Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1156

 

 

 

 

 

    2023           12           05                                       2023/ДШМ/1156

 

С.П, Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Багшбаяр,

шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн ....... дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С.П , ... оны .... дугаар сарын ....-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... тоотод түр оршин суух, /РД:...../, урьд:

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 6 cap хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

2. Д.М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл .., ... тоотод оршин суух, /РД:..../, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 cap хорих ял шийтгүүлсэн.

- Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар тогтоолоор эрүүгийн 21133037 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаартай 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.П нь ганцаараа:

1. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.Э-ээс “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө, мөнгө зээлээч, нийгмийн даатгалын фондоос мөнгийг нь үрчихсэн юм тэр мөнгийг нь хийх гэсэн юм, хамаатны хүн нас барсан" гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 27.880.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Д, Ц.Хнараас Худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах данснаас С.У-аар дамжуулан түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Г-аас иргэн С.У-аар дамжуулан түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Хаан банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.П-ээс түүний эзэмшлийн хаан банкны ... тоот харилцах данснаас иргэн С.У-аардам жуулан түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансаар 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Нийслэлийн Хан- Уул дүүргийн 11 дүгэр хорооны нутаг дэвсгэрт “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б өөс цахим банкны үйлчилгээ ашиглан иргэн С.У-аардамжуулан түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хаан банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Л.Б-аас иргэн Б.Л-н эзэмшлийн Хаан банкны ... тоот харилцах данснаас иргэн С.У-н дамжуулан түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансаар 3.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Х.Э-ээс1.993.369 төгрөгийг С.У-аардамжуулан түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны ... тоот харилцах дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авч залилсан,

8. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Д.Ц-ээс түүний эзэмшлийн хаан банкны ...тоот харилцах дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Санни таун” хотхоны 830 дугаар байранд үйл ажиллагаа явуулах Шидэт дэрний эмчилгээний байранд хохирогч Д.Ц “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Д.Ц-ээс нийт 1.552.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Д “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Батцэнгэлээр дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны 526528605 тоот харилцах дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-шүүгдэгч С.П, Д.М нар нь бүлэглэн;

1. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хохирогч Я.Г ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Мгийн эзэмшлийн хаан банкны ...  дугаарын данс руу 2.718.000 төгрөг, Цэнд-Аюушийн эзэмшлийн ... дугаарын данс руу 2.200.000 төгрөг буюу нийт 4.918.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хохирогч Н.Х-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Мгийн өөрийн эзэмшлийн хаан банкны ...  дугаарын данс руу 3.465.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч У.С-ээс иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 4 дүгээр сарын 08-наас 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.М-аас иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Т-ээс иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 1.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Я.Т-аас иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 1.500.000 төгрөг, Д.Мгийн эзэмшлийн хаан банкны ...  тоот дансаар 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч С.Э-аас иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А-ээс иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ... тоот гэрээсээ мобайл банкаар “нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А-аас иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас “Нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Х-аас иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн Хаан банкны ...  тоот харилцах дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгаас Нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.А-ээс иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Дархан-Уул аймагт байхдаа “Нийгмийн даатгалын нэмэлт бичилж хийж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Г-оос иргэн Я.Г дамжуулан түүний эзэмшлийн хаан банкны ...  тоот харилцах дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан бусдад нийт 108.508.369 төгрөгийг буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.М нь ганцаараа:

2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр хохирогч С.Н-т “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө гэж хуурч 5.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.П, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.П, Д.М нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч С.Пэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуульд заасан хугацаанд шүүгдэгч С.Пээс 41.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Х , Б.Д нарт 10.750.000 төгрөг, хохирогч Д.Ц 3.000.000 төгрөг, Я.Д 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.У 23.750.000 төгрөг, шүүгдэгч Д.Мгаас 11.133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г 8.083.000 төгрөг, хохирогч С.Н-т 3.050.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.М нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэвч ноогдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй хохирлын дүнг бодитоор тогтоогоогүй хэргийн оролцогчдыг буруу тогтоосноор зарим хүнд ял завших боломж олгосон. Үүнээс үүдэн миний эрх зүйн байдал дордон зүйлчлэл хүндэдсэн гэж үзэж байна. Тухайн үед С.П өөрийн нэр дээрх данс битүүмжтэй байна. Дансаар чинь авлагуудаа авъя гэж хэлсэн. Мөн үүнээс гадна нийгмийн даатгалд найз бий. Тэтгэврийг өндөр тогтоолгох арга байна гэсэнд нь ч эргэлзэлгүй итгэсэн. Хохирогч Я.Г , Н.Х гэх хүмүүстэй биечлэн уулзаж өөрийгөө Р.О гэж хэлж хуурсан удаагүй. С.П надаас асуулгүй намайг бусдад тэгж танилцуулж “угаасаа бүтэх юм чинь” гэдэг үгээр миний итгэлийг далимдуулан мэдээгүй байхад гэмт хэрэгтэн болгочхоод байна.

 Нөгөө талаас гэрч гэх Ш.С нь үйл хэрэгт маргаангүй оролцсон нотолгоо байхад түүнийг хэрэгт татдаггүй. Хохирогчоор тогтоогдсон Я.Г  нь С.Пийн 12 үйлдлийн 10 үйлдэлд хамтран оролцсон үйл хэрэг бий. Иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс С.Пэд мөнгө дамжуулахдаа дундаас нь мөнгө завшаад байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг буюу аливаа этгээд гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэж шалгах ёстой. Мөн С.Пийг залилж байна гэж гадарласан хэр нь бусдаас мөнгө авч дамжуулсаар байсан, иргэний нэхэмжлэгч С.У-н хэрэгт оролцсон байдлыг зөв тогтоож өгнө үү.

Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан буюу бусдыг залилан мэхэлж олсон мөнгөөрөө амьдралын эх үүсвэр болгон аж амьдралаа залгуулсан гэж дүгнэсэн. Гэтэл би өөрийн дансаа ашиглуулахыг зөвшөөрсөн. Харин үүнээс хэдэн төгрөгийг би өөртөө зарцуулсан, уг мөнгийг үнэхээр амьжиргаандаа зарцуулсан уу үгүй юу гэдгийг огт тогтоогоогүй. Миний бие өндөр настай биеийн байдал хүнд сахарын өвчтэй байнгын эмчийн хяналтад байдаг. Үргэлж эмийн хамаараалтай байгааг харгалзан үзэхийг хүсье.” гэв.

 

Шүүгдэгч С.П нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийгмийн даатгалын ерөнхий газрын хэлтсийн дарга, дараа нь нийгмийн даатгалын ерөнхий газрын тамгын газарт өмчийн харилцааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.С гэгч эмэгтэй дээр дагуулан очоод хүмүүсийн материал өгөөд авч байхыг нь харсан. Тийм учир А.М , Я.Г , гэрч Д.Б , Д.О  нарт хэлсэн. Д.Мгийн таньдаг хүн болох хохирогч Д.Э утсаар холбогдсон. Эдгээрээр дамжин зарим хүмүүсийн мөнгө нас барсан миний ээжийн дансаар шилжигдэн орж ирсэн. Ингээд Н.Б эс Ж.С гийн дансыг асуухаар бэлнээр өгөх ёстой, хамаагүй утас руу нь залгаж болохгүй, дансанд нь хийж болохгүй гээд ээжийн данснаас бэлнээр авах буюу уг картыг түр авч явдаг байсан. Орж ирсэн мөнгөнөөс миний хувьд 10-15 хувийг авч үлдээсэн нь үнэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 онд 874 дүгээр магадлалаар дахин прокурорт буцсан. Гэхдээ ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, бараг прокурорт шилжсэн өдрийнхөө маргааш хохирлын хэмжээ зөрүүтэй, яллах дүгнэлт хүртэл он, сар, буруу бичигдэж шүүхэд шилжсэн. Н.Б , Ш.С нар нь ял завшиж байна гэж бодож байна.

Улсын яллагчийн зүгээс буюу шүүхээс тогтоогоод байгаа хохирлын хэмжээ буруу, алдаатай гэж миний хувьд үзэж байна. Иргэний нэхэмжлэгч С.У 23.750.000 төгрөг олгуулахаар шүүхийн тогтоол гарсныг хүлээн зөвшөөрөхгүй. С.У нь шууд байдлаар мөнгө шилжүүлээгүй байхад иргэний нэхэмжлэгчийн хувиар хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэлийн баримт байхгүй. Ц.Х , Б.Д нар нь анх С.У 15.000.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлдэг боловч Я.Э дамжигдан 9.700.000 төгрөг орж ирсэн байна.

Тухайн мөнгө нь нас барсан ээжийн минь дансаар дамжигдан орсноор амьжиргааны эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй гэж бодож байна. Энэ цаг хугацааны үед Францад амьдардаг хүүгээс маань эм эмчилгээ, амьжиргааны мөнгө ирдэг байсан. Мөн хамтран амьдрагч Б.Дөлгөөнтэй 2015 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд тэрээр зөвлөх инженерийн алба хашдаг юм. Миний зүгээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлын хэмжээ алдаатай, зөрүүтэй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Д.Мг прокурорын яллах дүгнэлтээр хохирогч С.Н ээс 5.000.000 төгрөг, Я.Г ээс 2.200.000 төгрөг, Н.Хэнмэдэхээс 3.465.000 төгрөг, У.С-ээс 1.500.000 төгрөг, Д.М 1.800.000 төгрөг, Ц.Т-ээс 1.600.000 төгрөг, Я.Т-аас 1.500.000 төгрөг, С.Э-аас 1.800.000 төгрөг, Н.А-ээс 500.000 төгрөг, Н.А 2.500.000 төгрөг, Н.Х-аас 2.000.000 төгрөг, С.А-ээс 2.000.000 төгрөг, Ш.Г-оос 3.000.000 төгрөгийг залилан мэхэлж бусдад 33.083.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Гэтэл дээрх дүнг нэгтгэхэд нийт дүн нь 28.865.000 төгрөг болж байна. Хохирлын тооцоо анхнаасаа ийм зөрүүтэй байгаа бөгөөд энэ тооцоог шүүх зөвтгөж чадаагүй болно. Үүнд шүүгдэгч Д.М нь хохирогч Д.Э-ээс2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.900.000 төгрөгийг өөрийн ...  тоот дансаараа авч улмаар С.Пийн талийгаач эх Д.Ц... тоот дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Д.М хохирогч С.Н, Д.Э нарыг залилан мэхэлж 6.900.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дугаар зүйлд заасан “үлэмж хэмжээний хохиролд" хамаарч байгаа учир түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байсныг шүүх бүрэлдэхүүн огт анзаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн хохирогч Я.Г тэй Д.М огт уулзаагүй бөгөөд шүүгдэгч С.П нь Я.Г тэй анх уулзаж түүнээс 4.718.000 төгрөгийг авахдаа энэ мөнгөний 2.718.000 төгрөгийг, мөн Н.Хэнмэдэхийн 3.465.000 төгрөгийн хамт нийт 6.183.000 төгрөгийг Д.Мгийн ...  тоот данс руу шилжүүлж, үлдэх Я.Г ийн өгсөн 2.200.000 төгрөгийг өөрийн талийгаач эх Д.Цэнд-Аюушийн ... тоот данс руу шилжүүлж авсан байна. Ингэхдээ Д.Мд миний карт болохгүй байна би хүнээс авлагатай юм. Чи өөрийнхөө дансаар аваад өгөөч гэж худал хэлсэн байна. Д.М хохирогч Я.Г , Н.Х нарын 6.183.000 төгрөгийг С.Пийн талийгаач эх Д.Ц... тоот данс руу шилжүүлж өөртөө нэг ч төгрөг ашиглаагүй. Хэргийн бодит байдал ийм байхад прокуророос шүүгдэгч Д.Мг хохирогч Я.Г , Н.Х нартай хэзээ, хаана уулзаж, ямар идэвхтэй үйлдэл хийж, хохирогч нарыг хэрхэн яаж залилсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй Д.Мг Я.Г , Н.Х нарыг залилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөртөө нэг ч төгрөг ашиглаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох заалтыг буруу хэрэглэж гэм буруугүй үйлдэлд холбогдуулан хохироогоод байна гэж үзэж байна. Д.М нь хохирогч Я.Г , Н.Х нартай мөнгө авахаасаа өмнө огт уулзаагүй бөгөөд өөрийгөө Р.Огэж хэлж байгаагүй харин түүний өмнөөс С.П хэлсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдоно. Харин шүүгдэгч С.П нь Р.О гэдэг танилтай тэр нь нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг байсан гэдэг нь Р.О мэдүүлгээр тогтоогдсон байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 51 тоот “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг ...зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тогтоолын 3 дугаарт мөн зүйлийн ”...хуурч мэхлэх арга ...” гэдэг нь бусдын эд хөрөнгө түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэсэн байна. Гэтэл Д.Мг хохирогч Я.Г , Н.Х нартай огт уулзаагүй байхад хэрхэн яаж залилсан гэж үзээд байна вэ.

хохирогч Я.Т  нь Я.Г ийн төрсөн эгч нь бөгөөд Я.Т  нь өөрийн шилжүүлсэн 3.000.000 төгрөгийн 1.500.000 төгрөгийг төрсөн дүү Я.Г ийн ХААН банкны ...  тоот данс руу шилжүүлсэн үлдэх 1.500.000 төгрөгийг Мөнхтуяа гэх ХААН банкны ... тоот /гэтэл энэ данс нь талийгаач Д.Ц.А данс руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн гэсэн байна. Ийм учраас хохирогч Я.Т гийн 1.500.000 төгрөгийг Д.М аваагүй болох нь тогтоогдож байна. Гэтэл прокурор болон шүүх яагаад хохирогч Я.Т гийн 1.500.000 төгрөгийг Д.Мг авсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бас хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон У.С, Д.М, Ц.Т, С.Э, Н.А, Н.Х, Ш.Г, С.А, Н.А, Я.Т, Я.Г  зэрэг нийт 11 хүний 20.400.000 төгрөгийг Я.Г  өөрийн ...  тоот дансаараа аваад С.Пийн талийгаач эх Д.Ц ... тоот данс руу шилжүүлсэн байна. Гэтэл шүүх дээрх хохирогч нарын мөнгөнүүдийг огт аваагүй дансаар нь ч дамжаагүй Д.Мг залилан мэхэлсэн гэж үзээд учруулсан хохирлын хэмжээнд нь оруулж тооцоод С.Пийн талийгаач эхийнхээ дансаар авсан түүний төлөх ёстой 8.083.000 төгрөгийг Д.Мгаар төлүүлэхээр шийдвэрлээд байгааг огт ойлгохгүй байна. Шүүгдэгч Д.Мгаас 8.083.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй хохирогч нарт учирсан хохирлыг шүүх буруу тооцон шийдвэрлэсэн болохыг нотолж, Д.М хохирогч Я.Г төлөх төлбөргүй болохыг нотлон харуулж байна.

Д.Мд холбогдох хэрэг нь 2017 оны үйлдэл бөгөөд хэргийг хэтэрхий удаан хугацаагаар мөрдсөн өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн шүүгдэгч Д.Мг 2020 оны 10 дугаар сард яллагдагчаар татсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ бүх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй ямар нэгэн зөрчилд холбогдоогүй нь гэм буруутай үйлдэлдээ зохих дүгнэлт хийж засарч хүмүүжсэн байна гэж үзэхээр байна. Шүүгдэгч Д.Мгийн хувьд дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Д.М нь өндөр насны тэтгэвэрт байдаг, биеийн эрүүл мэндийн хувьд даралт ихсэх болон сахарын өвчтэй биеийн эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчтэй зэрэг байдлыг анхааран үзэхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээр дурдсан эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, учруулсан хохирлын хэмжээг буруу тооцсон, хохирол төлж барагдуулсан байдлыг буруу тооцож дүгнэсэн зэрэг хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Д.Мгийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал өндөр настай зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Д.Мгийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж анхан шатны шүүхийн эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн зэргийг онцгойлон анхаарч үзэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч С.Пийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогын өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн гэж дүгнэжээ. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тамгын газрын өмчийн харилцааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.С, Н.Б  нар нь нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх боломж байгаа талаар С.Пэд хэлж итгүүлж үүний улмаас Д.М, Я.Г  нарт хэлснийг цаашаа хохирогч нарт дамжуулан хохирогч нараас мөнгө ээжийнхэн дансанд орж ирсэн. Миний үйлчлүүлэгч С.П давтан гэмт хэрэг үйлдсэн боловч амьдралын эх үүсвэрээ буюу амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэрээ болгоогүй болно. С.Пийн ганц хүү нь Франц улсад амьдардаг бөгөөд ээждээ сар болгон хэрэглээний, хоол ундны мөнгө гуйвуулдаг, одоо ч гэсэн хохирогч нарын төлбөрийг төлж, хэрэглээний мөнгийг ч явуулж байгаа. Мөн хамтран амьдрагч нь ажил хийдэг цалин хөлс авч эхнэртэй өгдөг байсан зэргээс харахад амьдралаа залгуулах гэж хохирогч нарыг хуурч мэхлээгүй.  

Яллах дүгнэлтэд болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.Пийг бусдад 108.508.369 хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл С.У гэрчээр мэдүүлэхдээ “2018 оны 01 дүгээр сарын 30 өдөр Х-аас  2 хүний мөнгө гэж 15.000.000 төгрөгийг авч, 2.000.000 төгрөгийг өөртөө үлдээгээд 12.800.000 төгрөгийн данснаасаа авч бэлэн 200.000 төгрөгийг нэмээд 13.000.000 төгрөгийг Эрдэнэбилэг эгчид бэлэн өгсөн" гэх иргэний хариуцагч Д.Э ийн “С.У-аас анх 2018 оны 01 дүгээр сарын 30 өдрийн орой хар өнгийн гялгар уутанд хийсэн байсан төгрөгийн бэлнээр аваад өөрийн данс руу ...нийт 12.700.000 төгрөгийг орлого болгож хийгээд үүнээс 9.700.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Цэнд-Аюушийн Хаан банканд шилжүүлсэн” гэх мэдүүлгүүдээр С.Пийн ээжийнхэн дансанд хохирогч Ц.Х ,С.Д нараас 9.700.000 төгрөг орж ирсэн байхад тэдгээрээс 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл дээрх гэрч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр Ууганбаяр данснаасаа шилжүүлээгүй бэлнээр 13.000.000 төгрөг Э өгснийг 9.700.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байхад худлаа буруу бичиж бусдад учруулсан хохирлыг 9.700.000 төгрөг байхад 15.000.000 төгрөг гэж эрх зүйн байдлыг дордуулснаар хохирлыг зөв тооцоолж чадаагүй бөгөөд ганцхан Х , Д  нарын хохирлоос гадна бусад хохирогч нарын хохирлоос зуучилсан хүмүүс өөрсдөө авсан мөнгийг С.П дээр нэмж тооцож хохирлыг тооцсон нь үндэслэлгүй юм. С.У , Д.Э нар нь мөнгө өгөхдөө дундаас нь хохирогч нараас ашиг авсан байдаг.

 Мөн хэрэгт С.У ыг иргэний нэхэмжлэгчийг тогтоосон прокурорын тогтоол байхгүй. С.У хохирогч Х , Д  нарыг хохирлыг төлж дуусгасан байхад дахин миний үйлчлүүлэгч С.Пээс 10.750.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хохирлын тооцоо дутуу, зөрүүтэй, алдаатай гаргасан байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/1106 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч П.Алтанчимэг нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан товлогдсон үеэс шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь буюу шүүгдэгч Д.Мд холбогдох үйлдэл, хэргийн зүйлчлэл, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг хянуулахыг хүсэж байна.

Амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлж байгаа нөхцөл байдлын тухайд Д.М нь амьдралын эх үүсвэр болгохоор санхүүгийн нөхцөл байдалтай биш. Үүнд охин, хамтран амьдрагч нарынх нь санхүүгийн нөхцөл байдлууд дурдагддаг. Мөн хохирлын тооцооны баримтууд зөрүүтэй дүгнэгдсэн. Шийтгэх тогтоолын 41 дэх хуудаст шүүх шийдвэрлэхдээ Д.Мгаас 11.133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г 8.083.000 төгрөг, хохирогч С.Н-т 3.050.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж алдаатай шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан С.Н ийн “Д.Мгаас төлбөр тооцоогүй” гэсэн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн нотариатаар батлагдсан баримт байгаа. Үүнийг анхан шатны шүүх харгалзан үзэх ёстой байтал С.Н-т 3.050.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр огноологдсон Я.Г ийн төлбөр тооцоо дууссан нотариатын баримт байгаа. Эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх 11.133.000 төгрөгийг гаргуулж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь буруу болсон гэж үзэж байна. Ийнхүү хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн санаа зорилго, үг, үйлдлээрээ нэгдээгүй байгааг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан бүлэглэн гэх нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу Д.Мгийн үйлдэл, оролцоо, мөнгө төгрөгийг хэрхэн шилжүүлж авсан нөхцөл байдал, “энэ асуудалдаа намайг битгий оролцуулаач” гэж тайлбарласан байдал, найз гэх харилцаанаас болж энэ хэрэгт оролцсон байдал зэргийг хянан үзээсэй гэж хүсэж байна. Ийм учраас давж заалдах шатны шүүхийг хэргийг бүхэлд нь хянан үзэж, хуульд тохирсон түүний үйлдэл, нөхцөл байдалд хохирлын тооцоог үнэн зөв тогтоож, Д.Мд холбогдох хэсгийнх ял шийтгэлийн байдлыг дүгнэж өгнө үү. Давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар гаргасан давж заалдах гомдолдоо Б , Сарантуяа нар оролцоотой гэх асуудлыг дурддаг. 2021 оны 6 дугаар сард Б эс гэрчээр мэдүүлэг авсан. Хавтаст хэргийн 125 дугаар хуудаст Б эс 11 дүгээр сарын 7-ны өдөр авсан мэдүүлэгт “Б , С.П нар ямар харилцаа холбоотой хүмүүс вэ” гэхэд “бие биеэ таньдаг, С.П цахимаар Франц ус зардаг байсан учраас танилцсан” гэсэн байдаг. Б  Нийгмийн даатгалын газар ажилладаггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн байгаа. Б  энэ хэрэгт үйлдэл, оролцоотой эсэх талаар шалгахад С.П өөрөө “би мөнгө шилжүүллээ, дансаа өгчих, нэг хүн очно шүү, нийгмийн даатгалын үүдэнд түр байж байгаарай” гэх байдлаар Б тэй холбогддог. Б  тухайн 2 хүнээс материалыг авч, С.Пэд өгсөн гэж мэдүүлдэг. Баяр-Эрдэнийг холбогдуулан шалгаагүй биш, шалгасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Сарантуяа оролцож өөрөө мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгөхдөө “С.Пийг танихгүй, тухайн өдөр Нийгмийн даатгалыг ерөнхий газар нээлттэй өдөрлөг зохион байгуулж байсан. С.П гэх хүн “эгчээ та утсаа өгч байгаач, би нэг яриад өгье” гэж гуйж тухайн цаг хугацаанд миний утсыг авч байсан. Түүнээс би огт танихгүй” гэх гэдэг. Түүнээс ямар нэгэн байдлаар ковидоос болж 60 хувийн ой санамжаа алдсан, мартсан гэсэн зүйл яригдаагүй. Тийм учраас Б , Сарантуяа нарыг холбогдуулан шалгах үндэслэлгүй. Хохирлын тооцооны тухайд Ууганбаярт мөнгө өгсөн гэх зүйл яригддаг. Ууганбаяраас төлөгдөөгүй 33.243.369 төгрөгт 9.069.000 төгрөг нэмэгдэж байгаа. Хэдийгээр Ууганбаяр төлсөн гэж байгаа боловч төлсөн гэх баримт авагдаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шатанд С.П хохирол, төлбөр төлнө гэх байдлаар 5 хоногийн завсарлага авсан. Гэтэл Х , Д  нарын хохирол, төлбөр төлсөн гэх баримт ирээгүй. Хайгаад олоогүй гэх асуудал яригддаг. Тэгэхээр баримтаар төлөгдөөгүй асуудал байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн С.Пэд холбогдох хэсэг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.М гаргасан тайлбартаа “Би Х-ийг танихгүй, харж байгаагүй” гэдэг. Хэнмэдэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо “би харж байсан, Оюун-Эрдэнэ гэх нэрээр мэдэхээс биш, Д.М гэх хүний нэрээр мэдэхгүй. Анх танилцуулахдаа Оюун-Эрдэнэ гэх нэрээр танилцуулсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч С.П нь Д.Мг энэ хэрэгт татан оролцуулаад байгаа асуудал биш. Анхнаасаа Д.М өөрийгөө хохирогч нарт Оюун-Эрдэнэ гэж танилцуулаад өөрийнхөө дансаар хохирогч нараас мөнгө авч, С.Пэд өгдөг. Харин С.П “надаас тодорхой хэмжээний мөнгө авдаг, гэхдээ бэлнээр авдаг, дансаар авдаггүй” гэдэг. Тийм учраас шүүгдэгч Д.М оролцоотой гэх нөхцөл байдал байдаг учраас оролцоогүй гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн Я.Г , С.Н нарын хохирол, төлбөрийн баримт байхгүй гэх асуудал яригддаг. Шүүгдэгч Д.М 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан. Тухайн үед баримт гаргаж ирээгүй. Давж заалдах шатны шүүхийн шатанд төлсөн гэх баримтыг нотариатаар баталгаажуулж хавтаст хэрэгт хавсаргасан байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Шүүгдэгч С.П нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд “нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 11 иргэнийг төөрөгдөлд оруулан залилан мэхэлж, 80.425.369 төгрөгийг,

шүүгдэгч Д.М нь ганцаараа 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр хохирогч С.Н-т “тэтгэврийн хэмжээг нэмж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөгийг,

мөн шүүгдэгч С.П, Д.М нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 12 иргэнийг төөрөгдөлд оруулан залилан мэхэлж, 28.083.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.Э , Б.Г , С.П , Ц.Х , С.Д , Б.Б , Л.Б , Х.Э , Д.Ц , Д.Ц , Я.Д , Д.Ц , С.Н , Я.Г , И.Х , Н.А , Ш.Г , Ц.Т , У.С , С.А , Я.Т ,  Д.М , С.Э , Н.А , Н.Х , иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч С.У , Д.Э нар нь шүүгдэгч С.П, Д.М нарт мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

 хохирогч Д.Э ийн /1хх 44-46/, Б.Г гийн /1хх 57-58/, С.П гийн /2хх 46/, Ц.Х гийн /1хх 33, 36/, С.Д гийн /1хх 49-50/, Б.Б ийн /1хх 59, 61-62/, Л.Б ын /2хх 44/, Х.Э /1хх 52-53/, Д.Ц гийн /3хх 47-48/, Д.Ц гийн /2хх 233/, Я.Д ын /3хх 83-84, 92/, С.Н ийн /5хх 125-126/, Я.Г ийн /3хх 135-136/, И.Х ийн /5хх 191-192/, Н.А гийн /5хх 234/, Ш.Г ийн /6хх 57/, Ц.Т ий /6хх 5/, У.С ийн /6хх 46-47/, С.Э гийн /6хх 36/, Н.А ийн /5хх 215/, Д.М ын /5хх 224/, С.А ийн /5хх 244-245/, Я.Т гийн /6хх 26/,

 

гэрч С.М /1хх 84/, Н.Б /7хх 125/, Ш.С /5хх 5/, Р.О /7хх 127/, С.Б /3хх 175/, С.У-н /1хх 69, 72-73/, Б.Л-н /1хх 67/, Д.О /3хх 50/, Б.З /2хх 237/, Д.Б гийн /2хх 245/, Б.Б /2хх 241, 3хх 93/, Б.Г /3хх 90/, Д.Б гийн /3хх 94/,

 

иргэний нэхэмжлэгч С.У-н /1хх 77/,

иргэний хариуцагч Д.Э ийн /2хх 62/, С.У-н /2хх 48-49/,

Д.Мгийн яллагдагчаар өгсөн /7хх 131/

С.Пийн яллагдагчаар өгсөн /7хх 133/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 143-150, 1хх 127-128 1хх 131-134, 1хх 130, 4хх 102, 1хх 153-154, 1хх 120, 1хх 151, 1хх 118, 3хх 40-41, 2хх 228, 3хх 100, 3хх 107, 5хх 100, 4хх 134, 4хх 25, 4хх 26, 4хх 167/

Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх 109-110, 1хх 31, 1хх 112-113, 1хх 120/

бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 211-214/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.П, Д.М нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч С.Пийн ганцаараа 10 удаагийн үйлдлээр бусдад 80.425.369 төгрөгийн, шүүгдэгч Д.Мгийн ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдад 5.000.000 төгрөгийн, С.П, Д.М нарын бүлэглэн бусдад 28.083.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.П, Д.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар С.Пэд 6 жилийн хугацаагаар, Д.Мд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар нь:  

“...амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангахгүй, ...хохирогч Ц.Х , Б.Д нарын хохирол зөрүүтэй, С.У дээрх хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байхад С.Пээс дээрх хохирлыг гаргуулах нь үндэслэлгүй, ...С.У ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ       гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Шүүгдэгч С.П нь 1 жил орчим хугацаанд нийт 22 удаагийн үйлдлээр 23 хохирогчид зориудаар “нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэсэн зохиомол байдлыг үүсгэж, ганцаараа 10 хохирогчоос 80.425.369 төгрөгийг, Д.М, С.П нар бүлэглэж 12 хохирогчоос 28.083.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжийг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг харгалзан шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч гэж “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг...” гэж хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.У нь Д.Э-ээс“нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” талаар олж мэдсэний дагуу хохирогч нарт хэлж, улмаар тэднээс нийт 43.999.369 төгрөгийг авч, 36.493.369 төгрөгийг нь Д.Э т өгсөн хэдий ч шүүгдэгч С.Пийг залилах гэмт хэргийг үйлдсэн талаар мэдсэн даруйдаа хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан зэрэг үйл баримтуудаас үзэхэд С.У ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хохирогч Ц.Х гийн “ ...У ... тоот данснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Энэ хугацаанд У, Э нарт өгсөн мөнгөнөөс 4.250.000 төгрөгийг аваад 3.000.000 төгрөгийг Д д өгсөн... ” /1 хх 36/ гэх,

Хохирогч С.Д гийн “ ...Х  цааш нь ажлын газрын Ууганбаяр гэж хүний данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...миний 7.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг Х  цаад хүмүүсээс авч өгсөн... ” /1 хх 30/ гэх мэдүүлгүүдээр хохирогч Ц.Х , С.Д нар нь нийт 4.250.000 төгрөгийг буцаан авсан ба үлдэх 10.750.000 төгрөгийн хохирлыг нь иргэний хариуцагч С.У болон Д.Э нар нь төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй, мөн анхан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нар нь: 

“...Д.М нь хохирогч Д.Э-ээсөөрийн дансаараа авсан 1.900.000 төгрөг, хохирогч С.Н ээс авсан 5.000.000 төгрөгийн хохирол нийт дүн 6.900.000 төгрөг болох тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй...,

...хохирогч Я.Г , Н.Х нартай уулзаж идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад тэдгээрийг залилсан гэх...,

...хохирогч У.С , Д.М а, Ц.Т , С.Э , Н.А , Н.Х , Ш.Г , С.А , Н.А , Я.Т , Я.Г  зэрэг нийт 11 хүний 20.400.000 төгрөгийг Я.Г  өөрийн дансаар авч Цэнд-Аюушийн данс руу шилжүүлж Д.Мгийн дансаар ч дамжаагүй байхад С.Пийн төлөх ёстой 8.083.000 төгрөгийг Д.Мгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...,

...Д.Мд холбогдох 2017 оны үйлдлийн хэргийг 2020 оны 10 дугаар сард түүнийг яллагдагчаар татсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үед татсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хохирогч Я.Г ийн “...С.Птэй хамт нөгөө Р.О гэх эмэгтэйтэй 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би ганцаараа очиж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд харсан Хятад ресторанд бид гурав уулзаж байсан. Гэтэл Р.О гэдэг эмэгтэйг Х бид хоёр 2017 оны 4 дүгээр сард очиж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хайсан боловч чөлөөтэй байгаа гэсэн. ...Тухайн үед Д.М нь өөрийгөө Р.О гэж танилцуулаад бид нарыг залилсныг сүүлд мэдсэн. ...Х бас тэтгэврээ тогтоолгоно гээд өөрөө шууд С.Пийн хэлснээр Р.О гэх эмэгтэйд шилжүүллээ гээд Д.М гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 2017.01.10, 26-ны өдрүүдэд 3.000.000, 465.000 төгрөг нийт 3.465.000 төгрөг өгсөн. ....манай хамаатнууд маань тэтгэврээ бас тогтоолгох, тэтгэврээ нэмүүлнэ гээд мөн миний дансаар дамжуулан С.Пийн хэлснээр Ц гэх хүний данс руу Т 1.600.000, С 1.500.000 төгрөг, А 2.300.000 төгрөг, Э 1.800.000 төгрөг, М 1.800.000 төгрөг гээд нийт 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...С.Пийн хэлснээр Ц гэх хүний данс руу Х 2.000.000 төгрөг, А 2.000.000 төгрөг, Г 3.000.000 төгрөг, А 500.000 төгрөг гээд нийт 7.500.000 төгрөгийг шилүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 135-136/,

 

С.Пийн яллагдагчаар өгсөн “...Д.М нь бол надаас хохирогч нараас АТМ дээрээс бэлнээр болон дан руугаа шилжүүлээд эсхүл дэлгүүрт тооцоо хийх зэргээр 2016 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд мөнгө авсан...” гэх зэргээр мэдүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан ...үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн...” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж тус тус хуульчилсан.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.М нь өөрийгөө хохирогч нарт Рааш овогтой Оюун-Эрдэнэ гэж итгүүлэн өөрийн дансаар хохирогч нараас мөнгө авч, С.Пийн данс руу шилжүүлж буй үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг хангаад зогсохгүй тэдгээр нь гэмт үйлдлээрээ санаатай нэгдэж буйг харуулж байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.П, Д.М нарын бүлэглэн бусдад 28.083.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч С.П нь 20.000.000 төгрөгийг хохирогч Я.Г төлж, үлдэх 8.083.000 төгрөгийн хохирлыг Д.Мгаас гаргуулж олгохоор заахдаа түүний ганцаараа үйлдсэн гэмт хэргийн хохирогч болох С.Н ийн үлдэх 3.050.000 төгрөгийн хохирлыг нэмж нэгтгэн нийт шүүгдэгч Д.Мгаас 11.133.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.М нь ганцаараа болон С.Птэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “нийгмийн даатгалын нэмэлт бичилт хийж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 13 иргэнийг төөрөгдөлд оруулан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр” болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 12 жил байх тул түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэлийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн нь үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нараас гаргасан Д.Мгийн бусдад учруулсан хохирол үлэмж хэмжээний хохиролд хамаарч буй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай, хохирлын хэмжээ зөрүүтэй, С.Птэй хамтран оролцсон зүйлгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаарх гаргасан гомдлуудыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1106 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...шүүгдэгч Д.Мгаас 11.133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г 8.083.000 төгрөг, хохирогч С.Н-т 3.050.000 төгрөг тус тус олгосугай” гэснийг “...шүүгдэгч Д.Мгаас 8.083.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Г олгосугай” гэж өөрчилж шийдвэрлэв.

 

Шүүхэд хохирогч С.Н-т хохирол төлбөр төлсөн баримт болон түүний гомдол саналгүй гэх хүсэлт ирүүлснийг тэмдэглэв.

 

Шүүгдэгч С.П, Д.М нарын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 83 хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1106 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...шүүгдэгч Д.Мгаас 11.133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Г 8.083.000 төгрөг, хохирогч С.Н-т 3.050.000 төгрөг тус тус олгосугай” гэснийг “...шүүгдэгч Д.Мгаас 8.083.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Г олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П, Д.М нар нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 83 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН