Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Э.У нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Баянтээг овогт Эрдэнэбатын Уд  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Уд холбогдуулж ирүүлсэн эрүүгийн 1705015220221 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.У 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Дурсамж” баарны гадна иргэн Л.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруу, баруун гарын бугуйнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн өгзөг, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт “ Би шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 890.000 төгрөг төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Батцэцэг мөрдөн байцаалтанд ”2017 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө би 01 цагийн орчим Баянгол дүүргийн Дурсамж бааранд найз Бямбадорж, Болортуяа, Баясаа, Төрөө, Золоо, Даваад орж, Дариа нартай хамт орсон. Тэр өдөр манай нөхөр Даваадоржийн төрсөн өдөр байсан юм. Манай нөхөр бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг эмэгтэйн хөлөн дээр санамсаргүй гишгэчихсэн юм байна лээ тэгтэл манай нөхрийг тэр эмэгтэй нь алгадаад цохиод байсан. Тэгэхээр нь би очоод түлхчихсэн юм. Тэгээд хамгаалагч нар ирээд салгасан. Бид нар тэндээс гарахаар болоод гадаа баарны үүдэн дээр зогсож байхад дотроос хар өнгийн куртиктэй залуу гарч ирээд нөгөө гичийнүүд чинь энд байна ш дээ гээд намайг түлхэж унагаасан. Тэгээд босоод иртэл 5 эмэгтэй, 2 залуу байсан. Цагаан куртиктэй  эмэгтэй нь хөгшин янханууд залуу хүүхдүүд дагуулаад алаа унжуулчихаад гээд хэл амаар доромжилоод байсан тэгээд маргалдаад байж байгаад яваад өгсөн. Бид нар шатан дээр зогсож байтал нэг хар өнгийн куртиктэй нь ирээд намайг зүүн хацар руу алгадахаар нь би түлхчихсэн юм. Тэгтэл над руу бүгд ирээд намайг унагаж байгаад дэвслээд өшиглөөд байсан. Намайг алгадсан хар өнгийн куртиктэй эмэгтэй нь үсдээд намайг чирээд яваад  хаалганы тэнд зодсон. Намайг цохисон хар куртиктэй өндөр залуу манай найз Төрөө миний хар өнгийн туулайн арьсан шубыг бариад зогсож байхад нь аваад өөрийнхөө машинд хийгээд явчихсан. /хх-ийн 28/,

...У надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардал болон алдсан шуба зодооны үед хаясан мөнгөн ээмэгний хохирлыг бүрэн барагдуулж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал байхгүй” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Болортуяа мөрдөн байцаалтанд”...Дурсамж бааранд ороод 30-аад минут болоод бүжгийн талбай дээр бүжиглэж байтал  гэнэт Батцэцэг нэг хүүхэнтэй маргалдаад байсан. Тэгтэл хамт явж байсан хүүхнүүд нь салгаад 2 давхар руу аваад явсан. Юу болсон гээд асуутал бүжиглэж байгаад нэгнийгээ түлхсэнээс болоод маргалдсан гэж байсан. Би нөхрийн хамт харилаа гээд баарнаас гартал Батцэцэг араас гарч ирээд хамт явъя хүлээж бай гээд ярьж байтал бүжгийн талбай дээр Батцэцэгтэй маргалдаад байсан хүүхнүүд гарч ирэхдээ нэг нь Батцэцэгийг хүчтэй түлхээд унагаах шахсан. Тэгээд хэсэг л бие биенийгээ харааж байтал өндөр хар куртиктэй хүүхэн ирээд Батцэцэгийг үсдээд  шат руу дараад унасан...”/хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ариунтөгс мөрдөн байцаалтанд” 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр байсан юм. Би хөдөө явчихаад 18-нд ирсэн. Тэгээд хамт ажилладаг хүүхнүүд маань миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэнгээ нэг өдөр гарцгаая гээд Дурсамж бааранд орж нэг шил 0.75 л архи авч хувааж уусан. Би тухайн үед нилээн согтсон учир бааран дотор болсон асуудлыг орон гаран санаад байгаа юм. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Мөнхтуяаг нэг хүн түлхээд унах гэж байхад нь би тосож авснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Бид нар харихаар баарнаас гарч явах үед үүдэн дээр Мөнхтуяа нэг эмэгтэйг түлхчихсэн тэгтэл бид нарыг хямдхан хувцас өмссөн янханууд гээд араас хараагаад байхаар нь бид нар эргэж хараад одоо хохирогч гээд байгаа Батцэцэг болон хамт явж байсан эмэгтэй хоёртой нилээн удаан хэрэлдсэн. Тэгтэл Батцэцэг гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Манай хэд ирээд салгатал Уг түлхэж газар унагаад У босч ирээд нөгөө хүүхнийг үсдээд тэр хоёр зодолдсон. Тэгтэл Батцэцэг гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Манай хэд ирээд салгатал Уг түлхэж газар унагаад У босож ирээд нөгөө хүүхнийг үсдээд тэр хоёр зодолдсон. У үснээс нь зулгаачихсан газар унаж босоод байсан” /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Баасанхүү мөрдөн байцаалтанд” 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ариунтөгсийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэхээр болоод Дурсамж бааранд Ариунтөгс, У, Түмэн-Од, Мөнхтуяа, Аззаяа нарын хамт ороод 0.75 л архи авч уугаад бүжиглэсэн. Би ширээн дээрээ сууж байтал Мөнхтуяа бүжигийн талбай дээр хүнтэй маргалдаад нилээн ууртай ирсэн. Юу болсныг нь би мэдээгүй. 03 цагийн үед бид нар харихаар баарнаас гартал үүдэнд Мөнтуяа нэг эмэгтэйг түлхэтэл Батцэцэг гэх эмэгтэй бид нарыг хямдхан куртик өмссөн янханууд миний энэ цамц ямар үнэтэйг мэдэх үү гээд хоорондоо маргалдаад байсан. Шатны дээр доороос хоорондоо нэгнийгээ янхан банзал гээд хэлэх хэлэхгүй үгээр нэгнийгээ хараас хэрэлдэцгээсэн. Нэг харсан чинь Батцэцэг Ариунтөгсийн үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан байхаар нь очиж салгасан дараа нь Утой зууралдаад тэр хоёр зодолдоод байсан...” /хх-ийн 35/  гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Түмэн-од мөрдөн байцаалтанд”...Батцэцэг гэх эмэгтэй Уг түлхэж унагтал У босч ирээд үснээс нь зулгаагаад шатан дээр дарж унаад хоорондоо цохилцож зодолдсон...” /хх-ийн 37/ гэсэн мэдүүлэг,

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14469 дугаартай “ Л.Батцэцэгийн биед хүзүү, баруун, зүүн хацар,  хамрын, баруун гарын бугуйнд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн өгзөг, баруун өвдөг, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 39/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Э.У мөрдөн байцаалтанд” 2017 оны 11 дүгээр сарын 18-н өдөр хамт ажилладаг Ариунтөгсийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэнгээ нэг өдөр гарцгаая гээд Түмэн-Од, Мөнхтуяа, Баасанхүү, Ариунтөгс, Аззаяа нарын хамт  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд орж архи уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад 03 цагийн үед баарнаас гараад харих явж байтал араас нэг эмэгтэй нөгөө хэдэн хямдхан янханууд чинь явж байна гээд байсан эргээд хартал Мөнхтуяа, Аззаяа хоёр эрээн өнгийн цамцтай буюу одоо нэрийг нь мэдэх Батцэцэг гэх эмэгтэйтэй хэрэлдэж байсан Тэгээд бид нар харилцан бие биенийгээ янхан банзал гэж хараагаад хэрэлдсэн. Мөнхтуяаг дотор Батцэцэг мөрлөснөөс болоод гарч ирэхдээ Мөнхтуяа Батцэцэгийг мөрлөөд маргаан үүссэн байсан. Нэг мэдсэн Батцэцэг Ариунтөгсийн үснээс зулгаагаад доошоо дарчихсан байхаар нь гүйж очоод салгатал намайг түлхээд газар унагачихсан. Би босч ирээд Батцэцэгийн үснээс нь зулгаагаад шатан дээр дарж унасан. Батцэцэгийн биед дээрхи гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Угийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 51/, ял шалгах хуудас /хх-ийн 60/ / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.У 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Дурсамж” баарны гадна иргэн Л.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Батцэцэгийн”...Бид нар шатан дээр зогсож байтал нэг хар өнгийн куртиктэй нь ирээд намайг зүүн хацар руу алгадахаар нь би түлхчихсэн юм тэгтэл над руу бүгд ирээд унагаж байгаад дэвсэлээд өшиглөөд байсан. Намайг алгадсан хар өнгийн куртиктэй эмэгтэй нь үсдээд намайг чирээд яваад хаалганы тэнд зодсон...”/хх-ийн 28/, гэрч П.Болортуяагийн”...хэсэг л бие биенийгээ харааж байтал өндөр хар куртиктэй хүүхэн ирээд Батцэцэгийг үсдээд  шат руу дараад унасан...”/хх-ийн 33/, гэрч Ц.Ариунтөгсийн”...Манай хэд ирээд салгатал Уг түлхэж газар унагаад У босч ирээд нөгөө хүүхнийг үсдээд тэр хоёр зодолдсон...Уг түлхэж унагаад тэр хоёр уг нь хоёулаа зууралдаад зодолдсон. У үснээс нь зулгаачихсан газар унаж босоод байсан...” /хх-ийн 34/, гэрч Э.Баасанхүүгийн”...Утой зууралдаад тэр хоёр зодолдоод байсан...” /хх-ийн 35/, гэрч Б.Түмэн-Одын”...Батцэцэг гэх эмэгтэй Уг түлхэж унагатал У босч ирээд үснээс нь зулгаагаад шатан дээр дарж унаад хоорондоо цохилцож зодолдсон...” /хх-ийн 37/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14469 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох   баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тэдгээрийн хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр  торгох саналыг Э.Уд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Уг дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ