Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 114

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 1710009610087 дугаартай, 187/2018/0107/Э индекстэй хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, М овогт Н.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ........ худалдааны төвийн хажуу талд үйл ажиллагаа явуулдаг “..............” ХХК-ийн ............ дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох ............. брендийн 35 размерийн эмэгтэй хүний 1.389.370 төгрөгийн үнэ бүхий гутлыг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ....... худалдааны төвийн хажуу талд үйл ажиллагаа явуулдаг “..................” ХХК-ийн ........... /.........../ дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох ........... /............/ брендийн 35 размерийн эмэгтэй хүний гутлыг өөртөө авч хэрэглэн бусдад 1.389.370 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Б 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай дэлгүүрт ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ор сураггүй алга болсон. Бид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тооллого хийхэд 1 хос гутал дутсан болохоор камераа шүүж үзэхэд Н.Баярмаа ууттай зүйл бариад явсан байсан. Бид нарын зүгээс шүүгдэгчийн ар гэрийн байдлыг нь харгалзан үзээд 1.389.000 төгрөг нэхэмжилж байна...Гутлыг дахин борлуулах боломжгүй учир буцааж авахгүй, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч А.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...................” ХХК-ийн дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай. Тухайн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дэлгүүрт бараа бүтээгдэхүүн тоолж үзэхэд 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний Итали улсад үйлдвэрлэсэн, ............ /............./ брендийн хавар, намрын 35 размерийн гутал хулгайд алдагдсан байсан тул цагдаад өргөдлөөр хандсан юм. Тухайн гутлыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүр бараа бүтээгдэхүүн тоолоход бүрэн бүтэн тоологдсон бөгөөд тэрнээс хойш хүнд зараагүй. Уг хугацаанд манай байгууллагад цагийн ажилтан нэг Н.Б гэх эмэгтэй 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажилласан бөгөөд хамгийн сүүлд цалингаа аваад маргааш нь ажилд ирэх ёстой байсан тэр чигтээ алга болсон, тухайн хүнийг сэжиглэж байгаа...Манай дэлгүүр хяналтын камертай бөгөөд тухайн үед нь шүүж үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой Н.Б нэг ууттай юм бариад гарч байсан юу гэдгийг нь мэдэхгүй харагдах боломжгүй, яг гутал авч байгаа бичлэг бол байхгүй...Уг гутал дэлгүүрт 1.700.000 төгрөгөөр зарагддаг гутал, хар өнгийн сваровски шигтгээтэй, арьсан, Итали гутал 35 размер. 1.700.000 төгрөгөөр зарж байсан үнээр нь үнэлнэ...Тухайн Н.Б-с хураан авсан гутал нь хулгайд алдсан гутал мөн байна гэхдээ өмсөж хэрэглэсэн байх тул эргээд бид нар дэлгүүртээ тавьж зарж ашигаа олж авч чадахгүй, хүний өмссөн гутлыг одоо хэн ч өмсөхгүй шүү дээ тийм учраас тухайн хүнээс хохирлын мөнгө болох гутлын 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

            4. Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл: “...Н.Б-с хураан авсан эд зүйлс: Хар өнгийн хагас түрийтэй, сваровски хар өнгийн шигтгээтэй, хавар, намрын 35 размер, эмэгтэй хүний ........... /.........../ брендийн гутал 1 хос /өмсөж хэрэглэсэн хуучин/...” /хх-ийн 6-7/

            5. ”Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.389.370 /нэг сая гурван зуун наян есөн мянга гурван зуун дал/ төгрөг...” /хх-ийн 18-19/

            6. Яллагдагч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд ......... /........../ дэлгүүрт худалдагчаар ажилд орсон юм. Ингээд ажиллаж байх хугацаанд надад өгөх ёстой байсан цалингаас 150.000 төгрөг дутуу өгсөн юм. Мөн ажиллаж байх хугацаанд захирал менежерүүд намайг элдэв бусаар үгээр доромжилдог байсан юм. Бас бид нарыг 10-н цаг зогсоогоор маань ажиллуулдаг суух гэхээр загнадаг байсан юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны хавьцаа санагдаж байна өдрийг нь санахгүй байна би ажиллаж байх хугацаандаа дэлгүүрийнхээ хавар намрын ......... /........../ брендийн гутлыг нь өөртөө авчихсан юм...Би уг нь гутлыг нь буцааж өгсөн юм. Тэгсэн чинь өмсчихсөн байна гээд уг гутлын зарагдах үнэлгээгээр надаас мөнгөө нэхэмжилээд байгаа юм...Би хохирлыг нь төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороо, ....... худалдааны төвийн хажуу талд үйл ажиллагаа явуулдаг “........” ХХК-ийн ...... /....../ дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох ............. /............/ брендийн 35 размерийн эмэгтэй хүний гутлыг өөртөө авч хэрэглэн бусдад 1.389.370 төгрөгийн хохирол учруулсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч А.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Н.Б...манай дэлгүүрт ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ор сураггүй алга болсон...камераа шүүж үзэхэд Н.Б ууттай зүйл бариад явсан байсан. Бид нарын зүгээс шүүгдэгчийн ар гэрийн байдлыг нь харгалзан үзээд 1.389.000 төгрөг нэхэмжилж байна...Гутлыг дахин борлуулах боломжгүй учир буцааж авахгүй, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн “...Гутлыг дахин борлуулах боломжгүй учир буцааж авахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн уг гутлыг шүүгдэгч өөрөө худалдан борлуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хувийг төлж барагдуулах боломжтой гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн хагас түрийтэй, эмэгтэй хүний 35 размерийн гутал 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-с 1.389.370 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц /”........................” ХХК/-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Н.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Н.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлэх 6 /зургаа/ сарын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Н.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тус тус сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 1.389.370 /нэг сая гурван зуун наян есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц /”...................” ХХК/-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хагас түрийтэй, эмэгтэй хүний 35 размерийн гутал 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР