Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00846

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00846

 

ГБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00736 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ГБ ХХК-ийн хариуцагч Ю.Ч-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлт 9 842 786.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ю.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю.Ч- нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ГБ ХХК-тай ЗГ/КР170120041 тоот кредит картын гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй кредит картыг 23 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Хариуцагч нь хэрэглэсэн мөнгөө хийж явж байгаагаа орлого гэж буруу ойлгоод яваа. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хамгийн сүүлд 400 000 төгрөгийн орлого хийснээс хойш орлого хийгдээгүй. Тухайн үеийн зээлийн үлдэгдэл 4 592 000 төгрөг байсан. Энэ дээр нэмээд 400 000 төгрөг, 250 000 төгрөгөөр дахин зарлага гаргаад 5 285 000 төгрөгийн зээлийн өртэй болсон. 2 жилийн хугацаанд бэлэн бус гүйлгээ 5 242 306 төгрөг өөрийнх нь зарлага гаргаж хэрэглэсэн мөнгө байна. Үүнийгээ эргүүлж төлөөгүй тул үндсэн хүү 2 433 498.23 төгрөг болсон. Үндсэн мөнгөн дээр хүү нэмээд түүнээсээ хүү бодсон юм байхгүй. Иймд хариуцагч Ю.Ч-аас үндсэн зээл бэлэн бус гүйлгээ 5 242 306.91 төгрөг, хүү 2 433 498.23 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 909 497.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 257 483.70 төгрөг нийт 9 842 786.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ГБ ХХК-аас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй карт авч ашигласан. 20 653 540 төгрөгийн орлого хийж 24 243 633 төгрөгийн зарлага гаргасан. Зарлагаасаа орлогоо хасахаар 3 590 000 төгрөг хэрэглэсэн. Үндсэн мөнгөн дээр тухайн үед хэрэглэж байсан хүүгийн мөнгө 1 632 123 төгрөг нэмэхэд 5 222 217 төгрөг болсон. Нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Учир нь тухайн үед намайг шүүхэд өгч шийдвэр гаргуулж болох байсан байхад хугацаа алдсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөгийн төлөлт хийснээс хойш төлөлт хийгдээгүй байгаа. Миний тооцоогоор 7 000 000 гаруй төгрөг төлөхөөр байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.Ч-аас 9 072 001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, үлдэх 770 784 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 434.59 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ю.Ч-аас 160 102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ю.Ч- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ГБ ХХК нь хүүн дээр хүү нэмж тооцож байгаад гомдолтой байна. 2 312 414.34 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК нь Ю.Ч-д холбогдуулж 9 842 786 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ГБ ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр Ю.Ч- нь 5 000 000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй кредит картыг эзэмшиж, бэлэн бус гүйлгээний 2 хувь, бэлэн мөнгө авсны 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байх нөхцлийг талууд харилцан тохиролцож, гэрээг баталгаажуулжээ. /хх-7,8/

 

Дээрх гэрээгээр талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасанд нийцсэн, талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв.

 

Кредит карт эзэмшигч нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх гэрээний 5.2 дахь заалтаар хүлээсэн үүргийг зөрчсөн болох нь зээлдүүлэгч ГБ ХХК-аас шүүхэд гаргасан зээлийн картны тооцооллын баримтаар тогтоогдсон, бэлэн бусаар зээлсэн үндсэн зээлийн 5 242 306 төгрөг, үндсэн хүү 2 433 498 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 909 497 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 257 483 төгрөг, нийт 9 842 786 төгрөгийн төлбөрийн тооцоолол гарсан гэж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлжээ.

 

Хариуцагч нь 2 жилийн хугацаанд 24 243 633 төгрөгийн зарлага гаргаад, 20 653 540 төгрөгийн орлого хийсэн, зөрүү төлбөр 3 590 000 төгрөг нь 1 632 123 төгрөгийн хүүгийн хамт 5 222 217 төгрөг болно. Энэ төлбөрийг 2019 оны 01 дүгээр сараас хойш нэхэмжлэлгүй хүүг нэмэгдүүлсэн, зарцуулсан зээлд нэмэгдүүлсэн хүүг давхар тооцсон гэж маргажээ.

 

Кредит картын зээлийн тооцооллоос үзвэл гэрээний 2 жилийн хугацаанд карт эзэмшигч нь зээлийн эрхийн дагуу бэлэн бусаар зарлага гарган, орлого хийж байсан боловч 5 242 306 төгрөгийн зарлагыг эргүүлэн төлөөгүй нь тогтоогджээ.

 

Иймд уг 5 242 306 төгрөгт гэрээнд заасан хувиар хүү тооцож шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүсэх бөгөөд шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь хуулийн дурдсан зохицуулалтад нийцнэ.

 

Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж зааснаар зээлдүүлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгчээс зээлийг гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй юм.

 

Гэрээний 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол үүнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх талаарх зохицуулалтад нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 486 699 төгрөгөөр багасгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Харин зээлийн гэрээний 3.5-д зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 2 хувиар тооцно гэж заасан нь зээлийн үлдэгдэлд бүхэлд нь бус зөвхөн хэтрүүлсэн хэмжээнд нь хүү тооцох заалт байх тул давхар хүү тооцсон гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс

хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ