Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1157

 

 

 

 

 

      2023           12            05                                          2023/ДШМ/1157

 

А.Ч холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

хохирогч Т.С-ийн өмгөөлөгч Э.Нямжав,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/618 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2303004140341 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Ч , ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл .., эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

Шүүгдэгч А.Ч нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 15 минутын орчимд ...урд замд “Toyota prius 30” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.13 “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/явган хүний гарц дээр...” гэх заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар буцаж эргэхдээ цахилгаан мотортой унадаг дугуйтай зорчиж явсан Т.С г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Тээврийн прокурорын газраас: А.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Ч-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Ч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Т.С-д 5.000.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид хийгдэх эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.С  давж заалдах гомдолдоо: “...Миний бие “...” ХХК-д УУТЗ хүнд даацын автомашины засварчнаар ажилладаг бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр осолд орохоосоо өмнө буюу 2023 оны 5 сард 7.853.712 төгрөг, 2023 оны 4 сард 12.073.607 төгрөг, 2023 оны 3 сард 11.195.873 төгрөгийн цалин хөлс авч байсан. Энэхүү ослын улмаас миний зүүн тавхайн дөрвөлжин яс, 3, 4-р хурууны шивнүүр яс хугарч Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орж улмаар 2 сар гаруй хугацаанд хэвтрийн дэглэм сахиж 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд манай байгууллагаас зөвхөн миний үндсэн цалин болох 3.652.704 төгрөгийг сард өгч байсан болно. Шинжээчийн дүгнэлтээр энэхүү гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дээрх хуулийн заалтуудын дагуу хохирогч би хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт "...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааны товыг надад мэдэгдэх ёстой атал шүүхээс хэрэгт хамааралгүй этгээд болох миний эхнэрт мэдэгдсэн нь үндэслэлгүй бөгөөд миний бие дээрх хохирлын тооцоогоо шүүх хуралдаан дээр өөрийн биеэр тайлбарлах санаатай байсан боловч шүүх хуралдааны тов мэдээгүйгээс боломжгүй болсон билээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т өөрчлөлт оруулж А.Ч-ээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 18.926.060 гаргуулж надад олгуулж, цаашид хийгдэх эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Нямжав тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Хохирогч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасангүй гэдэг бөгөөд шүүх хуралдаан болсны дараа шүүгдэгч А.Ч рүү холбогдоход янз бүрийн үгээр доромжилдог ба хийсэн хэрэгтээ гэмшээгүй нөхцөл байдалтай байдаг. Хохирогч Т.С  тавхайдаа мэс засал хийлгэсэн, хөл нь хавдсан, гадуур явах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасны дагуу хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн түүнчлэн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, нөхөн төлүүлэх асуудал нь хууль тогтоомжид тусгагдаж хэрэглэгдэж эхэлсэн. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг арилгах журмын 2.1 дэх хэсгийн 5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирол учирсан бол хүснэгтийн дагуу хохирлыг тооцно гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзвэл сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар огт дурдаагүй. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх хүснэгтэд заасны дагуу мөрдөгч зэрэглэлийн тогтоож, хохирогчид танилцуулах ёстой бөгөөд хэрэв хохирогч хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авахаар байгаа. Гэтэл хавтаст хэрэгт сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зэрэглэл тогтоосон, маягт бөглөсөн баримт авагдаагүй байгаа юм. Иймд хохирогч Т.С-ийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас хэргийг буцааж өгнө үү гэх саналтай байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд гэмтлийн улмаас учирсан өвчин шаналлыг сэтгэцэд учирсан хохиролд оруулан тооцохоор байгаа. Хохирогч Т.С-ийн хувьд тавхайн гэмтэл нь хүнд буюу тулгуур эрхтний гэмтэл учраас шаналалтай байгааг уламжилъя” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Т.С , түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, саналаас үзвэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж байна. Анхан шатны шүүхээс хохирогч Т.С  шүүх хуралдааны тов мэдэгдэж, шүүхийн шийдвэрт дурдаж өгсөн байсан. Мөн анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэгтэй холбоотой хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тэгэхээр хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх эмнэлгээр тогтоолгож, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Хохирогч Т.С-ийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч А.Ч-ийг хийсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа гэж байна. Энэ тухайд миний үйлчлүүлэгч А.Ч хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, баримтгүйгээр 5.000.000 төгрөг, баримттайгаар 813.166 төгрөг, мөн эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлж барагдуулсан. Иймд хохирогч Т.С , түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.С гаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй байдаг. Тийм учраас хавтаст хэрэгт авагдаагүй. Хохирлын хувьд Т.С-ийн зүгээс баримттайгаар 823.060 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба үүнийг А.Ч-ээс нөхөн төлсөн бөгөөд мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг А.Ч-ээс төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс гаргаж өгсөн баримтын хүрээнд дээрх төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо А.Ч-ийг 5.000.000 төгрөг төлсөн гэдгийг дурдаж, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Т.С-ийн “...Эмчилгээний зардалд нийт 11 баримтаар 823.176 төгрөгийн зардал гарсан байсан. Үүнийг баримтаар нь авч ирээд хохирлын тооцоонд оруулсан байгаа. Жолоочийн зүгээс эмчилгээний зардалд надад 5.000.000 төгрөг төлсөн. ...эмчилгээнд гарсан мөнгийг энэ мөнгөнөөс оруулаад хохирлын мөнгө төлсөн гэсэн үг юм. Мөн цахилгаан унадаг дугуйг үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд 580.000 төгрөг гарсан байсан. Энэ хохирлыг мөн А.Ч-ийн өгсөн мөнгөнөөс хохирол нөхөн төлсөн гэж ойлгож болно. Цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний нэхэмжлэгчээр нэхэмжилнэ гэж бодож байна.”  /хх 63/,

иргэний нэхэмжлэгч С.С “...Дээрх гэмт хэргийн улмаас Т.С  нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.007.250 төгрөг гарсныг яллагдагч А.Ч-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 66/,

яллагдагч А.Ч-ийн “ ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөх гэж байгаагаа ойлгож мэдлээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... ” /хх 60/ гэх мэдүүлгүүд,

“БанХас” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр: “...“Sheng Milo” цахилгаан унадаг дугуйнд 580.000 төгрөгийн хохирол учирсан ...” /хх 91/,

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 696 дугаартай мөрдөгчийн ““Toyota Prius”маркийн ...улсын дугаартай автомашины жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” Мөн дүрмийн 10.13 Дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ явган хүний гарц дээр;...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл гарсан байна.” гэх магадлагаа /хх 50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 999897 дугаартай шинжээчийн “ 1. “Toyota Prius”маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангаж байна. 2. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр шалгахад стандартын шаардлага хангаж байна. 3. Уг тээврийн хэрэгсэл нь эвдрэл, гэмтэлгүй болно. 4. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулалт ABS, цахилгаан тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийн тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна. 5. Дээрх тоормосны системүүдийн үед тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ” /хх 80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7703 дугаартай шинжээчийн “Т.С-ийн биед зүүн тавхайн /cuboid/ дөрвөлжин яс, 3, 4-р хурууны шивнүүр ясны хугарал, хугарлыг ил аргаар ган шөргөөр бэхлэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”  /хх 20-21/,

2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 6-10/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

А.Ч нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 15 минутын орчимд ...урд замд “Toyota prius 30” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.13 “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/явган хүний гарц дээр...” гэх заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар буцаж эргэхдээ цахилгаан мотортой унадаг дугуйтай зорчиж явсан Т.С г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Ч-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.    

Хохирогч Т.С гаас “...шүүх хуралдааны товыг надад мэдэгдэх ёстой атал шүүхээс хэрэгт хамааралгүй этгээд болох миний эхнэрт мэдэгдсэн..., хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 18.926.060 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж надад олгуулж өгнө үү. ... ” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг аргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Т.С  нь “...” ХХК-д хүнд даацын автомашины засварчнаар ажилладаг болох нь түүний цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

 

            Хохирогч Т.С  нь гэмтэл авахаас өмнөх сүүлийн 3 сарын цалин хөлсөөр дундажлаж бодоход хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан нэг өдрийн дундаж цалин 157.187 төгрөг бөгөөд хөдөлмөрийн чадвар алдаж ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 23.926.060 төгрөг ба шүүгдэгчээс төлөгдсөн 5.000.000 төгрөгийг хасахад 18.926.060 төгрөгийн зөрүүг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

          Анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь үндэслэлтэй байх тул хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

          Учир нь, тэрээр цалингийн тодорхойлолтод дурдагдсан цалингаа ажилгүй байх хугацаандаа авч байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод авагдсан 2023 оны 1 дүгээр сард 5.208.890 төгрөг, 2 дугаар сард 8.345.565 төгрөг, 3 дугаар сард 11.195.873 төгрөг, 4 дүгээр сард 12.073.607 төгрөг, 5 дугаар сард 7.853.712 төгрөгийн цалин авч байсан хэдий ч түүний цалин нэгэн хэвийн тогтвортой бус хэлбэлзэлтэй байгаагаас гадна ажилгүй байсан хугацаанд ажлын ачаалал хэр байсан, хэдий хэмжээний цалин авах байсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул хэрэгт авагдсан баримтаар тус шүүх хохирол тооцоолох боломжгүй гэж үзлээ.

 

          Мөн хохирогчийн гаргасан хурлын тов мэдэгдээгүй гэх гомдлын тухайд, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд түүний тэмдэглэгдсэн дугаарууд холбогдох боломжгүй байсан ба гэр бүлийн хүнээс нь асуухад хохирогчийг гадагшаа явсан талаар мэдэгдсэн байх тул түүний энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

          Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН