Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

2018          02            27                                             197

 

 

                            

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Б.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808001480122 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Б-н А /РД:ЖО84061364/.

Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн буудлын орчим таксины жолооч Ш.Х-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгосон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1808001480122 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ш.Х-ийн: Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 9735 УБН “Приус-11” маркийн машинтай таксинд явж байсан. 18 цагийн үед 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээрээс нэг эмэгтэй суугаад “Зуун айлын Иргэний бүртгэл орно” гэж хэлсэн. Тэр эмэгтэй ажлынхаа хүн рүү ярьж байгаа бололтой “нөгөө Алтантуяа чинь орилдгоороо орилоод дэвдгээрээ дэвчихсэн гэнээ, би очиж авах гэж байна” гэж ярьж байсан. Тэр эмэгтэй надад “ажлын эмэгтэй ажил дээрээ согтуу байна, та жоохон хүлээж байгаад буцаад явж болох уу” гэж хэлэхээр “тэгье” гээд Иргэний бүртгэл мэдээллийн гадаа очоод тэр эмэгтэй ороод удалгүй нэг согтуу эмэгтэйн хамт гарч ирээд хамт ...хорооллын тийшээ явна гээд Гандан дээр ирээд анх такси барьсан эмэгтэй нөгөө согтуу эмэгтэйг “одоо сэрээрэй гэрээ зааж өгөөрэй” гээд “утас чинь энд байна шүү” гээд өөрт нь өгөөд буугаад явсан. Тэгээд согтуу эмэгтэйтэй хамт Зурагтын эцэс дээр ирээд тэр эмэгтэйг сэрээхэд “Зурагтын хуучин эцэс орох байсан шүү дээ” гэж хэлэхээр нь Зурагтын хуучин эцэс дээр очоод сэрээхэд “Хорооллын эцэс орно” гэхээр нь хорооллын эцэс ороход би “Зүүнсалаа орно” гэж хэлсэн. Тэгээд Зүүнсалааны эцэс дээр ирээд сэрээхэд “цаашаагаа яв” гээд байхаар нь би “эндээс цаашаа явахгүй” гэхэд “чамайг явахгүй бол ална шүү” гэж хэлсэн. Би “ямар ч байсан явахгүй” гэхэд тэр эмэгтэй “тэгвэл би энд ахыгаа хүлээнэ, манай ах автобус барьдаг” гэж хэлсэн. ...Тэр эмэгтэй хажуугаас гэнэт “би Монгол руугаа яаж явахаа чам шиг хужаагаар заалгахгүй” гараа миний нүүр лүү цохиод уруул руу дахиж гараараа цохиод машины голын толь аваад миний толгой руу нилээн хэдэн удаа цохиод машинаас буугаад зугтаахаар нь очиж бариад машинд суулгаад цагдаад дуудлага өгсөн. Би эрүүл мэндээрээ хохирсон мөн таксины мөнгөө аваагүй. Хохирлоо нэхэмжилж байна”,

...Би такси үйлчилгээнд явж хоолны мөнгөө олдог хүн. 2018 оны 01 дүгээр сарын 06-наас хойш огт таксинд яваагүй. Бие өвдөөд байсан тул 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонсголонгийн замд байрлах “Нууц увидас” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ хэргийн эцэст Алтантуяа надад эмчилгээний зардал 600.000 төгрөг нөхөн төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-7-8, 48-49/,

Гэрч Н.Н-ийн: “2017 оны 12 дугаар сарын 20-ны орой ...Алтантуяа бид 2 ажлаас гараад нэг шил 0.5 литрийн архи авч сааданд орж хувааж уусан. Тэгээд би такси бариад гэр рүүгээ явсан. Алтантуяа “хойгуур явна, гэр нь Баянхошуунд байдаг, ахтайгаа уулзана” гээд бид 2 салаад явсан. Би 3, 4 дүгээр хорооллын “Ачлал” их дэлгүүр өнгөрч яваад 18 цаг 30 минутын үед байх, Алтантуяагийн 88-тай дугаар руу залгаад “хаана байна, гэртээ харьсан уу” гэж асуусан чинь Алтантуяа салхинд цохиулаад согтсон бололтой, “би хаана байгаагаа мэдэхгүй байна, хариагүй байна” гэж хэлсэн. ...Би таксинаас буухдаа түүний товчлуургүй жижиг гар утсыг өөрт нь өгөөд буусан. ...Түүнийг архи уусан байгааг урьд нь би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-61-62/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.03-ны өдрийн 724 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Х-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэзээ үүсснийг тогтоох боломжгүй байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-14/,

Шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрөөж ажил тараад найз Наранчимэгийн хамт 100 айл орчимд машин дотор нэг шил архи хувааж уугаад согтсон байсан. Наранчимэг нэг мэдэхэд явчихсан, би ганцаараа гадаа зогсож байсан. Наранчимэг рүү би утсаар ярьсан юм шиг байна лээ. Тэр хорооллоос такси барьж ирээд намайг аван, өөрөө замд Гандангийн орчимд буугаад би Зүүнсалаа руу явсан. Надад тухайн үед мөнгө байгаагүй тул ахаасаа мөнгө авч өгнө гэж ярьж байсан. Тэгээд Зүүнсалаа орох хүртэл би машинд унтчихсан байсан. Жолооч эмэгтэй нь “Зүүнсалааны эцэст ирчихлээ” гэж сэрээсэн. Би ах руугаа залгахад утас нь холбогдохгүй байсан. ...Тухайн үед миний нэг гар утас алга болсон байсан. Тэгээд би жолооч эмэгтэйгээс утсаа нэхээд бид 2 маргалдсан. Жолооч эмэгтэй цагдаа дуудаж намайг эрүүлжүүлэхэд хүргүүлсэн. Маргааш нь жолооч эмэгтэй уулзаад “чи намайг яаснаа мэдэж байна уу, чи миний нүүр рүү цохиод хөхрүүлсэн, би шөнөжин төмсөөр жин тавиад хөх нь арилчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед харахад энэ эмэгтэйн нүүрэнд ил харагдах ямар нэгэн гэмтэл, хөхөрсөн няцарсан зүйл байгаагүй. Би түүнээс уучлалт гуйгаад “хоёулаа тохиръё, та гомдол өгөөд яахав дээ, надад одоо байгаа нь хүзүүний монетон гинж байна, та энийг авчих” гэхэд “нөхрөөсөө асууя” гээд нөхрөөсөө асуухдаа “энэ охин надад монетон гинжээ өгөөд дээр нь 100.000 төгрөг нэмж өгье гэнээ” гэхэд нөхөр нь “за за” хэлсэн. Тэгээд би хүзүүндээ зүүж байсан монетон гинжээ тэр эмэгтэйд өгөөд би “шинэ жилээс өмнө 100.000 төгрөг дансанд чинь хийе” гэж хэлээд явсан. Орой нь энэ эмэгтэй миний утас руу залгаад “би таксиныхаа мөнгийг оруулж тооцоогүй байна, тэрийг нэмж өгөөрэй” гэхээр нь “тэгье” гэсэн. 2 хоногийн дараа дахин энэ эмэгтэй залгасныг би сонсоогүй өнгөрсөн байсан, тэгсэн... “чи ингэж болохгүй, над руу ярьсангүй шүү” гэхээр нь би түүний утас руу залгахад “чи надад 500.000 төгрөг өг” гэхээр нь та яагаад 500.000 гэж байгаа юм би танд монетон гинжээ өгөө биз дээ” гэхэд “за яахав тэр гинж чинь 100.000 төгрөг болно биз, маргааш үлдэгдэл 400.000 төгрөгийг дансанд хий” гэсэн. Маргааш нь би энэ хүнээс дансны дугаарыг нь авахад “би толгойны томограф хийлгэсэн тул 500.000 төгрөг нэхсэн шүү” гэж хэлсэн. Тэр өдөртөө надад мөнгө олдоогүй тул би мөнгийг нь өгч чадаагүй. Гэтэл тэр эгч залгаад “би гомдлоо өглөө” гэсэн. Тэгээд л цагдаад гомдол гаргасан байсан. Би таксины жолооч эмэгтэйг машины толиор цохьсноо мэдэхгүй, санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-46-47/,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт /хх-32/, хохирлын баримтууд /хх-38-42/, гэрч Б.Ш-ын мэдүүлэг /хх-50/, гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /хх-53/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-56-58/, хохирогч Ш.Х-ийн хүсэлт /хх-59/, шүүгдэгчийн хүсэлт /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны эцсийн буудлын орчим таксины жолооч Ш.Х-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд түүний мөрдөн байцаалтад өгсөн “Эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан. Цаашид гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй” гэх хүсэлт /хх-59/-ийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, ажил эрхэлдэг байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ялыг зөвшөрч байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, бусад орлого олох боломж/-ыг харгалзан шүүгдэгч Б.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.