Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2025/0017

 

                                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж,тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага:Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаар мэдэгдэл  болон тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 2025/17-10 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаар мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан болон “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 2025/17-10 дугаар худалдах худалдан авах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч  “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.  

“**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/1338 дугаартай албан бичгээр “Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаар гаргасан гомдлыг Сангийн яам 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/776 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн” гэх үндэслэлээр “**” ХХК-ийн гомдлыг буцааж шийдвэрлэсэн тул  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102202 дугаартай “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэгчийг сонгох тендерт шалгарсан байсан бөгөөд уг тендерт шалгарсантай холбоотойгоор “**” ХХК-иас гомдол гаргасан. Уг гомдлын хүрээнд тендерийг дахин үнэлж өөр компани шалгаруулсан. Захиалагчийн 2025.01.20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаар мэдэгдлээр манай хүргүүлсэн тендерээс шаардлага хангаагүй учир татгалзсан талаар хариу мэдэгдсэн. Үндэслэлээ техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй учир “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу тус шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамнаас өмнө хянасан асуудал учир дахин хянахгүй гэж хариу өгсөн. Манайхаас тухайн асуудлаар өмнө гомдол гаргаж байгаагүй учир Сангийн сайдад дахин гомдол гаргахад дахин хянан үзэх боломжгүй гэж хариу өгсөн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдлоо гаргасан.

Гомдол гаргах шалтгаан нь Үнэлгээний хороо илтэд үндэслэлгүйгээр байгаа зүйлийг байхгүй мэтээр дүгнэлт хийн шаардлага хангаагүй гэж үзсэн байдаг. Зүй нь зөв сайтаас зөв мэдээллээ авсан бол манай хүргүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу өсөх дарааллаар эрэмблэгдэж хүргүүлсэн үнийн саналаар манай компанийн тендер эхэнд эрэмблэгдэх байсан.

Тодруулбал, Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт. 875/65R29 загварын дугуйны хээний төрөл L5 гэж заасан бол техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд 875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5 гэж ирүүлсэн боловч www.tnr-international.com, www.mainsailtires.com хаягуудаас орж нягталж харахад 875/65R29 дугуйн хээний төрөл L3-р үйлдвэрлэгддэг нь нотлогдож байгаа тул шаардлагад нийцэхгүй байна гэжээ.

Нэг. Олон улсын стандартчилагдсан ТRА кодыг ашиглан бүх машинд тохирох ОТR дугуйг сонгодог. ТRА код нь олон улсын жишиг стандарт гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ISO (Олон улсын стандартын байгууллага), ЕТRТО (Европын дугуй ба дугуйны байгууллага), ТRА (Дугуй ба обудын холбоо) болон JATMА (Японы автомашины дугуй үйлдвэрлэгчдийн холбоо) зэрэг байгууллагуудаар баталгаажуулсан. Эдгээр байгууллага нь зориулалтын дагуу дөрвөн төрлийн ОТR дугуй болон үйлдвэрлэлийн дугуйг тодорхойлсон. Зориулалтын ангиллыг дугуйны хажуу талаас харж болдог. L5 үзүүлэлт нь дараах байдлаар тайлбарлагдана:

L нь ачигч/бульдозерыг илэрхийлдэг ба 5 нь 250% хээний гүнийг илэрхийлнэ.

L-5 дугуйны хээний гүнийг тооцоолохдоо тухайн хэмжээний дугуйны Regular буюу Е-3, L-2/L-3, G-2/G-3, IND3 дугуйны хээний гүнийг 250%-аар буюу 2.5-аар үржүүлэн боддог. /хавсралт 4-т харуулав/

Ачилтын үйл ажиллагаа явуулахдаа L3, L4, L5 дугуйны аль нэгийг сонгодог. Тодруулбал L5 дугуй нь гүн хээтэй чулуулаг гадаргууд ачигч, бульдозерт ашиглахад тохиромжтой дугуй юм.

Манай компанийн санал болгосон Монгол улсад албан ёсоор борлуулах эрхтэй МАINSAIL брендийн дугуй нь ТББ-н техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж буйг тодорхойлсон дугуйны дэлгэрэнгүй үзүүлэлт бүхий даацын болон хурдны индекс, хээний гүн, уурхайн ажиллах нөхцөл, мэдээлэл, фото зураг, схем, харьцуулсан техникийн тодорхойлолт зэргийг агуулсан танилцуулга бүхий мэдээллийг бүрэн хүргүүлсэн байдаг.

Тендерийн бичиг баримтад санал болгож буй дугуйн Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагчийн танилцуулгад олон нэр төрлийн дэлхийн болон БНХАУ-н бренд дугуйг үйлдвэрлэн борлуулдаг албан ёсны цахим хуудас нь www.tnr-international.com ба зөвхөн “МАINSAIL” брендийн танилцуулга, дугуйн техникийн тодорхойлолтын мэдээллийг тусгасан www.mainsailtires.com гэсэн цахим хаягийн мэдээллийг тус тус хүргүүлсэн.

Тухайн www.mainsailtires.com хаягт 875/65R29 L5 дугуйны мэдээлэлд:

Хэмжээ

Хээний төрөл

Диаметр

Өргөн

Хээний гүн

Олгойн төрөл

Одны зэрэглэл

Давхарга хийцийн үнэлгээ

875/65-R29

L-5

1907

873

92

TL

**

34 PR

 

Обудны хэмжээ

Даацын индекс

Хамгийн их даац /кг/

Хамгийн их даралт /23600 кг/

Хурдны индекс

Хамгийн их хурдны индекс

28.00/3.5

218

218

/23600 кг/

625

А2

А2

гэж тодорхойлогдсон байна.

Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны “ .. www.mainsailtires.com хаягуудаас орж нягталж харахад 875/65 R29 дугуйн хээний төрөл L3-р үйлдвэрлэгддэг нь нотлогдож байгаа тул шаардлагад нийцэхгүй байна...” гэсэн шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд ямар мэдээллийг үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Магадгүй нягтлахдаа МАINSAIL брендийн албан ёсны цахим хаягийг бус дэлхийн болон БНХАУ-ын шилмэл шалгарсан хэмжээс бренд дугуйг борлуулдаг “TNR Internaitional” ХХК-ийн www.tnr-international.com хаягт тухайн 875/65 R29 хэмжээс бүхий дугуйн хээний төрөл L3-р үйлдвэрлэгддэг БНХАУ-н “НILO” брендийн мэдээллийг эндүүрэн дүгнэсэн байх талтай юм. Энэ хаягт МАINSAIL брендийн тухайн дугуй болох 875/65 R29 хэмжээс байршдаггүй бөгөөд зөвхөн МАINSAIL брендийн ерөнхий танилцуулга, зарим нэр төрлийн дугуйн мэдээлэл байдаг.

ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5 дугаар зүйл “...энэ хуулийг хэрэгжүүлэхэд тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйл болон тендерийн баримт бичигт зааснаа зөрчиж тендерийг хянан үзсэн нь хууль бус юм. Хэрэв манай илгээсэн тендерээс шаардлагад нийцээгүй гэж татгалзаагүй бол манай тендер хуулийн 27 дугаар зүйлд заасан үнэлгээний шатанд орж “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчоор шалгахаар байдаг.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасны дагуу хяналт тавих үүргээ биелүүлэлгүй мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025.01.20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд өмнөх шаардлагуудын үндэслэл адилхан тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээг 2025.04.18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон түүний тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус гэж маргаж байгаа ба тус хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ хууль ёсны байх боломжгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж заасан байх ба захиалагч болон үнэлгээний хороо нь хууль зөрчиж тендерийг хянан үзэж, үнэлсэн байхад захиалагч нь үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжид хяналт тавих үүргээ биелүүлээгүй учир худалдах, худалдан авах гэрээ нь илт хууль бус байх хууль зүйн нөхцөлийг хангаж байна.

Иймд тус гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд гэрээний илт хууль бус болох нөхцөлийг тусгайлан зааж өгсөн учир Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй тусгайлсан зохицуулалтад заасан нөхцөл байдлаар хэрэглэгдэнэ гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт нийлүүлэх тендерээс гуравдагч этгээдээс 400.000.000 төгрөгийн бараа материал нийлүүлэгдсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хэрэв хангагдвал үлдэх хэсэг дээр нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой байгаа учраас хариуцагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр манай тендерээс татгалзаж “**” ХХК-г шалгаруулсан захиалагчийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““MAINSAIL” нь дугуйн брэнд, тусдаа үйлдвэрлэгч компани. TNR-international гэдэг нь толгой компани байгаа, бас бренд бүтээгдэхүүн борлуулдаг. Үүнийг “MAINSAIL, TNR-international гэсэн 2 сайт дээр байгаа учраас мэдээллээ аль алинаас нь авч болно гэдэг үүднээс илгээсэн. 3,4,5 гэдэг бол дугуйны хээг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлбэл “MAINSAIL” тухайн сайт тухайн үйлдвэрлэгчийн мэдээлэл дээр “MAINSAIL” брендийн L5 маркийн тухайн размерын дугуйг үйлдвэрлэдэг болох нь энэ сайт дээр байгаа гэдгийг илэрхийлсээр байтал танайх үйлдвэрлэдэггүй, биш байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Тендерийн тухай хууль дээр ч тэр ямар нэгэн тодруулга авбал оролцогчоос авах нь түргэн шуурхай, бодит мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл TNR-internatianal компани руу албан бичиг явуулсан юм байна. Би сая тухайн хариуцсан ажилтнаас нь асууж үзлээ. Захиа албан ёсоор ирээгүй гэсэн хариу ирүүлж байна. Тэгэхээр хавтаст хэрэг дотор нэг албан бичиг байна л даа. Энэ бичгийг ямар хаягаар, ямар шууданд өгсөн талаар процесс ажиллагаа хийгдээгүй юм биш үү. Оролцогчоос тодруулга аваагүй, тухайн үйлдвэрлэгчээс тодруулга аваагүй. Тэгэхээр Үнэлгээний хороо бодит үнэлж чадаж байна уу гэдэг асуудал байгаа” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо болон захиалагч нарыг хариуцагчаар татсан байгаа. Үнэлгээний хороо тухайн тендерт оролцогчдын материалыг өөрсдийнхөө боловсруулсан ТШЗ-ын баримтанд заасантай нийцэж үү, үгүй юу гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу үнэлж, хянан үзэж шалгах ёстой. 26 дугаар зүйлийн 4.2-т санал болгосон бараа үйлчилгээ өөрөө техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэсэн асуудал өнөөдөр яригдаж байна. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолт дээр 875/65R29L5 дугуй авъя гэсэн, манайх нийлүүлэх боломжтой байна гээд чанарын тохирлын гэрчилгээ, гэрээ, бусад баримтуудаа өгсөн байдаг. Үүний дагуу бид нар харьцуулах үнийн аргаараа өмнөх тендертээ ялсан. 26 дугаар зүйлийн 4.2-т заасны дагуу нийцсэн гэдэг зүйлсийг нь нотолсон бүх баримт бичгээ тендерт оролцогч өгчихөөд байхад өөрсдийнхөө тухайн тендертэй холбоотой журам дээрээ байхгүй буюу цахим сайтнаас орж харна гэдэг хэсгийг хассан мөртлөө тэрийг дахин дахин цахим сайтаар орж харах байдлаар тодруулаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Сангийн яамны хэлсэн зүйлийг бид нар бүгдийг нь биелүүлэх ёстой гэдэг нь зөв. Тодруулах ажиллагааг хэрхэн яаж хийсэн нь тодорхой бус байна. Тухайн компанитай яаж харилцсан, эсвэл тэр компаниас асуух юм уу? оролцогчоос тодруулах байсан юм уу? нөгөө компани руу явуулсан тодруулга хүсэлт дээрээ Тендерийн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг барьсан байна. 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бол оролцогчоос тодруулах байгаа. 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг бол бусад этгээдээс тодруулах гэж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтаар энэ тодруулгыг тухайн газарт хүргэгдсэн эсэх нь өөрөө тодорхойгүй байна. Нэг талын хэвлээд тавьсан баримтыг бид нар нөгөө талд хүргэгдсэн гэж үзэх боломжгүй. L5-тай холбоотой асуудалд бид нар сайтад үзлэг хийсэн. Аль ч сайтаараа ороод үзэхэд байсан гэдэг нь хуульд заасны дагуу нотлох баримтаар бэхжүүлээд хэрэгт хийсэн байдаг. Иймд Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баримт бичгийг үнэлээгүй, хуульд нийцээгүй учраас хүчингүй болгож өгнө үү. Улмаар захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 2.3-аар Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянаж үзэх ёстой. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Үнэлгээний хорооны гаргасан зөвлөмжийн дагуу шийдвэрээ гаргасан байдаг. Тухайн шийдвэр зохих журмын дагуу явагдсан юм уу? Үнэлгээний хорооны хурал процессын хувьд алдаатай байна. Тухайлбал Google-ээр ороод харвал гуравхан үйлдвэрлэгч байдаг юм байна гэх байдлаар Үнэлгээний хороо Google-ээр орж хайхад “MAINSAIL” компани L5 хээтэй дугуй үйлдвэрлэгдэггүй юм байна гэж ойлгомжгүй байдлаар үнэлгээ хийгдсэн учраас хүчингүй болгож өгнө үү. Одоогийн байдлаар гэрээний дагуу хэдэн төгрөгийн хэдэн дугуй нийлүүлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт авагдсан байдаг. Тэгэхээр хэрэгжилт нь хэрхэн яаж явагдаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа яаралтай бараа авсан гэсэн албан бичиг өгсөн байдаг. Бид нар маргаж байгаа нь бид нарын эрх ашиг зөрчигдөөд байгаа юм. Адилхан оролцогчийн хувьд гомдол гаргаад явж байна. Тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо илт зөрүүтэй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлапын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-д “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шапгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж тус тус заасан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендер шалгаруулалтын жишиг баримт бичигт нийцүүлэн ЭҮТӨҮГ/20240102202 урилгын дугаартай “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэх тендерийг зохих журмын дагуу нийтэд зарласан.

Тус тендерт нийт 6 компаниас санал ирсэн ба Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж тендерт оролцож буй компаниудаас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шапгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч дээр дурдсан шийдвэрийг тус тендерт оролцсон “**” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянаж 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/59 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг захиалагчид хүргүүлсэн.

Уг албан бичгийн хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж “**” ХХК-иас ирүүлсэн дараах асуудлуудыг дахин хянан үзэх, тодруулга авах шийдвэр гарсан.

1. MANSAIL 875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5, 4 блокоор үйлдвэрлэдэг эсэх,

2. “**” ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дилерийн гэрээ байгуулсан эсэх хэрэв байгуулсан бол гэрээний хугацаа сунгагдсан эсэх,

3. 37123Q0079ROS дугаартай чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ танай компанийн гэрчилгээ мөн эсэх талаар TNR INTERNATIONAL CO., LTD-аас тодруулга авах.

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж дээр дурдсан тодруулгад заасан хугацаанд МАNSAIL 875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5 талаар үйлдвэрлэгчээс тодруулга ирүүлээгүй тул “**” ХХК-аас тендерийн техникийн тодорхойлолтод ирүүлсэн цахим дараах www.tnr-international.com хаягуудаар орж нягталж харахад МАNSAIL 875/65 R29 загварын дугуйны санал болгож буй бүтээгдэхүүний брэнд, моделийг нарийвчилсан техникийн тодорхойлолтын мэдээлэл гарч ирээгүй. “**” ХХК-аас тендерийн техникийн тодорхойлолтод ирүүлсэн цахим дараах www.tnr-international.com, www.mainsailtires.com хаягуудаар үнэлгээний хорооны гишүүдийн хамтаар дахин шалгахад тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж буйг тодорхойлсон дугуйны мэдээлэл олдоогүй нь шаардлагыг хангаагүй болно.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон үнэлгээ хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хүрээнд дээрх худалдан авах ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргасан тул “**” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан боловч “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам дахин үнэлгээ хий гэсний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж цахим байдлаар тодруулга авахаар шийвэрлэж, тодруулга авах албан бичгийг хүргүүлсэн боловч бид нарт хариу өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор хариуг үнэлэх боломжгүй болсон. “**” ХХК-ийн ирүүлсэн хоёр сайтын нэг сайтаар ороход мэдээлэл олдоогүй, нэг нь бүүр орж болохгүй байсан. Тухайн сайтаар орж шалгасан Үнэлгээний хорооны хуралдааны бичлэгийг СD-ээр өгсөн. Үүнийг CD дээрээс харж болох байх. Сайтын мэдээллийг Үнэлгээний процесс болсоны дараа зассан байж болно гэсэн. Бид Сангийн яамны зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй. Тендер шалгаруулах журмыг биелүүлэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны гомдол хянах бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдсан. Тэгээд дараагийн шийдвэрээ гаргаад явсан. “**” ХХК-иас Сангийн яаманд дахин гомдол гаргасан боловч Сангийн яамнаас гомдлыг хүлээн авах боломжгүй, тухайн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн бичгийг ирүүлсэн учраас Үнэлгээний хороо шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлээд явсан байгаа.

“**” ХХК-ийн тендерээс нотариатын үйлдэл болон гэрчилгээтэй холбоотой асуудлаар татгалзаагүй. Үйлдвэрлэгчээс мөн эсэхийг тодруул гэсэн зөвлөмж авсан учраас и-мэйл хаягаар нь тодруулга явуулсан. Ямар ч компани мэйл хаягаа шинэчилж байдаг. Тухайн үед бүх маркийг нь хайгаад ороход өөр дугуй гарч ирж байсан. Mainsail гэсэн хаяг нь алдаа заагаад орохгүй байсан. “**” ХХК гэрээний дагуу 46 дугуйнаас 34 дугуй нийлүүлсэн байгаа. Тухайн тендерийг 3 удаа зарласан. Эхнээс нь дугуйгаа ашиглаад явж байгаа. Нэхэмжлэгч манай компанийн эрх ашиг зөрчигдлөө гэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашиг мөн зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Уурхайн техникийн дугуй” ЭҮТӨҮГ/20240102202 дугаартай худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан.

2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаар “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэгчийг шалгаруулах тендерт оролцсон “**” ХХК-аас гаргасан гомдол. Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/59 дугаартай гомдол хянасан бичгийн дагуу үнэлгээний хорооны гишүүд хуралдаж, дараах тодруулгыг авах шийдвэрийг санал нэгтэй гаргасан. Үүнд:

1. МАNSAIL 875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5, 4 блокоор үйлдвэрлэдэг эсэх,

2. “**” ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дилерийн гэрээ байгуулсан эсэх хэрэв байгуулсан бол гэрээний хугацаа сунгагдсан эсэх,

3. 37123Q0079R0S дугаартай чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ танай компанийн гэрчилгээ мөн эсэх талаар “TNR INTERNATIONAL CO.,LTD-аас тодруулга авах.

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Уурхайн техникийн дугуй” тендер шалгаруулалтыг үнэлэх үнэлгээний хорооны гишүүд тодруулгын талаар хуралдсан. Үүнд:

МАNSAIL 875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5, 4 блокоор үйлдвэрлэдэг эсэх талаар үйлдвэрлэгчээс тодруулга ирүүлээгүй тул “**” ХХК-аас тендерийн техникийн тодорхойлолтод ирүүлсэн цахим дараах www.tnr-international.com, www.mainsailtires.com хаягуудаар   ороход МАNSAIL 875/65 R29 загварын дугуйны санал болгож буй бүтээгдэхүүний брэнд, модель, техникийн тодорхойлолтын мэдээлэл гарч ирээгүй.

“**” ХХК-аас тендерийн техникийн тодорхойлолтод ирүүлсэн цахим дараах www.tnr-international.com, www.mainsailtires.com хаягуудаар үнэлгээний хорооны гишүүдийн хамтаар шалгахад тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж буйг тодорхойлсон дугуйны мэдээлэл олдоогүй.” гэв.

7. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх Сангийн яаманд гаргасан гомдолдоо “**” ХХК-ийг чанарын шаардлага хангаагүй TNR international-аас тусдаа “MAINSAIL” компанийн сертификатыг ирүүлсэн. Дээрх хоёр компани хоорондоо огт холбоогүй байна гэж үзсэн учраас гомдол гаргасан. Мөн дугуйны хээний зургийг явуулахдаа буруу зураг буюу алдаатай зураг явуулсан. Мөн нотлох баримт шинжлэн судлах үеэр 2 сайт руу орж үзэхэд хоорондоо холбоогүй, тусдаа компани байсан. Одоо ч гэсэн ороод шалгаад үзэж болно. TNR international бол маш олон брендийн дугуйг өөрсдийн сайт дээрээ байршуулан худалдаалдаг худалдааны сайт байгаа юм. “MAINSAIL” үйлдвэрлэгч нь “**” ХХК-ийн сертификатад хавсаргаж байгаа брендийг төлөөлж байгаа компани боловч TNR international-тай үйлдвэрлэгч биш худалдааны зорилгоор холбоотой газар учраас гомдол гаргасан байгаа. Тендерт оролцоод сайн тендерээр шалгараад бараагаа нийлүүлээд явж байгаа. Гэрээний дагуу дугуйгаа нийлүүлээд эхэлсэн. Үлдсэн дугуйгаа захиалсан удахгүй ирнэ. Манай эрх ашиг бас давхар хөндөгдөөд байна. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаар мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан болон “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 2025/17-10 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.  

2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/17- дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хангаж, бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн тендерээс татгалзаж, “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 80-82 дахь тал/

2.2. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /Хавтаст хэргийн 87-88 дахь тал/

            2.3. Тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлээ:

-“Техникийн тодорхойлолтод “875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5” гэж заасан бол оролцогч нь “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд 875/65 R29 загварын дугуйны хээний төрөл L5 гэж ирүүлсэн боловч www.tnr-international.com , www.mainsailtires.com  хаягуудаас орж нягталж харахад 875/65 R29 дугуй хээ нь хээний төрөл L5-аар үйлдвэрлэгддэггүй хээний төрөл L3-аар үйдвэрлэгддэг нь нотлогдож байгаа тул шаардлагад нийцэхгүй байна” буюу “техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй байна” гэжээ.

 2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

            2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д ““Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” ойлгохоор заасан.   

2.6. Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичгийг баталж, хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ. ICD баримт ТШББ/22/ файл/

 2.7. “Уурхайн техникийн дугуй” нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын “Багцын техникийн тодорхойлолт”-ын хүснэгт 5-д “Дугуй 875/65 R29”, үзүүлэлт “...хээний төрөл L5...” гэж заасан бөгөөд ““**” ХХК-ийн тендер техникийн тодорхойлолтын энэхүү шаардлагыг хангаагүй” гэж захиалагч тендерээс татгалзсан байх ба тендерт оролцогч “Дугуй 875/65 R29”, хээний төрөл L5 байх шаардлагыг хангасан” гэж тайлбарлан мэтгэлцэв. /CD баримт ТШББ/22/ файл18-20 дахь тал/

2.8. Хэргийн оролцогч нарын маргаж буй дээрх үндэслэл болон тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт, “**” ХХК-ийн ирүүлсэн тендер, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, тендерийн Үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлт зэргээс дүгнэхэд тендерт оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлага буюу техникийн тодорхйлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна.

2.9. Тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: ...26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; ...” гэж зааснаар тендерийг хянан үзэх ажиллагааг хуульд нийцүүлэн тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж үзээгүй алдаатай шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

2.10. Тодруулбал, “**” ХХК нь БНХАУ-ын TNR INTERNATIONAL компанийн MAINSAIL брэндийн 875/65 R29 загварын L5 хээтэй дугуй нийлүүлэхээр санал болгож, уг дугуйн техникийн тодорхойлолт бүхий үзүүлэлт, зургийг тендерийн баримт бичигт ирүүлсэн байх бөгөөд мөн санал болгож буй бүтээгдэхүүний брэнд, моделийг шалгах цахим хаягийг албан бичгээр хүргүүлжээ. /CD баримт, “**” ХХК хавтас, уурхайн техникийн дугуй 1 файл/

2.11. “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан MAINSAIL брэндийн 875/65 R29 загварын дугуйн техникийн үзүүлэлт тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцэж буй эсэхийг тендерийн Үнэлгээний хороо хянан үзэхдээ “цахим сайтын мэдээлэл тендерийн баримт бичгээр буюу техникийн тодорхойлолтоор шаардаагүй” гэсэн атлаа www.Google.com орж mainsail брэндийн дугуй L5 гэсэн хээтэй үйлдвэрлэдэггүй гэж тендерээс татгалзсан нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. /CD баримт, үнэлгээний хорооны хуралдааны бичлэг/

2.12. Хариуцагч талаас “Сангийн яамны гомдол хянасан албан бичигт дахин нягтлан үзэж үнэлгээ хийхийг даалгасан. Иймд үйлдвэрлэгчээс тодруулга авахаар албан бичиг хүргүүлсэн боловч тодруулгын хариу ирүүлээгүй учраас цахим сайтаас мэдээллийг шалгасан” гэж тайлбарласан бөгөөд тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж зааснаар нэгдүгээрт тодруулгыг оролцогч “**” ХХК-аас аваагүй нь тодруулга авах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй;

хоёрдугаарт, үйлдвэрлэгчээс тодруулга авч “**” ХХК-ийн санал болгосон дугуйны техникийн үзүүлэлтийг нягтлах шаардлагатай гэсэн атлаа интернетээс google-ээр мэдээлэл хайж, тухайн мэдээлэлд тулгуурлан шаардлага хангахгүй гэж дүгнэсэн, хэрвээ цахим сайтын мэдээллээр техникийн үзүүлэлтийг шалгах шаардлагатай гэж үзсэн бол оролцогч компанийн хүргүүлсэн сайтуудад тал бүрээс бүрэн шалгаж хайлт хийгээгүй шийдвэр гаргасан нь захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй болохыг нотолж байна. 

2.13. Нэхэмжлэгч талаас “манай хүргүүлсэн хоёр сайтад санал болгосон дугуй мэдээлэл L5 хээтэй үйлдвэрлэдэг гэдэг нь тодорхой байхад өөр брэнд буюу Hilo гэсэн брэндийн дугуйн мэдээллийг шалгасан” гэж, хариуцагчаас “тухайн үед шалгахад www.tnr-international.com сайтад мэдээлэл байхгүй байсан, www.mainsailtires.com сайт огт орохгүй байсан. Тухайн мэдээллийг хэзээ ч нэмж оруулж болно. Тийм учраас тендер хянах үед ийм мэдээлэл байгаагүй” гэж, гуравдагч этгээдээс “Энэ 2 сайт нь хоорондоо холбоогүй, www.tnr-international.com  сайт нь худалдааны сайт бөгөөд одоо ороод үзэхээр мэдээлэл байхгүй байна, нөгөө сайт нь шууд нэвтрэх боломжгүй сайт байна” гэж тус тус маргасан.

2.14. Тендерийн баримт бичиг буюу техникийн тодорхойлолтод үйлдвэрлэгчийн цахим сайтаас техникийн үзүүлэлтийг шалгаж хянах талаар тусгайлан шаардаагүй байх бөгөөд шүүхийн үзлэгийн ажиллагааны үед уг хоёр сайтаас “MAINSAIL брэндийн 875/65 R29 загварын дугуй, L5 гэсэн мэдээллийг сайтаас харах боломжтой байсан ч тухайн мэдээллийг тендерийн Үнэлгээний хорооны хуралдааны үед сайтад байршуулсан байсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй юм. Иймд хэргийн оролцогч нарын маргаж буй сайтын мэдээлэл нь уг маргааны үйл баримтыг нотлох боломжгүй гэж дүгнэв.

2.15. Харин тендерийн Үнэлгээний хороо “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт байгаа техникийн тодорхойлолтын үзүүлэлт түүнд хамаарах баримтуудыг ирүүлсэн байхад зөвхөн www.Google.com-оор шалгаж “mainsail брэндийн дугуй L5 гэсэн хээтэй үйлдвэрлэдэггүй” гэж тендерийн баримт бичигт заагаагүй үндэслэлээр буюу албан бус мэдээлэлд тулгуурлан тендерээс татгалзсан нь хууль бус байна.

2.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

2.17. Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх шатанд хууль бус алдаатай шийдвэр гаргасан учир дараа дараагийн шат дараалсан тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль бус болох бөгөөд улмаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх, хамгийн бага үнийн санал бүхий тендерийг шалгаруулах зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд зөрчил үүссэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ.  

2.18. Иймд тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/, түүнийг үндэслэн хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаар мэдэгдэл зэрэг захиргааны актуудыг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

2.19. Хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд маргаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу хэрэгжиж дуусаагүй захиргааны акт байх шаардлага тавигдах бөгөөд үйлчлэл нь дууссан захиргааны актуудыг хүчингүй болгох боломжгүй байдаг. Нэхэмжлэгчээс захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болохыг дурдах нь зүйтэй. 

2.20. Дээрх захиргааны актуудын үйлчлэл дуусч уг актуудыг үндэслэн “**” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул уг захиргааны актуудыг хүчингүй болгох, улмаар тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн тендерийг дахин хянан үзэж, үнэлэхийг даалгах үндэслэлгүй байна. Учир нь тендерийн Үнэлгээний хороо тендерт дахин үнэлгээ хийх, хамгийн сайн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох, дахин шинээр гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг дахин шинээр эхлүүлэх боломжгүй болсон тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.  

2.21. Харин хууль бус шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/17-10 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болно. /Хавтаст хэргийн 122-127 дахь тал/

2.22. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид "худалдан авах гэрээ" гэх/-ний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна.” гэж зааснаар тендер хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох зэрэг тендер сонгон шалгаруулалтын хуульд нийцсэн шийдвэрийн үндсэн дээр гэрээ байгуулагдах учиртай.

2.23. Иймд захиалагчийн шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хууль бус алдаатай шийдвэрийн үндсэн дээр байгуулагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/17-10 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.”, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж заасан үндэслэлээр  илт хууль бусад тооцох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023-06-16/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1,  27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/380 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СЭ-112-12/381 дугаар мэдэгдэл болон тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/17-10 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ