Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00121

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **аймгийн **сумын, ** дүгээр баг, ** байранд байрлах, **банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн ***сумын ** дугаар баг, **оршин суух хаягтай, **овогт ** /**/,  

Хариуцагч: **аймгийн **сумын ** дугаар баг, **оршин суух ** /**/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,069,341.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч **, ** нар нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MN700034150801849098 тоот зээлийн гэрээг байгуулан **банкны **салбарын харьяа Орхон тооцооны төвөөс 20,000,000 төгрөгийн малчны зээлийг 24 сарын хугацаатай сарын 1,5 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, **аймгийн **сум, ** дугаар баг, *хаягт байрлах **толгой мал болон гэр, зурагтыг барьцаалан авсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 95 хоног хугацаа хэтэрсэн тул зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтыг зөрчиж зээлийн гэрээний хавсралт 1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч **, ** нараас үндсэн зээлийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөг, хүүгийн өр 1,057,998.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 11,342.47 төгрөг, нийт өнөөдрийн байдлаар 16,069,341.35 төгрөгийг гаргуулж **банкийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.  Зээлдэгч нар өнөөдрийн байдлаар 2024 оны 05-р

сарын 20-ны өдөр эргэн төлөгдөж дуусах байсан зээлийн үлдэгдлээс 15,857,090 төгрөг үлдсэн. Зээлдэгч нартай энэ оны 3 дугаар улиралд багтаан төлүүлэх саналыг гаргаж байна. Энэ төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч **нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид тус салбараас 2022 оны 05 сард 3,000,000 төгрөгийн зээл авч 4,500,000 төгрөгөө бүрэн төлсөн бид 10,000,000 төгрөгийн зээл аваагүй юм. Тухайн үед зээлийн гэрээгээ банкнаас авах гэж шаардахад **банкны **тооцооны төвийн эрхлэгч **нь гэрээгээ тэгж байгаад дараа авчих гэж биднийг хуурч авч үлдсэн. Бид тухайн үед түүнд итгэсэн, ийм үйлдэл хийнэ гэж ч бодоогүй тул гэрээгээ авах талаар ач холбогдол өгөөгүй, авна даа гэж яваад хөдөө байдаг, мал ахуй гэж завгүй яваад мартсан байсан. Гэтэл **банкны **тооцооны төвийн эрхлэгч 3,0 сая төгрөгийг 10 сая болгон өөртөө авч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж биднийг олон сая төгрөгийн зээлийн өрөнд оруулж байгаад гомдолтой байна. Сүүлд зээл нэмж авсан нь мэдэгдмэгц ** зээлийг нэмэгдүүлж авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хугацаанд нь төлөөд явна гэж гуйсан боловч төлөөгүй байгаа учраас тус банк нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Энэ талаар түүний нөхөрт хэлсэн боловч би мэдэхгүй, төлөхгүй гээд байгаа болно.

** бидний зээл дээр нэмж зээл авч өөртөө ашигла гэж бид зөвшөөрөөгүй учир түүний банкийг болон биднийг залилж хууль бусаар авсан зээлийг бид төлөхгүй, төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна...” гэжээ.

 

Хариуцагч ** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас авсан зээлийн 20 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг бид хоёр авсан. Бусад мөнгийг **авсан. Бид хоёр **холбогдож, тохироод зээлээ төл гэсэн шаардлагыг тавьсан. Зээл төлөх хугацааг энэ 6 сараас эхлэн энэ ондоо багтаан төлж барагдуулна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **банк нь хариуцагч ** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,069,341.35 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 212,251.35 төгрөгөөр багасгаж, 15,857,090 төгрөг нэхэмжилж, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн МN700034150801849098 тоот зээлийн гэрээнд үндэслэжээ.  

Хариуцагч ** нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, **банкны **сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан ** бидний зээл дээр нэмж өөртөө зээл авсан учир зээлийг бид төлөх үндэслэлгүй, бид зээл ав гэж түүнд зөвшөөрөөгүй...” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бид өөрсдийн зээлийг төлсөн, банкны нэхэмжилж байгаа зээлийг төлж барагдуулахад хүндрэлтэй, зээлийг ойрын хугацаанд төлж барагдуулах боломжгүй...” гэж тус тус тайлбар гаргаж маргана.  

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр МN700034150801849098 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч ** нар нь 20,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 3-4/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолд “…** нь **банкны **сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч ** зээл хүссэн дүн дээр 16,920,000 төгрөгийг нэмж авсан үйл баримтыг тогтоож..., шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.  

Дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт “...хохирогч **банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүгдэгч ** хохирол нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай...” гэжээ.

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн 16,920,000 төгрөгийг **банкны *сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан ** албан тушаалын байдлаа ашиглаж завшсан үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж тогтоосон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул тухайн үйл баримтыг дахин нотлохгүй.

Мөн тухайн зээлээс хариуцагч ** нар нь 3,080,000 төгрөгийг зээлж авсан болох нь гэрчийн мэдүүлэг, харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна гэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйл баримтыг тус тус дүгнэсэн байна.

Хариуцагч ** нар нь өөрсдийн авсан зээлийг төлж барагдуулсан гэж тайлбар гаргаж байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** зээлдэгч нар нь зээлийн үүргийн гүйцэтгэлд 5,646,551 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбар гаргаж байгаа тул 3,080,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэл төлөгдсөн гэж шүүх дүгнэв.  

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,857,090 төгрөг гаргуулах **банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 238,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.АЛГИРМАА