Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

 

 

 

    2024          01             02                                        2024/ДШМ/33

 

Н.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/854 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Дийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2305023501426 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Олхонууд овгийн Н.Д, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-565 тоотод оршин суудаг, /РД:УХ93112054/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/992 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,

Н.Д нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч У.Нийн халааснаас түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч У.Нийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” загварын гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олхонууд овогт Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Дид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 253 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Дид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын 13 /арван гурав/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Дид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн ба хохирогч гомдол, саналгүй байгаа. Хохирол төлсөн баримт хавтас хэрэгт авагдсан. Миний ээж 68 настай, эхнэр ажилгүй, гэртээ нялх хүүхдээ хардаг. Би гэр бүлээ тэжээж, асардаг учир дээрх байдлуудыг минь харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.       

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 3 удаа холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд дээрх ялыг оногдуулсан. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчимыг баримталж санал ялын  гаргасан. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа холбогдож байгаа учир шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзсэн тул эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Н.Дийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Прокуророос Н.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Дид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 253 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Дид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын 13 /арван гурав/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Дид холбогдох хэргийг нэмж нэгтгэхдээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл заалтыг хэрэглэхдээ үндэслэлээ заагаагүй ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан бичигт “...Н.Д нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 347 хоногийн ялыг эдэлж, 383 хоногийн үлдэгдэлтэй байна. ...” гэсэн тодорхойлолт авагдсан байхад прокурор, шүүх шүүгдэгч Н.Дид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хоногийг 253 хоног гэж дээрхээс илтэд зөрүүтэй дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Дийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч Н.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/854 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Н.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР

 

                             ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧ                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ