| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/07258/И |
| Дугаар | 197/ШШ2025/04528 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/04528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* /*******/-д холбогдох
гэрээний үүрэг 1,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэг 1,936,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тул хөлс төлөх үүрэг үүсээгүй гэж маргасан.
2. Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Б3 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг түрээслэхэд хэлцэл хийх этгээдтэй хариуцагчийг холбож өгөх, хариуцагч нь хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.
3. Нэг талаас үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулах этгээдтэй холбож өгөх, ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсний төлөө нөгөө тал хөлс төлөх үүргийг хүлээж, харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
4. Нэхэмжлэгч зуучлалын гэрээний дагуу түрээслэгч этгээдтэй хариуцагчийг холбож өгсөн тул гэрээгээр тохиролцсон хөлсөө бүрэн авах ёстой гэснийг хариуцагч үгүйсгэж, түрээсийн гэрээ байгуулах этгээдийг хариуцагч өөрөө олж авсан, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч зуучлалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, хариуцагчид хөлс төлөх үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т Зуучлуулагч түрээслэгч болон зуучлагчтай хамтран 3 талт гэрээ байгуулсан тохиолдолд эхний сарын түрээсийн төлбөрийг ажлын хөлс болгон зуучлагч талд төлөх бөгөөд барьцаа төлбөрийг зуучлагч талын дансанд байршуулна, гэрээний 5.3.1-т Хөлс төлөх үндэслэл нь түрээслэгчийг олж, мэдээлэл хүлээлгэн өгөх, хүлээн авах актанд гарын үсэг зурсан явдал болно. Төлбөрийн мэдээлэл хүлээлгэн өгөх, хүлээн авах актанд гарын үсэг зурж зуучлуулагч тал мөнгө хүлээн авч захиалагч талын төлөөлөгчид тамга тэмдэгтэй баримт аван үйлчилгээний хөлсийг төлнө гэж тусгасан.
6. Хууль, гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд зуучлалын гэрээний дагуу зуучлагч буюу нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх этгээдтэй холбож өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл нь зуулчлалын үйл ажиллагааны үр дүнд хэлцэл хийх этгээдийн мэдээллийг зуучлуулагчид хүлээлгэн өгөх, улмаар зуучлагч, зуучлуулагч, түрээслэгчтэй хамтран гурван талт гэрээ байгуулагдсан байх явдал юм. Гэтэл энэ нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.
7. Тухайлбал талууд гэрээг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 19 хоногийн хугацаатай байгуулсан, энэ хугацаанд нэхэмжлэгч зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу маркетингийн судалгаа хийх, эд хөрөнгийн талаар мэдээлэл цуглуулах, зар сурталчилгааны ажил явуулах, хэлцэл хийх этгээдтэй холбогдох зэрэг гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч байгууллагын ажилтан *******ийн ******* гэсэн facebook хаягаас tureesiin bair гэсэн facebook группт 2024 оны 5 дугаар сарын 7, 15, 17-ны өдрүүдэд Бөхийн өргөөний уулзварт байрлах Токио резиденс 47 мкв оффис болон үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой талбай удаа хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөрийн нөхцөл 3+1 гэсэн зарыг нийтэлж байсан байх боловч энэ нэхэмжлэгчийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болож чадахгүй байхаас гадна зуучлалын гэрээний дагуу хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн болохыг нотлох баримт болж чадахгүй байна.
8. Харин хариуцагчийн гаргасан бичгийн баримтаар хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 07:45 минутанд БЗД бөхийн өргөөний хойно токио резиденс үйлчилгээний 47 м.кв талбай гарчигтай зарыг Unegui.mn цахим сайтад оруулж, уг зараа 2024 оны 10 сарын 5, 13, 19, 23-ны өдрүүдэд тус тус шинэчилж байсан нь тогтоогдож байх ба түүний одоогийн түрээслэгчийг нэхэмжлэгчтэй байгуулсан зуучлалын гэрээний дагуу бус өөрөө олж авсан гэх тайлбар, татгалзлыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
9. Иймд нэхэмжлэгчийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул зуучлалын хөлс 1,936,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 1,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,926 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН