Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1185

 

 

О.Ө, Д.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ө, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2307 00000 0137 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн О-н Ө, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 569 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сарын хугаацаагаар хорих ялаар тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 469 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 423 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарыг нэмж, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаартай зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 237 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулан чөлөөлсөн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс оногдуулсан ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 290 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэтрүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

2. О овгийн Д-ийн Т, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т тус тус зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх баривчлах ялыг нийт 3 сарын хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 407 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

О.Ө, Д.Т нар нь хамтран 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 9-19 тоот дахь хүн байнга амьдрах зориулалттай, цоожоор түгжин хамгаалагдсан зуслангийн байшингийн гал тогоон дахь жижиг цонх бүхий саадыг зэвсгийн чанартай зүйл болох сүхээр цохин хагалж, учрах саадыг арилган хууль бусаар нэвтэрч, улмаар уг объект дотор хадгалагдаж байсан бусдын эд хөрөнгө буюу хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч У.Эд 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн О.Ө нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 6 дугаар гудамжны 7 тоот хашаанд байсан хохирогч Л.Б-ийн эзэмшлийн хонин сүргээс 1 тооны хонийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б овогт О-н Ө, О овогт Д-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000137 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б овогт О-н Ө, О овогт Д-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт О-н Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Тг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар 11 сар 25 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өын цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоног, шүүгдэгч Д.Тгийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Өаас 532.000, Д.Тгаас 252.000 төгрөг буюу нийт 784.000 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Эд 504.000 төгрөг, Л.Б-д 280.000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх дээр гэм буруутайгаа маргахгүй бол хөнгөн буюу хорихоос өөр төрлийн ял оноодог эсвэл ялаас чөлөөлдөг гэж ойлгосон тул гэм буруутайгаа маргаагүй миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Ц.Оюунчимэг нь худлаа мэдүүлэг өгсөн. Үүнийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нотлох баримтын хүрээнд судлан шинжлээгүйн улмаас миний бие үйлдээгүй хэрэгт ял шийтгүүлсэн. Тухайн хүний мэдүүлгээр заасан гэмт хэрэг гарсан гэх өдөр би Улаанбаатар хотод байсан ба үүнийг нотлох хэд хэдэн хүн байсаар байтал мөрдөн шалгах ажиллагааны үеэр тэднийг гэрчээр байцаасан бол миний цагаатгах нөхцөл байдал болохоор байтал тухайн цаг үед бид хэргийн газар байгаагүй. Дээрх хэргийг үйлдээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хуулийн мэдлэггүйн улмааас гэм буруу дээр маргаагүй учраас нотлох баримт шинжлэн судлаагүй тул миний эрх зүйн байдал дордож, үйлдээгүй гэмт хэрэгт өндөр ял шийтгэгдсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргасан. Хэргийн материалтай танилцахад хэрэгт надтай хамт 32 дээр ажиллаж байсан Оюунбат, Оюунбаатар, Мөнхцоож нарын 3 хүний гэрчийн мэдүүлэг байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэслэгч Анхбаяр надтай хамт очоод тэдгээрээс мэдүүлэг авч байсан ч хэрэгт алга байсан. Анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгч маань “Гэм буруугийн талаар маргавал олон жилийн ял авдаг, маргахгүй бол гайгүй ял авна” гэсэн учир би гэм буруугаа хүлээж, маргаагүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө ийм байдалд орсон учир хэцүү байна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн тухайд өөрийн үйлдсэн хэрэг, үйлдэл зэрэгтэй маргах зүйл үгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хэдийгээр урд ял шийтгэл эдэлж байсан ч засрал хүмүүжил олоогүй гэж харагдахуйц үйлдэл гаргасандаа маш ихээр харамсаж байна. Гагцхүү шүүхийн шийтгэх тогтоолоо гардаж авсны дараа есдүгээр нүүрэн дээрх оргон зайлсан гэх үндэслэлээр ял шийтгэл нэмэгдсэн байхыг гайхаж байна. Эрүүгийн хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хувийн баталгаа авах арга хэмжээг өөрчлөхөөс ял шийтгэл хүндрүүлэх нөхцөл болохгүй. Мөн хэрэв үнэхээр намайг оргон зайлсан гэж үзэхийн тулд Эрүүгийн хуулийн 34.17 дугаар зүйлийн 11-д зааснаар шүүгдэгч оргон зайлсан бол олж илрүүлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой. Гэтэл эдгээр хуулийн дагуу арга хэмжээг аваагүй байхдаа “Оргон зайлсан” гэж үзэн ял шийтгэлийг хүндрүүлсэн. Оргон зайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл сонссоны дараа оргон зайлсан бол ял шийтгэл ногдуулна гэж буй. Иймд тухайн үед гар утсаа гээж, холбоо барих нөхцөлгүйгээр хөдөө орхигдоод шүүх хуралдаандаа ирэлгүй, учир битүүлгээр алга болсон мэт ойлгогдож байсан. Миний бие шүүх хуралдаан 7 дугаар сарын 24-нд болохоос өмнө амжиж хохирлын мөнгөө олж төлөхөөр хөдөө ажиллаж байгаад утсаа алдан холбоо барих, хотод ирэх боломжгүй байдалд орсон. Үүнийг шүүхэд тайлбарлах боломж олгоогүй, сонсолгүй хуулийн заалтуудыг үзэмжээр хүндрүүлэн ашиглаж, 4 жилийн ял оногдуулсан нь хэт хатуудсан гэж үзэж байна. Хэдийгээр миний хувийн зохион байгуулалт тааруугаас болж хурал хойшилсон ч хуулиндаа үүнийг ял шийтгэл хүндрүүлэх нөхцөлд тооцдоггүй. Би нэгэнт ийм хэрэгт холбогдсон учир хохирол төлбөрөө төлж, ялаа хөнгөрүүлэх зорилготой байсан ч хоригдож байх хугацаанд өмгөөлөгч ирж уулзаагүй. Мөн ар гэрээс хүн ирээгүй тул хохирол төлбөрөө барагдуулж чадаагүй. Хоёр удаа томилолтын өмгөөлөгч авахаар хорих ангийн прокурор, төлөөлөгч, хэрэг хариуцсан прокурорт хүсэлт явуулсан боловч ирээгүй. Өмгөөлөгч ирээд уулзсан бол би ар гэрийнхэнтэйгээ холбогдож, хохирол төлбөрөө төлөх байсан. Иймд эрхэм шүүгч нараас миний хийсэн хэрэгт таарсан ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна.” гэв.

Шүүгдэгч О.Өын өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Ө нь анхан шатны шүүх хуралдаанд орсон өмгөөлөгч Г.Наранбаатараас татгалзаж, хууль зүйн туслалцааны төвөөс намайг томилсон. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, гомдолд дурдсан асуудлыг шалгаж шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна.” гэв.

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Д.Т “Өмгөөлөгч маань ирж уулзсан бол би хохирлоо төлөөд ялаа хөнгөрүүлэх байр сууринаас оролцох байсан” гэж ярьж байна. Би Төв аймаг дахь улсын өмгөөлөгч учраас түүний хүсэлтийн дагуу томилогдож шүүх хуралдаанд оролцсон. Мөн Д.Т надтай уулзах хүсэлт гаргаагүй, би харьяаллын бус хэрэгт томилогдсон учраас очиж уулзах боломж байгаагүй. Иймд гаргасан гомдлыг нь дэмжиж байх тул түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан, хууль, эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хилсээр хэрэг хүлээсэн, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл түүний бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдэл хэрэгт авагдсан хохирогч У.Э, гэрч О нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Өын гэрт үзлэг, нэгжлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан зүйл, тэмдэглэл, гэрч О-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Мөн О.Ө нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан гэдэг нь 2 дугаар хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан гэрч Оюунбатын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Шүүгдэгч Д.Тгийн хувьд шийтгэх тогтоолоор намайг оргон зайлсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оногдуулсан гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан. Энэ нөхцөл байдлуудад мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан гэсэн үндэслэл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзнэ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлоо төлөөгүй зэрэг бүхнийг харгалзан үзэж Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Иймд оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.Ө, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Ө, Д.Т нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 9-19 тоот дахь хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн гал тогооны жижиг цонхыг гараар цохин хагалж, бусдын эд хөрөнгө буюу хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, хохирогч У.Эд 504.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн О.Ө нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 6 дугаар гудамжны 7 тоот хашаанд байсан хохирогч Л.Б-ийн эзэмшлийн хонин сүргээс 1 тооны хонийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Тухайн хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-7/, хохирогч У.Эгийн мэдүүлэг /1хх 35-38/, гэрч Ц.О-ийн мэдүүлэг /1хх 40-41/, гэрч О.Ө-ийн мэдүүлэг /1хх 43/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-13/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-23/, хохирогч Л.Б-ийн мэдүүлэг /1хх 226-228/, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мал тооллогын хуудас /1хх 229/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 26-31/, гэрч Б.О-ын мэдүүлэг /2хх 33/, гэрч Х.П-ийн мэдүүлэг /2хх 35/, гэрч Л.Ц-ийн мэдүүлэг /2хх 37-38/ зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.Ө, Д.Т нарыг “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, шүүгдэгч О.Өыг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүгдэгч О.Ө, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг болон өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч О.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгч О.Ө “...надтай хамт 32 дээр ажиллаж байсан Оюунбат, Оюунбаатар, Мөнхцоож нарын 3 хүний гэрчийн мэдүүлэг байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэслэгч Анхбаяр надтай хамт очоод тэдгээрээс мэдүүлэг авч байсан ч хэрэгт алга байсан. Анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгч маань “Гэм буруугийн талаар маргавал олон жилийн ял авдаг, маргахгүй бол гайгүй ял авна” гэсэн учир би гэм буруугаа хүлээж, маргаагүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө ийм байдалд орсон учир хэцүү байна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Д.Т “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.Эгийн “...хөрш айлын хүн залгаж “Танай байшин руу эрэгтэй, эмэгтэй хүн сүх гартаа бариад, хаалгыг нь цохиж балбаад дотроос нь эд зүйлс аваад гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би 15 цагийн орчимд Гордокт ирэхэд манай байшингийн гал тогооны жижиг цонхыг хагалаад дотогш орсон байдалтай байсан... Хоолны халуун сав, ус буцалгагч, булган малгай, дээл, миксер зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Манай хажуу хашаанд сүүлд буусан нэг айлын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай хашаанаас өдрийн цагаар хулгай хийж байсныг нь урд талын айлын Пүүжээ гэх эмэгтэй хараад надад хэлсэн. ...” /1хх 35-38/,

гэрч Ц.О-ийн “...хойд талын айлын хашааг хүн цохих чимээ чангаар гарсан. Тэгээд би гайхаад гарч харахад хойд талын эзэнгүй айл болох Гандан-Уулын 9-р гудамжны блокон хашааны төмөр гүйдэг хаалгыг хар куртик, хар өмдтэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн, гартаа төмөр сүх барьчихсан цохиж эвдлээд гарч ирж байсан. Эмэгтэй нь ягаан хоолны сав, хар цүнх барьчихсан, харин эрэгтэй нь хар төмөр сүх бариад гэр рүүгээ орж харагдсан. Тэгээд би байшингийн эзэн рүү залгаж хэлсэн. Эмэгтэй нь өндөр бор царайтай, эрэгтэй нь намхан, үс нь жижиг, бор царайтай хоёр хүн байсан. Тэгээд эзэнгүй байдаг айлын яг баруун гар талын хашаа руу орсон. ...” /1хх 40-41/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч О.Өын үйлдэл тогтоогддог бөгөөд түүний гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Тгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал болон хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар 11 сар 25 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар” тогтоосон нь нэмж нэгтгэсэн байдал нь зөв хэдий боловч хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ө, Д.Т нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны энэ өдрийг хүртэл тус бүр 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын “...шүүгдэгч Д.Тг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...шүүгдэгч Д.Тг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар 11 сар 25 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосныг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өын өмнөх Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ХМШЗ/45 дугаар захирамжаар 11 сар 25 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө, Д.Т нарын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ