Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

  2018           02            26                                          196

 

                         

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг, 

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Т.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Т.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708024670466 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Т-ын М /РД:..../.

Яллагдагч Т.М-нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-18 тоотод оршин суух иргэн Я.Н-ийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд нэвтэрч, 1 ширхэг “Делл” маркийн компьютер, 1 ширхэг “Самсунг” маркийн гар утас, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг гарын мөнгөн, 1 ширхэг “ЛЖ” маркийн гар утас, 1 ширхэг гар цүнх, 1 ширхэг бөөгийн толь зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 610000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө архи авахаар гарсан. Гудамжны буланд хүргэнтэйгээ тааралдсан. Нараа гэж хүүхнийг дуудаад өгөөч, яндан авна гэсэн юм гээд хашааг нь зааж өгсөн. Тэгэхээр нь уг айлд ортол хүн байгаагүй, юмыг нь үзээд байж байтал нэг авгай орж ирээд “хулгайч” гээд хашгирсан. Юу авах гээд байгаа юм,  гээд мөнгөн аяга, эд зүйлээ над уруу шидээд байсан. Би компьютерийн дэлгэцийг нь аваад гаръя л гэж бодож байсан. Хулгай хийх шаардлага байгаагүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хоёр зээ дүүг минь бодож хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708024670466  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Я.Н-ийн: “2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ байж байтал хашааны гадна Оюунаа гээд найз намайг дуудсан. Машинтайгаа ирээд би машинд нь суугаад О-тай ойр зуурын юм ярьсан. 10-15 минут орчим юм ярилцаж байгаад гэртээ ороход манай гэрт нэг хулгайч өвгөн орчихсон байшингийн баруун хойморт жижиг шар ширээн дээр байсан “Делл” маркийн компьютерийн дэлгэцийг процессороос нь салгаад авч явах гээд бэлдээд газарт тавьсан байсан. Миний цэнхэр гар цүнх, “Самсунг”, “ЛЖ” маркийн гар утаснуудыг гартаа барьсан байсан. Гар цүнхэн дотор миний бөөгийн хэрэглэл буюу бага гарын мөнгөн аяга 2ш, дунд гарын мөнгөн аяга 2ш, бөөгийн толь байсан. Тэр өвгөн гэрт өөр юм хайгаад явж байсан. Би тэр өвгөнийг хараад орилсон чинь цочоод барьж байсан цүнхтэй бөөгийн эд хэрэгсэл цааш нь шидсэн. Миний “Самсунг”, “ЛЖ” гар утсыг орон дээр тавьсан. Хажуугаар гараад зугтаах гэхээр нь би барьж аваад түлхэж унагаасан. “Чамайг хэн явуулсан, чи яах гэж хаагуур наашаа орж ирсэн” гэж би асуусан чинь “Яндан Цогоо намайг явуулсан” гэж хэлсэн. “Яндан Цогоо яах гэж явуулсан юм” гэсэн чинь “Нараа гэдэг хүүхнийг дуудаад ир” гэж хэлсэн. ...Удалгүй цагдаа нар ирээд тэр өвгөнийг авч явсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр өвгөн гэрээс эд зүйлс авч гарч чадаагүй, авч явах гэж байгаад газар дээрээ баригдсан. Гомдолтой” гэх мэдүүлэг /хх-11-12/,

Гэрч Ш.Ц-ын: “Би хувиараа зуух, яндан хийж зардаг. 2017 оны 11 дүгээр сарны 15-ны өглөө захиалгын 50 яндан хийгээд зах руу ачаад явж байгаад 9, 10 цагийн үед М ахтай таарсан. М ах нэлээд согтуу байсан. Би портер машинтайгаа явж байсан бөгөөд машиныхаа цонхоор “та яваад Нарааг дуудаадах, би яндан өгөх ёстой юм” гэж М ахад хэлсэн. М ах “айн, юу гэнээ” гэж байснаа Наранцэцэгийн гэр рүү орсон. Бид нар Наранцэцэгийг “Нараа” гэж дууддаг. М алга болчихоор нь ухраад гудамж руу нь орох гэсэн чинь гудамжны зам мөстөөд машин хий эргээд байхаар нь би яараад шууд яваад өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа Мыг Нараагийнхаас хулгай хийх гэж байгаад баригдсан гэж сонсоод гайхсан. Би Мыг “хулгай хийгээд ирээрэй” гэж хэлээгүй. Яагаад тэгэж худлаа хэлснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-18/,

Шүүгдэгч Т.М-ын яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08-09 цагийн үед гэрээсээ гараад архи авах гээд явж байгаад хүргэн Цогбадрахтай таарсан. Цогбадрах “та энэ айлаас Нараа гэж хүн дуудаад өгөөч, өмнө нь надаас 1 яндан авч байсан, дахиад яндан авна гэсэн юм, ...дуудаач өгөөч” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд тэр зааж өгсөн хашаа руу орсон. Байшинд ороход хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр гэрээс юм сонирхоод байж байтал нэг авгай “хулгайчаа” гэж орилохоор нь би цочоод баригдсан. Би яахав тэр гэрт ширээн дээрх юмыг сонирхоод явж байсан юм. “Цогоо таныг яндан авна гэж хэлсэн, таныг дуудаж байна” гэж би тэр авгайд хэлсэн. “Та нар худлаа яриад гэрээс хулгай хийх гэж байсан байна, муусайн архичид худлаа хэлээд” гээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. Би ширээн дээр байсан зурагтыг залгуураас нь салгаад газарт тавьсан нь үнэн. Мөн цэнхэр цүнхийг барьж аваад онгойлгож үзэх гээд зогсож байтал ард хүн орилсон. Би цочоод барьж байсан юмнуудаа ор руу нь шидсэн. Айлын юмыг авах гэж оролдсондоо гэмшиж байна. Цогоо намайг ороод гэрийн эзнийг нь дуудаад ир гэхэд нь явж ороод гэрээс нь юм хулгайлах гэж байгаад баригдсан. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-31-32/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-3-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-7/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-15/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.М-нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3 дугаар гудамж, 18 тоотод оршин суух иргэн Я.Нийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд нэвтэрч, 1 ширхэг “Делл” маркийн компьютер, 1 ширхэг “Самсунг” маркийн гар утас, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг гарын мөнгөн, 1 ширхэг “ЛЖ” маркийн гар утас, 1 ширхэг гар цүнх, 1 ширхэг бөөгийн толь зэрэг 610000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.М-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн төгссөн үйлдэл. Өөрөөр хэлбэл шунахай сэдэлтээр, санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тэр айлд орсноор хулгай хийх санаа сэдэлт төрсөн. Хохирогч орж ирснээр гэмт хэрэг төгсөөгүй. Тиймээс завдсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Хэрэгт авагдсан хохирогч Я.Нийн “...гэртээ ороход манай гэрт нэг хулгайч өвгөн орчихсон байшингийн баруун хойморт жижиг шар ширээн дээр байсан “Делл” маркийн компьютерийн дэлгэцийг процессороос нь салгаад авч явах гээд бэлдээд газарт тавьсан байсан. Миний цэнхэр гар цүнх, “Самсунг”, “ЛЖ” маркийн гар утаснуудыг гартаа барьсан байсан. Гар цүнхэн дотор миний бөөгийн хэрэглэл буюу бага гарын мөнгөн аяга 2ш, дунд гарын мөнгөн аяга 2ш, бөөгийн толь байсан. Тэр өвгөн гэрт өөр юм хайгаад явж байсан. Би тэр өвгөнийг хараад орилсон чинь цочоод барьж байсан цүнхтэй бөөгийн эд хэрэгсэл цааш нь шидсэн. Миний “Самсунг”, “ЛЖ” гар утсыг орон дээр тавьсан. Хажуугаар гараад зугтаах гэхээр нь би барьж аваад түлхэж унагаасан. Удалгүй цагдаа ирээд тэр өвгөнийг авч явсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-11-12/, гэрч Ш.Ц-ын “2017 оны 11 дүгээр сарны 15-ны өглөө захиалгын 50 яндан хийгээд зах руу ачаад явж байгаад 9, 10 цагийн үед М ахтай таарсан. ... М ах “айн, юу гэнээ” гэж байснаа Наранцэцэгийн гэр рүү орсон. М алга болчихоор нь ухраад гудамж руу нь орох гэсэн чинь гудамжны зам мөстөөд машин хий эргээд байхаар нь би яараад шууд яваад өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа Мыг Нараагийнхаас хулгай хийх гэж байгаад баригдсан гэж сонсоод гайхсан. Би Мыг “хулгай хийгээд ирээрэй” гэж хэлээгүй. Яагаад тэгэж худлаа хэлснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүгдэгч Т.Мын яллагдагчаар өгсөн “...Байшинд ороход хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр гэрээс юм сонирхоод байж байтал нэг авгай “хулгайчаа” гэж орилохоор нь би цочоод баригдсан. Би яахав тэр гэрт ширээн дээрх юмыг сонирхоод явж байсан юм. Би ширээн дээр байсан зурагтыг залгуураас нь салгаад газарт тавьсан нь үнэн. Мөн цэнхэр цүнхийг барьж аваад онгойлгож үзэх гээд зогсож байтал ард хүн орилсон. Би цочоод барьж байсан юмнуудаа ор руу нь шидсэн. Айлын юмыг авах гэж оролдсондоо гэмшиж байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.М-хохирогч Я.Нийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч эд зүйлийг нь авсан үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч гэртээ орж ирсний улмаас гэмт хэрэг төгсөөгүй болох нь тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдарх орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Я.Нт 610000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар буцааж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.      

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /завдсан үйлдэл, бодит хохирол учруулаагүй/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /удаа ял шийтгүүлсэн/-ыг харгалзан шүүгдэгч Т.Мд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон улсын яллагчийн 2 жил хорих ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.М-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогт Т-ын М-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Мыг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.М-урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР