Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1158

 

 

 

 

 

      2023           12            05                                          2023/ДШМ/1158

 

Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

хохирогч “...” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/669 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2110004960913 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .... хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

Шүүгдэгч Б.Б  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “...” ХХК-ийн худалдааны менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “...” ХХК-д их хэмжээний буюу 278.271.208 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г “хөрөнгө завших” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 197.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б гаас 253.007.541 төгрөгийг гаргуулж, хохирогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... регистрийн дугаар бүхий, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Чингисийн өргөн чөлөө 1 хаягт байрлах, “...” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргийн үйл баримт болон гэм бурууд маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч компанид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад 4 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь Б.Б  би бага насны 2 хүүхэдтэй залуу хүн энэ хохирлоо төлөхийн тулд автомашин угаалгын газар ажиллуулахаар төлөвлөж бүтэн жил хохирол төлөх нөхцөл боломжийг гаргахын тулд өдөр шөнөгүй зүтгэж хөдөлмөрлөсөн бөгөөд “...” ХХК-д учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж өнөөдрийг болтол гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын тодорхой хэсэг буюу хохирогчид эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө 12.249.067 төгрөг, 38.463.667 төгрөг, нийт 50.712.734 төгрөгийг төлсөн. “...” ХХК-д 6 жил гаран ажиллахдаа нийт 7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийж 7 хоногт 100-110 цаг цаг наргүй ажилладаг байсан бөгөөд ковид-2 цар тахлын хөл хорионы үед ч цаг наргүй ажиллаж байсан, чухам тэр үед өгсөн зээлээр өгсөн барааны төлбөрөө бичиж тэмдэглээгүйгээс мартаж будилах, санхүүгийн тайлангаа шивж амждаггүй орлого тэг зогсох, өрнөөс өрний хооронд зээл чөлөөлүүлж улам их өрөнд орох зэрэг ганцхан сая төгрөгийн цалингаар урд хормойгоо хойд хормойгоо нөхөөд барахгүй их хэмжээний санхүүгийн алдагдалд орсондоо харуусч байна. Одоо харин хохирол төлөх нөхцөл боломжоо олж харсан байгаа тул ганц удаа боломж олгохыг чин сэтгэлээсээ хүсэх байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос бусад төрлийн ял шийтгэл оноож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, өөрийн гэм бурууд маргаагүй, компанид учруулсан хохирлоос 38.463.667 төгрөг төлсөн цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн, одоо “...” ХХК-ийн дулаан зогсоолыг түрээслэн авто угаалгын газар ажиллуулж хохирлоо төлөх боломжтой болсон зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зорилго нь нийгэмшүүлэхэд байх тул эхнэр, хүүхдээс салгалгүйгээр хохирол төлүүлэхэд анхаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой гэж үзэж байна. Учир нь 2020, 2021 онууд ковид цар тахлын хүнд үе байсан. Энэ үед санхүүгийн асуудал хариуцсан нярвын ажил эрхэлж байсан хүнд нөхцөл боломж олгож, хохирлоо төлөх, хаана зээлээр бараа өгсөн талаар санхүүгийн байгууллага нь хамтран ажиллах нөхцөл боломжийг хангаагүйн үүднээс эрсдэл гарсан. Санхүү тооцооны асуудал нийтдээ 1 жил гаруй хугацаанд хэрэг бүртгэлт, прокурорын шат, анхан шатны шүүхийн шатанд шинжээч ажиллах боломжгүй болтол нягтлангийн алдаа бүртгэл гарч байсан. Анхан шатны шүүхийн шатанд шинжээч дүгнэлтээрээ хангалттай тогтоосон байгаа. Б.Бхолбогдох Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/669 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос бусад төрлийн ял оноож өгнө үү.” гэв.

 

хохирогч “...” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүгдэгч Б.Б гийн үйлдэл холбогдолд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдол болон тайлбартаа мөрдөн шалгах ажиллагаа, удаа дараагийн шүүх хуралдааны үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч бодит байдалд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь эргэлзээтэй. Учир нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар өгсөн мэдүүлгийг үзвэл хохирогч байгууллагын санхүүгийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан мэтээр тайлбарладаг. Мөн тохиолдлын шинж чанартай гэдэг. Шүүгдэгч Б.Б  278.000.000 төгрөгийн хохирлыг учруулахдаа ердөө 1 жил гаруй хугацаанд 278.000.000 төгрөгийг хувьдаа авсан байгаа юм. Хэрэв тохиолдлын шинж чанартай 2.000.000 төгрөг алдсан бол, тооцооллын алдааны улмаас 20.000.000 төгрөгийн алдаа гаргасан бол тохиолдлын шинжтэй, хайхрамжгүй алдаа гэж үзэж болно. Гэтэл 1 жилийн хугацаанд 278.000.000 төгрөг хувьдаа авсан атлаа цагдаагийн байгууллагад хохирогч байгууллага гомдол гаргахад 2 жилийн хугацаанд ердөө 38.000.000 төгрөг буюу 15 хувийн хохирлыг барагдуулсан. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт эргэлзэж байна. Шүүгдэгч Б.Б гаас “цаашид хохирол, төлбөрөө төлнө” гэж хэлдэг ч 2 дахь удаагаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч, торгох ялаар шийтгэхэд нь давж заалдах шатны шүүхэд бидний зүгээс гомдол гаргасан. Шүүгдэгч Б.Б  цагдаад гомдол гаргах үед, яллагдагчаар мэдүүлэг авах үед болон хэрэг шүүхэд шилжих үед бага хэмжээгээр хохирол төлдөг. Харин торгох ялаар шийтгэхэд огт төлөхөө больдог. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах үед тодорхой хэмжээгээр төлсөн. Өөрөөр хэлбэл, тодорхой цаг хугацаанд мөнгө өгдөг болохоос өөрийнх нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн тогтмол сарын 4.500.000 төгрөгийн орлоготой, бизнес эрхэлдэг гэдэг нь бодит байдалд хэрэгждэггүй. Тийм учраас Б.Б гийн цаашид хохирлоо төлнө гэж хэлж байгааг эргэлзээтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан 4 жилийн хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ гэмт хэргийн улмаас 278.271.208 төгрөгийн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Б.Б  болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зүйл, заалтыг хэрэглэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Гэмт хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байдаг. Гэтэл 278.271.208 төгрөгөөс өнөөдөр 230.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөхөн төлдөггүй. Хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байгааг бодитой бус гэж үзэж байна.  Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хор уршгийн шинж чанарыг харгалзан харгалзан үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Б  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “...” ХХК-ийн худалдааны менежерээр ажиллаж байхдаа 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэх, бараа дутагдуулах, худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчаас дансаар болон бэлнээр шилжүүлэн авах зэрэг аргаар тус компанийн бараа, борлуулалтын орлогоос хувьдаа авч ашиглан,  “...” ХХК-д их хэмжээний буюу 278.271.208 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нурмаа нь “...2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн “БДО аудит” ХХК-ийн дүгнэлтээр нийт  учирсан хохирлыг 281.094.758 төгрөг гэж дүгнэсэн. Үүнийг манай компани хүлээн зөвшөөрч байна. Баяраа нь цалин болон хуримтлалын мөнгийг оруулаад нийт 12.249.067 төгрөг төлсөн. Мөн түүний өсгөн 5.000.00 төгрөгийг нийт хохирлоос хасаж тооцоод үлдэгдэл хохирол нь 281.094.758 төгрөг. Үүнээс Баяраа 12.249.067 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр нь 268.845.691 төгрөг байна. Аудитын дүгнэлт гаргуулахад ажлын хөлс 13.200.000 төгрөг төлснийг нэмж нийт 282.045.691 төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтийг санхүүгийн хүчин төгөлдөр баримт дээр үндэслэж гаргасан тул маргах зүйл байхгүй гэж бодож байна...” /1хх 58-60/ гэх,

“...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Б.Б  нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “...” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 12 харилцагчийн нэр дээр хий авлага үүсгэж, 166.666.758 төгрөгийн барааг өөртөө завшсан байсан. Дээрх нэр бүхийн 12 харилцагчтай тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэлгүй байгаа нь харилцагч нараас авсан мэдүүлгээр нотлогдож байна. Б.Б  дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Б.Б  нь агуулахаас нийт 114.428.000 төгрөгийн бараа аваад буцааж тушаагаагүй. Тус барааг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ХУ1-21-935 дугаартай тайлангаар 111.604.450 төгрөг гэж үнэлсэн. Дээрх 2 дүнг нэмэхэд 278.271.208 төгрөг болсон бөгөөд Б.Б  уг дүнг хүлээн зөвшөөрсөн болно. Мөн аудитын дүгнэлт гаргуулахад 2 удаагийн шилжүүлгээр нийт 13.200.000 төгрөгийг “БДО Аудит” ХХК-д шилжүүлсэн. Уг төлбөрийг Баяраагаас гаргуулах хүсэлтэй байна...” /4хх 217-218/ гэх,

- шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэргийн гэм буруу үйл баримтад маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хэмжээн дээр маргах зүйл байхгүй...” /6хх 145/ гэсэн мэдүүлэг,

-“БДО Аудит” ХХК-ийн аудиторын шалгалтын дүгнэлт “2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дутагдуулсан бараа материалын авлагын дүнг 114.428.000 төгрөг болохыг тодорхойлов” /1хх 195-201/ гэх,

-“БДО Аудит” ХХК-ийн “аудиторын шалгалтын дүгнэлт”-д дүн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт /1хх 218-222/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт /3хх 30-31/,

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ /5хх 237-243/ зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Б.Б  дутаасан өр төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нараас “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...авто угаалга ажиллуулж хохирлоо нөхөн төлөх боломжтой болсон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдалд” хамруулан үзэх боломжтой байсан.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

          Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт ял шийтгүүлж буй этгээдийн биеийн эрүүл мэндийн байдал, нас өндөр болсон, хөгжлийн бэрхшээлтэй, нийтийн төлөө хийсэн сайн үйлс, онцгой байдал, гамшиг, аюултай үзэгдлийн үед болон улс орныг батлан хамгаалахад гавьяа зүтгэл гаргасан зэрэг зөвхөн тухайн этгээдийн хувийн байдалтай холбоотой хүчин зүйлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Ц.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/669 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн 2023 оны 10 дугаар сарын 13-наас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тус бүр 53 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН