Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00303

 

 

 

 

2025 03 14

 

 

 

317/ШШ2025/00303

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, шүүгч Д.А, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Ц Б овогт У Б,

Хариуцагч: оршин суух Х овогт Д Оад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 8.203.000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: У.Б,

Иргэдийн төлөөлөгч: В.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Д.Оад холбогдуулан гэм хорын хохиролд 8.203.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч У.Б нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

У.Б миний бие 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус-55 маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Эрдэнэсант сумын 02 дугаар багийн нутагт 20 цагийн орчим Дагвацэрэнгийн О Даюун маркийн мотоцикл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалаас сөрж орж ирж мөргөн зам тээврийн осол гаргасан. Ингээд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч газар дээр нь шалгуулахад Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, унаж явсан мотоцикл нь улсын дугааргүй байсан. Тухайн үед миний бие Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэсант сумын зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч О.С Зөрчлийн 3110046240001637 тоот хэрэг үүсгэн шалгаж 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Оын гэм буруутай үйлдлийг тогтоож 400.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Миний хувьд 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байх тул хариуцагч Д.Оаас хохирлын үнэлгээгээр тогтоосон 7.450.000 төгрөг, үнэлгээний зардал 538.000 төгрөг, мөн миний бие шүүх хуралдаанд оролцохын тулд ажлаасаа чөлөө авсан тул миний нэг өдрийн цалин 160.000 төгрөг, шатахууны зардал 100.000 төгрөг нийт 8.203.000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

2.-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч У.Бын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч В.А нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: У.Бын нэхэмжилсэн мөнгөн дүнг Д.О төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс У.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-4-5), У.Бын чөлөөний хүсэлт (хх-6), бензиний баримт (хх-7), 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-8), 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-9-13), 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (хх-15-16), 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (хх-17-19), 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа (хх-20-21), Үнэлгээний төлбөрийн баримт (хх-22), Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 955 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-23-29), 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0125156 дугаар Шийтгэлийн хуудас (хх-30), У.Бын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол (хх-64), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 0443 дугаар итгэмжлэл (хх-34), Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-35), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эын шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-40), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-54-55), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаар үнэлгээний тайлан (хх-79-91), зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх У.Бын нэхэмжлэлтэй, Д.Оад холбогдох гэм хорын хохиролд 8.203.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч У.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

У.Б миний бие 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус-55 маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутагт 20 цагийн орчим Дагвацэрэнгийн О гэх хүн Даюун маркийн мотоцикл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалаас сөрж орж ирж мөргөн зам тээврийн осол гаргасан. Ингээд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч газар дээр нь шалгуулахад Д.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, унаж явсан мотоцикл нь улсын дугааргүй байсан. Зөрчлийн 3110046240001637 тоот хэрэг үүсгэн шалгаж 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Оын гэм буруутай үйлдлийг тогтоож 400.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байх тул хариуцагч Д.Оаас хохирлын үнэлгээгээр тогтоосон 7.450.000 төгрөг, үнэлгээний зардал 538.000 төгрөг, мөн миний бие шүүх хуралдаанд оролцохын тулд ажлаасаа чөлөө авсан тул миний нэг өдрийн цалин 160.000 төгрөг, шатахууны зардал 100.000 төгрөг нийт 8.203.000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулж өгнө үү гэв.

3.-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч У.Бын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт гаргаж, шинжээч томилуулна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

У.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-4-5), У.Бын чөлөөний хүсэлт (хх-6), бензиний баримт (хх-7), 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-8), 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-9-13), 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (хх-15-16), 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (хх-17-19), 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа (хх-20-21), Үнэлгээний төлбөрийн баримт (хх-22), Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 955 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-23-29), 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0125156 дугаар Шийтгэлийн хуудас (хх-30), 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 0443 дугаар итгэмжлэл (хх-34), Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-35), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эын шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-40), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-54-55), У.Бын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол (хх-64), Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаар үнэлгээний тайлан (хх-79-91), зэрэг нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.О нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 0443 дугаар итгэмжлэлээр О.Эт олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Д.Оын нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар О.Эт олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

6.-Нэхэмжлэгч У.Б нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлохдоо ...хариуцагч Д.Оаас автомашинд учирсан хохирол 7.405.000 төгрөг, үнэлгээний төлбөр 538.000 төгрөг, 1 өдрийн цалин хөлс 160.000 төгрөг, бензиний зардалд 100.000 төгрөг, нийт 8.203.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

6.1. Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн нутаг гэх газар Улаанбаатар-Арвайхээр явах А0301 чиглэлийн авто замын 223 дэх километрт 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд нэхэмжлэгч У.Бын Тоёота приус 50 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтэй мөргөлдсөн байх бөгөөд уг зам тээврийн ослын улмаас хариуцагч Д.Оыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгөөр торгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-н 8, 30 дугаар хуудас/

7. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч У.Бын эзэмшлийн Тоёота приус 50 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. /хх-ийн 90 дүгээр хуудас/,

8. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.3-т хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг; мөн хуулийн 4.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг тус тус хэлнэ гэж заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн *** улсын дугаартай У.Б эзэмшигчтэй автомашинд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нийт 7.405.000 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гаргаж түүний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

9. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ гэж заасан бөгөөд энэхүү эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...8.203.000 төгрөгийн хохирол нь зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлгээг нэхэмжлэгч У.Б өөрөө хариуцагч Д.Оыг байлцуулаагүй үнэлүүлсэн ба уг машины эвдрэлийг дахин үнэлгээ хийж бодит үнэлгээг тогтоож өгнө үү гэсэн тул хүсэлтийг хангаж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШТ2024/00078 дугаар тогтоолоор ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар У.Бын нэхэмжлэлтэй, Д.Оад холбогдох, гэм хорын хохиролд 8.203.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж шийдвэрлэсэн.

10. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаар дүгнэлтээр У.Бын эзэмшлийн Тоёота приус 50 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4.515.000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 78-91 дүгээр хуудас/

11. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг шаардсан шаардлага ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

12. Иймд Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 955 дугаар дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаар дүгнэлттэй харьцуулан хэргийн оролцогчийн хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг судлах хөндлөнгийн байр сууриас судалж үнэлэхэд сүүлд томилсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт нь илүү бодит байдалд нийцсэн гэж үзлээ.

13. Учир нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч У.Б нь тухайн осолд өртсөн автомашиныг засуулаагүй одоог хүртэл явган явж өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг ашиглах боломжгүй байна гэж тайлбар гаргасан бөгөөд энэхүү шүүхэд гаргасан тайлбар нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаар дүгнэлтээр няцаагдаж байна. Тус дүгнэлтээр дээрх авто машины эвдрэл гэмтэлтэй байсан хэсгүүд нь засагдсан байсныг дурдаж өмнөх үнэлгээний тайлангийн зураг болон холбогдох материалыг ашиглаж дүгнэлтийг гаргасан болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд миний бие авто машинаа засуулан унаж, ашиглаж байсан нь үнэн засуулсан баримтуудаа шүүхэд өгөх гэтэл нотлох баримтын шаардлага хангахгүй учраас өгөх боломжгүй байна гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангийн зарим хэсгийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Харин шүүх хуралдааны явцад тухайн ослоос Тоёота приус 50 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд урд салхины шил 950.000 төгрөгийн үнэлгээтэй гэж Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсан бөгөөд нэхэмжлэгч У.Б нь одоог хүртэл урд шилний том биш цууралтыг засварлаагүй үлдсэн гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр 4.515.000 төгрөгийн хохирол, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 955 дугаар үнэлгээний тайланд дурдсан салхины шилний 950.000 төгрөг, бензиний зардалд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 60.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 50.000 төгрөгийг нийт 100.000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний төлбөр 538.000 төгрөг, нийт 6.103.000 төгрөгийн хохирол учирсан нь болох нь тогтоогдож байна. /хх-ийн 7, 22 дугаар хуудас/

15. Нэхэмжлэгчээс нэг өдрийн цалин 160.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хэрэгт Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд У.Б нь чөлөөний хүсэлт гаргасан бөгөөд түүнийг зөвшөөрсөн гэх гарын үсэг бүхий чөлөөний хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн үйл баримт нь тухайн нэг өдрийн цалин нь 160.000 төгрөг болохыг нотолсон, нотлох баримт биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У.Б нь сард хэдэн төгрөгийн цалин авдаг эсэх, түүнээс нэг өдрийн цалин хөлс хэд болохыг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

16. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээр хариуцагч талыг илүү буруутай гэх агуулгаар дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь шүүх бүрэлдэхүүн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хуульд заасан журмын дагуу харьцуулан судлаад, хариуцагч Д.Оаас 6.103.000 төгрөг гаргуулахтай утга нэг байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

17. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Оаас гэм хорын хохиролд 6.103.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШТ2024/00078 дугаар шүүхийн тогтоолоор шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, тус байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №48 дугаартай дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шинжээчийн зардалд 500,000 төгрөгөөр гаргаж ирүүлсэн байх тул тус шинжээчийн зардлыг хариуцагч Д.Оаас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд оруулж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасанд нийцнэ.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 112.598 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Оаас гэм хорын хохиролд 6.103.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч У.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 112.598 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Д.Оаас хөрөнгийн үнэлгээний зардалд 500.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ

 Б.ТҮМЭНЦЭЦЭГ