| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 101/2024/07027/И |
| Дугаар | 317/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00305
| 2025 03 17 | 317/ШШ2025/00305 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод оршин суух, З*** овогт Л***н Н*** /РД: /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дүгээр баг, *** дугаар хороо, *** тоотод оршин суух, З*** овогт Ш***н Э*** /РД:/-д холбогдох,
15,410,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж,
Хариуцагч Ш.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Л****н Н*** миний бие *** дүүрэг, 27 дугаар хороо, 33-24 тоотод оршин суудаг бөгөөд иргэн Г.Ш-тэй энэ хаягандаа 20 гаруй жил хамтран амьдарсан. Энэ хугацаанд түүний зээ охин Б.О-ийг хамтран өсгөлцсөн. Хамтран амьдрах хугацаанд Г.Ш хүндээр өвчилж миний асрамжинд гэрийн эмчилгээнд байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан юм. Хүнд өвчтэй байх үедээ эрүүл мэндийн байдал нь цочмогоор гэнэт их мууддаг байсан. 2014 онд гэнэт муудахад нь төрсөн охин Ш.Э, охин Ш.Э, зээ охин О нарт мэдэгдэхэд тэд ирээд аав Г.Ш-дээ "Та амьд дээрээ Баруун салаанд өөрийн нэр дээр байгаа гэр бүлийн хэрэгцээний газраа зар" гэж зөвлөсөн. Учир нь хамтран амьдрагч Г.Ш Баруун салааны аманд орших *** дүүргийн 24 дүгээр хороонд харьяалагдах гэр бүлийн хэрэгцээний 0.7га газрыг *** дүүргийн Газрын албанаас 2015 онд авсан юм. Л.Н*** миний бие хүнд өвчтэй хүнийг зундаа агаар салхинд гаргах, алсдаа амьдрах зорилгоор Баруун салааны газрыг зохих хэмжээний хөдөлмөр, хөрөнгө шингээж тохижуулсан. Зээ охин Б.О нь өвөө Г.Ш-гээс итгэмжлэл авч "Б*** 0.7 га газар"-ыг зарах болоход нь миний бие энэ газрыг бусдад зарж борлуулахыг зөвшөөрөхгүй "Заруулахгүй" гэж татгалзаж байсан. Учир нь тэнд миний хөдөлмөр, хөрөнгө шингэсэн учраас надад хайран бас харамсалтай байсан. Үүнээс хойш охин Ш.Э нь 2 мауtі машин, 1 жижиг тэрэг, 10-аад хүнтэй ирж бид 2-ын амьдарч байсан иж бүрэн тавилгатай 3ш гэрийг дайчлан ачиж яваад дараа нь газар худалдан авах хүнтэйгээ тохиролцож зарсан байсан. Энэ үед миний бие 102-т дуудлага өгч *** дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдсэн боловч "Эд хөрөнгийн маргаан байна. Шүүхэд хандаж шийдвэрлүүлэх юм байна" гэсэн. Охин Ш.Э нь миний өмчлөл эзэмшлийн иж бүрэн тавилгатай 3ш гэрийг зарж борлуулаад Солонгос улс руу явсныг охин Б.О нь надад хэлсэн. Ш.Э одоо Монголдоо ирсэн байгаа учир дахин шүүхэд хандаж эд хөрөнгийн хохирол болох 15,410,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид энэ асуудлаар Ш.Э-гийн эгчид нь холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч эгч нь “би оролцоогүй, Ш.Э авсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. Ш.Э, Ш.Э хоёр нь аавынхаа байрыг банкинд тавиад алдсан гэсэн. Г.Ш нь манай дүүтэй амьдарч байсан. Бид нар бүгдээрээ нийлж газар аваад Г.Ш-гийн нэр дээр бичүүлсэн. 3 гэрийг хариуцагч 10 гаруй хүнтэй ирж ачиж явсан зураг байгаа. Бид нар газраа яаж авах уу гэхэд өмгөөлөгчтэй уулзвал та нарт тал газрынх нь мөнгө олдоно гэснээр олдсон. Энэ хүмүүс зугтаагаад алга болсон. Баянзүрх дүүргийн цагдаа нар хаяган дээрээ энэ хүмүүсийг байхгүй гэдэг. 2, 3 удаа зугтаагаад Төв аймгийн шүүхээр шийдүүлнэ гээд хэрэг наашаа шилжиж ирсэн. Баруун салаанаас гэр буулгаад машинтай ачиж байгаа хариуцагчийн өөрийнх нь зураг байна. Хариуцагчаас 3 гэрээ авмаар байна. Пийшин бүх юмыг ачиж явсан. Аав нь бол авч явах ямар ч боломж байхгүй хэвтэрт, ухаан нь орон гаран, настай хүн байсан. Ш.Э-гийн эгч нь шүүх хуралд ороход манай дүү л авсан байх, зах дээр аваачиж өгсөн байх. Надад авсан зүйл байхгүй гэж хэлсэн. Гэрэл зурагт Ш.Эгийн өөрийнх нь зураг байна. Өмгөөлөгч н.Э***гийн зураг байна. Ш.Э нь 3 гэрийг авч явсан. Аав нь мөн хамт авч явсан. Өмнө нь Г.Ш дээр нэхэмжлэл гаргаж байсан. Өмгөөлөгч аваад буруу хөөцөлдсөн байсан. Г.Ш нас барсан болохоор 1 жил хойшилсон. Г.Ш, Л.Н*** хоёулаа сувилал ажиллуулах гээд тухайн гэрийг авч байсан. 3 гэрийг бид нар авч байсан. 3 гэрийн одоогийн зах зээлийн ханш нь 15,410,000 төгрөг байх гэж бодож нэхэмжилсэн. Тэтгэврийн зээлээр 3 гэрийг авсан. Бид нар тухайн үед цагдаа дуудсан. Г.Шг дуудаж байцаалт авч байсан. Тэгэхэд Г.Ш “өөрийнхөө зүйлийг авлаа” гээд мэдүүлэг өгч байсан. Бид одоо 3 гэрийн үнэ 15,410,000 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ асуудлыг мэдэхгүй, хүлээж авах боломжгүй. Миний эцэг бид нарт өмч хөрөнгө үлдээгээгүй. 2017 онд аав Г.Ш цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Би өөрийн өмгөөлөгч н.Э***тай хамт, мөн цагдаагийн 2 хүнтэй очиж, өөрийн 3 гэрийг машинтай очиж авсан” гэсэн байна. Тус үйл явдал 2017 онд болсон гэсэн байна. Би 2018 оны 04 дүгээр сар хүртэл Монголд байсан. Намайг байхад яагаад энэ нэхэмжлэлээ гаргаагүй юм бэ? Миний эцэг эмч хүн, асрагч, сувилагч хийж байсан энэ хүнтэй нилээд хэдэн жил амьдарсан. Аав өөрийнхөө мөнгөөр байр авч байсан. Бид нар хамт амьдарч байсан. Гэхдээ энэ 2 хүнийг зулгааж амьдраагүй. Манай аав 60 гаруй жил эрүүл мэндийн байгууллагад ажилласан. Бид нар Л.Н***д муухай хандаж үзээгүй. Л.Н***г хэцүү амьдарч байгаа гээд Орчлон хороололд байранд хүртэл амьдруулсан. Би аавтайгаа хамт очиж тэр гэрийг ачаагүй. Гэрийг нь зарсан зүйл байхгүй. Манай аав хэвтэрт байгаагүй. Эрүүл байж байгаад цусаа солиулах гээд нас барсан. Намайг Солонгос улсад байхад буюу 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Энэ яриад байгаа 3 гэр яаж бий болсон талаар хэлье. Миний аав хүний их эмч хүн болохоор гэр сувилал байгуулья гээд ах дүү нараасаа хандив цуглуулсан. Хандивын ихэнхийг цуглуулсан төрсөн дүү н.Б нас барсан байна. Тэр сувилал дээр нь би эмчилгээ хийлгэх гээд очиж байсан. Аав надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би 3 гэрийг аваагүй, хэн авсныг мэдэхгүй. Хулгай хийж дээрэмдэж зараагүй. Авсан бол авсан гэдгээ хэлнэ. Гурван гэрийн хажууд мөн 3 контейнер байсан. Тэр контейнерийг Л.Н*** авсан байх. Тэглээ гээд бид нар цагдаа сэргийлэхээр явж 3 контейнер нэхэж үзээгүй. Гэтэл ийм юм ярьж шүүхийн танхимд эцгийн минь нэрийг дуудуулж байгаад харамсаж, гутарч байна. Би үр хүүхдийнхээ төлөө ажил хийхээр Солонгос явсан болохоос 3 гэр хулгайлж зараад зугтаж яваагүй. Нэхэмжлэгч энэ асуудлаар олон удаа нэхэмжлэл гаргасан байсан. Манай эгчээс нэхсэн байсан. Тэгээд тэр нь хэрэгсэхгүй болохоор одоо энэнээс нь нэхье гэж байгааг зөвшөөрөхгүй. Нэг нэхэмжлэл дээрээ зээлээр авсан гэр гэж бичээд, дараагийн нэхэмжлэл дээрээ худалдаж авсан гэр гэж янз янзаар бичиж байна. Г.Ш гэх хүн өөрөө 3 гэрээ авсан гээд цагдаагийн газар мэдүүлэг өгсөн байна. Би сөрөг нэхэмжлэл гаргая гээд ах, эгч нартаа хэлэхэд тэд “аавынхаа нэр төрийг бод, аавынхаа нэрийг тэнд дуудуулаад яахав” гэсэн. Манай аав болон Л.Н*** нар 2018 онд гэрлэлтээ цуцлуулахдаа тэр газар болон 3 ш гэр зэрэг дундын хөрөнгийн асуудлаа шүүхээр шийдүүлсэн. Гэтэл одоо газар авсан, гэр авсан, хүнд худалдсан талаар юу яриад байгааг нь мэдэхгүй, ойлгохгүй байна”. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх-ийн 1-2/, улсын тэмдэгтийн хураамжид 235,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №*** дугаартай Ш.Э-гийн оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 4/, Г.Ш-гийн гараар бичсэн бичмэл /хх-ийн 5/, Нийслэлийн *** дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №*** дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 6/, *** дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээ” /хх-ийн 7/, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн АДЗ-ийн гишүүдийн айл өрхөөр явсан тэмдэглэл /хх-ийн 8/, Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 9/, Г.Ш, Б.О нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 10/, нэхэмжлэгч Л.Н***н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 11/, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №*** дугаартай байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 12/, тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг №*** /хх-ийн 13/, гэрэл зураг /хх-ийн 14-15/, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 16/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Л.Н***н төлбөр төлсөн баримт /хх-ийн 17/, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №*** дугаартай Хөрөнгө, үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт /хх-ийн 20/, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт /хх-ийн 21-22/, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 71 дугаартай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тодорхойлолт /хх-ийн 22/, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт /хх-ийн 23/, “Начин заан” ХХК-ийн №*** дугаартай барьцаат зээлийн үйлчилгээний хуулбар /хх-ийн 24/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 43/, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 32/, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хариуцагч Ш.Э-гийн гаргасан хариу тайлбар /хх-ийн 40/, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн *** газраас 2019 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаартай хувийн хэргээс шийдвэрийг татаж авах хүсэлт /хх-ийн 41/, Ш.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ****** газраас бүртгэлийн *** дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс шүүгчийн захирамж, шийдвэрийн хуулбар, гүйцэтгэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолын хуулбар /хх-ийн 49-60/ зэрэг нотлох баримтыг гаргуулан хавсаргасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Н*** нь хариуцагч Ш.Э-д холбогдуулан 15,410,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч Л.Н*** нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“... Охин Ш.Э нь 2 мауtі машин, 1 жижиг тэрэг, 10-аад хүнтэй ирж бид хоёрын амьдарч байсан иж бүрэн тавилгатай 3 ш гэрийг дайчлан ачиж авч яваад дараа нь газар худалдан авах хүнтэйгээ тохиролцож зарсан байсан. Охин Ш.Э нь миний өмчлөл эзэмшлийн иж бүрэн тавилгатай 3 ш гэрийг зарж борлуулаад Солонгос улс руу явсныг зээ охин Б.О нь надад хэлсэн. Ш.Э-гээс 15,410,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
4. Хариуцагч Ш.Э нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“Би энэ асуудлыг мэдэхгүй, хүлээж авах боломжгүй. Миний эцэг бид нарт өмч хөрөнгө үлдээгээгүй. 2017 онд аав Г.Ш цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Би өөрийн өмгөөлөгч н.Э***тай хамт, мөн цагдаагийн 2 хүнтэй очиж, өөрөө 3 гэрээ авсан” гэсэн байна. Би 3 ш гэрийг нь аваагүй, бусдад зарсан зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Л.Н***тэй гэр бүлийн харилцаатай байсан Г.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн *** дүүрэгт байрлах амралтын газраасаа өөрийн эзэмшлийн 3 ш гэрийг ачиж авч явсан болох нь түүний Цагдаагийн байгууллагад өгсөн “... 2017 оны 10 сарын 09-ний өдөр *** дүүргийн 24 дүгээр хороонд байрлах амралтын газраасаа өөрийн эзэмшлийн 3 ш гэрээ ачиж авч явсан, тэгэхэд би маргаан болно гэж бодоод *** дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2 хүн, өөрийн өмгөөлөгч Э*** нарын хамт очсон, тэр үед Л.Н*** бас байсан, ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй” гэх мэдүүлэг,
нэхэмжлэгч Л.Н***н Цагдаагийн байгууллагад өгсөн “... нөхөр Г.Ш нь 3 ш гэрийг хүч хэрэглэн авч яваад өгөхгүй байна” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж-гийн гаргасан “... 2017 оны 10 сарын 09-ны өдөр 3 ш гэрийг авч явахад Г.Ш өөрөө хамт байсан” гэх тайлбар,
шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Ш.Э-гийн гаргасан “... Би тэр 3 ш гэрийг нь аваагүй, бусдад зарсан зүйл байхгүй, аав өөрөө өмгөөлөгчтэйгөө хамт очоод 3 ш гэрээ авсан тухайгаа Цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Манай аав болон Л.Н*** нар 2018 онд гэрлэлтээ цуцлуулахдаа тэр газар болон 3 ш гэр зэрэг дундын хөрөнгийн асуудлаа шүүхээр шийдүүлсэн” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6/
6. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн *** дүүргийн 24-р хороонд байрлах амралтын газраас Г.Ш нар нь 3 ш гэрийг авч явсан үйл баримтын тухайд талууд маргаагүй.
7. Харин нэхэмжлэгч нь “... уг 3 ш гэрийг би өөрийн мөнгөөр авсан. Эдгээр гэрийг Ш.Э ачиж авч явсан” гэж тайлбарлаж,
хариуцагч Ш.Э нь “... тэр 3 ш гэрийг манай аав амралтын газар байгуулахаар ах, дүү нараасаа мөнгө цуглуулж авсан. Тэр гэрүүдээ аав өөрөө очиж авч явсан байсан. Би 3 ш гэрийг нь аваагүй, авч явахад нь байгаагүй” гэж тайлбарлаж талууд 3 ш гэрийг хэн авсан эсэхэд маргаж байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.
Тодруулбал эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд мэдүүлсэн этгээд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “… хэрэгт авагдсан гэрэл зурагт Ш.Э-гийн зураг байгаа. Гэр авч явах үеийн зураг” гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан гэрэл зургийн хуулбар нь хаана, хэдийд авсан, хэний зураг болох нь тодорхойгүй, мөн дан ганц гэрэл зургийн хуулбараар хариуцагч Ш.Э-г 3 ширхэг гэрийг авсан гэж дүгнэх үндэслэлгүй, эдгээр зураг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотлохгүйг дурьдах нь зүйтэй.
10. Хэрэгт дээрх гэрэл зургийн хуулбараас өөр хариуцагчийг 3 ш гэр авсныг нотлох баримт авагдаагүй байна.
11. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Л.Н*** нь нөхөр Г.Ш-гээс гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, *** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн ***/ШШ2018/00*** дугаартай шийдвэрээр Л.Н***, Г.Ш нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах маргааныг шүүх шийдвэрлэсэн байна. /хх-72-80/
12. Нэхэмжлэгч Л.Н*** нь Цагдаагийн байгууллагад “… нөхөр Г.Ш нь 3 ш гэрийг хүч хэрэглэн авч яваад өгөхгүй байна” гэх мэдүүлэг өгч, 2018 онд нөхөр Г.Ш-гээс гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлсэн атлаа дээрх 3 ш гэрийн үнийг охин Ш.Э-гээс гаргуулахаар нэхэмжилсэн үндэслэл тодорхойгүй байна.
13. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг дурьдсан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Н***, хариуцагч Ш.Э нарын хооронд дээрх үндэслэл бий болоогүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэлээ.
14. Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Ш.Э-гээс 3 ширхэг гэрийн үнэ 15,410,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий Л.Н***н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан Ш.Э-гээс 3 ширхэг гэрийн үнэ 15,410,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий Л.Н***н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Н***н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН