Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/1020/З |
Дугаар | 221/МА2017/0745 |
Огноо | 2017-10-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0745
2017 оны 10 сарын 24 өдөр Дугаар 221/МА2017/0745 Улаанбаатар хот
“Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК,
“Э Д” ХХК, “М А А” ХХК,
“К Ж К Э” ХХК, Н.Ц нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК, “Э Д” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Р.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК болон нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлоор, “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК, “Э Д” ХХК, “М А А” ХХК, “К Ж К Э” ХХК, Н.Ц нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК, “Э Д” ХХК-уудаас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, иргэн Н.Ц, “М А А” ХХК-аас гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын иргэн Н.Ц болон “М А А” ХХК-ийн ашиглах эрх бүхий газруудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “К Ж К Э” ХХК-аас гаргасан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК-ийн захирал Г.******* давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 647 дугаар шийдвэрт “... маргаан бүхий тогтоол нь “К Ж К Э” ХХК-ийн хувьд эрх ашгийг нь хөндөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдож байх бөгөөд харин Хан-Уул дүүргийн ... үндэслэлээр төлбөр шаардсан нь хууль бус байх болох бөгөөд шүүх энэ үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм ...” гэж дүгнэсэн.
Гэтэл мөн шийдвэрт “... нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий тогтоол нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын 2 дугаар зүйлийн 2.3.3-д заасан “...төлбөр, хураамж тогтоож байгаа тохиолдолд нөлөөллийн шинжилгээ заавал хийнэ...” гэж заасныг зөрчсөн ... “ гэж тайлбарлажээ...” гэж дүгнэсэн мөртлөө энэхүү тайлбарт ямар ч дүгнэлт хийлгүй төлбөр шаардсан үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгчээс үндэслэлээ ийм байдлаар тайлбарласан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт “... захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох ...” гэж зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байтал шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ...” гэж зааснаар хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.3.4 дэх заалтыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 99 дүгээр тушаал гарган “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ыг батлан гаргасан байдаг. Аргачлалын 2.3 дахь хэсэгт “... дараахь тохиолдолд нөлөөллийн шинжилгээг заавал бүхэлд нь хийнэ...”, 2.3.3 дахь хэсэгт “... төлбөр, хураамж тогтоож байгаа ...” гэж тус тус зааснаар нөлөөллийн шинжилгээ бүхэлдээ хийгдсэн байх ёстой. Гэтэл шүүхээс энэхүү шинжилгээ хийгдсэн эсэх талаар ямар ч ажиллагаа, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийсний үр дүнд тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон тохиолдолд “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.3.2, 2.3.5-д заасны дагуу тус тус санал авах бөгөөд тус журмын 2.3.6-д заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулахыг мөн аргачлалын 4.3 дахь хэсэгт заасан байдаг. Нөлөөллийн шинжилгээ нь журамд зааснаар явагдаж шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай гэдэг нь нотлогдохгүй байж болох бөгөөд улмаар маргаан бүхий тогтоол гарах эсэх нь хамаарах байсан. Гэтэл шинжилгээ хийгдсэн талаар ямар ч баримт байхгүй байхад маргаан бүхий акт гарах урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад гарсан актыг хууль ёсны гарсан гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Монгол Улсын Засгийн газар 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 119 дугаар тогтоол гарган “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталсан. Журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...Энэхүү журмыг эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө...” гэж заасан байх бөгөөд маргаан бүхий акт нь энэхүү журмын дагуу гараагүй байдаг болно. Энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3-2/05 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар маргаан бүхий журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй гэсэн байдаг. Ийм байтал нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 тоот тогтоолыг гаргахдаа анхнаасаа ямар ч үндэслэл, судалгаагүйгээр газрын бүсчлэлийг тогтоосон, мөн эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 03 дугаар тогтоолыг батлах явцад тухайн газар нутагт инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар энэхүү тогтоолыг батлахаас өмнө ямар ч судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийсэн баримт бичгүүдийг хариуцагч гаргаагүй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу наадмын өмнөх өдөр 03 дугаар тогтоолыг батлахдаа дээрх судалгаа, шинжилгээг хийгээгүй бөгөөд энэ талаар нотлох ямар ч баримт бичгийг гаргаагүй болно.
Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэм хэмжээний акт нь төлбөр хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөө аливаа байдлаар хөндөгдөж байгаа бол нөлөөллийн шинжилгээг бүхэлд хийх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгч “Ц Т” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Ташгайн аманд байрлах 2014/45 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар, “Э Ж Ж И” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Ташгайн аманд байрлах 2014/46 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар анх гэрээ байгуулагдахад буюу дээрх маргаан бүхий тогтоол гарахаас өмнө газрын бүсчлэлийн 3 дугаар бүст тус тус хамрагдаж газрын төлбөрт жилд “Ц Т” ХХК 11,886,336.00 /арван нэгэн сая найман зуун наян зургаан мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг төлдөг байсан нь хавтаст хэргийн 18 дугаар хуудас, “Э Ж Ж И” ХХК 7,920,000.00 /долоон сая есөн зуун хорин мянган/ төгрөг төлдөг байсан нь хавтаст хэргийн 28 дугаар хуудаст тус тус харагдаж байна.
Гэтэл дээрх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт батлагдсанаар /тус тогтоолын дагуу нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий газар газрын бүсчлэлийн 2 дугаар бүст хамаарагдаж байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан/ нэхэмжлэгч “Ц Т” ХХК-ийн газар газрын бүсчлэлийн 2 дугаар бүст хамрагдаж жилд 264*3*30,000=23,760,000.00 /хорин гурван сая долоон зуун жаран мянга/ төгрөг, “Э Ж Ж И” ХХК-ийн ашиглах эрхтэй газар мөн адил газрын бүсчлэлийн 2-р бүст хамрагдаж жилд 264*3*20,000=15,840,000.00 /арван таван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг төлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын газрын төлбөр өмнө төлдөг байснаас 2 дахин нэмэгдэж “Ц Т” ХХК жилд 11,873,664 төгрөг, “Э Ж Ж И” ХХК жил бүр 7,920,000.00 төгрөгийг тус тус нэмж төлөхөөр газрын төлбөр нэмэгдэж байна.
Энэхүү маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлах явцад мөрдөгдөж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалын хавсралт “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын 2.3-т зааснаар “Дараах тохиолдолд нөлөөллийн шинжилгээг заавал бүхэлд нь хийнэ” гээд 2.3.3-т “төлбөр, хураамж тогтоож байгаа”, 2.3.4-т “хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөж байгаа бол” гэж тус тус заасан байна. Дээрх маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий газар газрын бүсчлэл 3 дугаар бүсчлэлээс 2 дугаар бүсчлэлд хамрагдсанаар түүнд төлөх газрын бүсчлэлийн төлбөр 2 дахин нэмэгдэж байх тул нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийсэн байх шаардлагатай байна. Нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийснээр ямар нөлөөлөл, шинжилгээ, судалгааны үндсэн дээр манай ашиглах эрх бүхий газруудын бүсчлэл өөрчлөгдөж, улмаар төлбөр нэмэгдэж байгааг мэдэх боломжтой болж, энэ талаар аливаа үл ойлголцол гарахгүй байх баталгаа болох юм.
Гэтэл хариуцагч болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий Хан-Уул дүүргийн Ташгайн аманд байрлах газар нь инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзсан эсэх талаар ямар ч үндэслэл бүхий судалгаа шинжилгээ, нөлөөллийн шинжилгээ хийсэн талаар огт баримт бичиг гаргаагүй бөгөөд энэ талаар шүүхэд нотлоогүй болно.
Мөн тогтоолыг батлах явцад хэрэгжиж байсан Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолын хавсралт болох “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу тус журмын 6.1-д “Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ... гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно” гэж заасан. Эндээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж буй захиргааны хэм хэмжээний актыг энэ журамд зааснаар хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх шаардлагатай байна. Тус журмын 6.3-д “Энэ журмын 6.1-д заасан этгээдийн шийдвэр нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино”, 6.4-д “Энэ журмын 6.1-д заасан этгээд нь гаргасан шийдвэртээ нөлөөллийн шинжилгээ хийсэн байна” гэж тус тус журамласны дагуу нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийж, эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох учиртай.
Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын гол зорилго нь 1.1-д “Энэхүү журмын зорилго нь ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1, 29.2, 39.1 “39.1 Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ”... дэх хэсгийн биелэлтийг хангах арга ажиллагааны журмыг тогтооход оршино” гээд тус журмын 1.3-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана”, 1.9-т “захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж заасан.
Мөн энэ журмын 2.3.3-д “захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ” гээд шийдвэр гаргах үндэслэл, шаардлага, шийдвэрийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, шийдвэр гаргасны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх, тухайн асуудлыг зохицуулж байгаа урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүү, эдийн засгийн тооцоо,
2.3.8-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт тухайн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/ мэргэжилтнээр заавал хянуулна”, 2.3.9-д “Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж тусгасан. Тиймээс дээрх захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь байгууллага, хувь хүний эдийн засагт нөлөөлж байгаа, төлбөр тооцоог нэмэгдүүлж байгаа учир энэ талаар бүрэн судалгаа хийгдэж, нөлөөллийн шинжилгээ хийж, хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар хянуулж, бүртгүүлэх шаардлагыг бүрэн хангаагүй байна.
Хариуцагч болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхнаасаа хууль, журмын дагуу батлагдаагүй, иргэд, аж ахуйн нэгжид төлбөр тогтоож байгаа хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж болох чухал захиргааны хэм хэмжээний актыг процессын дагуу бус, үндэслэлгүй баталсан үйлдлийг анхан шатны шүүх дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.
Манай компанийн нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т зааснаар “... газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан” газрын бүсчлэлийг тогтоогүй, хуулийн 7.1.3-т заасныг зөрчиж гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газруудыг 2 дугаар бүсчлэлд хамруулж байгааг нотлох бодит судалгаа, нөлөөлөл зэргийг гаргаагүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй /одоог хүртэл энэхүү тогтоолыг цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй/ нь Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалыг зөрчиж гаргасан байна.
Иймд дээрх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул түүнийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0235 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК, “Э Д” ХХК, “М А А” ХХК, “К Ж К Э” ХХК, Н.Ц нар нь Хан-Уул дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн тогтоосон тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзэж, уг тогтоолыг хүчингүй болгуулахаар маргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын газар ашиглах гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаас үзэхэд урьд нь үйлчилж байсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын дагуу нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын ашиглаж буй газар газрын үнэлгээний 3 дугаар бүс /396 төгрөг/м.кв/, “Э Д” ХХК-ийн ашиглаж буй газрууд газрын үнэлгээний 2, 3 дугаар бүс /396 төгрөг/м.кв, 792 төгрөг/м.кв/, Н.Ций ашиглаж буй газар газрын үнэлгээний 4 дүгээр бүс /120 төгрөг/м.кв/, “М А А” ХХК-ийн ашиглаж буй газрууд газрын үнэлгээний 4 дүгээр бүс /120 төгрөг/м.кв/, “К Ж К Э” ХХК-ийн ашиглаж буй газар газрын үнэлгээний 4 дүгээр бүс /120 төгрөг/м.кв/-үүдэд тус тус хамаарч байсан байна.
Маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол батлагдсанаар газрын төлбөрийн хэмжээ нэмэгдээгүй, харин газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зарим газрын зааг, хязгаарын солбицолд өөрчлөлт орсон байх ба нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын ашиглаж буй газрууд болон “Э Д” ХХК-ийн ашиглаж буй газрын зарим хэсэг тус бүр газрын үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарч байсан нь 2 дугаар бүсэд хамаарахаар болж өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь”, 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж тус тус зохицуулснаас үзэхэд хариуцагч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон нь хуульд нийцжээ.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 /Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино/, 3 дугаар зүйлийн 3.1.3 /нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг/, 106 дугаар зүйлийн 106.3.8 /захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох/-д тус тус зааснаар захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн буюу хөндөгдсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шийдвэр гаргах боломжтой.
Гэтэл маргаан бүхий акт батлагдсанаар нэхэмжлэгч “М А А” ХХК, “К Ж К Э” ХХК, Н.Ц нарын ашиглаж буй газрын үнэлгээний бүсчлэл өөрчлөгдөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, “М А А” ХХК, “К Ж К Э” ХХК, Н.Ц нарын ашиглаж буй газар өмнөх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосонтой ижил буюу газрын үнэлгээний 4 дүгээр бүсэд хамаарч, 1 м.кв газарт 120 төгрөгийн төлбөр төлөхөөр байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгч “М А А” ХХК, “К Ж К Э” ХХК, Н.Ц нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК болон нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”, “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д тус тус заасны дагуу нөлөөллийн шинжилгээ хийж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага биш төдийгүй Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй”, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 2-т “Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай”, 5-д “Энэхүү тогтоолоор баталсан журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөсүгэй” гэж тус тус заасан тул Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газрын төлбөрийн итгэлцүүр болон итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоохдоо газрын төлбөрийн хэмжээг огт нэмэгдүүлээгүй, гагцхүү тухайн газрын инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан итгэлцүүрийг хэрэглэх зарим газрын зааг, хязгаарын солбицолд зохих өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргагдсан кадастрын зураглалууд зэргээр нотлогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК болон нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК болон нэхэмжлэгч “Ц Т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН