Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 111/ШШ2025/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар *******ын гомдолтой, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   “Гомдол гаргагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан гомдолдоо: ******* нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ******* сумын Ар ******* 2-р багаас сумын ИТХ-д нэр дэвшсэн. Сонгуульд нэр дэвшихэд ХААН банканд өөрийн нэр дээр ******* тоот хандивын данс нээлгэсэн. Нээлгэсэн дансанд 500.000 төгрөгийн хандив орсныг сонгуулийн ухуулагч нарын цалин, сурталчилгааны явцад сонгогчидтой уулзахаар багийн нутаг дэвсгэрт байх айлуудаар тойроход авто машины шатахуунд зарцуулсан. Гэр бүлийн хүн нь БНСУ-д гэрээгээр ажиллахаар явсан 6 сартай нялх хүүхдийн хамт 2-уулаа байсны улмаас өвөлжилт хүндэрч зудын нөхцөл байдалтай цас их орж унаа машин явах боломжгүй байсан учраас сумын төв орж амжихгүй байсан учир хуулийн хугацаанд дансаа хаалгаж тайлан өгч чадаагүй байна. Гэтэл улсын байцаагч ******* утсаар яриад 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр аймагт ир гэсний дагуу ирж уулзахад Сонгуулийн хуульд зааснаар “нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтааж зардлын тайландаа хувийн аудитаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 д зааснаар 10,000,000 / арван сая/ төгрөгөөр торгосон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудас гардуулсан байна. Манай сумын нутагт 10 дугаар сарын эхээр их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрсэн тул Хүрээмарал сумын нутагт өвөлжиж байгаа бөгөөд одоо байгаа газарт ямар ч утасны сүлжээ барьдаггүй, хүн хүч муутай тул сум явж чадалгүй 3 сар гаран болсон. Дээрх 10,000,000 төгрөгийг төлөх боломж үнэхээр байхгүй, хүүхдүүддээ сургахын тулд малчны 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Том хүүхэд төлбөртэй сургалтад сурдаг, бага охин спортоор хичээллэдэг бөгөөд 3 дугаар сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа, ******* өөрөө нуруу нугасны өвчний улмаас байнга эмчилгээ хийлгэдэг, бага насны 3 хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг байна. Мөн өөрийн нас өндөр ээж дүү нараа давхар тэжээн тэтгэдэг зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлууд байна.

      Улсын байцаагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4. захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, “24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, “24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах” зэрэг хууль заасан ажиллагаа явуулалгүй Шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн мэргэжилтэн, улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн заасан хариуцлага хүлээлгэсэн болно. ******* ******* нь 0876990 дугаар шийтгэлийн хуудас бичсэн шийдвэрийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна.” гэжээ.  

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

    Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.   

    Гомдлыг бүхэлд нь хангаж Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

     1. Гомдол гаргагч шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тухайд:

   1.1. Гомдол гаргагч: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4. захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, “24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, “24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах” зэрэг хууль заасан ажиллагаа явуулаагүй учраас маргаж байгаа 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

     1.2. Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан хариуцлага хүлээлгэсэн болно. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990 дугаар шийтгэлийн хуудас бичсэн шийдвэрийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна.” Гэхдээ энэ нь эдгээр хүмүүс нэхэмжлэл гаргаж байгаа нь эрхтэй гэж үзсэн болохоос би гаргасан шийтгэлийн хуудсаа хууль бус гэж хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл биш юм гэв.

     1.3. 2024 оны 10 дугаар сарын 11-ий өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль явагдсан. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу ******* нь сонгууль явагдаж дуусаад 30 хоногийн дотор зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй гэдэгт хэргийн оролцогчид болон хэргийн бусад оролцогчид маргаагүй боловч хэрэгт авагдсан баримтаас харахад *******т шийтгэвэр оногдуулахдаа  2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуудан шийтгэлийн хуудастай танилцуулан, мөн өдрөө буюу 2 дугаар сарын 25-ны өдөр 0876990 дугаар шийтгэлийн хуудсаар 10,0000,000 төгрөгөөр торгосон нь хууль бус байна. Учир нь *******т тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй байна гэж үзлээ.

     Гомдол гаргагч *******ын шүүхэд гаргасан “надад тайлан гаргах хугацаа байгаагүй, мөн тайланг 30 хоногийн дотор гаргадаг гэж мэдээгүй, 2024 оны 11 дүгээр сард манай ******* суманд их хэмжээний цас орж би ганц гэрээр  малаа аваад Гурванбулаг суманд отроор явсан. Манай нөхөр  2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 5 сарын хугацаатай Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн. Би тэр үед 1 нас гарантай нялх хүүхэдтэйгээ байсан. Цас зуд ихтэй учир аймгийн онцгой комисс манай суманд ажиллаж байсан” гэх тайлбар болон Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар албан бичгүүдээс харахад *******ын нутаглаж байсан газарт өвөлжилтийн байдал хүндэрсэн, байгалийн давагдашгүй хүчин нөлөөнд байсан байх тул хуулийн хугацаанд тайлангаа гаргаж өгөх боломжгүй байсан гэж үзлээ.

     Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” эрхээр *******ыг хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулна” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

    1.4. 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль явагдсан байх бөгөөд Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 1/11 дугаар “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.2-д “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0876990 дугаар шийтгэлийн хуудсыг  гаргасан нь  буруу байна гэж үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 24 дүгээр зүйлийн 24.2,  26 дугаар зүйлийн 26.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч *******ын гомдлыг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876990  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

               

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.САЙНБИЛЭГ