Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

 

 

    2024           01            02                                        2024/ДШМ/34

 

Н.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Алгирмаа,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Р.Булган,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Мд холбогдох 2310022130980 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Монгол овгийн Н.М, 1978 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “Мандалай леженд” ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 36 дугаар гудамжны 538 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЦЕ78082820/

Н.М нь “Ө.А.Д” ХХК-ийг төлөөлөн “М.С.К” ХХК-тай гэрээ хийхдээ “...“Ө.А.Д” ХХК нь “Терминус” брендийн алчуур хатаагч худалдаалах албан ёсны эрхтэй алчуур хатаагч нийлүүлнэ. ...” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ариун цэврийн өрөөний хатаагч нийлүүлэх гэрээг байгуулж гэрээгээр халхавчлан, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “М.С.К” ХХК-иас гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 30 болох 24.857.750 төгрөгийг “Ө.А.Д” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473050422 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Мөнхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овгийн Нанжидийн Мөнхтулгыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхтулгыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Мд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мас 24.857.750 /хорин дөрвөн сая найман зуун тавин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч “М.С.К” ХХК-нд олгож, шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М нь “Ө.А.Д” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд олон аж ахуйн нэгжтэй барилгын бараа материалын худалдаа, алчуур хатаагч нийлүүлэх бизнесийг хийж байсан болох нь хэрэгг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Тэрээр “М.С.К” ХХК-тай “Терминус” брендийн алчуур хатаагч нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаанд 24.857.750 төгрөгийг авсан бөгөөд уг брендийг өөрөө оруулж ирэхээр төлөвлөж байсан боловч тэр нь бүтэхгүй болж энэ талаараа гэрээлэгч компанид мэдэгдсэн байдаг. Н.Мд анхнаасаа бусдыг залилан мэхлэх ямар нэгэн санаа зорилго байгаагүй бөгөөд тэрээр уг алчуур хатаагчийг өөрөө дангаараа нийлүүлэх боломжгүй болохоор нь албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг этгээдээс уг алчуур хатаагчийг авч нийлүүлэх гэсэн боловч “М.С.К” ХХК нь татгалзснаар гэрээний дагуу барааг нийлүүлэх боломжгүй болсон байдаг.

Дээрх харилцаа нь гэрээний эрх зүйн харилцаа бөгөөд талуудын хоорондын гэрээний хариуцлагын асуудал үүссэн байгааг шүүх анхаарч үзэлгүй урьдчилгаа мөнгийг эргүүлж өгөөгүй учир залилан мэхэлсэн гэж дүгнэн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний үйлчлүүлэгч Н.М нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилго огт байгаагүй бөгөөд гэрээний урьдчилгаа мөнгийг эргүүлж өгөх гэсэн боловч гэрээ бүхий талаас мөнгөний оронд орон сууц авахгүй гэсэн байдаг. Уг гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн бөгөөд гэрээг цуцлах гарцаагүй нөхцөл байдал үүсгэхэд гэрээний эрсдэл бий болсон ба үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Иймд Н.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад анхнаасаа залилан мэхлэх санаа бодол байгаагүй. Харилцагч байгууллагын төлбөрийг төлж барагдуулна. Би одоогоор “Мандалай леженд” ХХК-д худалдааны менежер ажил эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотод тойрч борлуулалтын бараа бүтээгдэхүүнээ түгээж, захиалгаа авдаг ажил хийдэг. Надад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Үүнийг Улаанбаатар нутаг дэвсгэр болгон өөрчилж өгнө үү. Одоогоор ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Алгирмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх манай цахим хаягаар мөнгөө нэхэж авсан. Гэрээ байгуулах үед өөр хүний оффесыг “энэ манай оффес, манай бараа бүтээгдэхүүн” гэж итгүүлж, зохиомол байдлыг бий болгож залилсан. Түүнээс хойш төлбөрөө барагдуулаарай гэж удаа цахим болон зурвасаас мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Тэгээд ашиглалтад орсон эсэх нь мэдэгдэхгүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байрыг ав гэж хэлдэг бөгөөд манай төлбөрийг хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй байгаад байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. ...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүссэн” гэж хэлдэг. Залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас ялгах үндсэн шинж нь бусдын өмчлөлийг хуурч, итгэл эвдэх замаар үйлдэгддэг. Шүүгдэгч нь алчуур хатаагч худалдаалах албан ёсны эрхгүй этгээд бөгөөд өөрт байхгүй эрхийг бусдад байгаа мэтээр итгүүлээд хохирогчоос мөнгө шилжүүлэн авч залилсан байдаг. Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан үлэмж хэмжээний хохирол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байгаа юм. Мөн өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулаагүй. Тухайн мөнгийг зориулалтын дагуу бус хувийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд өр төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Н.М нь “Ө.А.Д” ХХК-ийг төлөөлөн “М.С.К” ХХК-тай гэрээ хийхдээ “...“Ө.А.Д” ХХК нь “Терминус” брендийн алчуур хатаагч худалдаалах албан ёсны эрхтэй алчуур хатаагч нийлүүлнэ. ...” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ариун цэврийн өрөөний хатаагч нийлүүлэх гэрээг байгуулж гэрээгээр халхавчлан, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “М.С.К” ХХК-иас гэрээн заасны дагуу үнийн дүнгийн 30 болох 24.857.750 төгрөгийг “Ө.А.Д” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473050422 тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ариун цэврийн өрөөний алчуур хатаагч нийлүүлэх гэрээ /хх 9-10/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 11, 17/, дансны хуулга /хх 70/  зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Алгирмаагийн “...Оросын холбооны улсын Терминус компанийн албан ёсны эрхтэй компани гэж бидэнд Мөнхтулга хэлж итгэл үнэмшил төрүүлж манай компанитай хамтран ажиллахаар болсон. Тэгээд гэрээ байгуулахаар тус компаниас бүтээгдэхүүний үнийн санал, сертификат бидэнд үзүүлсэн үнийн санал дээр албан ёсны борлуулагч “Ө.А.Д” ХХК гэж дурдсан байсан. Тэгээд гэрээг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр батлуулах үеэр манай хангамжийн мэргэжилтэн Гүрням нь тус компанийн оффес дээр очиход алчуур хатаагч нар олноороо байсан гэж бидэнд хэлсэн учраас манай компани үнэхээр бараа нийлүүлнэ гэж бодож бараа нийлүүлэх гэрээг хийж гэрээний урьдчилгаа болох 24.857.750 төгрөгийг “Ө.А.Д” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473050422 тоот дансанд шилжүүлэн хийсэн боловч тус компани нь бараа нийлүүлээгүй ба гэрээ байгуулаад удаагүй тус компанийг алчуур хатаагч нийлүүлдэг компани биш, мөн гэрээний үүргээ албан ёсны компанид шилжүүлмээр байна гэж манай компани руу цахим хаягаар мэдэгдсэн. Манай компаниас урьдчилгаа авсан мөнгөө эргүүлэн төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийг буцаан шилжүүлээгүй учраас халхавчилсан залилан хийсэн гэж үзэж байна. ...Компанид учирсан хохирлыг төлүүлмээр байна. ...” /хх 37-38/,

гэрч Б.Булганы “...2023 оны 02 дугаар сард байх “нэг байгууллагад алчуур хатаагч нийлүүлэх гэж байгаа юм, чи нэг үзүүлээд танилцуулаад өгөөч гэж” надад санал тавихаар нь би өөрийн зарагдаж байсан бараа бүтээгдэхүүн болох Терминус брэндийн цахилгаан алчуур хатаагчийг Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, “Вилла Верде” төслийн байранд очиж өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулсан. Тэгэх явцад “М.С.К” ХХК-иас Энхболд гэх залуу нь “та үзүүлэнгээ орхичих, би удирдлагууддаа үзүүлье” гэж хэлээд аваад үлдсэн. Түүнээс хойш Мөнхтулга манайхтай холбогдож “танайхаас захиалбал хэзээ ирэх вэ?, хэр удах вэ?, танайхаас ямар нөхцөлтэй нийлүүлэх вэ?” гэх мэтчилэн асууж лавлан, мөн манай бүтээгдэхүүний сертификат болон бусад баримтуудыг авсан. Тэгээд би Мөнхтулгаас “нөгөө компани чинь гэрээ хийнэ гэж байна уу, яахаар байна” гэж сүүлийн 1 сар нь асууж байсан. Тэгэж асуух болгонд “болоогүй байна, хүлээгдэж байна” гэж ярьдаг байсан. Тэгж байгаад манай дээр 03 дугаар сарын сүүлээр “М.С.К” ХХК-аас хүн ирээд манай бараа бүтээгдэхүүнийг бодитоор нь хараад явсан. Тэгсэн 04 дүгээр сарын 20-ны өдөр “М.С.К" ХХК-руу залгаад “алчуур хатаагчийн урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн юм уу” гэхэд “манай компаниас өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд Мөнхтулга руу яриад “мөнгө орсон гэж байна” гэхэд “би дансаа шалгаадахъя” гэж хэлэхээр нь би “чи мөнгийг нь 7 хоногийн өмнө авсан гэж байна, чи яагаад гэрээ хийхгүй байгаа юм бэ” гэхэд “одоо хийе” гэж хэлээд манай талаас гэрээг баталгаажуулаад явуулсан боловч Мөнхтулга “Эрээн явлаа” гэж хэлээд, дараа нь “хүнээр дамжуулан уулзъя” гэж байснаа өөрөө ирэхгүй алга болсон учир манай компаниас “М.С.К” ХХК-ийн Энхболдод “алчуур хатаагчийг манай компани нийлүүлдэг Мөнхтулга гэх хүн нь манайхаас алчуур хатаагч авна” гэж танай компаниас мөнгө авсан байна гэж мэдэгдсэн. ...” /хх 41-42/,

яллагдагч Н.Мөнхтулгын “...Би “Ө.А.Д” ХХК-д гүйцэтгэх захирлыг 2018 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Би 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ариун цэврийн хатаагч нийлүүлнэ гэж “М.С.К” ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээний дагуу урьдчилгаа гэж “Ө.А.Д” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473050422 тоот данс руу 24.857.750 төгрөгийг орж ирснийг аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ банк бус өрөө дарсан. Тэгээд үлдэгдэл бага зэргийн бага мөнгө байсныг хувийн ахуйн хэрэгцээнд ашиглаж дуусгасан. ...Би хохирлыг барагдуулаагүй байгаа, 08 дугар сард багтааж бүгдийг төлж барагдуулна. Надад хохирлыг төлж барагдуулах боломж байгаа. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Мөнхтулгыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Мөнхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Мд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булган “...Н.М нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго огт байгаагүй бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэрэг бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үйлдлээрээ бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Н.Мөнхтулгын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мөнхтулгын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ