Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 314/ШШ2025/00255

 

 

 

 

 

2025 04 25 314/ШШ2025/00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 21-04 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 32 настай, Зузаан овгийн ******* хүсэлттэй,

******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие ******* 2013 онд танилцаж, дотносон 2015 оны 12 дугаар сарын 18-нд хүү ******* төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд өөрийнхөө бодлоор худал хардаж сэрдэж, хэл амаар маш их доромжилж бие махбодь сэтгэл санааны хувьд хүчирхийлэлд удаа дараа оруулдаг байсан. Хамгийн их дарамталдаг байсан зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлсэн гэх шалтгаанаар маш олон удаа доромжилж янз бүрээр дарамталсан шалтгаанаас хамт амьдрах аргагүй байдалд хүрч 2016 оноос тус тусдаа амьдарч байгаа. Бидний дундаас гарсан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй миний асрамжинд байдаг. 2016 оноос хойш хүүгээ харж хандаагүй. Би ******* гэрлэлтээ батлуулаагүй учир хүү өөрөөрөө овоглосон. Миний бие хүү хүүхдийн тэтгэлэг эцэг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргах гэтэл түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй, өөртэй нь 88913501 дугаарын утас руу залгаж ярихаар элдэв янзаар доромжилж, хаягаа хэлээгүй. Би найз нөхөд бүх таньдаг мэддэг хүн болгоноос асуухад ******* өмөөрч хаягийг хэлдэггүй миний хүүгийн эрх ашгийг хохироож байна. Би эцэг хүний үүргээ гүйцэтгүүлэхийг л хүссэн. Гэтэл Г.Алтансүх энэ үүргээсээ зугтааж харин ч хүү бид хоёрыг доромжилж байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү төрсний гэрчилгээний хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/092 дугаартай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  2. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч *******гийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

3. Ганбаатарын Алтансүх /РД:/-ыг сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

  4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ганбаатарын Алтансүх /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ганбаатарын Алтансүх /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА