| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0167/З |
| Дугаар | 128/ШШ2025/0295 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0295
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд нарын хоорондын Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц******* ХХК-иас Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулж Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны "Хяналт шалгалт хийх тухай" УБ/01 дугаартай удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* "Ц*******" ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн эсэхийг Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийг баримтлан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах эсэх санал гаргах зорилгоор хяналт шалгалт хийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Ц*******" ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтуудад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Ц*******" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж... шийдвэрлэжээ.
3. Уг дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.6 дахь заалт, 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.1, 521.2.1 дэх хэсэг заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц******* ХХК-аас гаргасан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0217 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж... шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4. Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3, 56 5.4, 56.8, 56.9 дэх хэсэг, худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарын саналыг тус тус үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг нэгдүгээр, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3, 56.5.4 дэх заалтад заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталж шийдвэрлэсэн байх бөгөөд тушаалын нэгдүгээр хавсралт болох Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт-ын 8-д Ц******* ХХК-г бүртгэж, нэхэмжлэгчид Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/9001 дүгээр албан бичгээр мэдэгджээ.
5. Нэхэмжлэгчээс энэхүү тушаалыг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сангийн сайдад гомдол гаргасны дагуу мөн оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/10059 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана" гэж, мөн зүйлийн 56.9 дэх хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэж тус тус заасны дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай "Хяналт шалгалтын тухай" дүгнэлтийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" тушаалын нэгдүгээр хавсралтын 9 дэх заалтаар "Ц*******" ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн..., иймд Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" тушаалын нэгдүгээр хавсралтын "Ц*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэх хариуг өгсөн байна.
6. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц******* ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас батлагдан гарч буй захиргааны акт нь хууль тогтоомж зөрчсөн байвал түүнийг хууль бус захиргааны акт гэж үзэх зохицуулалттай.
Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь манай компанитай холбогдуулан "Хяналт шалгалтын тухай" 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож тус дүгнэлтийн 2 дахь заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Ц*******" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна" гэж тусгасан.
Уг дүгнэлттэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж гомдлын хариуд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5680 тоот албан бичгээр гомдлыг хангахгүй орхиж дээрх дүгнэлтийг хэвээр үлдээсэн.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны хуулийн 521 дүгээр зүйлийн 521.3 дахь хэсэгт "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална" гэж заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4-т "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ" гэж заасны дагуу манай компанийг дээрх жагсаалтад 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүртгэх ёстой байсан.
Гэвч Сангийн сайд нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын зохицуулалтыг илтэж зөрчиж Худалдан авах ажиллагааны улсын байцаагч санал хүргүүлснээс хойш 16 сарын дараа буюу 500 гаруй хоногийн дараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Мөн "Ц*******" ХХК-ийг хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 12-ны дотор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн бол "Ц*******" ХХК-ийн эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтаас гарах хуулийн хугацаа 2026 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дуусах байсан.
Гэтэл Худалдан авах ажиллагааны улсын байцаагч санал хүргүүлснээс хойш 16 сарын дараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь "Ц******* ХХК-ийн эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтаас гарах 2026 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин 16 сарын хугацаагаар хойшилж 2027 оны 10 сарын 17-ны өдөр сэргэхээр байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын "Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас батлагдан гарч буй захиргааны акт нь хууль тогтоомж зөрчсөн байвал түүнийг хууль бус захиргааны акт гэж үзэх зохицуулалттай.
Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь манай компанитай холбогдуулан Хяналт шалгалтын тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож тус дүгнэлтийн 2 дахь заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ц******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна гэж тусгасан бөгөөд тус дүгнэлттэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж гомдлын хариуд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03/5680 тоот албан бичгээр гомдлыг хангахгүй орхиж дүгнэлтийг хэвээр үлдээсэн.
2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дүгээр зүйлийн 521.3 дахь хэсэгт Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална гэж заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.4-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу манай компанийг 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүртгэх ёстой байсан.
Гэвч Сангийн сайд нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын зохицуулалтыг илтэд зөрчиж Худалдан авах ажиллагааны улсын байцаагч санал хүргүүлснээс хойш 16 сарын дараа буюу 500 гаруй хоногийн дараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Мөн Ц******* ХХК-ийг хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 12-ны дотор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн бол Ц******* ХХК-ийн эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтаас гарах хуулийн хугацаа 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дуусах байсан. Гэтэл Худалдан авах ажиллагааны улсын байцаагч санал хүргүүлснээс хойш 16 сарын дараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь Ц******* ХХК-ийн эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтаас гарах 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин 16 сарын хугацаагаар хойшилж 2027 оны 10 сарын 17-ны өдөр сэргэхээр байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ХІХ.1.63 "Эрүүл мэндийн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/", ХІІІ.1.1.284 "Сургуулийн барилга", 640 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо/" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад "Ц******* ХХК нь оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны хууль/ хуулийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 12 дугаартай дүгнэлтээр тогтоосон.
Худалдан авах ажиллагааны байцаагчийн дээрх дүгнэлт хүчин төгөлдөр байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ." гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.1-д "Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно." гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц******* ХХК-д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт гаргасан. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн нь тогтоогдож байна гэх дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байдаг. Тухайн гомдлыг 2023 оны 08 дугаар сард эцэслэн шийдвэрлэж, Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-д заасны дагуу бүртгэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.Үүнд:
2. Нэхэмжлэгч компани нь Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...манай компанийг 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүртгэх ёстой байсан боловч санал хүргүүлснээс хойш 16 сарын дараа буюу 500 гаруй хоногийн дараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэж, хариуцагчаас ...Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч нь улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаснаар 2023 оны 08 дугаар сард эцэслэн шийдвэрлэсэн тул журам зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр ...Ц*******" ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521.2.1-д заасныг тус тус үндэслэн "Ц*******" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргаж мөн өдөр хүргүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2024/0217 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4. Түүнчлэн дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлт хуульд нийцсэн талаар эрх зүйн дүгнэлтийг нэгэнт хийсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба хэргийн оролцогчид эдгээр асуудлаар маргаагүй.
5. Харин маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.3, 56 5.4, 56.8, 56.9 дэх хэсэг, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг тус тус үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг Нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 8-д Ц******* ХХК-г бүртгэсэн байна.
6. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 12 дугаар дүгнэлт 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарч, 2 дахь заалтаар саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ оны 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж, 52 дугаар зүйлийн 52.1-д Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 52.1.14-д хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх; гэж заасан,
7. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно гэж, 2.2-д Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ., 2.4-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ 2.5-д Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байна гэж тус тус нарийвчлан зохицуулсан.
8. Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзэхэд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх эрх бүхий субъект мөн боловч улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай шийдвэр гаргаж ирүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 30 хоногийн дотор тушаал гарган бүртгэхээр байна.
9. Гэтэл хариуцагч Сангийн сайд нь эрх бүхий улсын байцаагчийн 12 дугаар дүгнэлт гарсныг үндэслэн нэхэмжлэгч Ц******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхдээ 30 хоногийн дотор бүртгэх үүрэгтэй атал уг хугацааг хэтрүүлж бүртгэсэн нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Тодруулбал, эрх бүхий улсын байцаагч 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлснээс хойш 493 хоногийн дараа Сангийн сайд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий 182 дугаар тушаалыг гаргасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тухайлан үндэслэл дурдаж маргаагүй, ийнхүү хугацаа хэтрүүлж бүртгэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлоогүй болно.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж тус тус заасан.
12. Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Сангийн сайдын Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-ийн зорилго нь зөрчил гаргасан этгээдийн тендерт оролцох эрхийг тодорхой хугацааны туршид буюу 3 жилийн хугацаагаар л хязгаарлахад орших бөгөөд тухайн хязгаарлалтын хугацаа үнэн зөв бүртгэгдсэн байх нь уг бүртгэлийн гол агуулга, ач холбогдолд нийцэхээр байна.
13. Гэтэл Сангийн сайд тушаал гаргахдаа Улсын байцаагчийн санал хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийг даруй 493 хоногийн дараа Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д 3 жилийн хугацаагаар бүртгэсэн нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ уг эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар буруу хэрэглэсний улмаас түүний гаргасан захиргааны акт хууль зөрчсөн, тухайлбал Захиргааны үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх, үр нөлөөтэй байх талаархи Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй..
15. Шүүхийн энэхүү шийдвэр нь хариуцагч Сангийн сайдаас, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргахад саад болохгүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ оны 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.14-д заасныг тус тус баримтлан Ц******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.