Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 704

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух Б.М*******,

Хариуцагч: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг тооцон гаргуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М******* нь Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт 2005 оноос ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхэд хамгааллын мэргэжилтэн, хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байсан. 

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлага 2013 онд солигдсоноор манай байгууллагын зарим ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр үндэслэлгүйгээр халсан бөгөөд тэдний нэг нь Б.М******* байсан. Тэрээр тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гэтэл намайг шүүхээр заргалдаж орж ирсэн гэдэг шалтгаанаар албан ажилд хувийн харьцаагаар хандаж, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн, мөн өөрийн нь шийдвэр буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, элдэв өө шалтаг хайж, сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 сарын үндсэн цалингаас 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, эцэст нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан. 

Нэхэмжлэгчийн зүгээс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай маргахгүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 27, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалуудад Б.М*******ыг сахилгын ямар зөрчил гаргасан талаар тусгаагүй, тушаалын удиртгал, тодорхойлох хэсгүүд нь хоорондоо тохирохгүй. Өөрөөр хэлбэл Б.М******* нь ямар ямар зөрчлийг удаа дараа гаргасан, ажил үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлсэн талаар маргаан бүхий актуудад тусгаж өгөөгүй, тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй. 

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалд Б.М*******ыг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн атлаа тодорхойлох хэсэгт ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг боловч хариуцагчаас ёс зүйн зөрчил гаргасан гэдэг. Б.М******* хүний нөөцийн мэргэжилтний хувьд хамт олны хурал дээр ажлын байрны шаардлага хангасан хүмүүсийг авмаар байна гэж хэлсний төлөө түүнийг “хамт олны уур амьсгал эвдлээ, ёс зүйн зөрчил гаргалаа” гэх үндэслэлээр ажлаас халсан.

Тухайн байгууллага нь Ёс зүйн хороог ажиллуулж, тухайн байгууллагын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс зүйн хороо шалгаж тогтоох ёстой байтал Ёс зүйн хороогоор оруулахгүйгээр дарга өөрөө тушаал гаргаж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл Б.М******* ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс зүйн хороо шалгаж, тогтоогоогүй дарга шууд тушаал гаргаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй.  

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалд удаа дараа гэсэн боловч ямар зөрчлийг удаа дараа гаргасан талаар тушаалд тусгаагүй, үүнийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь үр дүнгийн гэрээгээр “D” үнэлгээ авсан гэдэг боловч үр дүнгийн гэрээг “D” үнэлүүлсэн нь төрийн албанаас халах үндэслэл болохгүй бөгөөд харин мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ёстой.

Сахилгын шийтгэл болон төрийн албанаас халах тушаалыг гаргах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй.

Нөгөөтээгүүр хариуцагч нар нь маргаан бүхий тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Маргаан бүхий тушаалыг Б.М******* 2016 оны 01 дүгээр сард хүлээн аваад хуульд заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Төрийн албаны зөвлөлд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийн дагуу Төрийн албаны зөвлөлд хандаж шийдвэрлүүлсний эцэст хуульд заасан хугацаанд дахин тус шүүхэд хандсан. Шат шатанд нь тухай бүрт нь гомдлоо гаргаад яваад байсан учир хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, өмгөөлөгч Ж.Э******* нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.М******* нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу архивын үзлэгийн дараа ажлын хэсгийн өгсөн зөвлөмжийн дагуу албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийж, шинэчлэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн архивын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд зургийн цомог бэлтгэж тусгай төрлийн баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийгээгүй тул удирдлагын зүгээс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 

Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлж буй www.eoffice.ulaanbaatar.mn програмын сургалтад хамрагдсан боловч албан хаагчдад танилцуулж, нэвтрүүлж ажиллаагүй, албан хаагч бүрийн зайлшгүй гаргаж өгөх шаардлагатай 2015 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон 1-11 дүгээр сар хүртэлх төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгөөгүй, хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн хугацааг удаа дараа хожимдуулсан нь үр дүнгийн гэрээнийхээ стратеги зорилтын хүрээний 11-д заасан “өөрийн эрхэлсэн ажилтай холбоотой цохогдож ирсэн албан бичгийн хариуг хугацаанд нь шийдвэрлэх, хариу хүргүүлж ажиллах”, Үр дүнгийн гэрээний 1.10-т заасан “хариутай бичгийг байгууллагын албан хэрэг хөтлөлтийн журамд заасан хугацаанд шийдвэрлэж ажиллана, хугацаанд нь шийдвэрлээгүй тохиолдолд журамд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэснийг удаа дараа зөрчиж, үүргээ биелүүлээгүй, шинээр орсон албан хаагчтай ёс зүйгүй харьцдаг ба энэ талаар албан хаагчдаас гомдол гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр 2 сарын хугацаагаар цалингийн 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Б.М******* нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй боловч энэ хугацааг хэтрүүлж 2016 оны 01 дүгээр сард гомдол гаргасан, цалингийн 10 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг сарын сүүлд цалин авахад мэдсэн гэж үзэж байна. Манай байгууллага сар бүрийн 10, 25-нд цалин тавьдаг учраас сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдэхгүй байх үндэслэлгүй. Тушаал гарсныг мэдсэн болоод 2015 оны 11 дүгээр сарын 30-нд Ёс зүйн хороонд гомдол гаргасан, ингэхдээ сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар бус Я.Байгалмаа гэдэг хүний талаар гаргасан. Ёс зүйн хороо холбогдох хүмүүсээс нь тайлбар аваад амаар хариу өгсөн байдаг. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

Б.М******* нь ажил сайжруулах чиглэлээр өгсөн зөвлөмж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй зэрэг олон зөрчлийг гаргасан тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн даргын зөвлөлийн хуралд Б.М*******ыг оролцуулж, 2015 онд ямар ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллах талаар санал солилцож, зөвлөмж гаргах талаар хэлэлцсэн боловч “Би өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрнө, би та нартай юу ярих юм” гэх мэтээр удирдах, удирдуулах зарчмыг баримтлахгүй харьцааны доголдол гаргаж асуудалд хандсан. Мөн 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд дутагдалтай буюу “D” үнэлэгдсэн, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа сунгагдахгүй гэсэн заалт байгаа тул газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд тушаалд халсан үндэслэлийг тодорхой дурдсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Б.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.М******* нь тус шүүхэд “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус  хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.М******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... Миний бие ёс зүйн зөрчил гаргаагүй. Ёс зүй зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь намайг ажлаас халахын тулд санаатайгаар шат дараалсан арга хэмжээ авч байгаа хэлбэр ... Бүтэн жилийн хугацаанд намайг шүүхээр заргалдаж, орж ирсэн гэдэг шалтгаанаар албан ажилд хувийн харьцаагаар хандаж, төрийн албан хаагч зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн, мөн өөрийнх нь гаргасан шийдвэр буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, элдэв шалтаг хайж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан... ” гэж,  хариуцагч нь “... тушаалууд нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэрүүд юм...” гэж  маргажээ.

Нэг: Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49, 2015 оны  12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1/ Маргаан бүхий Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/49 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М******* нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиагүй, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, түүнд 2 сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Б.М******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ба төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэлийг ногдуулах”-аар заажээ. 

Хариуцагч нь маргаан бүхий тушаалаар Б.М*******ад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг гол үндэслэлээ болгожээ.  Өөрөөр хэлбэл төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиагүй гэж үзжээ. 

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн захиргааны албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл ёс зүйн дүрмээр тогтоосон ямар зөрчил гаргасан, энэхүү зөрчил нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсоныг шийдвэртээ тусгах учиртай. 

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Б.М*******ыг ёс зүйн дүрмээр тогтоосон ямар хэм хэмжээг зөрчсөнийг, түүнчлэн “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлсэн” зөрчил гаргасан гэж үзсэн атлаа энэхүү зөрчлийнхөө үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад заагаагүй байх тул уг захиргааны актыг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна. 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.1, 2.5.4, 4.3, 5.1-д зааснаар төрийн байгууллагын орон тооны бус Ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гарган, Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэх ба Төрийн албаны салбар зөвлөл нь  Ёс зүйн хорооны дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд дээрх шийдвэрийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон  журмын дагуу хэрэгжих учиртай.

Гэтэл хариуцагч нь дээрх журмыг зөрчин, нэхэмжлэгч Б.М*******ын гаргасан гэх ёс зүйн зөрчлийг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй байхад Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр Б.М*******ын ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, түүний 2 сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон, зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх хууль, журамд заасан шаардлагыг биелүүлээгүй байх тул дээрх  маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн “... тушаал хуульд нийцсэн, үндэслэл бүхий...” гэх тайлбар үндэслэлгүй. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд  хариуцагч нь хууль, журмаар зохицуулсан төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг зөрчиж, 2 сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг бүхэлд нь  хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

2/ Маргаан бүхий Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамжийг тус тус үндэслэн Хүний нөөцийн асуудал хариуцсан Б.М*******ыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, түүнийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.

Хариуцагч нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч Б.М*******ыг төрийн албанаас халахдаа  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг гол үндэслэлээ болгожээ. Өөрөөр хэлбэл  удаа дараа /2 ба түүнээс дээш / албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар эрх бүхий байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг  тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж, дүгнэх ба дээрх үнэлгээг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна. 

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7.1-д  зааснаар байгууллагын менежер нь төрийн жинхэнэ албан хаагчийг “В” буюу “сайн” үнэлгээ авсан бол одоогийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах, дараагийн шатлалын цалин олгох, зохих шатны сургалтад хамруулах, дараагийн шатны цол, зэрэг дэв олгох, төсвийн урамшуулал олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох, хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад хэлбэрийн урамшуулал олгох, “D” буюу “дутагдалтай” үнэлгээ авбал албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах үүрэгтэй  байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Батсүх нь төрийн жинхэнэ албан хаагч Б.М*******тай 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Үр дүнгийн гэрээ  байгуулсан байх ба  тус газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М*******ын 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг  2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүгнэж, үнэлгээгээр 80,7  оноо өгч, “В” буюу “сайн” гэж дүгнэсэн, мөн Б.М*******ын 2015 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүгнэж, 65,7 оноо өгч, “D” буюу “дутагдалтай” гэж дүгнэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хариуцагч нь Б.М*******ын 2015 оны эхний хагас жил болон бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг “В” буюу “сайн”, “D” буюу “дутагдалтай” гэж дүгнэсэн байтлаа түүнийг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж, төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэг болон  дээрх журмыг зөрчжээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “D” үнэлгээ буюу “дутагдалтай” үнэлгээтэй дүгнэгдсэн нь түүнийг төрийн албанаас халах үндэслэл болохгүй.

Нөгөөтээгүүр  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн даргын зөвлөлийн хурлаар Б.М*******ыг ажлаас халах асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд түүнийг ажлаас халах үндэслэлээ www.eoffice.ulaanbaatar.mn программыг албан хаагчдад  танилцуулж, нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажил огт хийгдээгүй, ажлын байрны тодорхойлолтод дүн шинжилгээ хийх, нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдээгүй, “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төлөвлөгөө, тайлан байхгүй” гэж үзэж, хариуцлага ногдуулсан байх бөгөөд өмнө нь нэхэмжлэгчид www.eoffice.ulaanbaatar.mn программын сургалтад хамрагдсан боловч албан хаагчдад танилцуулж, нэвтрүүлж ажиллаагүй” гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байсан атлаа уг зөрчилд дахин хариуцлага ногдуулсан нь “нэг зөрчилд давхардуулан хариуцлага ногдуулсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгч Б.М*******ыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон “ төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх  тул Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг  бүхэлд нь хүчингүй болгон , түүнийг  урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Хоёр: Нэхэмжлэгчийн “Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Б.М******* нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний  өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны  09 дугаар сарын  26-ныг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч Б.М*******ыг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан болохыг нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 26 -ныг  хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 8 сар 18 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6320298 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч Б.М******* нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, байгууллагын ёс зүйн хороонд гомдол гаргасан , уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлээгүй, түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан, тус шүүх урьдчилан шийдвэрлэх журмыг хангуулахаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1130 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд уг асуудлаар гомдол гаргасан байх бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гарсан, уг дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  гомдол гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаар тогтоолоор уг гомдлыг хянан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Б.М*******ын бичгээр гаргасан гомдлууд, өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М*******ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус  бүхэлд нь хүчингүй болгож, Б.М*******ыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М*******ад 2015 оны 12 дугаар сарын 31-ний  өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ныг хүртэл хугацааны ажилгүй байсан 8 сар 18 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6320298 /зургаан сая гурван зуун хорин мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН