Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 209/МА2021/00041

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01189/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******д холбогдох

             Хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай

Гуравдагч этгээдийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, ******* хотхон, 10а байрны 65 тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэх шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир нар /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-тай 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

******* ХХК-аас Хөрөнгө оруулалтын гэрээ-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972.820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох ******* нь 10А байрны 65 тоот, 7 м.кв 2 өрөө орон сууц, 10А байрны 68 тоот 41,3 м.кв 1 өрөө орон сууцнуудыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.

Ийнхүү хариуцагч ******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч Н.Энхжаргалыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 62 тоот 62,7 м.кв, 2 өрөө орон сууц, 10А байрны 68 тоот 41,3 м.кв 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******гийн гаргасан хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбар, татгалзлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Хариуцагч ******* би ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд цор ганц хувьцаа эзэмшигч нь билээ. Манай ******* ХХК нь ******* ХХК-тай 2016 оны 12 сарын 08-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт орших *******ы 2, 3-р орцны дотор заслыг хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэж өгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130.000.000 төгрөгийг гэрээний 2.1-т зааснаар захиалагч төлөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 7.2-д Захиалагч тал гэрээний төлбөр тооцоо барагдуулахдаа нийт 2 байрыг /1 өрөө байр 1ш, 2 өрөө байр 1ш/ бартерлаж тооцоо хийнэ гэж гэрээнд тохирсны дагуу ******* ХХК нь тухайн *******ы 10а байрны 65 тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд бартераар өгөхөөр харилцан тохиролцож №149, №150 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Ингээд орон сууцыг ашиглалтад орсны дараа дээрх гэрээний дагуу ******* ХХК орон сууцны эзэмшил, ашиглалтыг ******* миний эзэмшилд бүрэн шилжүүлж өнөөдрийг хүртэл тус орон сууцнуудыг ******* би шударгаар эзэмшиж, ашигласаар байна. ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр гаргах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байсан учраас манай компани Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн №2541 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах ******* 144 айлын орон сууцны 10а байрны 2 орц, 8 давхар, 65 тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-нд шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2019 оны 11 сарын 14-ний өдөр №14542 дугаар шүүгчийн захирамж, №1102 гүйцэтгэх хуудас бичигдсэн. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон ******* ХХК-аас дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай албан мэдэгдлийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Иймд ******* би Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах ******* 144 айлын орон сууцны 10а байрны 2 орц 8 давхар 65 тоот хаягт байрлах 62,7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйл байхгүй ******* би дээрх орон сууцнуудыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа учраас *******гийн гаргасан хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан ******* ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зэргээс үзэхэд ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч ******* нь дээрх маргааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан болох нь тогтоогдож байна.

Хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон биелэгдээгүй үлдсэн хэлцлийг дуусгавар болгох ёстой. Дараа нь үйлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч иргэн ******* нь ******* ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан учраас дээрх орон сууцнуудыг оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашиг болгон өмчилж иргэн ******* намайг дээрх орон сууцнуудаас албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Манай компанийн өмнө хүлээсэн үүргээ иргэн ******* болон ******* ХХК нь биелүүлээгүй байж иргэн ******* намайг дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа учраас албадан нүүлгэж өгнө үү гэсэн ямар ч үндэслэлгүй юм. Иргэн ******* болон ******* ХХК нар нь ашиг олох зорилгоор хамтран ажиллаж хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй байсан бол манай компани өнөөдрийг хүртэл ийм хүнд хэцүү байдалд орохгүй байх байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хамтран ажиллах гэрээ хамтын үйл ажиллагаанаасаа ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүйн тулд дээрх орон сууцнуудыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан байна. Өөрөөр хэлбэл дээрх маргааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн ******* нь өөрийн нэр дээр гаргасан байгаа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр ******* ХХК-д дээрх маргааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх шүүхийн шийдвэрт заасан үүргийг иргэн ******* ******* ХХК нар нь заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******гийн гаргасан хууль бус эзэмшлээс албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд гаргасан шаардлагадаа:

Манай ******* ХХК нь ******* ХХК-тай 2016 оны 12 сарын 08-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, 10а байрны 1, 2-р орцны дотор заслыг хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130.000.000 төгрөгийг гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар захиалагч ******* ХХК нь төлөх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 7.2 дахь хэсэгт захиалагч тал гэрээний төлбөр тооцоог барагдуулахдаа нийт 2 байрыг /1 өрөө байр 1ш, 2 өрөө байр 1ш/ бартерлаж тооцоо хийнэ гэж гэрээнд тохирсны дагуу ******* ХХК нь тухайн *******ы 10а байрны 65 тоот хаягт байрлах 62,5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд бартераар өгөхөөр харилцан тохиролцож №149, №150 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Ингээд орон сууцыг ашиглалтад орсны дараа дээрх гэрээний дагуу ******* ХХК орон сууцны эзэмшил, ашиглалтыг ******* миний эзэмшилд бүрэн шилжүүлж өнөөдрийг хүртэл тус орон сууцнуудыг ******* би шударгаар эзэмшиж, ашигласаар байна.

*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлд нотлох баримтаас үзэхэд ******* ******* ХХК нарын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн №8942 дугаартай шийдвэрээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосны үндсэн дээр ******* нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр гаргуулж авсан байдаг.

Гэхдээ хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноор хамтын үйл ажиллагаа шууд дуусгавар болохгүй. Эхлээд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох ёстой. Дараа нь үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах ёстой. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд хамтын үйл ажиллагааны зорилго болон талуудын эрх, үүрэгт өөрчлөлт ордог. Ийнхүү биелүүлээгүй үлдсэн хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийг бүрэн хуваарилж дууссанаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болохоор хуулиар зохицуулсан байна. Гэтэл ******* нь хамтран ажиллах гэрээ, хамтын үйл ажиллагаанаасаа бий болсон үүрэг, хариуцлагыг хүлээхгүйн тулд шууд дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлж авсан байна. ******* болон ******* ХХК нар нь хамтран ажиллах гэрээний зорилгоо биелүүлэхийн тулд манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтын ажиллагааныхаа үр дүнд бий болгож байгаа дээрх орон сууцнуудын дотор засвар ажлыг хийж гүйцэтгүүлэн дуусгавар болгож хүлээн авч, үүний үр дүнд орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгсөн хирнээ манай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болох дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно.

Иймд маргааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, ******* хотхон, 10а байрны 65 тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга эд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-тай 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалын төвд өргөдөл гарган ******* ХХК-аас 3.000.000.000 гурван зуун тэрбум төгрөг гаргуулах өргөдөл гаргаж алданги 500.000.000 сая төгрөгөөс татгалзаж 2.500.000.000 гаргуулах шаардлага дээр талууд эвлэрсэн. ... Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30 өдрийн дугаар 183/ШЗ2017/08942 тоот захирамжаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК-аас Хөрөнгө оруулалтын гэрээ-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаагаар 2019 оны 02 сарын 21 өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

******* ХХК нь маргаан бүхий орон сууцуудыг ******* миний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойно бөгөөд 2017 оны 10 сарын 26 өдөр 10а байрны 65 тоот 62,7 м.кв 2 өрөө орон сууц, 10а байрны 68 тоот 1 өрөө орон сууц захиалгын гэрээг байгуулсан байна. Улсын бүртгэлийн тухай хууль /2009/ оны-д нийцүүлж гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 сарын 17 өдрийн 38 дугаар журам, загвар маягт батлах тухай тушаалын 1-р хавсралт /Эд хөрөнгийн эрх улсын бүртгэл хөтлөх журмыг баталсан бөгөөд уг журамд захиалгаар орон сууц барих тохиолдолд тухайн хэлцэлд тавих хэлбэрийн шаардлага улсын бүртгэлд мэдүүлэг гаргах журам биелүүлээгүйгээс гарах үр дагавар зэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Үүнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4-р зүйлд Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн хэсгийн 4.3.2-т тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар, байдал ашиглалтанд орсон хугацаа хамтран өмчлөгчийн тоо нэр регистр уг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх тодорхой тусгасан өргөдөл албан бичгийг авах, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас тамга тэмдэг эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна.

Мөн 4.3.3-т мэдүүлэг гаргагч нь өргөдөл мэдүүлэг өмчлөгчийн тоо тодорхой бичсэн байх шаардлагатай гэж тус тус заасан. Журмын дээрх зохицуулалтаар Ласти интернэшнл ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ны орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан талаарх холбогдох материалыг гаргаж өгч байгаагүй нь Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-2003021861 тоот улсын бүртгэлийн холбогдох баримт лавлагаагаар тогтоогддог.

Дээрх маргаан бүхий орон сууц нь *******гийн өмчлөл дээр бүртгэлтэй Болормаагийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан шаардлага гаргаагүй байх тул түүний нэр дээр байгаа эд хөрөнгийн эрхийн бүртгэл нь хууль ёсны үнэн зөв гэж үзнэ. Нэхэмжлэгч ******* ХХК-ны шаардлага бүхий Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү2003021861 тоот дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороолол Ласти нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10а байрны 65 тоот 62,7 м.кв 2 өрөө байр, 10а байрны 68 тоот 41,3 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ХХК-нд шилжүүлэхийг хариуцагч *******д даалгах нэхэмжлэлд шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Хөгжил суварга ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувь хувьцаа эзэмшигч юм. Хөгжил суварга ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ласти-Интернешнл ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2, 3 дугаар орцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж, Ласти-Интернешнл ХХК-д хүлээлгэж өгөөд, гэрээнд заасны дагуу 130 сая төгрөгийн төлбөр авах ёстой байсныг Ласти-Интернешнл ХХК биелүүлэхгүй байсан тул ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар маргаан бүхий 1 өрөө, 2 өрөө байраар тус бүр бартерлаж авсан байдаг юм. 10а байрны 65 тоот 2 өрөө, 68 тоот 1 өрөө сууцыг өөрийн эзэмшилд авсан байдаг. Тус байрыг шилжүүлж авахдаа гэрээний үнийн дүн болох 130 сая төгрөгийн оронд орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж байгуулсан юм. Гэрээний үүргийг Ласти-Интернешнл ХХК биелүүлэхдээ *******ын эзэмшил байрнуудыг бүрэн шилжүүлж, ******* шударгаар орон сууцуудыг эзэмшиж ашиглаж байгаа. Орон сууцыг 2018-2020 он хүртэл түрээслүүлсэн түрээсийн гэрээгээр энэ байдал нотлогдож байна.

Харин Ласти-Интернешнл ХХК үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хөгжил суварга ХХК-ийн нэр дээр гаргах үүргээ биелүүлэхгүй байсан тул хариуцагчийн зүгээс Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2541 тоот шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн ******* 144 айлын орон сууцны 65 тоот 62,7 м.кв 2 өрөө, 68 тоот 41,3 м.кв 1 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг Хөгжил суварга ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж 1542, 1120 дугаартай гүйцэтгэх хуудсыг хэрэгт өгсөн байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу Ласти-Интернешнл ХХК-иас орон сууцыг Хөгжил суварга ХХК-д шилжүүлж өгөхийг хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/1888, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/5487, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ласти-Интернешнл ХХК-ийн хүсэлтүүдээр тогтоогдож байна. Иймд ******* нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн ******* болон Ласти-Интернешнл ХХК нар нь хамтран ажиллах гэрээний зорилгоо биелүүлэхийн тулд манай Хөгжил суварга ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болгож байгаа дээрх орон сууцуудыг барих барилгын ажлыг 2016.12.08-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгүүлж дуусгавар болгож хүлээж авсан мөртөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно.

Иргэн ******* болон Ласти-Интернешнл ХХК нар нь ашиг олох зорилгоор хамтран ажиллаж хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй байсан бол манай компани өнөөдрийг хүртэл ийм хүнд хэцүү байдалд орохгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл дээрх маргааны зүйл болох орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн ******* нь өөрийн нэр дээр гаргасан байгаа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн №02541 дугаар шүүхийн шийдвэрээр Ласти-Интернешнл ХХК-д дээрх маргааны зүйл болох орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Хөгжил суварга ХХК-ийн нэр дээр гаргахыг даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Болормаагийн нэхэмжлэлийн үндэслэл болон нотлох баримтуудаар дээрх маргааны зүйл болох дээрх орон сууцууд миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж байгаа нь Ласти-Интернешнл ХХК болон ******* нарын хамтран ажиллах гэрээний хувьд дотоодын асуудлаа л шийдвэрлэж байгаа зүйл болохоос биш хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм.

Иймд дээрх шүүхийн шийдвэрт заасан үүргийг иргэн ******* Ласти-Интернешнл ХХК нар нь заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******гийн гаргасан хууль бус эзэмшлээс албадан нүүлгэх гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай захирал *******ыг орон сууцаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. ******* нь Хөгжил суварга ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус хоёр орон сууцыг өөрийн нэр дээр гаргуулж авсан байдаг юм. *******ы 144 айлын орон сууцны 1,2 дугаар орцны дотор заслыг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 130 сая төгрөг авах байсны оронд маргаан бүхий 2 орон сууцыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж авсан байгаа юм. 130 сая төгрөгийн оронд захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулж, 2 орон сууцыг бартераар авсан байгаа. Иймд манай захирал ******* маргаан бүхий орон сууцуудыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус ыг баримтлан Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, ******* хотхон, 10а байр 2 орц 8 давхар 65 тоот 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, ******* хотхон, 10а байр 2 орц 8 давхар 68 тоот, 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, ******* хотхон, 10а байрны 65 тоот хаягт байрлалтай 62,5 м.кв талбайтай өрөө орон сууц, 68 тоот хаягт байрлах 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэх бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******гийн гаргасан Хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнд нийцэхгүй байх тул тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн № 304 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнд нийцэхгүй байгаа тухайд:

1.1 Нэхэмжлэгч ******* нь Хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна гэж тодорхойлсон. Үүнийг хариуцагч ******* эс зөвшөөрч орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй гэж маргасан. Эзэмшлээс шаардах эрхтэй гэж мөн хуулийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Хуулийн 106 дугаар зуулийн 106.1.-Д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна. Харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-Д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч ч эд хөрөнгө шаардах эрхгүй гэж тайлбарласан байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар ******* нь Хөгжил Суврага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь бөгөөд Хөгжил Суварга ХХК нь ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд бартераар маргаан бүхий дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 65, 68 тоот хаягт байрлах орон сууцуудыг эзэмшилдээ авч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болох тогтоогддог. /хх-ийн 34-58 дугаар тал/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн 2541 тоот шийдвэрээр Хөгжил Суварга ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 65,68 тоот хаягт байрлах орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. /хх-ийн 58-64 дугаар тал/

Иймээс Хөгжил Суварга ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч *******гаас дээрх маргааны зүйл болох 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан. Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, шаардлагаа нотлох баримтууд нь иргэн *******ыг дээрх орон сууцнуудыг хууль бусаар эзэмшээгүй болохыг хангалттай нотолсон нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй учир талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж чадсангүй.

Ласти интернэшнл ХХК болон ******* нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж хоёр тэр бум таван зуун сая төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нь хамтран ажиллах гэрээнийхээ хувьд дотоод асуудлаа шийдвэрлэсэн юм. Түүнээс биш гуравдагч этгээд болох Хөгжил Суварга ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүхийн ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан 2017.10.26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах 149, 150 тоот гэрээний хавсралтад ....144 айлын 3, 4 дүгээр орцны заслын ажлын тооцоонд бартераар ....маргааны зүйл болж байгаа 65, 68 тоот орон сууцыг *******д шилжүүлэх үүрэгтэй тохиолдолд ******* гэрээ ёсоор тухайн үл хөдлөх хөрөнгийг авах эрхтэй этгээд байсан бөгөөд, үүрэг хүлээсэн этгээд ******* ХХК нь орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт шилжсэнээр эд хөрөнгийн харьяалал өөрчлөгдөж төлбөр авагч *******д өмчлөх эрх шилжсэн ийм тохиолдолд *******г өмчлөгч гэж үзнэ гэсэн дүгнэлт нь илт үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар хариуцагч *******ыг хууль бусаар орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдохгүй байхад зөвхөн нэхэмжлэгч *******г орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байна гэснийг үндэслэн талуудын хооронд үүссэн маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй, үйл баримт, нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйгээс болж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс гаргуулах гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Хоёрдугаарт: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд:

Маргаан бүхийн орон сууцнуудын өмчлөх эрх дээр огт маргадаггүй, харин нэхэмжлэгч *******, ******* ХХК нар хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас уг хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байр нь *******, ******* ХХК нарын хэний өмчлөлд байхаас үл хамааран Иргэний хуулийн 480.3, 480.4 дэх хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж маргаж байгаа.

Шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтаар ******* ******* ХХК нар Иргэний хуулийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* 1 тербум төгрөгийн хөрөнгө оруулж, ******* ХХК-ийн газар дээр орон сууц барьсан. Хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөө хувааж дотоодын асуудлаа шийдвэрлэсэн боловч бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-ийн 4-21,/

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нар хамтын ажиллагааны зорилгоо биелүүлэх үүднээс Хөгжил Суврага ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг хүлээж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Хөгжил Суврага ХХК-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 65, 68 тоотыг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт маргааны зүйл болох дээрх хоёр орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Хөгжил Суварга ХХК-д шилжүүлэх үүрэгтэй гэдэг нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад шүүх үүнийг дүгнэхдээ ...2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Хөгжил Суварга ХХК-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн....Хөгжил Суварга ХХК-г 68, 65 тоотын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан баримтаар ...улсын эрхийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн ...орон сууцны үлдэх эзэмшил болох 26 ширхэг орон сууц үл хөдлөх хөрөнгөд гэрчилгээ олгохыг хүсэж ....бүртгүүлж байсан бөгөөд, шийдвэрт тусгагдаагүй 68, 65 тоот орон сууц өмчлөлийн гэж байгаа шийдвэрт тусгагдаагүй байхаар... мөн дээрх орон сууц үл хөдлөх хөрөнгийн Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй болно..." гэж дүгнээд байгаа хэтэрхий нэг талыг баримталж байгаа нь илт харагдаж байгаа бөгөөд дээрх шүүх дүгнээд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт маргаан бүхий 2 орон сууцыг ******* ХХК нь Хөгжил Суварга ХХК-ийн эзэмшил ашиглалтад орон сууц ашиглалтад орох үед хүлээлгэн өгсөн харин ажил гүйцэтгэх гэрээнд заасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байгаа учраас өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 476.1-т зааснаар Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр биелүүлэх үүрэгтэй гэж нэхэмжлэгч *******г Дархан- Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 65, 68 тоот хаягг байрлах орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Тэрнээс нэхэмжлэгч *******гийн маргаан бүхий байрнуудыг өмчлөх эрхтэй, өмчлөгч эсэх дээр огт маргаагүй бөгөөд үүнийг хамтран ажиллаж байгаа талуудын хувьд дотоодын асуудлаа шийдсэн гэж үзэж маргасан.

Гэтэл шүүх үүн дээр огт дүгнэлт хийсэнгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гуравдугаарт: шүүхийн шийдвэрийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулах асуудлыг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-д заасныг зөрчиж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгч, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13 дугаар хороолол, ******* хотхон, 10 а байрны 65 тоот, 68 тоот байрнуудыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч ******* ХХК тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд эдгээр байруудыг бартердаж авсан тул хууль ёсоор эзэмшиж байгаа гэж маргажээ.

Мөн хэрэгт Хөгжил суварга ХХК нэхэмжлэгч *******д холбогдуулж маргаан бүхий байрнуудын өмчлөх эрхийг тус компани нэр дээр шилжүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч шийдвэрт гомдол гаргажээ.

Гомдолдоо шүүх Иргэний хуулийн 93, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтуудыг хуульд нийцүүлж үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ шаардлагын үндэслэл буюу хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр шилжих иргэний эрх зүйн үндсэн дүрмээс гадуур маргаан бүхий 2 орон сууцыг өмчлөх эрх нь 2 уулаа хүчин төгөлдөр шүүхийн захирамж, шийдвэр, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүссэн бөгөөд *******гийн өмчлөх эрх улсын бүртгэлийн газрын бүртгэлээр баталгаажжээ.

Талууд шүүхэд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд болон гэрчилгээ зэрэг баримтуудыг 2 талаас гаргаж ирүүлж мэтгэлцсэн тохиолдолд аль өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа этгээдийн өмчлөх эрх цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн гэдгийг нягтлах нь зүй ёсны хэрэг бөгөөд шүүх шийдвэрийнхээ дүгнэлт хэсэгт хэргийн 9-10, 14, 15, 17, 51-58, 60, 100, 102, 110 дугаар хуудаснуудад авагдсан бичгийн баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэсний үндсэн дээр хийсэн дүгнэлтийг үндэслэл муутай болжээ гэж үзэх боломжгүй байна.

Үл хөдлөх нэг объектыг өмчлөх эрх нь дангаараа нэг этгээдэд байгаа нь тогтоогдсон гэж үзвэл өөр этгээдийн өмчлөгчтэй байгуулсан аливаа гэрээ хэлцэлгүйгээр эзэмшиж байгаа асуудал нь хууль ёсны эзэмшил байх боломжгүй юм.

Иймд шүүх өмчлөх эрхтэй этгээд нь ******* байна гэж дүгнэсэн тохиолдолд *******ыг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэсэн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад дурдагдсан агуулга нь нэхэмжлэгч хариуцагч нарын дунд үүссэн маргаантай харилцаанд хамааралтай, хэдий ч шаардлагын үндэслэлийг нягталж үзвэл *******г ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох ******* ХХК-тай нэгдмэл нэг сонирхолтой гэрээний нэг тал гэж үзэн ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх этгээд гэж хэргийг шийдвэрлэх баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Бие даасан гуравдагч этгээд шаардлага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хураамжийг хуваарилах хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                         ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ