Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00845

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00845

 

Р.Т-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Т-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Т- миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр МӨБ ББСБ ХХК-д 20 723 956 төгрөгийг төлөхөөр болсон юм. Шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд иргэн миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507, Г-2204001581 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоот байршилтай, 56 м.кв талбайтай хувийн сууц болон 540,5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлгээний байгууллага 24 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан ба би тухайн үед өөрийн хашаа байшингаа 75 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл ийнхүү миний үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэ ханшнаас 3 дахин бага үнээр үнэлсэн учраас би үнэлгээг зөвшөөрөхгүй гэж шүүхэд гомдол гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр дамжиж, эцэслэгдэн шийдвэрлэгдсэн ба хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 001/ХТ2020/00033 дугаартай тогтоол гарч, иргэн миний талд шийдэгдсэн. Гэтэл НШШГГ- нь энэ удаа бас дахин иргэн миний хуульд заасан эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж бас дахин миний дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн энэ ханшнаас хэт доогуур буюу 54 117 500 төгрөгөөр үнэлүүлсэн. Хамгийн сүүлд миний хувийн сууц болон хувийн газар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газарт орж, өөрөөр хэлбэл миний газар дээр орон сууцны хороолол баригдахаар болсон билээ. Тухайлбал, иргэн миний хувийн сууц болон газрыг дээрх төрийн байгууллагууд 200 000 000 төгрөгөөр үнэлсэн. Баянзүрх дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хэлж байснаас гадна түүнийг дагуулан явж өөрийн хувийн сууц болон газрыг үзүүлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь иргэн миний 200 000 000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц болон газрыг 54 117 500 төгрөгөөр үнэлүүлээд улмаар албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Р.Т-ын өмчлөлийн газар, хувийн сууцыг Файн эстимэйт ХХК нь 54 117 500 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд уг газар, хувийн сууц нь 2 өрөө байр 2 ширхгээр солигдох хэмжээний үнэтэй болохыг Ц.Г-гэрчлэн мэдүүлсэн байхаас гадна өөрийн газраа 2 ширхэг байраар сольсон Ч.А-ийн тодорхойлолт нотолно. Тухайн байрлалд байсан Ч.А-ийн газар, хувийн сууцыг Нийслэлийн орон сууцны корпорациас 95 100 000 төгрөгөөр үнэлсэн байгааг тэр хавийн газрын жишиг үнэлгээ гэж үзэж байна. Иймд үнэлгээний тайлан буюу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3515 дугаар шийдвэрээр 20 723 956 төгрөгийг гаргуулж МӨБ ББСБ ХХК-д, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8812 дугаар шийдвэрээр Р.Т-аас 83 472 450 төгрөгийг гаргуулж Т.Н-т, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2644 дүгээр шийдвэрээр 21 262 950 төгрөгийг гаргуулж Р.Өнөрсайханд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөлийн МӨБ ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 5а гудамжны 277 тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Г-2204001581 дугаартай өмчлөлийн газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507 дугаартай 56 м.кв талбайтай хувийн сууц зэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18261144/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18261144/03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Д ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 24 676 147 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Р.Т-д төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Талууд үнийн талаар тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/550 дугаар тогтоолоор шинжээч томилж, Файн эстимэйт ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангаар 54 117 500 төгрөгөөр дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан бичиг,үнэлгээний тайланг хуулбарлан үнэлгээг мэдэгдэж, эрх, үүргийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн. Р.Т- нь өөрийн өмчлөлийн газрыг дахин төлөлтөд орсон гэж тайлбарладаг боловч энэ талаар ямар нэгэн баримтыг ирүүлдэггүй, зохих газарт хандсан талаарх баримт байдаггүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон, нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхэд хандаж байсан, тэр үндэслэлээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ--т холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204001581 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 5-А дугаар гудамж, 277 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний 540.5 м.кв газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017507 дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Р.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2021/02984 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Миний хувийн өмч болох гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ өмчлөх эрхтэй газар болон 54 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлж гэрчилгээгүй 75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийгээгүй байсан. Нийт 54 м.кв талбайтай хувийн сууцыг 54 117 500 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 10 дугаар сард болон НОСК ХК-ийн захирал ирж уулзан 2 өрөө байр 2 ширхэгийг өгөх боломжтой гэж хэлсэн. Иймээс иргэн миний газар болон хувийн сууцыг 2 өрөө байр 2 ширхгээр үнэлж солих нь тодорхой болсон. Шүүх хуралд гэрч оролцож тухайн орчмын айлууд 2 өрөө байраа газраа сольсныг гэрчилсэн. Мөн хөрш н.А-ийн газар манай өмчлөх эрхтэй газраас бага талбайтай боловч 95 100 000 төгрөгөөр үнэлсэн болох нь НОСК ХК-аас бичгээр ирүүлсэн. Шүүх газар болон хувийн сууцыг орон сууцаар солих төсөл хөтөлбөр, төсөлд хамрагдсан эсэх талаар ямар нэг үйлдэл гаргаагүй мэт дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Учир нь миний бие өөрийн газар болон хувийн сууцыг орон сууцаар солихын тулд 2019 оноос хойш 2 жил гаран хугацаанд хөөцөлдөж НОСК ХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд дээр очиж уулзсан боловч төрийн байгууллагын албан тушаалтнууд нь ганцаарчлан уулзахгүй, ойр орчмын айлуудаас 24 айл болох ахлагч томилон зөвшөөрсөн нөхцөлд ахлагчтай харилцана гэсэн тайлбартай буцааж байсан. Гэтэл шүүх нь иргэн намайг НОСК ХК-д хүсэлт гарган шийдвэрлүүлж байгаагүй мэт дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь дараах алдаатай, буруу ташаа дүгнэлтүүдийг гаргасан гэж үзэж байна. Хэргийн бодит нөхцөл байдал нийцэхгүй, худал ташаа дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүхэд албан ёсоор хүсэлт тавьсны үр дүнд Шүүх хүсэлтийг минь хангаж, НОСК ХК руу албан тоот явуулсан ба тухайн байгууллагаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дээрх албан бичгээ шүүхэд ирүүлсэн. Иймээс энэхүү хуурамч албан бичгийг засуулахын тулд гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж, улмаар дээрх байгууллагаас ирүүлсэн хуурамч албан бичгийг үндэслэж, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй худал, хуурмаг дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь өөрсдийн хувийн өмчлөлийн газар, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээ, тохилог орон сууцаар солих, арилжих төсөл, хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Энэ нь НОСК ХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогдохоос гадна гэрч Ц.Г-гийн мэдүүлэг, тайлбар, Ч.А-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Харин дээрх төсөл, хөтөлбөрт хамрагдахын тулд Нийслэлийн Засаг Дарга, түүний Тамгын газар болон НОСК ХК зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтантай удаа дараа биечлэн уулзаж, тэдгээр хүмүүсээс тодорхой хариу авч байсан гэдгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон удаа дараагийн шүүх хуралдаанд өгч байсан мэдүүлэг, тайлбар зэрэгтээ тодорхой хэлж, ярьж байсан. Гэтэл түүнийг дээрх байгууллагуудтай харилцаж байгаагүй мэтээр худал, ташаа дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Шинжээчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан тайлбарыг шүүх буруу ойлгож дүгнэлээ гэж үзэж байна. Энэ тохиолдолд иргэн Р.Т-ын хувийн сууц болон газар нь төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй гэж үзэж болохгүй бөгөөд харамсалтай нь анхан шатны шүүх шинжээчийн энэ албан бус, тодорхойгүй, нотолгоогүй, үнэн худал нь мэдэгдэхгүй үгийг үндэслэж, шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Сүүлд нэмж барьсан дээрх 2 сууцанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Өөрийн хувийн сууцууддаа бүрэн гүйцэд үнэлгээ хийлгэж чадаагүй, зөвхөн нийт хувийн сууцнуудын 1/3-д үнэлгээ хийлгэсэн байгаагаас харахад түүний хууль ёсны эрх ноцтой зөрчигдсөн болох нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Т- нь НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22040017507 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 54 117 500 төгрөгөөр үнэлсэн ФЭ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр Р.Т-аас 20 463 688 төгрөгийг гаргуулж, МӨБ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Р.Т- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, МӨБ ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжилж, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй байна.

 

Төлбөр төлөгч битүүмжилж, хураагдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц болон газрыг 200 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан ба талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээг шинжээчээр тогтоолгох үндэслэл бүрдсэн, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан журмаар явагджээ.

 

Харин шинжээчээр томилогдсон ФЭ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

 

Төлбөр төлөгч нь барьцааны эд хөрөнгөд 112 м.кв /56+56/ талбайтай өргөтгөл хийсэн, уг өргөтгөл нь барьцаалсан 56 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс болон газраас салгах боломжгүй талаар анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхэд тайлбарласан байх бөгөөд үнэлгээчин уг өргөтгөлийг үнэлгээнд оруулаагүй болох нь үнэлгээний тайлан, үнэлгээчний шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Төлбөр төлөгчийн барьцааны хөрөнгө болох 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр барьцааны 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс гадна газраас салгаж үл болох бусад хөрөнгө байгаа, хэрэв нөхөн олговрын зориулалтаар үнэлбэл тэдгээр хөрөнгүүдийг хамтад нь үнэлнэ гэж үнэлгээчин шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлжээ. /хх-154/

 

Барьцааны газар дээр орших, барьцаалсан 56 м.кв талбайтай хувийн сууц бусад өргөтгөлүүд нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт заасан эд юмсын бүрдэл хэсэг болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалагдаагүй хөрөнгө гэдгээр үнэлгээнд оруулаагүй нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.

 

Түүнчлэн, Р.Т-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар нь дахин төлөвлөлтөд орсон, хөрш зэргэлдээх газар үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговрын үнэлгээг тогтоож, орон сууцаар сольж байгаа талаарх НОСК ХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг /хх-133/, гэрч Ц.Г-гийн мэдүүлэг /хх-122/ хэрэгт авагдсан байна. Иймд нөхөн олговрын үнэлгээний талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй бөгөөд тодруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шинжилгээний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шинжээч дүгнэлтдээ тусгах үүрэгтэй бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдсон шинжээч нь барьцааны газар болон үл хөдлөх хөрөнгөөс салгаж үл болох өргөтгөлийг үнэлгээнд оруулаагүй, дахин төлөвлөлтөд орсон зэргэлдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харгалзалгүй үнэлгээ гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

 

Иймд зэргэлдээх газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговрын үнэлгээг харгалзаагүй, өргөтгөлийг үнэлэлгүй үлдээсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22040017507 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 54 117 500 төгрөгөөр үнэлсэн ФЭ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 5а гудамж, 277 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22040017507 дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204001581 дугаарт бүртгэлтэй 540.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 54 117 500 төгрөгөөр үнэлсэн ФЭ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ