| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00225/И |
| Дугаар | 301/ШШ2025/00219 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2025/00219
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 301/ШШ2025/00219 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Г овогт О.Т-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Т, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Т нь 1975 онд А аймгийн Э сумын10 жилийн сургуульд 1 дүгээр ангид орж суралцсан боловч 1978 онд ар гэрийн гачигдлаар 3 дугаар ангиасаа сургуулиасаа гарч дахин сургуульд суугаагүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч үүнтэй холбоотойгоор ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандаж байна. О.Т нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаар орж 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ардын цэргийн албанд татагдаж яваад 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс мөн нэгдэлд малчнаар орж 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажиллаж байснаа нотолсон тушаал, бусад нотлох баримтуудыг аймгийн архиваас лавлагаа давхар авч ирж тэтгэвэр тогтоолго гэж нийгмийн даатгалын байгууллага зөвлөсөн боловч Х нэгдлийн архив шатсантай холбоотой зарим лавлагаа гарахгүй байна. Аймгийн архиваас өмч хувьчлалын материал гарч ирсэн. Мөн өөрт нь хадгалагдаж байсан нэгдлийн гишүүний үнэмлэх, баярын бичиг байгаа. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн О.Т-ыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 настайдаа сургуульд ороод 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Цэргээс ирээд Б гэдэг хүний фирм дээр ажиллаж байсан. Ээж саальчин, аав малладаг байсан. Би тугал хариулдаг байсан. Би цалин 5,10 төгрөг авдаг байсан. Гэхдээ миний цалинг нэг гэрт амьдарч байсан болохоор аав, ээж маань авч байсан. Миний цалин миний нэр дээр цалин бодогдож байсан. Би өөр газар ажиллаж байгаагүй. 10 гаран саальчинтай байсан. Үхэрчин нь Б байсан. Хувьчлалаар 10 хонь, 3 адуу, 1 үхэр авч байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа. Манай бригадын тоо бүртгэгчээр Гонгор гэдэг хүн ажиллаж байсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- О.Тт 1990 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 243 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Э сумын Х нэгдлийн1983-1990 онуудын баримтыг шүүн үзэхэд О.Т-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн О байдлын газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17/219 тоот албан бичигт: Э сумын Засаг даргын тамгын газрын барилга эд зүйлсийн хамт 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цахилгаан монтажны угсралт, ашиглалтын буруугаас шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2968 тоот тодорхойлолтод: О овогтой Т 1995-2000 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдох баримт тус хэлтсийн архивт байхгүй байгааг тодорхойлов гэсэн,
- Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5749 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: О.Т-т БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар А аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 149 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 608731 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- О.Т-ын **** дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх,
- Х нэгдлийн ерөнхий хорооноос 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Тээл хэсгийн Төмөрбаатарт олгосон Баярын бичиг,
- А аймгийн Э сумынХ нэгдлийн өмч хувьчлалын комиссын материалд нэрсийн жагсаалтын 77-д О.Т-т, ХОЭБ-ийн серийн дугаар-086560, их хувьчлалын хөрөнгө-7112, адуу 1-1350, үхэр 1-2000, хонь 5-2150, бусад хөрөнгө-1612 гэсэн,
2.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч С.Б-гийн шүүхэд өгсөн “Би 1979 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Э сумынХ нэгдэлд фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. О.Т нь 3 дугаар анги төгссөн. Ээж нь тэгж ярьж байсан. 1986 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдэлд манай үнээний фермд тугалчнаар ажиллаж байсан. 1986 онд цэргийн албанд татагдсан. Цэрэгт явахаасаа өмнө тугалчин л байсан. Барилга дээр ажиллаагүй. 1988 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1988 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Э сумынХ нэгдэлд тугалчнаар ажиллаж байсан. О.Т нь манай үнээний фермд ажиллаж байсан. Би үнээний фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. Аав нь мал туугаад дүүтэйгээ дүүтэйгээ хоёулаа тугал хариулдаг байсан. Манай фермд үхэрчнээр О, би, тугалчнаар Т ажиллаж байсан. 5 саальчинтай. О.Т нь А аймгийн Э сумынХ нэгдэлд тугалчнаас өөр ажил хийж байгаагүй. О.Т-ын аав О, ээж Б нар нь А аймгийн Э сумын Х нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. А аймгийн Э сумын Х нэгдэл 1991 онд хувьчлагдсан. А аймгийн Э сумын Х нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. О.Т нь нэгдэлд ажиллаж байхдаа нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би О.Т-тай нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Цэргээс ирээд эцэг эхийн хамт миний ажиллаж байсан фермд тугалчнаар ажиллаж байсан нь үнэн. Ажилгүй байгаагүй” гэсэн мэдүүлэг,
- Гэрч П.Л-гийн шүүхэд өгсөн “Би 1976 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Э сумынХ нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. О.Т нь 3 дугаар ангид сурч байгаад сургуулиасаа гарсан. О.Т-ыг хэдэн оноос эхэлж нэгдэлд ажилласныг мэдэхгүй байна. О.Т нь сургуулиасаа гараад А аймгийн Э сумын Х нэгдлийн5 дугаар бригадад Б-н фермд тугалчнаар ажиллаж байсан. Тэр үед би фермд саальчин байсан. О.Т-ын аав нь үхэр хариулаад, ээж нь үнээ саагаад О.Т нь тугал хариулдаг байсан. О.Т нь А аймгийн Э сумын Х нэгдлийн 5 дугаар бригадад тугалчнаар ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдсан. 2 жилийн цэргийн алба хаасан. 1988 оны намар цэргийн албанаас халагдаж ирээд буцаад А аймгийн Э сумын Х нэгдлийн 5 дугаар бригадад тугалчнаар ажиллаж байсан. О.Т нь цэргээс ирээд А аймгийн Э сумын Х нэгдлийн 5 дугаар бригадад тугалчнаар ажиллаж байсан. О.Т нь цэргийн албанд татагдахаасаа өмнө А аймгийн Э сумын Х нэгдлийн 5 дугаар бригадад тугалчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан оныг нь мэдэхгүй байна. О.Т нь А аймгийн Э сумын Х нэгдлийн *** дугаар бригадад н.Б эрхлэгчтэй үнээний фермд тугалчнаар ажиллаж байсан. О.Т нь А аймгийн Э сумын Х нэгдэлд тугалчнаас өөр ажил хийж байгаагүй. А аймгийн Э сумын Х нэгдэл 1991 онд хувьчлагдсан. Нэгдэл тарах үед ферм дээр ажиллаж байсан. А аймгийн Э сумынХ нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. О.Т нь нэгдэлд ажиллаж байхдаа нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би О.Т-тай нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Барилгачин, ажилчин байсан гэж мэдэхгүй” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Н.М-ын шүүхэд өгсөн “Би 1978 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумынХ нэгдэлд малчнаар ажиллаж байсан. О.Т нь 1983 оноос 1986 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдэлд, 1988 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумынХ нэгдэлд тус тус тугалчнаар ажиллаж байсан. О.Т нь 1986 оноос 1988 оныг хүртэл цэргийн алба хаасан. О.Т нь А аймгийн Э сумын Х нэгдлийн Т бригадад ажиллаж байсан. О.Т нь аав нь О гэдэг хүн байсан. О.Т нь А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй. О.Т-ын барилгачнаар ажиллаж байсан талаар мэдэхгүй. О.Т нь 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаар ажилласан. Ажилгүй бол байгаагүй. А аймгийн Э сумын Х нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Э сумынХ нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. О.Т нь нэгдэлд ажиллаж байхдаа нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би О.Ттай нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.С-ын шүүхэд өгсөн “Би 1971 оноос 1975 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдлийн Т бригадад малчнаар, 1978 оноос 1981 оныг хүртэл А аймгийн Э сумын сум дундын эмнэлэгт жолоочоор, 1983 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдлийн даргын жолоочоор тус тус ажиллаж байсан. О.Т-ын ээж нь 1983 онд хөлөө хугалчхаад О.Т нь ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. 1983 оноос 1986 оныг хүртэл А аймгийн Э сумынХ нэгдлийн Т бригадад тугалчин, үхэрчнээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Э сумын Х нэгдлийн Т бригадад үхэрчнээр ажилласан. О.Т нь н.Б эрхлэгчтэй үнээний фермд үхэрчнээр ажиллаж байсан. О.Т-ын ээж Б нь н.Б эрхлэгчтэй үнээний фермд саальчнаар, аав О нь нэгдэлд малчнаар ажилладаг хүмүүс байсан. О.Т нь 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаар ажилласан. А аймгийн Э сумынХ нэгдлийн Б эрхлэгчтэй үнээний фермд саальчнаар Б, Л, И гэх мэт, үхэрчин, тугалчнаар Б, О, Т нар ажиллаж байсан. О.Т нь А аймгийн Э сумын Х нэгдэлд малчнаас өөр ажил хийж байгаагүй. О.Т нь барилгачнаар ажиллаж байгаагүй. А аймгийн Э суманд Б.Т, Л.Т гэж барилгачнаар ажилладаг хүмүүс байсан. О.Т бол барилгачнаар ажиллаж байгаагүй, малчнаар л ажиллаж байсан. А аймгийн Э сумын Х нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Э сумынХ нэгдлийндаргаар н.Б, Г нар ажиллаж байсан. О.Т нь нэгдэлд ажиллаж байхдаа нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би О.Ттай нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- О.Тын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: А аймгийн Э сум, 1968 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, ажилладаг байгууллага-бусад эх үүсвэр, эрхэлдэг ажил-ажилгүй, 1988.11.16 гэсэн,
- О.Тын ХААТР-21 /А/ маягтад: А аймгийн Э сум, О.Т-т, 1968 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн гэсэн,
- О.Тын гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр О.Т, А аймгийн Э сум, боловсрол-бүрэн бус дунд, нийгмийн бүлэг-малчин, 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/191 тоот албан бичигт: Тус газрын архивт О.Т-т нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-01/2574 тоот лавлагаанд: А аймгийн Э сумын хөдөө оршин суух, О.Т-т, хүү, 20 настай, эрэгтэй .. гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Э сумын хөдөө оршин суух, О.Т-т, хүү, 20 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-үгүй... гэсэн,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08/1544 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: О.Т-т БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар А аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 149 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 608731 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- О.Тын цэргийн албанд тэнцэгчдийн анкетад: О.Т-т, 1968 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 18 настай, халх, А аймгийн Э сум, Э суманд ажилтай барилгачин, 1985 онд 8 дугаар анги төгссөн, аав О 48 настай, хоньчин, эх Б нас 47 настай, саальчин 7 дүүтэй, 4 нь сургуульд, эгч Х нэгдлийн гуанзад тогооч, ял шийтгэгдэж яваагүй гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Тын А аймгийн Э сумынХ нэгдэлд1984 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- О.Тт 1990 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 243 тоот тодорхойлолт,
- А аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17/219 тоот албан бичиг,
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2968 тоот тодорхойлолт,
- Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5749 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- О.Тын 8651 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх,
- Х нэгдлийнерөнхий хорооноос 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т хэсгийн Т-т олгосон Баярын бичиг,
- А аймгийн Э сумынХ нэгдлийнөмч хувьчлалын комиссын материал,
- О.Тын гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр О.Т, А аймгийн Э сум, боловсрол-бүрэн бус дунд, нийгмийн бүлэг-малчин, 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/191 тоот албан бичиг,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-01/2574 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- О.Тын цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.Б, П.Л, Н.М, Д.С нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч О.Т нь А аймгийн Э сумынХ нэгдэлд1984 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч О.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г овогт О.Т-тын А аймгийн Э сумынХ нэгдэлд1984 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН