Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00215

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00215

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Н.Д-гийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Н.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Н.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Д миний бие 1970 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн И сумын Х эмнэлэг ээлжийн асрагчаар тасралтгүй 7 жил ажилласан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь 1992 оны дэвтэр дээр бичигдсэн архивын лавлагаа гарахгүй мөн ажилд орсон тушаал байхгүй тул ажилласан жил хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс, 1992 оны хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн И сумын Х эмнэлэг 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А аймгийн И сумын Х эмнэлэг 1989 онд ажилд орж байсан. Одоог хүртэл асрагчаар ажиллаж байна. Би хөдөлмөрийн дэвэртээ ажилд орсон тушаалаа бичүүлээгүй байсан. Энэ нь миний алдаа байсан. А аймгийн И сумын Х эмнэлэг миний ажиллаж байсантай холбоотой баримтууд шатчихсан гээд гарахгүй байгаа. Би 1989 оны 09 дүгээр сараас эхлэн буюу 10 дугаар ангиа төгсөөд ажиллаж эхэлсэн. Иймд миний  А аймгийн И сумын Х эмнэлэг 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995  оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 220 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт И сумын Х эмнэлгийн 1989-1995 онуудын баримт шилжиж ирээгүй тул Н.Д-д лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - Н.Д-д 1989 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:

  • 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Х эмнэлгийн даргын тушаалаар асрагчаар авч ажиллуулав гэсэн бичилттэй,

- И сумын Х эмнэлэгт 1989 онд ажиллаж байх хугацаандаа авахуулсан зураг гэсэн тайлбартай Гэрэл зураг,

- 1990 онд И сумын Х эмнэлэгт ажиллаж байсан ажилчид гэсэн тайлбартай Гэрэл зураг,

- Н.Д-гийн ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт:

  • 1995 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан цалин бичилттэй,

 

            2.2.  Хүсэлт гаргагч Н.Д-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Д.Ж-ын шүүхэд өгсөн “Би 1980 оноос 1989 оныг хүртэл А аймгийн И сумын Х бригадад бага эмч, 1989 оноос 2010 оныг хүртэл А аймгийн И сумын Х эмнэлэг, И сумын Эрүүл мэндийн төвд эх барих бага эмчээр тус тус ажиллаж байсан. Н.Д нь намайг А аймгийн И сумын Х эмнэлэг ирж ажиллахад Х эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Н.Д нь 1989 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Х эмнэлэг, И сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан. Н.Д нь А аймгийн И сумын Е боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш одоог хүртэл А аймгийн И сумын Х эмнэлэг одоог хүртэл ажиллаж байгаа. А аймгийн И сумын Х эмнэлэг асрагчаар Т, Д, Б нар ажиллаж байсан. А аймгийн И сумын Х эмнэлгийн даргаар н.Б, н.О нар ажиллаж байсан. Н.Д нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Х эмнэлгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. А аймгийн И сумын Х эмнэлэг 20 гаран ажилчин ажилладаг байсан. Би Н.Д-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,

             Гэрч С.Б-гийн шүүхэд өгсөн Би 1988 оноос 2013 оныг хүртэл А аймгийн И сумын Х эмнэлэг, И сумын Э мэндийн төвд тогооч, асрагчаар ажиллаж байсан. Н.Д нь 1989 онд А аймгийн И сумын Х эмнэлэг асрагчаар ажилд орж байсан. 1989 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Х эмнэлэг, И сумын Э мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан. Н.Д нь А аймгийн И сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. А аймгийн И сумын Х эмнэлэг асрагчаар Д, би, Т, Г нар ажиллаж байсан. А аймгийн И сумын Х эмнэлгийн даргаар н.Ж, н.О, н.Н нар ажиллаж байсан. Н.Д нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн И сумын Х эмнэлгээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. А аймгийн И сумын Х эмнэлэг 28 ажилчин ажилладаг байсан. Би Н.Д-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг,

                                                                                    

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/173 тоот албан бичигт: Тус газрын архивт Н.Д нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-01/2342 тоот лавлагаанд: А аймгийн И суманд оршин суух, Н.Д, охин, 18 настай, эмэгтэй .. гэсэн,

- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн И суманд оршин суух, Н.Д, охин, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-10 дугаар ангийн сурагч...  гэсэн,

- Б.Б-ийн төрсний ХААТР-11 маягтад 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эхийн нэр Н.Д, ажилладаг байгууллага-Сумын Х эмнэлэгт, эрхэлдэг ажил-асрагч гэсэн,

- Б.С-ийн төрсний ХААТР-11 маягтад 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эхийн нэр Н.Д, ажилладаг байгууллага-Х эмнэлэгт, эрхэлдэг ажил-сувилагч гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Н.Дгийн А аймгийн И сумын Х эмнэлэг 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 220 тоот тодорхойлолт,

            - Н.Д-д 1989 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- И сумын Х эмнэлэгт 1989 онд ажиллаж байх хугацаандаа авахуулсан зураг гэсэн тайлбартай Гэрэл зураг,

- 1990 онд И сумын Х эмнэлэгт ажиллаж байсан ажилчинд гэсэн тайлбартай Гэрэл зураг,

- Н.Д-гийн ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/173 тоот албан бичиг,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03-01/2342 тоот лавлагаа/,

- Б.Б-ийн төрсний ХААТР-11 маягт,

- Б.С-ийн төрсний ХААТР-11 маягт

- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Ж, С.Б нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.Д нь А аймгийн И сумын Х эмнэлэг 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар  ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт  Н.Д-гийн А аймгийн И сумын Х эмнэлэг 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН