Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 305/ШШ2025/00210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***-ийн ***-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ***нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овогтой ***-гийн *** миний бие *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Би 1988 оны 06 дугаар сард 10 дугаар анги төгссөн. 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Ахуй үйлчилгээний дэргэдэх Алтай хоршоонд илгээлтээр очиж оёдолчин нэхмэлчнээр орж ажилласан. 1989 онд өндөр бүтээлийн уралдаан түрүүлж үнэ бүхий зүйл баярын бичгээр 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, мөн эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зарласан 10 хоногийн уралдаанд баярын бичиг дурсгалын зүйлээр 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шагнуулж байсан. Мөн 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баярын бичгээр 1992 онд өөрчлөн шинэчлэл ажлын бүтээлээр тэргүүлж тус тус баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан. Мөн Алтай хоршооны *** миний сарын цалинг 870 төгрөг болохыг тодорхойлсон Алтай хоршооны дарга нягтлан бодогчийн тодорхойлолт, ажилчны үнэмлэх, хоршоодын холбооны зөвлөлийн гишүүнээр сонгогдсон үнэмлэх, зураг зэрэг нотлох баримтыг хавсаргав. Архивын материал байхгүй тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хоршоонд оёдолчин, нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 182 дугаартай тодорхойлолт,

-Гэрэл зураг,

-Алтай хоршооны тодорхойлолт,

-Алтай хоршооллын захиргааны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс шагнасан Баярын бичиг,

-Алтай хоршооллын захиргаанаас 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шагнасан Баярын бичиг

-Алтай хоршооллын захиргаанаас 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шагнасан Баярын бичиг

-Алтай хоршооллын захиргаанаас 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шагнасан Баярын бичиг,

-Алтай хоршооноос ***-д олгосон 305573 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай архивын лавлагаа,

-***-д олгосон Хоршоодын холбооны зөвлөлийн гишүүний үнэмлэх,

-***-гийн хоршооны ажилтны үнэмлэх,

-***-гийн 456409 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-гийн *** нь 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хоршоонд оёдолчин, нэхмэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 ***-гийн *** нь 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хоршоонд оёдолчин, нэхмэлчнээр ажиллаж байсан болох нь:

-Алтай хоршооны 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ***-гийн *** нь сард 870 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

-***-д эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зарласан өндөр бүтээлийн 10 хоногийн уралдаанд өндөр амжилт гаргаж, байр эзэлсэн тул баяр хүргэж баярын бичиг, дурсгалын зүйлээр Алтай хоршооллын захиргааны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шагнасан Баярын бичиг,

-***-г өндөр бүтээлийн долоо хоногийн уралдаанд идэвх зүтгэл гаргаж амжилттай оролцсонд талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Алтай хоршооллын захиргаанаас шагнасан Баярын бичиг

-***-г зохиосон ажилд идэвх зүтгэл гаргаж тэргүүн байранд шалгарсан явдалд талархаж цаашдын ажил амьдралд чинь аз жаргал сайн бүхнийг хүсэж, Алтай хоршооны захиргаанаас 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шагнасан Баярын бичиг,

-Өөрчлөл шинэчлэлийн өнөө үед ажилдаа бүтээлч идэвх санаачилга гаргаж 1991 оны нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд тань оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Алтай хоршооллын захиргаанаас 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шагнасан Баярын бичиг,

-Алтай хоршооноос ***-д олгосон 305573 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Бүх гишүүдийн хурлын 2 дугаар протоколоор 1988оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Алтай хоршоололд нэхмэлчнээр авч ажиллуулсан, Алтай хоршооны даргын 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот тушаалаар мөн өдрөөс Алтай хоршоолол нь тарах болсон учир үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилтүүд хийгдэж, тамга дарж баталгаажсан байгаагаар,

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай ***-гийн ***-гийн ажиллаж байсан Алтай хоршоо нь 1991,1992, 1993 онд НДШ төлсөн болно гэх архивын лавлагаа,

-***-д олгосон Хоршоодын холбооны зөвлөлийн гишүүний үнэмлэх,

-***-гийн хоршооны ажилтны үнэмлэх,

-***-гийн 456409 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1994 оны 01 дүгээр сараас 2000 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 182 дугаартай тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Алтай хоршоололын тушаал болон цалингийн баримт шилжиж ирээгүй тул ***-гийн ***-д холбогдох лавлагааг олгох боломжгүй болно гэх тодорхойлолт, гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.

3. Иймд *** овогтой ***-ийн ***-г 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хоршоонд оёдолчин, нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-гийн ***-г 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хоршоонд оёдолчин, нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР