Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1204

 

 

 

 

   2023           12            19                                        2023/ДШМ/1204

 

Э.У, М.Д нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Э.У, М.Д, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.У, М.Д нарт холбогдох 2207003530045 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овгийн ...-ны .., 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., “..... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;

2. ... овгийн ...-ын .., 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., “...” ХХК-д ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......../.

            Шүүгдэгч Э.У, М.Д нар нь бүлэглэн, гэмт хэргийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж, тээвэрлэхийн тулд хамт ажилладаг Б.Б-ын “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн “О” тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768.640 төгрөгийн үнэ бүхий 45.5 килограмм тахианы махыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.У, М.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-22 УНӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.205.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж, шүүгдэгч Э.У, М.Д нараас 6.602.500 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Э.У, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ын насанд хүрээгүй хүүхэд болох М.Э /РД: .........../-д асран хамгаалагч тогтоохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн буруутай үйлдлээс болж байгууллагаас тахианы мах хулгайлан авч, тээвэрлэж зугтаах санаа надад байхгүй байсан. Тэрхэн үед дэлгүүр явах болж тахианы махаа гаргаж тавьсан. Иймд манай гэр бүл, миний 10 настай хүүхдийг минь бодож надад нэг удаа боломж олгож өгнө үү. Би буруу зүйл хийсэн гэдгээ хоригдох хугацаандаа биеэрээ мэдэрч ухаарч байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.У, М.Д нарын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.У, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдсэн гэмт буруутай тооцсон нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Шүүгдэгч Э.У, М.Д нарын хувьд “Ажигна” ХХК-иас нууцаар хашаа давуулан гаргаж авсан эд зүйлээ захиран зарцуулах боломж бүрдэж хулгайлах үйлдэл нэгэнтээ төгссөн байсан. Шүүгдэгч нарт Баянжаргал “автомашиныхаа түлхүүргийг дэлгүүр ороод ир гэж” өгснөөс биш шүүгдэгч нар урьдчилсан бэлтгэсэн зүйл огт байдаагүй.

Харин автомашинд хулгайлсан эд зүйлийг хийсэн байсан үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй ба учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно. Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй ба урьдаас бэлтгэсэн зүйл огт байхгүй, зогсоолд байсан тээврийн хэрэгслийн түлхүүрийг эзэмшигч нь дэлгүүр явуулахаар өгсөн үйл баримт хэрэгт авсагдсан байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ хоол хүнсний зүйл авахаар дэлгүүр рүү шүүгдэгч Э.У-ыг явуулна гэж яриагүй байхад энэ нөхцөл байдлыг зориудаар ашиглан Б.Б-ын автомашины түлхүүрийг авч М.Д-т шилжүүлснээр урьдчилан бэлтгэсэн гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.У, М.Д нар нь бүлэглэн, гэмт хэргийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж, тээвэрлэхийн тулд хамт ажилладаг Б.Б-ын “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн “О” тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768.640 төгрөгийн үнэ бүхий 45.5 килограмм тахианы махыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хохирогч Ц.З-ын “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед над руу залгаад “та шалган дээр яаралтай хүрээд ирээч, нэг асуудал гарлаа гэхээр нь яваад очсон. Намайг очиход манай харуулын ахлах Б.Б үйлдвэрээс тахианы мах хулгай хийж байсан хүмүүсийг үйлдэл дээр нь барилаа гээд төхөөрөх цехийн ажилтан Б.Б-ын “Тоёота приус 20” маркийн автомашин руу дагуулж очсон. Төхөөрөх цехийн ажилтан Э.У, түүний нөхөр М.Д нар байсан. Машины багажин дотор 3 шуудайтай тахианы цээж мах, гуя, мөч, бүтэн тахиа байсан. Тахианы махыг үйлдвэрийн жинд жинлэж үзэхэд бүтэн тахиа 3.5 килограмм, гуя 7.5 килограмм, мөч 17.5 килограмм, цээж мах 12 килограмм байсан. Хулгайд алдагдсан тахианы махнуудыг буцаагаад бүрэн бүтэн хураан авсан. ...” /1 хх 16/,

гэрч Б.Б-ны “Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “О” тахианы үйлдвэрийн ажил дээрээ байгууллагын ойр орчимд хяналтаа тавиад байж байсан. Тэгтэл шөнө 22 цагийн үед үйлдвэрийн хашааны баруун үзүүрт тээврийн хэрэгслийн гэрэл асах шиг болохоор нь очоод үзсэн. Манай ажилтан Б.Б-ын машин байсан. Ард багажинд нь манай ажилтан М.Д нэг шуудайтай зүйлс хийж байхаар нь шалгаад онгойлгуулаад үзсэн. Дотор нь үйлдвэрийн тахианы махнууд байсан. Би шууд үйлдвэр хариуцсан дарга Ц.З-г дуудаж болсон асуудлын талаар хэлж тайлбарласан. ...” /1хх 23/,

гэрч Б.Б-ын “...Би 19-22 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг одоогоос 2 жилийн өмнө “Нано капитал” ББСБ-аас лизингээр авч байсан. Одоо хүртэл зээлээ төлж дуусаагүй байгаа. Уг тээврийн хэрэгслийг унаж, хэрэглэж, ашигладаг. Э.У надаас “машиныхаа түлхүүрийг түр өгч байгаач, хальт юманд явчихаад ирье” гээд гуйхаар нь ойрхон дэлгүүр хоршоо л гарах гэсэн юм байлгүй гэж бодоод өөрийнхөө тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгсөн. Би Э.У, М.Д нарыг тахианы мах авч гарч хулгайлах гэж байсан талаар ерөөсөө мэдээгүй. ...яг хаана байрлуулж тавьснаа санахгүй байна. Ямар ч байсан үйлдвэрийнхээ урд талд тавьчихсан байсан. Ажил дээрээ очсоноос хойш машин тэргээ дахиж асааж хөдөлгөөгүй. ...” /1хх 19, 21/ гэсэн мэдүүлгүүд,

“А” ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 342, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар тушаалууд, Э.У, М.Д нарын ажлын байрны тодорхойлолтууд /1 хх 93-99/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн НД-23-01 дугаар “Тус үнэлэгдэж буй тахианы мах нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 768.640 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 32-33/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн НД-23-04 дугаар “.... ..-.. УНӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашин нь зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 13.205.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 35-38/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн зохих хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Э.У, М.Д нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын “шүүгдэгч Э.У, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдээгүй тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Э.У-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж машин, механизм ашигласныг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.У, М.Д нарыг хамт ажилладаг Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч бэлтгэсэн 3 шуудай тахианы махыг үйлдвэрийн байрнаас зөөн гаргаж, үйлдвэрийн хашаагаар давуулан шидэж, тээврийн хэрэгслийн тээшинд ачсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Харин хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог бөгөөд шүүгдэгч Э.У, М.Д нарын хувьд хулгайлахаар бэлтгэсэн 3 шуудай тахианы махыг тээврийн хэрэгслийн тээшинд ачсан байхад нь үйлдвэрийн харуул хамгаалалтын ажилтан барьснаар тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж байхгүй болсон байх ба уг гэмт хэрэг төгсөөгүй, завдалтын шинжтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сонгох санкцгүйгээр хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.У, М.Д нарт хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.У, М.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Э.У, М.Д нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.У, М.Д нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            1 дэх заалтыг “...Э.У, М.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Э.У, М.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, М.Д нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

                                             ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

                                             ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР