| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0313/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 106
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч О.Сайнгэрэл /ҮД:0-099/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Хүслэн, Б овогт П.А, Т овогт М.Б, Б овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 201726030335 дугаартай, 187/2017/0313/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт С.Хүслэн
2. Монгол Улсын иргэн, Б овогт П.А
3. Монгол Улсын иргэн, Т овогт М.Б
4. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр, ......... хотхонд байрлах “...........” сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа алдаатай тоглосон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч С.Б-тэй маргалдан улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын шарх, дээд доод уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун зүүн хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр, ........ хотхонд байрлах “.........” сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа шүүгдэгч С.Х нь хохирогч С.Б-г алдаа гаргалаа гэх зүйлээс болж маргалдан улмаар нийлэн хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч П.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Шүүгдэгч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Хохирогч С.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр .......... хотхонд байрлах ерөнхий боловсролын сургуульд заал авахаар манай найз Ц.Г, О.Б, Х.А, Х.Б, А.Н, Х.А, Д.Т, Б.Ш нарын хамт очсон. Тэгээд спорт заалны нэг талд нь найз нартайгаа сагс тоглож байгаад цаг дуусах үед нөгөө талд тоглож байсан залуучууд хамт тоглоё хожигдсон нь ундаа авч өгнө шүү гэж тохиролцоод хоёр талдаа сагс тоглосон. Тэгээд тоглож байхдаа хоорондоо үл ойлголцож алдаа гарах үед С.Х /сүүлд нэрийг нь мэдсэн/-тэй би маргалдаж байхад хажуунаас хэнийн мэдэхгүй байна нэг залуу миний нуруу руу өшиглөж залгуулаад махлаг биетэй залуу нүүр рүү цохихоор нь би цаашаа заал тойрч зугтаах үед С.Х-г хойноос нь манай найз татаж үлдсэн. Би цаашаа зугтааж байхад хажуунаас нэг залуу миний шанаа руу нэг удаа цохих үед заалны буланд байдаг сандал руу зүүн чамархай хэсгээр мөргөж унасан. Тэр үед С.Х болон түүний найз нар намайг зодох гээд дайрах үед манай найз нар салгах гээд зууралдах үед босоод цаашаа ухраад гүйж байхад миний араас намайг өмнө нь цохиж унагаасан залуу хөөж ирээд миний нүүр рүү нэг удаа цохих үед би арагшаа савж унахад миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед С.Х миний дээрээс нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон...Би анх С.Х-тэй маргаан хийсэн гэхдээ С.Х-г цохиогүй...Б.Б миний хамар руу цохисноос би хана мөргөж унасан...хойшоо ухраад зугтаж байхад Б.Б дахиж миний хамар руу...нэг удаа цохьсон. Тэгээд намайг газар уначихсан байж байхад С.Х миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохьсоноос болж миний дээд, доод уруул язарч гэмтсэн. Мөн С.Х, Б.Б хоёр намайг газар уначихсан байхад миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөөд байсан...С.Х-тэй маргалдаж байхад С.Х-ийн найз П.А /сүүлд нь нэрийг мэддэг болсон/ нь миний зүүн хойд талаас гараараа цохьсон. П.А-н цохилтоос болж толгойны зүүн хойд хэсгээр бага зэрэг хавдсан байсан. Ингээд мөн М.Б нь /сүүлд нь нэрийг мэддэг болсон/ баруун талаас гараараа нүүр рүү цохьсон...Хажуу талаас Б.Б нь баруун талаас хөлөөрөө жийсэн...Б.Б нь...мөн дээрээс ирж бие хэсэг рүү өшиглөсөн....С.Х над дээр ирээд “Чи хэн юм бэ, буруу хүнээрээ оролдлоо” гээд гараараа нүүр рүү цохьсон. Энэ цохилтоос уруул сэтэрсэн...Миний бие хэвийн. Миний хохиролд...манай ээж н.Н-н данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн болохоор...ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 97-98, 156, 232-233/
6. Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр ........ хотхонд байрлах ерөнхий боловсролын сургууль дээр найз нартайгаа цугларч 22:00 цагаас 00:00 цагийн хооронд заал авч сагс тоглосон. Тухайн үед манай найз нараас С.Б, Д.Т, Х.Б, Х.А, А.Н, Ц.Г, Ш /Х.А/ нар байсан...Тэгээд цаг дуусах үед нөгөө талд тоглож байсан залуучуудтай хамт сагс тоглохоор болоод...С.Б тоглож байхдаа алдаа гаргаж...алдаагаа өгөх гэхэд С.Х уурлаад аятайхан тоглооч пизда минь гэж хэлэхээр нь хажуугаас нь би “заа яасан уцаартай тоглодог юм бэ энэ чинь тоглоом шдээ” гэж хэлэхэд “чи муу пизда минь дуугүй байгаарай хаана байгаагаа мэдээрэй” гээд над руу уурлахаар нь дуугүй байхад С.Б бөмбөгөө С.Х-д өгөхдөө “чи яасан ууртай тоглодог юм бэ” гэж хэлэхэд “чи муу ер нь юу гээд байгаа пизда вэ хаана байгаагаа мэдэж байна уу” гэж уурлаад С.Б-ний урдаас цээж болон нүүрээрээ тулахад С.Б С.Х-г холдуулах зорилгоор цааш нь түлхээд яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд тал талаас нь С.Б рүү дайраад учир зүггүй дайраад 3-4 залуу ороод ирэхэд манай найз нар салгах гээд орчиход ойр хавьд байсан хүмүүс нь бид нарыг ойртуулахгүй цааш нь түлхээд байсан...Миний харсанаар С.Х-тэй маргалдах үед С.Х С.Б-ний нүүр рүү гараараа цохьсон. Тэгээд удаагүй араас нь М.Б /сүүлд нэрийн мэдсэн/ С.Б-ний нуруу руу өшиглөөд орж ирээд газар уначихсан байхад дэвссэн. Харин Б.Б нь С.Б-г цаашаа зугтааж байхад хажуунаас нь өшиглөснөөс болж С.Б хананд байрлах паар мөргөөд унахдаа сандлын үзүүрт толгойгоороо мөргөж унасан. Харин П.А нь яаж зодсоныг хараагүй...С.Б-ний хамар амнаас цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/
7. Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр найз нарын хамт Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт зааланд сагс тоглосон. Тэгээд манай тоглох цаг дуусч байхад эсрэг талд тоглож байсан залуучууд хамт тоглоё гэхээр нь манай найз нараас С.Б, Ц.Г, Х.Б, н.Б, Х.А, О.Б бид нар ээлжлээд тоглож байхад эсрэг талын хүмүүс их бохир тоглоод байхаар нь бид нар юм хэлэхгүй тоохгүй тоглож байхад С.Б-г алдаа гаргахад эсрэг талд тоглож байсан С.Х хэрүүл маргааны шинжтэй үг хэлээд цээжээрээ түлхэхэд нь /ямар үг хэлснийг сонсоогүй/ С.Б уурлаад цааш нь түлхсэнээс болж С.Х С.Б-ний нүүр рүү нь гараараа цохиход араас нь 2-3 залуу С.Б-ний нуруу руу жийж өшиглөж байгаа харагдсан. Намайг...салгах гэхэд намайг тэнд байсан хүмүүс ойртуулахгүй байсан...тэнд байсан 3-4 залуу ээлжлээд С.Б-г зодсон...С.Х гээд залуу нь С.Б-ний нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж байсан. Мөн миний харсанаар Б.Б гэр залуу /сүүлд нэрийг нь мэдсэн/ манай найзыг өшиглөөд зодож байгаа харагдсан. Энэ хоёр залуугаас гадна дахиад 2 залуу байсан тэр хоёр залуугийн царай зүсийг сайн харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/
8. Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 22:00 цагийн үед найз нартайгаа Хан-Уул дүүргийн ........ хотхонд байрлах спорт зааланд сагс тоглосон. Тэгээд тоглож дуусах үед буюу 00:00 цагийн үед санагдаж байна манай нөгөө талд тоглож байсан залуучууд хамт сагс тоглох санал гаргасны дагуу манай найз нараас С.Б, Х.Б, Ц.Г, Х.А, Б.Ш нар тоглосон. Тэгээд тоглолт дуусах үед С.Б эсрэг талын С.Х-тэй маргалдаж байгаа харагдсан. Би тухайн үед заалны эсрэг талд хувцасаа солиод доошоо тонгойгоод байж байхад гэнэт шуугилдаад явчихаар нь харахад С.Б доошоо тонгойчихсон ухарсан байдалтай миний байсан хэсэгт ирсэн. Тэр үед С.Х С.Б-ний толгой руу нь цохиод байхаар нь би С.Х-г татаж холдуулж...С.Б-г газар унагаачихсан тал талаас нь өшиглөөд байсан...С.Х гээд залуу нүүр толгой руу нь цохиж байгаа харагдсан. Мөн С.Х-с гадна 3-н залуу зодоонд оролцсон. Тэр гурван залуу С.Б-г араас нь хөөж байгаад цохиж унагаагаад тал талаас нь өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/
9. Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 22:00 цагийн үед найз нартайгаа уулзаж Хан-Уул дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн зааланд заал авч тоглосон. Тэгээд цаг дуусах үед буюу 00:00 цагийн үед манай нөгөө талд тоглож байсан хүмүүс хамт тоглоё гэдэг санал тавьсаны дагуу 2 талдаа тоглосон. Тухайн үед манай багт Х.Б, С.Б, Ц.Г, О.Б бид нар тоглосон ба бусад найз нар тоглоогүй. Тэгээд тоглолт дуусахын үед С.Б алдаа гаргаснаас болж эсрэг талд тоглож байсан С.Х-тэй маргалдахад О.Б дундуур нь орж С.Х-д хандаж “чи тоглолтын явцад ууртай байлаа тоглоомон дээр яагаад уурлаад байгаа юм бэ” гэж хэлэхэд С.Х уурлаад “чи муу зүгээр байгаарай болоогүй шүү” гэх мэтчилэн хэл амаар доромжилж уурлахад нь С.Б хажуунаас нь орж “чи одоо яасан сүртэй юм бэ” гэж хэлээд С.Х-н цээж рүү түлхэх үед хажуунаас нь 2-3 хүн дайраад С.Б-г зодоод эхэлсэн...С.Б зугтаагаад заалны эсрэг тал руу гүйж байгаа харагдсан ба араас нь С.Х болон 2-3 залуу хөөгөөд гүйцэж ирээд С.Х өшиглөж унагааж байгаа харагдсан ба С.Б цохиулж унахдаа толгойны ар хэсгээрээ сандал мөргөж унасан. Тэгээд газар уначихсан хойно нь тал талаас нь өшиглөөд зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/
10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3297/-ний дүгнэлт:
-С.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал баруун хацрын шарх, дээд, доод уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 40/
11. Яллагдагч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед С.Б-тэй хэрүүл маргаан хийгээгүй тоглож байгаад алдаа гаргахаар нь алдаагаа авах...гэж байхад...С.Б хажуунаас “пизда чинь” гэх мэт зарим нэг үгийн сонсож чадаагүй хараалын үг хэлэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ” гэж асуухад С.Б...миний хамар руу гараараа нэг удаа цохиход...Намайг С.Б-тэй заамдалцах үед миний араас нэг залуу тэвэрч унагаасан...Намайг босоод ирэхэд С.Б заалны шалан дээр уначихсан нүүр, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...би С.Б-г заамдсан байж байгаад тавьсан...Би С.Б-г ерөөсөө цохиогүй...С.Б бид хоёрыг маргалдаж байхад П.А, Б.Б хоёр заалны нөгөө талд байсан...гүйж ирсэн байж магадгүй. П.А цохьсон эсэхийг мэдэхгүй...Миний зүгээс С.Б-г ерөөсөө цохиогүй. С.Б-г заамдаж авсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61, 110-111, 163, 235/
12. Яллагдагч П.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би С.Б гэгчийг зодоогүй...Би зодоон болох үед заалны цаад талд сандал дээр сууж байсан...Б.Б шийдний доор зогсож байсан. М.Б, С.Х хоёр С.Б-ний хажууд зогсож байсан. Тэгээд С.Х С.Б-тэй маргалдах үед Б.Б бид хоёр очиж болиулсан...С.Х...С.Б-тэй маргалдаж С.Б С.Х-н шанаа руу нь цохьсон тэр үед М.Б С.Б-ний араас нуруу руу нь жийсэн...Би тухайн үед зодоонд ямар нэгэн байдлаар оролцоогүй...алдаанаас болж маргалдаад С.Х-г 1 удаа цохьсон. Тэгэхээр нь Б /М.Б/ С.Б-г нь араас нь түлхсэн. Би тэд нар дээр очиход С.Б газар уначихсан хацарнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57, 112, 166, 236/
13. Яллагдагч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр найз нартайгаа хамт зааланд тоглосон. Тэгээд цаг дуусах үед эсрэг талд тоглож байсан хүүхдүүдтэй хамт тоглосон. Тоглоом дуусахын үед С.Х алдаа авах гээд зогсохдоо эсрэг талын С.Б-тэй маргалдаж С.Б нь С.Х-н хамар руу цохьсон. Тэр үед С.Х-н араас С.Б-ний найз тэвэрч хамт газар унасан...Тэгэхээр нь би С.Б-ний бөгс /бэлхүүс/ хэсэг рүү нь жийж салгасан. Тэгэхэд С.Б босч ирээд над руу дайрахаар нь би С.Б-тэй зууралдаж байхдаа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон...С.Б заалны цаад хэсэг рүү гүйж байхдаа хальтраад унахад...С.Б-ний хамраас цус гарчихсан байсан...Би л С.Б-ний биед учирсан гэмтлийг учруулсан...П.А тухайн үед хувцасаа сольж өмсөж байгаа хүрч ирээд зодооныг салгаад явж байгаа харагдсан...Би буруугаа хүлээж байна...Манай найз нараас С.Х л С.Б-г цохиж байгаа харагдсан. Харин П.А, Б.Б нар С.Б-г цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65, 113, 160/
14. Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Манай эсрэг талд тоглож байсан С.Б С.Х-тэй маргалдах үед би заалны нөгөө талд зогсож байсан...Тэгээд салгахад С.Б цаашаа гүйж байгаад хальтраад унаж байгаа харагдсан. Би С.Б-г ямар нэг байдлаар цохиж зодоогүй...Б /М.Б/ С.Б-г араас нь түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69, 157, 234/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 76, 81, 87/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3297/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр, .......... хотхонд байрлах “.........” сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа шүүгдэгч С.Х нь хохирогч С.Б-г алдаа гаргалаа гэх зүйлээс болж маргалдан улмаар нийлэн хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал баруун хацрын шарх, дээд, доод уруулын салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун, зүүн хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Прокуророос шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон,...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Х, П.А, М.Б, Б.Б нар нь 2017 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2017.03.03-ноос/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Хүслэн, Б овогт П.А, Т овогт М.Б, Б овогт Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б овогт С.Хүслэн, Б овогт П.А, Т овогт М.Б, Б овогт Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. С.Х, П.А, М.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. С.Х, П.А, М.Б, Б.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Х, П.А, М.Б, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР