Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/00219

 

 

 

 

2025        02         20                                      317/ШШ2025/00219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 01 дүгээр баг, ***** тоотод оршин суух, Б***** овогт Д****н Э*****,        

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 01 дүгээр баг, ***** тоотод оршин суух, Х**** овогт Д*****н Г*****,            

Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****** тоотод байрлах “Б*****”  *****,  

Гуравдагч этгээд: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, ***** тоотод оршин суух, Б***** овогт Б*****н С*****,  

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б*****,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С*****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н*****, Б.Н****,

Гуравдагч этгээд “Б*****” *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С*****,

Гуравдагч этгээд Б.С*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Д.Э***** нь Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг, Номт, **** дугаар байрны *** тоотын 55.41 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ***** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон. Д.Э*****н хүү Б.С***** нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бизнесийн зорилгоор “Б*****” *****-аас 35.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийг авахаар болсон, тус зээлийн гэрээнд Д.Э*****хамтран зээлдэгчээр орсон.

Зээлийн гэрээ байгуулагдсаны дараа “Б*****” *****-ийн Төв аймаг дахь салбарын захирал Д.Г***** нь “чиний зээлийн хугацааг маш олон удаа сунгасан, найдваргүй зээл гээд шалгагдах гээд байна, намайг шахаад байна” гэх зүйл хэлээд барьцааны эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлчих гэсэн шаардлагыг тавьсан. Үүний дагуу Д.Э*****г 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирж гэрээнд гарын үсэг зураач гэсний дагуу Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Наранцэцэг дээр очиж гарын үсэг зурсан.

Уг гэрээ байгуулагдахаас өмнө Д.Г***** нь тухайн үл хөдлөх хөрөнгийг  барьцаанаас чөлөөлөх бичгийг улсын бүртгэлд хүргүүлснээр үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн. Үүний дараа худалдах, худалдан авах гэрээ хийж Д.Г***** өөрийн нэр дээр шилжүүлсэн. ... Д.Э, Д.Г***** нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд тэдэнд орон сууцыг худалдах болон худалдан авах хүсэл зориг байгаагүй. Харин 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг Д.Г*****гийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээний үүргийг хангах чиг үүрэгтэйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ нь дүр үзүүлсэн хэлцэл буюу зээлийн гэрээний үүргийг хангахаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан  хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзэж байгаа учраас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу Д.Э*****н нэр дээр буцааж шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү  гэв.     

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С***** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Г*****д даалгах шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тухайн худалдах, худалдан авах  гэрээг байгуулах хүсэл зориг байсан уу, гэрээ байгуулах саналыг хэн гаргасан бэ, гэрээний үндсэн нөхцлийг харилцан тохиролцсон уу гэдэг асуудалд анхаарах ёстой. Барьцаанаас хөрөнгө чөлөөлөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн нөхцөл байдал харагдаж байна. Энэ байрыг Д.Г***** худалдан авах хүсэл зорилгогүйгээр гэрээ байгуулсан. Д.Г***** нь орон сууцны үнэ 50.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбарласан байрыг шилжүүлбэл, мөнгийг нь өгнө гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж байна. Гэрээ байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тухайн өмчлөх эрх нь үүссэн байраа шаардсан зүйл байхгүй. Мөн гуравдагч этгээдийн тайлбарласан та нар мөнгөө яагаад шаардахгүй байгаа вэ гэдэг асуудал. Анхнаасаа уг байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учраас бид нар мөнгөө шаардаагүй. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна.

 Д.Э*****нь “Б*****” *****-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусахад Д.Г***** нь Д.Э*****н нэр дээр байрыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцоо нь дүр үзүүлсэн хэлцэл юм. Дүр үзүүлэн хэлцэл хийсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг. Өнөөдрийн байдлаар орон сууцны өмчлөх эрх нь Д.Г*****д шилжсэн учраас өмчлөх эрхийг  буцаан шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Д.Г*****д даалгаж өгнө үү. Улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг манай талаас гаргаагүй учраас хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн өнөөдөр хэлсэн тайлбар нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хоёр тал харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулаад үл хөдлөх хөрөнгийг Д.Г*****гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэрээг байгуулахад 2 тал харилцан хүсэл сонирхлоо илэрхийлээд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан. Дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Одоо нэхэмжлэгч Д.Э*****нь байрыг суллаад өгвөл бид байрны үнийг төлөхөд бэлэн байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**** шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Д.Э, Д.Г***** нар нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулаад үл хөдлөх хөрөнгийг Д.Г*****гийн нэр дээр шилжүүлсэн. Д.Э*****н хувьд тухайн байранд амьдарч байгаа. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т “худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй” гэж зааснаар Д.Э*****эд хөрөнгийг өөртөө саатуулж байгаа гэж үзэж байна. Д.Э*****нь Г.С*****той хамт ирээд “Б*****” *****-тай байгуулсан гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг. Энэ зээлийн гэрээний 3.3-т  “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрэх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар үүрэг хүлээнэ. Тэгэхээр Д.Э*****нь Д.Г*****тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Б*****” *****-д барьцаанд байсан гэдгийг мэдэж байсан. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Д.Э*****нь Д.Г*****тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иймд уг гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.    

Гуравдагч этгээд Г.С*****н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Г.С***** нь “Б*****” *****-аас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийнхээ барьцаанд ээжийнхээ өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Г.С***** зээлийн хугацааг олон удаа сунгасан. Д.Г***** нь Г.С*****од хандаж “чиний зээлийн хугацааг маш олон удаа сунгасан, найдваргүй зээл гээд шалгагдах гээд байна, намайг шахаад байна” гээд барьцааны эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлчих гэсэн байдаг. Г.С***** нь Д.Г*****гийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уг гэрээг хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй, зөвхөн өмнөх авсан зээлээ удааж байсан болохоор барьцааны зүйлийг баталгаа болгож, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар Д.Э*****нь тухай орон сууцанд амьдарч байгаа. Гэрээний үнэ болох 50.000.000 төгрөгийг худалдан авагч шилжүүлээгүй. Ийм учраас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Д.Г*****гийн шахалтын дагуу уг гэрээг хийсэн гэж Г.С***** тайлбарладаг. Мөн гэрээг хийхдээ орон сууцны үнийг 50,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Гэтэл орон сууц нь  55.41 м.кв бөгөөд 1 м.кв нь нэг сая төгрөг хүрэхгүй үнээр орон сууцаа худалдана гэж байхгүй. Ийм учраас тухайн худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл байна гэв.   

Гуравдагч этгээд “Б*****” *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э, Д.Г***** нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн шалтгаан нь улсын бүртгэлийн байгууллага руу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “зээлийн гэрээ дуусгавар болсон тул барьцаа хөрөнгийг барьцаанаас  чөлөөлж өгнө үү” гэсэн утга бүхий албан бичиг явуулсан. Ингэж зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлөгдөж, энэ 2 хүн хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Энэ худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн нь гуравдагч этгээд “Б*****” *****-ийн эрх ашгийг хөндөж байна. Д.Э, Г.С***** нар нь “Б*****” *****-аас 35.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлж чадахгүй болохоор манай байрыг худалдаж аваач гэдэг саналыг өөрсдөө тавьж, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Д.Г***** гэдэг хүн улсын бүртгэлийн байгууллага руу албан бичиг явуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх эрхгүй хүн. Өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Б*****” *****-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа асуудал. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу Д.Г*****д барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх эрх, итгэмжлэл байхгүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “Б*****” *****-ны салбар буюу Төв аймаг дахь Зуунмод салбар нь  итгэмжлэл олгогдоогүй байхад албан бичиг явуулж барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн нь үндэслэлгүй. Зээлийг төлж барагдуулсны дараа зээлийн барьцааны асуудал яригдана. Өөрөөр хэлбэл зээлийг төлж дуусаагүй байхад барьцаа хөрөнгийг  чөлөөлөх асуудал байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т “Иргэний хуулийн 56.5, 56.6-д заасны дагуу барьцааны зүйлийг буцаах, хохирлыг арилгуулахаар хэлцлийг хүчингүй болгуулах” гэж заасан. Мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж заасан. Д.Г*****, Д.Э*****нарын барьцааны зүйлийг бусдад шилжүүлсэн, барьцаа хөрөнгө хэний өмчлөлд байхаас үл хамаарч барьцааг хүчинтэй гэж үзэж байна. Тийм учраас гуравдагч этгээд “Б*****” *****-ийн эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсч байна гэв.  

Нэхэмжлэгчээс Д.Э*****н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0695 дугаартай итгэмжлэл /хх-6/, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1722 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх-7-10/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /хх-11-13/, Д.Э*****н үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-14/, Б***** *****-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-15/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*****ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт /хх-13/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*****ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүхэд гаргасан гомдол /хх-52-54/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*****ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт /хх-76/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас Д.Г*****гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хариу тайлбар /хх-26-27/, “Б*****” *****-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/164 дугаар хүсэлт /хх-28/, Д.Г*****гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт /хх-29/, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0241 дугаар итгэмжлэл /хх-47/, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0101 дугаар итгэмжлэл /хх-120/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-121-122/, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол /хх-150-151/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э*****нь хариуцагч Д.Г*****д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1-р баг, *****р байрны *** тоот, 55.41 м.кв орон сууцыг Д.Э*****н өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Г*****д даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.  

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

3. Нэхэмжлэгч Д.Э*****нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“ ... Миний хүү Б.С***** нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бизнесийн зорилгоор “Б*****” *****-аас 35.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээнд миний бие  хамтран зээлдэгчээр орсон. ... Зээлийг хугацаанд нь төлж чадаагүй тул гэрээг сунгаж байсан. “Б*****” *****-ийн Төв аймаг дахь салбарын захирал Д.Г***** нь “танай зээлийн хугацааг маш олон удаа сунгасан, найдваргүй зээл гээд шалгагдах гээд байна, намайг шахаад байна, иймд барьцааны эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлчих” гэсэн шаардлагыг тавьсан. Үүний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зур гэсний дагуу Төв аймгийн тойргийн нотариатч Ч.Наранцэцэг дээр очиж гарын үсэг зурсан. Миний хувьд орон сууцаа худалдах санаа зорилго байгаагүй. Орон сууцны үнэ гэж мөнгө аваагүй” гэв.    

4. Хариуцагч Д.Г***** нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

“ ... 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулаад үл хөдлөх хөрөнгийг Д.Г*****гийн нэр дээр шилжүүлсэн. Үүнийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. ... Д.Э*****н хувьд тухайн байранд амьдарч байгаа. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т “худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй” гэж зааснаар Д.Э*****эд хөрөнгийг өөртөө саатуулж байгаа. Орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлөөгүй. Д.Э*****нь байрыг суллаад өгвөл би байрны үнийг төлөхөд бэлэн байгаа. Уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл мөн юм” гэв.       

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  

5.1. Иргэн Б.С*****, Д.Э*****нар нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Б*****” *****-тай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд уг зээлийн барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р баг, ***** хотхон, ****р байрны ** тоот, 55.41 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан байна. /хх-11-13, 40-52/ 

5.2. “Б*****” *****-ийн Төв аймаг дахь салбараас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 75 дугаартай албан бичгээр “Батбаяр овогтой Сүхболд нь 2021 оны 10 сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот гэрээгээр Ү-***** дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, ***** хотхон, ****р байрны ** тоотод байрлах, 55.41 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд 2022 оны 09 сарын 14-ны өдөр зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэх мэдэгдлийг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх бөгөөд мөн өдөр нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Г***** нар нь барьцаанаас чөлөөлөгдсөн дээрх орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.  /хх-7-8, 54, 105/  

5.3. “Б*****” *****-ийн Төв аймаг дахь салбарын барьцаа хөрөнгө чөлөөлөх дээрх албан бичиг болон Д.Э, Д.Г***** нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс уг орон сууцны өмчлөгчөөр Д.Г*****г бүртгэсэн байх бөгөөд тухайн өдөр буюу 2022 оны 09 сарын 15-ны өдөр Д.Г***** нь “Б*****” *****-ийн Төв аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан  байна. /хх-54, 105, 82-83/ 

6. Эдгээр үйл баримтад талууд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь:

“ ... Бид “Б*****” *****-аас авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул тус компанийн Төв аймаг дахь салбарын захирал Д.Г***** нь “барьцаа хөрөнгийг миний нэр дээр шилжүүл” гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, барьцаанд байсан орон сууцаа Д.Г*****гийн нэр дээр шилжүүлсэн. Миний хувьд орон сууцаа худалдах сонирхол байгаагүй. “Худалдах, худалдан авах гэрээ”-нд орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тусгасан боловч би орон сууцны үнэ хөлс гэж аваагүй” гэж тайлбарлаж, 

хариуцагч Д.Г***** нь:  “ ... Б.С***** нь хадам аав болох Д.Б****р “Б*****” *****-аас 25,000,000 төгрөгийн зээл авахуулж, тус зээлийн барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, ****-р байрны *** тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан байсан. Уг байр нь настай хүний байр тул барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн бөгөөд хэрэв энэ байрыг барьцаанаас чөлөөлөөд өгвөл Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р баг, ***** хотхон, ****р байрны ** тоотод байрлах, 55.41 м.кв, 2 өрөө орон сууцыг Д.Г***** миний нэр дээр шилжүүлж өгье, зээлээ төлөхгүй тохиолдолд энэ байрыг худалдан борлуулах, зээлээ төлсөн тохиолдолд эгүүлэн өгөхөөр тохиролцсон тул гэрээ байгуулж байрыг миний нэр дээр шилжүүлсэн” гэж тус тус тайлбарлаж талууд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдалд маргаж байна. /хх-1-2, хх-26-27/

7. Зохигчдын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан  “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:  Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, гэж заасан.  

9. Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйл /Гуравдугаар дэд бүлэг/-д заасан хоёр талын гэрээ бөгөөд гэрээнд оролцогч хоёр тал хоёул үүрэг хүлээхээс гадна худалдагч, худалдан авагч аль аль нь үүрэг гүйцэтгэгч ба үүрэг гүйцэтгүүлэгч байдаг. 

10. Мөн уг гэрээ хүчин төгөлдөр байх үндсэн нөхцөл нь хоёр тал гэрээг байгуулах, үргэлжлүүлэх, хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээг  дуусгавар болгох зорилготойгоор хүсэл зоригоо илэрхийлсэн байх явдал юм. 

11. Гэтэл нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Г***** нар нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Г*****гийн нэр дээр шилжүүлэх, харин орон сууцыг Д.Э*****н эзэмшилд үлдээх, Д.Э*****нь “Б*****” *****-аас авсан зээлээ төлөөгүй тохиолдолд Д.Г***** уг байрыг бусдад худалдан борлуулах, зээлээ төлсөн тохиолдолд байрыг эгүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  /хх-1-2, 26-27/

12. Мөн тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй “Б*****” ***** нь “... Д.Э, Б.С***** нар нь манай компаниас 35.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлж дуусаагүй байхад нь тус компанийн Төв аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан Д.Г***** нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, “Б*****” *****-ийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн. Үүнээс болж Д.Г***** ажлаасаа чөлөөлөгдсөн. Д.Г***** нь  улсын бүртгэлийн байгууллага руу албан бичиг явуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх эрхгүй хүн” гэж тайлбарлаж байна.   

13. Тодруулбал нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Г***** нар нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа хэн аль нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээг дуусгавар болгох хүсэл зорилго агуулаагүй байх бөгөөд харин Б.С*****, Д.Э*****нарын “Б*****” *****-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж байгуулсан болох нь тогтоогдож байна. 

14. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Г***** нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р баг, ***** хотхон, ****р байрны ** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 55.41 м.кв, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Э*****д буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Г*****д даалгах нь зүйтэй байна.  

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э*****аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*****гаас 478.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э*****д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Г***** нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан, **** дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Төв аймаг, Зуунмод сум, Номт 1-р баг, ***** хотхон, ****р байрны ** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, 55.41 м.кв, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Э*****н өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Г*****д даалгасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*****гаас 478.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШЗ2023/0**** дугаартай шүүгчийн захирамжид дурьдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНЧУЛУУН