| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00224/И |
| Дугаар | 301/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2025/00212
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 301/ШШ2025/00212 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Д.Э-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Э миний бие 1970 онд төрсөн. Би 1991 оны 01 дүгээр сараас одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа. Миний 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 05 дугаар сарыг дуустал А аймгийн Э сумын Х нэгдэлд мал маллаж байсан хугацааны баримт сумын Засаг даргын тамгын газрын байр шатсаны улмаас устаж, үгүй болсон. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж байна. Миний малчны тэтгэвэр тогтоолгох хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болж байгаа. Иймд миний А аймгийн Э сумын Х нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд сургуулиа төгсөөд аавынхаа хонин суурьт малчнаар ажиллаж байсан. Ажиллаж байгаад 1989 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд нэгдэл тартал буюу 1992 он хүртэл ажиллаж байсан. Би өөр орон нутаг руу шилжиж ажиллаж байгаагүй. Би А аймгийн Э сумын Х нэгдлийн Т бригад буюу Т бригадад ажиллаж байсан. Нэгдлийн хувьчилж авахаас өмнө нэгдлийнхээ зөвшөөрлөөр түрээсээр мал авч малладаг байсан. Нэгдлийн харьяа нэгдлийн зөвшөөрлөөр мал малладаг байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 263 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Э сумын Х нэгдлийн1990 оны баримтыг шүүн үзэхэд Д.Э-т холбогдох материал гараагүй, 1991-1992 онуудын баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч Д.Э-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Ч.Ж-ийн шүүхэд өгсөн “1973 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдэлд адуучин, жолоочоор ажиллаж байсан. Д.Э нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд татагдсан. 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Э сумын Х нэгдэлд аавтайгаа хамт хонь маллаж байсан. Д.Э нь аав Д-гийн хонин суурьт туслах хоньчноор ажиллаж байсан. Д.Э нь 1990 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдлийн Т бригадад малчнаар ажилласан. А аймгийн Э сумын Х нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Э сумын Х нэгдлийн даргаар н.П гэдэг хүн ажиллаж байсан. Д.Э нь нэгдэлд ажиллаж байхдаа нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Э-той нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.М-ын шүүхэд өгсөн “Би 1981 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Э нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд аавтайгаа хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд А аймгийн Э сумын Х нэгдэлд аавтайгаа хамт мал малласан. Д.Э нь 1990 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдлийн Т бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Э-ын А аймгийн Э сумын Х нэгдэлд аав Д-гийн хонин суурьт туслах хоньчноор ажиллаж байсан. А аймгийн Э сумын Х нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Э сумын Х нэгдлийн даргаар н.Б, н.П нар ажиллаж байсан. Д.Э нь нэгдэлд ажиллаж байхдаа нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Одоо ч А аймгийн Эрдэнэмандал суманд мал маллаж байгаа. Би Д.Э-той нэг нутгийн хүмүүс, нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Д.Эын 1992 оны 06 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/190 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 34 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Э сумын Х нэгдлийн өмч хувьчлалын комиссын материалд нэрсийн жагсаалтын 21-т Д.Э, ХОЭБ-ийн сери дугаар-083625, их хувьчлалын хөрөнгө-7262, адуу 1- 350, үхэр 1-2000, хонь 5-2150, ямаа 1-150, бусад хөрөнгө-1612 гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Эын А аймгийн Э сумын Х нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 263 тоот тодорхойлолт,
- Д.Эын 1992 оны 06 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/190 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 34 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Э сумын Х нэгдлийн өмч хувьчлалын комиссын материал,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.М, Ч.Ж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Э нь А аймгийн Э сумын Х нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.Э-ын А аймгийн Э сумын Х нэгдэлд1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН