдаг, техникийн явуулын үзлэг оношлогооны талаар мэдээллийн санд мэдээлэл оруулахын тулд оношлогоо хийх эрхийг дээд байгууллагаас олгодог эсэхийг   шалгаж, яллагдагч тус бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг яллагдагч нэг бүрээр зөв тогтоох шаардлагатай  бөгөөд энэ талаар  хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байна.

Тодруулбал, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.  

Прокурор шүүхэд “...гэрч Ц.С, Д.Э, М.Э, С.Б нарын мэдүүлгээр орон нутгийн техникийн хяналтын явуулын төвийн эрх нээлттэй байсан болох нь нотлогдсон “ гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр мэдүүлгүүд нь дээрх үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Учир нь:

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ....Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдэрийн газрын дарга нарын өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Орон нутгийн техникийн хяналтын явуулын төвийн эрхийг  төвөөс нээж өгдөг бөгөөд нээж өгсөн эрхийг үндэслэж нэр бүхий компанийн тээврийн хэрэгслийг үзлэгт тэнцсэн гэх мэдээллийг оруулсан.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ үйл баримтыг тодруулах ажиллагаа явуулахдаа энэ үйл ажиллагаа удирдаж байсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, уг мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хөндлөнгийн этгээдээс мэдүүлэг авч тодруулж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргасан, яллагдагч нарын өмгөөлөгч нар энэ үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ба шүүхээс энэ хэрэгт урьд нь мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаахдаа мөн энэ үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийх талаар шүүгчийн захирамжид зааж байсан байна.

Орон нутгийн техникийн хяналтын явуулын эрх байнга нээллтэй байдаг гэх үйл баримтыг нотолсон гэх гэрч болох Ц.С нь гэмт хэрэг гарах үед Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Д.Э нь уг хэлтэст ахлах мэргэжилтэн, М.Эрдэнэдалай нь техникийн хэлтсийн даргаар, С.Б нь систем админстратороор тус тус ажиллаж байсан байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

             Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа, тухайлбал гэрчийн мэдүүлэх авахдаа мэдүүлэг өгч буй  этгээд нь энэ хэрэгт сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн этгээд байхыг анхаарах нь зүйтэй.

           10.  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг прокурорын эсэргүүцэлд  заасан үндэслэлээр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, прокурорын “ ...Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/ 354 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                               Л.АЛТАН

                                                                     Д.ЖАМБАЛСҮРЭН