Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2025/00188

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-ийн ***-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 962,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 962,928 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь "*** ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 сарын 23-ны өдөр 1400000722437 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. *** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. *** ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн ба төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тохирсон боловч төлбөр төлөөгүй байна. 2025 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар ***-ийн зээлийн гэрээний үүрэг нийт 962,928 төгрөг байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 955 хоногийн зээлийн хүү 387,814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,113 төгрөг байна. *** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 962,928 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой *** нь 2022 оны 05 дугаар сард таньдаг хүндээ монпэйн зээл авч өгсөн бөгөөд уг зээлийг төлсөн гэж бодож байсан боловч төлөгдөөгүй байгаа учир энэхүү зээлийг надад хувааж төлөх боломж олгож өгнө үү. Зээлийг 4 дүгээр сард хувааж хийх боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь ***-ы ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 962,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...Миний бие *** овогтой *** нь 2022 оны 05 дугаар сард таньдаг хүндээ монпэйн зээл авч өгсөн бөгөөд уг зээлийг төлсөн гэж бодож байсан боловч төлөгдөөгүй байгаа учир энэхүү зээлийг надад хувааж төлөх боломж олгож өгнө үү. Зээлийг 4 дүгээр сард хувааж хийх боломжтой гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,124,579 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,660 төгрөгнөөс 13,830 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 13,830 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ы ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 962,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ы *** нь 962,928 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,660 төгрөгнөөс 13,830 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 13,830 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР