Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00837

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00837

 

 

                                      Б.Бын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00552 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Ж Т ХХК, Л.Бнарт холбогдуулан гаргасан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлбөр 34 000 000 төгрөг, хохирол 30 000 000 төгрөг, нийт 64 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Б нь Ж Т ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ... Канад технологоор, жилийн 4 улиралд амьдрах зориулалттай 121.1 мв хоёр давхар амины орон сууцны ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. 2015 оны 5 дугаар сард уг сууцны суурийн ажил тавигдаж 2016 оны 8 дугаар сард ашиглалтад оруулан түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр амаар харилцан тохиролцсон. Ж Т ХХК-ийн ерөнхий захирал Л.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Л.Бтай утсаар холбогдож гэрээг цуцлах саналыг удаа дараа хэлж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард хотын төвд 1 өрөө байрны санал тавьж байсан. Захиалагч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг шилжүүлсэн. Тухайлбал, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж 16 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс  2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 32 000 000 төгрөгийг Л.Бын Хаан банкны ... тоот данс руу шилжүүлж, бэлнээр 2 000 000 төгрөг, нийт 34 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн. Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээний 3.12 дах заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар алданги 17 000 000 төгрөг гаргуулах, мөн гэрээний 2.8-д зааснаар гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөх боломжгүй нь илэрхий болсон бол захиалагч тал дангаар гэрээг цуцлаж учирсан хохирлыг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэгчид нэмэлт хугацаа өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул учирсан хохиролд 30 323 632 төгрөг нэхэмжилж байна. Захиалагч нь 2014 оноос хойш хугацаатай хадгаламжаа цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 34 000 000 төгрөгийг төлсөн байдаг.

2016 оны 1 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл 5 жилийн хугацаанд банкны хадгаламжийн хүү сарын 1.1 хувь, жилийн 13.6 хувь буюу нийт 30 323 632 төгрөгийн бодит хохирол учирсан. 2016 онд 34 000 000 төгрөгийн хадгаламжийн хүү  4 624 000 төгрөг, 2017 оны 38 624 000 төгрөгийн хадгаламжийн хүү 5 252 864 төгрөг, 2018 оны 43 876 864 төгрөгийн хадгаламжийн хүү 5 967 253 төгрөг,  2019 оны 49 844 117 төгрөгийн хадгаламжийн хүү 6 778 799 төгрөг, 2020 оны 56 622 916 төгрөгийн хадгаламжийн хүү 7 700 716 төгрөг байна. Иймд Ж Т ХХК, захирал Л.Б нараас барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үндсэн төлбөр 34 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 30 000 000 төгрөг, нийт 64 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Ж Т ХХК-аас шалтгаалж барилгын ажил удаашраагүй. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны захиалгаар тус байгууллагын газар дээр 20 айлын амины орон сууц барих тохиролцоонд хүрч Нийслэлийн Захирагчийн ажлын албатай 2014 онд хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Л.Б нь найзынхаа хүүхэд болох Б.Бын санал тавьсны дагуу 2 айлын таунхауст захиалга авч гэрээ байгуулж гадна цэвэр бохир усны ажил, цахилгаан монтаж, гэрэл цахилгаан, газар шороо, суурийн ажлыг 2 айлын суурь, цутгалтын ажилтай хамт хийж эхэлсэн. Мөн 2 айлын төмөр карказыг захиалж бэлдүүлсэн. Дээрх гэрээний дагуу тус байгууллага нь өөрсдийн ажилчдаас гадна нэмж тухайн амины сууцны хороололд захиалга өгөх иргэдийг олох, цаашид захиалга өгсөн иргэдийг 8 хувийн зээлд хамруулж санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх үүргийг хүлээсэн. Гэтэл Нийслэлийн Захирагчийн ажлын алба нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс барилгын ажил цааш явахад хүндрэл учирч эхэлсэн. Энэ талаар тус албатай захиалагч нарын хамт олон удаа уулзаж шийдэлд хүрэхийг хичээсэн боловч тодорхой амжилтанд хүрээгүй. Мөн 2016 оны сонгуулийн үр дүнгээс шалтгаалан нэмэлт захиалгын ажил зогсож Б.Бын хамт хийгдэх ёстой хажуу айл захиалагчгүй болсон. Газар шороо, суурь, цэвэр бохир ус, цахилгааны ажил бүрэн хийгдэх санхүү хүрэлцэхгүй болсон. Хоёр айлын барилга угсралтын ажил зэрэг явагдаж байсан нь 2 дахин их зардал гарсан. Газар шорооны ажилд 1 014 533 төгрөг, суурийн ажилд 3 794 652 төгрөг, гадна цэвэр усны ажилд 114 272 төгрөг, гадна цэвэр усны таталтад 2 147 970 төгрөг, гадна бохир усны ажилд 2 597 883 төгрөг, гадна цахилгаан хүчит төхөөрөмжид 1 218 723 төгрөг, төмөр хашаанд 3 217 477 төгрөг, хоёр айлын төмөр карказны захиалгад  32 900 000 төгрөг зарцуулагдсан. Захиалагч Б.Б нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг график төлөлтийн дагуу бус, cap тутамд багаар цувуулж төлж байснаас болж материал таталт болон ажил хийхэд хүндрэлтэй болсон. Мөн цаашид үргэлжлүүлэн төлнө гэдэг нь эргэлзээтэй болж эхэлсэн. Хамт баригдах ёстой хажуу айл захиалагчгүй, мөн Б.Бын санхүүжилт зогссон болохоор цаашид ажил явах аргагүй болсон. Компани урьдчилгаа гэж өгсөн мөнгөнд тохирсон зохих ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн захирагчийн ажлын алба Ж Т ХХК-тай байгуулсан гэрээг өнөөдрийг хүртэл гэрээг сунгахгүй, сонгуулийн үр дүнгээр гэрээ байгуулсан хүмүүс өөрчлөгдсөн, гэрээ сунгах асуудал байхгүй, хуучин хүмүүстэйгээ учраа ол гэх байдлаар ханддаг болсон. Б.Б Ж Т ХХК-д 34 000 000 төгрөг өгөөгүй. 2015 оны 6 дугаар сарын 20, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн баримтыг давхардуулан өгсөн байна. Урьдчилгаанд 30 000 000 төгрөг өгсөнийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийн бараа материал өгсөн гэж байгаа боловч хэзээ хэнд ямар бараа материал өгсөн нь тодорхойгүй байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хас банкны дансны хуулгаас харахад эхлэх хугацаа нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, цуцалсан хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байна. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хугацаанаас өмнө гэрээ цуцлагдаж хаав гэсэн тэмдэглэгээ байгаа боловч энэ өдөр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй тул хадгаламж хааснаас үүссэн хохирол, алданги гэж байхгүй. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хугацаанаас өмнө цуцалсан гэж байгаа боловч уг өдөр Ж Т ХХК-д мөнгө өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн Л.Бын тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Бтай иргэний хувьд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Ж Т ХХК-ийн захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн хувьд дансаар гүйлгээ орж байсан боловч түүнийг барилгын ажилд зарцуулсан. Ж Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Л.Б бөгөөд дансаараа мөнгө авч байсан нь үнэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Ж Т ХХК-аас 16 000 000 /арван зургаан сая/ төгрөгийг, хариуцагч Л.Баас 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 900 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ж Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөгийг, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Л.Б нь Ж Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний 4.3-т зааснаар гэрээний төлбөрийг гүйцэтгэгч талын захирал Л.Бын Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэх эсвэл компанид бэлнээр төлөхөөр тохиролцсон. Л.Б нь өөрийн дансанд орсон мөнгийг зориулалтын дагуу барилгын ажил гүйцэтгэх үйл ажиллагаанд зарцуулсан. Гэтэл анхан шатны шүүх бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ж Т ХХК, Л.Бнарт холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 34 000 000 төгрөг, учирсан хохиролд 30 000 000 төгрөг, нийт 64 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Баас 14 000 000 төгрөг, хариуцагч Ж Т ХХК-аас 16 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус албаны ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ... 1.25 га газарт амины сууцны хотхон барих барилгын ажлыг гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээг хариуцагч Ж Т ХХК-тай байгуулсан байна. /хх120-121/

Хариуцагч Ж Т ХХК нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай байгуулсан дээрх гэрээний үндсэн дээр тус байгууллагын санал болгосон иргэдтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, тус компанийн захирал Л.Б нь өөрийн найзын хүүхэд болох Б.Бын санал тавьсны дагуу 2 айлын таунхаусын захиалгын гэрээг байгуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.  

Нэхэмжлэгч Б.Б 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ж Т ХХК-тай ... канад технологиор баригдах жилийн дөрвөн улиралд амьдрах зориулалттай 121.1 м.кв, 2 давхар нийт 98 091 000 төгрөгийн өртөгтэй амины орон сууцыг 1 м.кв-ийг 810 000 төгрөгөөр, , 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд барьж хүлээлгэн өгөх тухай барилгын  ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. /хх4-6/ Нэхэмжлэгч нь хариуцагч Ж Т ХХК-д бэлнээр 16 000 000 төгрөг, хариуцагч буюу Ж Т ХХК-ийн захирал Л.Бын ... тоот, 5077138592 тоот данс руу тус тус нийт 14 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. /хх11-15, 79-87/

Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэргийн 141-144 дүгээр тал дах шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг шинжээчийн дүгнэлтэд “2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний газар шорооны ажил, суурийн ажил, гадна бохир усны шугам бохирын худгийн хамт, гадна цэвэр усны шугам, гадна цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт 121.1 м.кв талбай бүхий амины орон сууцыг 1 м.кв-ын үнийг 800 000 төгрөгөөр тогтоож, нийт 96 880 000 төгрөгийн ажил хийхээс 14 630 561 төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд гүйцэтгэлийн хувийг 15.10 хувьтай гэж үзэж байна” гэжээ. Мөн хэргийн 122-124 дүгээр тал дахь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичигт Ж Т ХХК-ийн нэр дээр нэгж талбар бүртгэлгүй”, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичигт “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын аманд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Ж Т ХХК-д газар эзэмшүүлсэн талаарх мэдээлэл байхгүй” талаар тэмдэглэсэн байна.  

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шалтгаанаа “захиалагч тал болох Нийслэлийн Захирагчийн ажлын алба гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт захиалгын ажил зогссон, санхүүжилт хүрэлцэхгүй болсон, нэхэмжлэгч гэрээний төлбөрөө зогсоосон зэргээс болж барилга угсралтын ажил удааширч, баригдахгүй байгаа”  гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гаргаагүй тул гэрээнээс татгалзаж байсан тухай тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн талуудын гэрээний 2.8-д гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгөх боломжгүй нь илэрхий болсон бол захиалагч тал дангаар гэрээг цуцлаж учирсан хохирлыг гүйцэтгэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв боловч гэрээний тал биш этгээдээс төлбөр гаргуулахаар шийдсэн нь буруу болжээ.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж Т ХХК-ийн хооронд байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хэрхэн биелүүлэх талаар гэрээгээр тохиролцсон байх тул хариуцагч Л.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Гэрээний үүрэг нь гэрээ байгуулсан талд үүсэх бөгөөд талууд гэрээний 4.3-т захиалагч нь гэрээний хөлсийг гүйцэтгэгч талын ХААН банк /Батбаатар/-ны ... тоот дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ж Т ХХК-д бэлнээр 16 000 000 төгрөг, гэрээнд нэрлэн заасан тус компанийн захирал Л.Бын данс руу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 14 000 000 төгрөг шилжүүлжээ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Л.Б нь иргэний хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, гэрээний тал болоогүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсаны үр дагавар болох төлбөрийг хариуцах этгээд биш.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Л.Б гэрээний үүргийг хариуцах этгээд биш, гэрээгээр тохиролцсон дансанд төлбөрийг шилжүүлсэн” гэх гомдлыг хангаж, хариуцагч Л.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ж Т ХХК-аас 30 000 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00552 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж Т ХХК-аас 30 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Л.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “237.950” гэснийг “307 950” гэж өөрчилж, “хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөгийг тус тус” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                                          ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                    А.МӨНХЗУЛ