Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 

2023        12            18                                            2023/ДШМ/46

 

    Б.Л-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гомдлыг тус тус үндэслэн, Б.Л-д холбогдох, 2235002020006 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 11-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын ... дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ийн Л /РД:........./.

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутагт тус багийн иргэн Л.З-ын гэрт  түүнийг эхнэр Н.О-тойгоо хардаж, агсам тавьж буй Л.З-ын үйлдлийг эхнэрийнх нь хүсэлтийн дагуу болиулах, зогсоох зорилгоор хүзүү, нуруу хэсгээр тэвэрч орон дээр дээрээс нь дарж хэвтэхдээ эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсны улмаас Л.З нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт болон Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад хүнд гэмтлийн улмаас 4 мөч саажиж, хэвтэрт орж, холголтын шарх үүсч, олон тооны цоорол, үхжил үүссэний улмаас хэсэг газрын нянгын халдвар, 2 талын уушигний хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд дурдсанаар/.

2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч Т овгийн Б овогтой Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Л-д 3 (гурав) жил хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 3 (гурав) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

- шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэж,

- шүүгдэгч Б.Л нь гэмт хэргийн хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г-т 36’700’000 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Л-гээс сэтгэл санааны хор уршигт 60’033’530 төгрөг гаргуулж, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Н.О-д олгож,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн дуу дүрсний бичлэг 1 ширхэг, амь хохирогчийн Мед трава эмнэлэгт дүрс оношлогоо хийлгэсэн Сиди 2 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гоос шүүх хуралдаан гаргаж өгсөн 1 ширхэг сиди дискийг түүнд буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “....Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Л нь Л.З-ын үйлдлийг болиулах, зогсоох зорилгоор хүзүү, нуруу хэсгээр тэвэрч орон дээр дээрээс нь дарж хэвтэхдээ эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулж улмаар нас барсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба яллагдагч Б.Л нь Л.З-ыг тухайн үед орон дээр хүчтэй дарж болохгүй гэдгийг мэдсээр байж, түүнийг дарж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл нь санаатай үйлдэл юм.

4.2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршигийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хууль тогтоомжийн агуулгаас харахад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршиг учирсан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40дүгээр зүйлд зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгаа үнэлүүлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулах эрх хуулиар бий болохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-гийн гэм буруутай үйлдэл нь 2022 оны 9 сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байгаад дүгнэлт хийхгүйгээр, шүүгдэгч Б.Л-гээс гэмт хэргийн хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Г-т 36.700.000 төгрөг төлснийг дурьдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3. 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Л-гээс сэтгэл санааны хор уршигт 60.033.530 төгрөг гаргуулж, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Н.О-д олгохоор шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Л гэмт хэрэг үйлдэгдсэн үеэсээ гэм буруугаа ухамсарлан ойлгож, амь хохирогчийн амь нас, эрүүл мэндийг  аврахын тулд өөрөөс хамааралтай тусламж дэмжлэгийг үзүүлж, 6.700.000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны үед оршуулгын болон сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

Б.Л нь болгоомжгүй буюу хайхрамжгүй байдлынхаа улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн мөрдөн байцаалтын ажиллагааны үед саад учруулахгүйгээр мэдүүлэг өгч, хэргийн зүйл ангиа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд Б.Л-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, эмчилгээ, оршуулгын болон сэтгэл санааны хохирол төлсөн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шийдвэрлэхдээ 2023 оны 7 сарын 03-ны өдрийн 25 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2-д “ Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасныг баримтлаагүй.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Н.О-ы сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгоогүй атлаа гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ / 420.000/-г 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, Б.Л-гээс 63.000.000 төгрөг гаргуулж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн гэм хор уршгийн төлбөр болох 63.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгчийн зүгээс 4 үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл байхгүй байна.

Анхан шатны шүүх нь гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан үйлдэл байдаг. Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэсэн зүйл ангиар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн учраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгүүдэд зааснаар амь хохирогчийн эхнэрт хохирол хор уршигт 63 сая төгрөгийн хохирол гаргуулсан. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг нь хангаж, бусад үндэслэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.

7.Яллагдагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “ Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Улсын яллагчийн зүгээс миний гаргасан давж заалдах гомдлоос нэг үндэслэлийг нь хангах нь зүйтэй гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан санаатай гэмт хэрэг гэж үзсэн. Санаатай гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдсэн байхыг хэлдэг. Гэтэл шүүгдэгч Б.Л нь амь хохирогчид санаатай гэмтэл учруулъя гэсэн санаа зорилготой байгаагүй. Б.Л нь амь хохирогчийг гэртээ ирснийг мэдээд намрын хадлан тарианыхаа асуудлыг ярихаар очиход амь хохирогч нь согтуу эхнэртэйгээ маргалдаж муудалдсан байдалтай байсан.

Шүүгдэгчийн гаргасан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Яагаад гэвэл эхнэр нь нөхрийгөө унтаж амруулах гээд орон дээр тавиад өг гэхэд орон дээр аваачиж тавих хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, таагүй уур амьсгал, хардалт сэрдэлтийн асуудал болоогүй байдаг. Амь хохирогчийг орон дээр гаргаад тавихад урдаас нь хөлөөрөө жийхэд цээжин хэсэг газар нь дарахад “миний бие амьгүй болчихлоо” гэж хэлэхэд буцаагаад тавьсан асуудал байдаг. Шүүгдэгч Б.Л-гийн гаргасан үйлдэл нь болгоомжгүй хэлбэр буюу тухайн хохирол, хор уршиг бий болно гэдгийг мэдээгүй. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлөх аргачлалд заасны дагуу сэтгэцийн дүгнэлт гаргуулаагүй байхад миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шүүх тогтоосон 60.033.530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г нь хохирол, гомдол байхгүй гэсэн өргөдлөө бичиж өгсөн. Ийм учраас шүүх хуралдаанд биечлэн ирээгүй.

Мөн анхан шатны шүүх хурлын дараа хохирогч талд 10 сая төгрөгийг өгсөн. Тухайн хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн учраас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзах боломжтой. Улсын яллагч нь анхан шатны шүүхэд миний үйлчлүүлэгчид 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байсан. Үүнээс юу гэж дүгнэж байна бэ гэвэл шүүгдэгчийн хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзсан үзсэн гэж бодож байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь :    

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Лд  холбогдох, 2235002020006 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

           3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Л-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс  дүгнэж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл нь  хууль зүйн үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэв.   

           4. Шүүхээс амь хохирогч Л.З-ыг хүзүү, нурууны хэсгээр нь тэвэрч, түүнийг орон дээр тавьж, дээрээс нь дарсан шүүгдэгч Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэж, түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. 

          Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж дүгнэхдээ,  шүүгдэгч Б.Л нь амь хохирогчийн хөдөлгөөнийг хорих зорилгоор дарсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж тайлбарласан  нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна.

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр амь хохирогч Л.З-ыг хүзүү, нурууны хэсгээр нь тэвэрч орон дээр тавьж, дээрээс нь дарсан үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл учирсан, уг гэмтлүүдийн улмаас хохирогчийн 4 мөч саажиж, хэвтэрт орсноор холголтын шарх үүсч, хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушигны хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн талаар  зохицуулсан бол  мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т : Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т : Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж гэм буруугийн холимог хэлбэр, гэмт хэргийн хохирлын ойлголт, агуулгын талаар тус тус зохицуулсан байна.

           Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт хамаарах хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох  гэмт хэргүүдээс ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон учирч болох хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, түүнчлэн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсэхэд дүгнэлт өгч, хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. 

          Шүүгдэгч Б.Л-гийн амь хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл буюу түүнийг хүзүү, цээжний хэсгээр нь тэвэрч орон дээр тавьж, дээрээс нь дарсан үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

          Тодруулбал, шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд хохирогчийн амь насыг хохироох шууд санаа зорилго агуулсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй ч хохирогчийн эсрэг чиглэсэн түүний идэвхитэй үйлдлийн улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, хохирогч уг гэмтлийн шалтгаанаар эмнэлэгт эмчлүүлж байгаад 25 хоногийн дараа нас барсан үйл баримтад шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.    

         5. Прокурорын “...шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу сэтгэл санааны хор уршиг 60.033.530 гаргуулж, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Н.Од олгохоор шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” талаар бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирлыг үндэслэлгүй гаргасан талаарх гомдол үндэслэлтэй байх боловч давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ удаад зөвтгөх боломжгүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай гомдолд энэ удаа дүгнэлт өгөх боломжгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

          6. Прокуророос шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба давж заалдах шатны шүүхээс Б.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                Н.МӨНХЖАРГАЛ

                            Л.АЛТАН