| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/02896/И |
| Дугаар | 210/МА2021/00884 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/00884
| 2021 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2021/00884 |
М.П-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00511 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.П-ын хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан 8 500 000 төгрөг гаргуулах үндсэн, 2 249 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.П- нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б.Б-тэй түрээсийн гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1, 2 дугаар давхрыг 1 жилийн хугацаатай, зочид буудлын зориулалттайгаар түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг талууд сард 5 500 000 төгрөг байхаар, төлбөрийг 2 сар тутамд төлж байхаар харилцан тохиролцсон. Мөн барьцаа болгож 3 000 000 төгрөгийг түрээслүүлэгч талд гэрээний дагуу хадгалуулсан. Талууд анх гэрээ байгуулах үед тухайн объектод зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй байсан ба гэрээний 4.1 дэх заалтын дагуу түрээслүүлэгч нь тусгай зөвшөөрлийг цааш нь сунгах ёстой байсан. Гэвч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж зөвшөөрлөө сунгуулж чадаагүйн улмаас гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Нэгэнт тусгай зөвшөөрөлгүй болсон тул манай үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд тусгай зөвшөөрлөө сунгуулж өгөхийг удаа дараа шаардаж уулзсан боловч тэрээр ...өнөө маргаашгүй болох гэж байна. 1 сарын түрээсийн төлбөрөө төлж бай хэмээн дахин 1 сарын төлбөр 5 500 000 төгрөгийг Б.Б- нь авсан. Хамгийн сүүлийн төлбөр шилжүүлсний дараа тусгай зөвшөөрөл сунгагдаагүй тул цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсноо тайлбарлан, барьцааны мөнгө болох 3 000 000 төгрөг, сүүлийн сарын илүү төлсөн 5 500 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөгийг буцаан авах хүсэлт тавихад хүлээн аваагүй бөгөөд өгөх боломжгүй, мөнгө байхгүй гэх мэт хууль бус тайлбар өгнө үл ойлголцол үүсээд байна. М.П- тухайн объектыг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20 өдөр хүртэл 4 сар ашигласан ба энэ хугацаанд сантехник болон урсгал засварын зардалд 2 560 000 төгрөг зарцуулсан байдаг. Мөн Б.Б- нь гэрээний 4.1 дэх заалтад заасан объектыг хүлээлгэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай стандарт эд хэрэгсэл нь дутуу байсны улмаас нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заагаагүй үүрэг хүлээж 1 760 000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргасан. Гэвч нэхэмжлэгч нь урсгал засварын болон нэмэлт зардлуудыг нэхэмжлэхгүй, зөвхөн барьцааны болон илүү төлсөн түрээсийн төлбөрөө нэхэмжилж байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд орлого олох боломжоо алдсан. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн иргэн Б.Б-ээс барьцааны мөнгө 3 000 000 төгрөг, илүү төлсөн 5 500 000 төгрөг, нийт 8 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заасан. Талуудын хооронд гэрээ байгуулах үед Б.Б- нь зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй, гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл байхгүй, өөрөөр хэлбэл гэрээ хэлцэл хийх эрх бүхий этгээд биш байна. Түүнчлэн уг гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд түрээслүүлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй буюу алданги тооцох эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Түрээсийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч М.П-оос нийт 29 820 000 төгрөг хариуцагч Б.Б-ийн данс руу шилжсэн, энэ талаар маргахгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан болно. Гэрээний 2.5 дахь заалтаар сар бүрийн 07-ны өдөр түрээсийн төлбөрийг 2 сараар тооцон 11 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон. Гэтэл 2 сараар өгөөгүй зөвхөн 1 сараар төлбөр өгөхдөө байнга хугацаа хэтрүүлж шахаж шаардуулж байж төлж ирсэн. Түрээсэлсэн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 5 сарын хугацаанд 27 500 000 төгрөг төлөхөөс 24 500 000 төгрөг төлсөн ба үүнээс 3 000 000 төгрөг дутуу төлсөн. Мөн түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул гэрээний 2.4, 2.5, 3.1 дэх заалтын дагуу алдангид нийт 2 249 500 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 3 000 000 төгрөг болон алданги 2 249 500 төгрөг, нийт 5 249 500 төгрөг болж байгаагаас гэрээний 2.6 дахь заалтын дагуу 3 000 000 төгрөг суутган авч үлдэгдэл 2 249 500 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь өөрөө талуудын хүсэл зорилгын үндсэн дээр байгуулагдсан, бичгээр хийгдэх хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн дагуу гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасны дагуу нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулсан. Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч М.П-оос нийт 29 820 000 төгрөг хариуцагч Б.Б-ийн данс руу шилжсэн байна. Бид энэ талаар маргахгүй. Гэхдээ эдгээр мөнгөний зарим хэсгүүд дэн буудал ашиглалтын зардалд зарцуулагдсан байгаа. Гэрээний хавсралтад сард 380 000 төгрөгийн ашиглалтын зардал өгнө гэсэн заалт байгаа ч нэхэмжлэгч нийт ашигласан 4 сарын 1 520 000 төгрөгийн ашиглалтын зардлыг төлөөгүй. Цаашлаад нэхэмжлэгч нь дураараа үл хөдлөх эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээсэлсэн үйл баримт ч тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь Ш.Өлзийсайхан гэдэг хүнд түрээсэлж гэрээгээ зөрчсөн гэдэг нь хэргээс харагдана. Нэхэмжлэгч гэрээ дуусах болсон шалтгааныг ...тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хариуцагч сунгах үүргээ биелүүлээгүй гэж байгаа нь баримтаар нотлогдоогүй. Холбогдох байгууллагаас шалгалт ирээгүй, мэргэжлийн хяналтын газраас ямар ч бичгээр дүгнэлт ирээгүй. Түрээсийн гэрээний дагуу хөрөнгийг ашиглах боломжгүй болсон гэдэг нь тогтоогдоогүй. Харин тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс бүх нийтийг хамарсан цар тахал болж зочид буудлын бүх үйл ажиллагаа зогссон учраас нэхэмжлэгч нь ...үйлчлүүлэгчгүй болсон гарлаа гэхэд нь хариуцагч ...та нар 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө төлөөд гараарай гэсэн. Хариуцагч талаас анхнаасаа ...тусгай зөвшөөрөл 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан, тусгай зөвшөөрөл сунгахад хугацаа орно бүрдүүлэлт хийдэг шүү гэж сануулсан. Нэхэмжлэгч өөрөө ...энэ хугацаанд ямар нэгэн юм болбол бид өөрсдөө энэ асуудлаа зохицуулна гэж хэлсэн байгаа. Гэрээний дагуу нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэлээ гаргах байтал 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу алданги 2 249 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 5 253 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.П-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 246 622 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.П-оос 253 378 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 996 122 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 8 251 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо: Түрээслэгч түрээсийн төлбөрийг 2 сараар буюу 11 000 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байсан. Гэтэл түрээсийн төлбөрийг 7 удаа 400 000 төгрөгөөс 4 500 000 төгрөгөөр байнга дутуу төлж зөвхөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэг удаа 5 100 000 төгрөг төлсөн. Түрээслэгчийн хувьд түрээсийн төлбөрийг гэрээний 2.5-т заасны дагуу сар бүрийн 07-ны өдөр төлөхгүй байгааг анхааруулж, алданги авахыг сануулж түрээсийн гэрээний ар талын хуудсанд гэрээг цуцлах тухай гэх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны баримтыг үйлдэж гэрээний 6.4.5 дахь заалтыг зөрчсөн тул гэрээг цуцалж байна гэж мэдэгдэхэд түрээслэгч зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй. Үүнээс хариуцагчийн буруутай үйлдлээс гэрээг дуусгавар болгосон гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээслэгчийн ажиллаж байх үед төрийн байгууллагаас зевшеерлийг шалгаж үйл ажиллагаанд нь саад учруулсан удаа огт байгаагүй. Гэтэл Улсын Онцгой Комисс-ын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний хурлын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тавигдаж, албан байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гарсны улмаас түрээслэгч 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эд зүйлээ ачин зочид буудлаас гарсан байсан. Дээрх байдлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цуцлах гэсэн түрээслүүлэгчийн мэдэгдлийг хүлээн авахгүй байсан түрээслэгч зочид буудлыг гэнэт хааж, гэрээний 5.2-т заасныг ноцтой зөрчсөн нь тогтоогддог. Түрээслэгч тусгай зөвшөөрөлгүйн улмаас ажиллах боломжгүй болж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зочид буудлаас гарахад хүрсэн гэх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтаар нотолж чадаагүйг анхаарч үзэхийг хүсч байна. Түрээслэгч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зочид буудлаас гарч яваагүй, гэрээг дуусгавар болгоогүй нь шүүхийн шийдвэрт дурдагдсан 12 сарын түрээс болон ашиглалтын зардалд 5 590 000 төгрөг төлсөн байдлаар үгүйсгэгдэн няцаагдаж байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Ковид-19 цар тахлын улмаас хорио тавигдсанаас ашиг орлого олох боломжгүй боллоо гэж үзэн түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зочид буудлыг хаан явсан нь нотлогддог. Учир нь гэрээний 2.6 дахь зааснаар ашиглалтын зардалд сар бүр 380 000 төгрөг төлөх байсан тул түрээсийн 5 сарын хугацаанд хог, ус, дулаанд нийт 1 900 000 төгрөг төлсөн байна. Түрээслэгч цахилгааны мөнгийг огт төлөөгүй тул түрээслүүлэгчээс төлж барагдуулсан. Шүүх гэрээний дагуу барьцаанд өгсөн 3 000 000 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 1 900 000 төгрөгийг Б.Б-т шилжүүлсэн гэх 29 820 000 төгрөгийг хасч түрээст төлсөн мөнгийг гаргаагүй, шилжүүлсэн бүх мөнгийг түрээсийн төлбөрт төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Нийт шилжүүлсэн 29 820 000 төгрөгөөс барьцааны 3 000 000 төгрөг, ашиглалтын 1 900 000 төгрөг буюу 4 900 000 төгрөгийг хасахад түрээсийн төлбөрт 24 920 000 төгрөг төлсөн болох нь нотлогддог. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 5 сар 21 хоногийн хугацаанд түрээсийн төлбөрт 5 сараар тооцоход 27 500 000 төгрөг төлөх байсан тул төлсөн 24 920 000 төгрөг хасахад 2 580 000 төгрөг дутуу төлсөн нь тогтоогддог. Шүүх урьдчилан мэдэгдээгүй нэхэмжлэгчид сүүлийн сарын түрээсийн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түрээсийн төлбөрт төлсөн баримтыг шүүх яагаад үнэлж, дүгнээгүй талаар шийдвэртээ дурдаагүй орхигдуулсан нь хэт нэг талд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг зөрчсөн гэх баримт байдаггүй. Харин нэхэмжлэгч М.П- нь гэрээний 3.3-т заасныг зөрчин Ш.Өлзийсайхан гэх хүнд давхар түрээслэн энэ хүн түрээсийн бүх төлбөрийг шилжүүлсэн. Түүнээс гадна түрээсийн төлбөрийг цаг тухайд нь бүтнээр нь бүрэн төлж байсан удаагүй болно. Шүүх гэрээний 2.7-д заасан барьцааны 3 000 000 төгрөгийн 20 хувь буюу 600 000 төгрөгийг элэгдэлд тооцон хасч 2 400 000 төгрөг буцаан олгох заалтыг огт дурдалгүй хэргийг шийдсэн. Гэтэл гэрээний 2.6 дахь заалтаар барьцаа 3 000 000 төгрөгөөс аливаа хохирол, төлбөр үүсвэл үл маргах журмаар түрээслүүлэгч захиран зарцуулах эрхийнхээ дагуу түрээсийн төлбөрт дутуу төлсөн байгаа 2 580 000 төгрөгийг 2 400 000 төгрөгөөс авахад хариуцагч 180 000 төгрөгөөр хохирч үлдэж 5 байгааг анхаарч үзсэнгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан алданги болох 2 242 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг үндэслэлгүйгээр хэт багасган 253 346 төгрөг болгосныг зөвшөөрөхгүй гомдолтой байгаа тул алдангийг бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг зөрчин 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр буюу 7 сарын дараа нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэгч Б.Б-ээс 5 253 378 төгрөг гаргуулах заалтыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлээр шаардсан 2 242 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч М.П- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 8 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болох ба уг хугацаанаас хойш төлсөн 5 500 000 төгрөгийг барьцааны 3 000 000 төгрөгийн хамт буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, харин хариуцагч нь түрээсийн байрыг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ашиглаж, үйл ажиллагаа явуулсан тул энэ хүртэлх хугацааны мөнгийг төлөх ёстой, мөн барьцааны мөнгийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй алдангид суутгасан гэж татгалзлаа тайлбарласан байна.
Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр Б.Б- нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1, 2 дугаар давхрыг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар, дэн буудлын зориулалтаар М.П-т түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг сарын 5 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Түрээслүүлэгчээс түрээсийн байрыг гэрээний дагуу хүлээлгэн өгсөн, түрээслэгч түрээсийн зүйлийг 4 сарын хугацаанд зориулалтын дагуу ашиглаж, түрээсийн төлбөрт 24 870 000 төгрөг төлсөн, мөн ашиглалтын зардалд 1 950 000 төгрөг, барьцаа гэж 3 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргахгүй байна.
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дэн буудлын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.2.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг цуцалж, дуусгавар болжээ. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож, түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг-ээ түрээслэгч буюу нэхэмжлэгч биелүүлээгүй, тэрээр 37 хоногийн дараа байрыг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.
Түрээслүүлэгч болох хариуцагч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсноос хойш эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд өөрт учирсан хохирлыг хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийн хэмжээгээр тооцож төлөхийг шаардах эрхтэй.
Талуудын харилцан тохиролцож тогтоосон 1 сарын 5 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн хэмжээнээс нэг хоногийн түрээсийн төлбөрийг 183 339 төгрөг гэж шүүх тооцсон нь үндэслэлтэй бөгөөд түрээсийн гэрээний хугацаа болох 134 хоногийн болон түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд байлгасан 37 хоног, нийт 171 хоногийн төлбөрийг шаардах эрх түрээслүүлэгч Б.Б-т үүссэн гэж тооцвол нийт 31 350 969 төгрөгийн төлбөрийг түрээслэгч М.П- Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй болно.
Түрээслэгч М.П- нь түрээсийн гэрээний хугацаанд болон гэрээ дуусгавар болсноос хойш нийт 29 820 000 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаангүй.
Дээрхээс дүгнэвэл М.П- нь төлбөл зохих төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул 8 500 000 төгрөгийг илүү төлсөн гэх үндэслэлээр хариуцагчаас мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхгүй байна. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Талууд түрээсийн гэрээний 2.4, 2.5 дахь заалтаар төлбөрийг 2 сараар буюу 11 000 000 төгрөгийг сар бүрийн 7-ны өдөр төлөхөөр, гэрээний 3.1-д зааснаар дээрх хуваарь, хэмжээг зөрчвөл хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Гэрээний тохиролцооноос үзвэл түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 2 сар тутам төлөх тул 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 11 000 000 төгрөгийг, 12 дугаар сарын 07-ны өдөр 11 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байх ба 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 500 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 10 100 000 төгрөг, нийт 22 600 000 төгрөгийг төлснөөс үзвэл гэрээнд заасан хуваарийг зөрчөөгүй, алданги төлөх үүрэг үүсээгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлээр 2 249 500 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх сөрөг шаардлагыг 253 378 төгрөгөөр хангасанд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийн дүгнэлт болон шийдлийг хэвээр үлдээв.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч М.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагчаас 99 004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид гэснийг, тус тус гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 145 892 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.ОТГОНЦЭЦЭГ