Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00863

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00863

 

 

 

 

 

                                    Б.Сын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Сын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02464 дугаар шийдвэрээр Б.С, Б.Г нараас 124.729.523 төгрөгийг гаргуулж И ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явагдаж байна. Уг ажиллагааны дагуу Б.С, Б.Гэрэлчимэг, С.Цацрал, С.Энэрэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019919 дугаарт бүртгэлтэй, ...136.02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар хөрөнгийн үнэлгээг “Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр дээрх орон сууцыг 304 962 825 төгрөгөөр үнэлсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 380.0 сая гаруй төгрөгийн үнэтэй. Иймд төлбөрт хураагдсан хөрөнгийг нийт 304 962 825 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэрээр Б.С, Б.Г нараас 124 729 253 төгрөгийг гаргуулж “И ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн ..., 136.02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр  гүйцэтгэгч 20290264 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг олгож, мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч нарын өмчлөлийн ... 51 тоот хаягт байршилтай 136.02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20290264/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290264/05 дугаар тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч “И ББСБ” ХХК-аас барьцаа хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/505 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 304 962 825 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-179/36785 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Б.С, Б.Г, хамтран өмчлөгч С.Ц нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Сын гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Сын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх “шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг тодорхой шалгаж дүгнээгүй болон хөрөнгийн зах зээлийн үнэ талбайн хэмжээ, давхар, байршил зэргээс шалтгаалж өөр өөр тогтдогийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд миний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн эсэхийг огт хянан үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэн тайлбарлаж илт ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02464 дугаар шийдвэрээр Б.С, Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 123 743 993,33 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 985 260 төгрөгийг гаргуулж, “И ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Б.С, Б.Гг, С.Ц, С.Э нарын өмчлөлийн ... 51 тоот хаягт байршилтай, 136.02 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. /хх46-49/

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК орон сууцыг 304 962 825 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хх69-90,96/

Нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй, шинжээч үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн байна.

Хэргийн 69-90 дүгээр талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргаар хослуулан тус тус гаргаж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлсэн байна.

Шинжээч нь ийнхүү үнэлгээг тогтоохдоо тухайн объектыг www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо ...., 130 м.кв 4 өрөө орон сууцтай харьцуулан барилгын байршил, насжилт элэгдэл, талбайн хэмжээ, засвар үйлчилгээ зэргийг тооцоолон үзэх замаар зах зээлийн үнэлгээг 304 962 825 төгрөг гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч орон сууц 304 962 825 төгрөгөөс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдоос ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдаж, талуудын харилцан мэтгэлцсэн гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгийн үнийн санал, үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан дүгнэжээ. Дээрх баримтуудаар үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан нь тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /хх35-80/

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО 

 

                                                                                    А.МӨНХЗУЛ