Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191

 

 Ц.О-ын нэхэмжлэлтэй,

ЦЕГ-т холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                            Г.Банзрагч

                                           Д.Мөнхтуяа

                                           Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...ЦЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын Ц.О-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.О-ыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Дарьганга суман дахь хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0176 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, О.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ЦЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.О-ыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний цагдаагийн дэслэгч цолыг сэргээн олгохыг ЦЕГ--ын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0176 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын “ЦЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өдрийн Б/648 дугаар тушаалын Ц.О-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ц.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0176 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах гэж хуульчилжээ. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т цагдаагийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн заасан боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна гэж үндэслэлтэй дүгнэсэн.

5. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаас илүү нарийвчилсан зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийн зохицуулалт хамтдаа байгаа нь илүү нарийвчилсан зохицуулалт гэдгийг хууль хэрэглэгч хэнд ч ойлгомжтой байна. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэг нь зөвхөн Цагдаагийн албан хаагчид хүлээлгэх “Сахилгын шийтгэл”-ийн төрлүүдийг нэрлэн заасан ба энд дурдсан хариуцлагыг хүлээлгэхдээ ямар хууль хэрэглэх, хэрхэн, яаж хэрэглэх зэрэг арга замыг тодорхойлоогүй байна. Тэгвэл “Төрийн албаны тухай хууль” энэ талаар илүү нарийвчилсан зохицуулалтыг тусгасан бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг”, 15 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг болон 40 дүгээр зүйлд заасан "хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчлийн шинж байдлыг үнэлэх, анх удаа болон давтан зөрчил гаргасан эсэхийг заавал харгалзан үзэхээр хуульчилсан.

6. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн “...цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалт байхгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлах ёстой” гэх гомдол үндэслэлтэй байна гэж гомдолд дурдсан тайлбарыг дүгнэсэн хэрнээ энэхүү дүгнэлтээ тайлбарлаагүй, ямар хууль хэрэглэсэн болон хэрхэн энэхүү дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

7. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа уг хуулийн 26 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагатай байх ба харин сахилгын шийтгэл хүлээлгэх санкцын зохицуулалтыг хэрэглэх болон ямар санкцыг сонгон хэрэглэхдээ тухайн харилцааг зохицуулсан буюу өөр хуулиар зохицуулсан бол уг хуульд нь заасан сахилгын шийтгэлийн төрлийг хэрэглэ гэсэн үг юм. Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “хуульд өөрөөр заагаагүй бол” гэдэг хэсэг тухайн зүйлийн өгүүлбэрийн эхэнд орсон байвал зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах шатны шүүхийн ойлгомжгүй тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж болох юм.

8. Гэтэл хуулийн найруулга, утга санаа нь зөвхөн сахилгын шийтгэл хүлээлгэхдээ өөр хуульд заасан бол тэр хуулийг хэрэглэ гэсэн нь ойлгомжтой байна. Тиймээс ЦЕГ-ын даргын 2018 оны Б/648 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэрэглээгүй гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлтийг тодорхой тайлбаргүйгээр үгүйсгэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал илт хууль бус, дүгнэлтээ тайлбарлаагүй нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байна.

9. Товчоор хэлбэл хариуцагч маргаан бүхий актыг Цагдаагийн албан хаагчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасныг дангаар нь биш Төрийн албаны хуулийн 26.1-д заасныг хамтад нь хэрэглэх байсан гэж дүгнэж байж хуульд нийцнэ гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “...эрх бүхий албан хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1-84.1.5 дахь заалтад заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль нэгийг сонгож оногдуулах эрхтэй байна” гэж хуульд байхгүй заалтаар дүгнэлт өгсөн нь хууль зөрчсөн байх ба зохигчдын маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

10. Нэхэмжлэгч ба хариуцагчийн хэн аль нь ЦЕГ--ын даргыг сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй, эрхтэй гэж маргаагүй. Харин сахилгын шийтгэлийг үндэслэлгүй оногдуулсан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж маргаж байхад маргааны хүрээнээс гадуур дүгнэлт хийсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан “гомдлын хүрээнд хянах”, “бүхэлд нь хянах” гэдэгт хамаарахгүй.

11. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бол гэдэг үндэслэлийн хувьд: Хариуцагч Б/648 дугаар тушаалдаа нэхэмжлэгчийг “ЦЕГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1-т “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гарсан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.10-т “гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх”-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж халах сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Отгонзулаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Б.Саранчимэгт гомдолтой байна” гэсэн агуулгатай гомдолд албаны шалгалт явуулахдаа гомдол гаргагчийн гомдлын агуулгаас ондоо агуулгаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан, энэ шийдвэрийг гаргахдаа гомдол гаргагчаас гэр бүлийн нь хүн буюу нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх бүр цаашилбал өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж болзошгүй шийдвэр гаргах болж байгаа талаар гомдолд гаргагчид огт мэдэгдээгүй, энэ талаар тайлбар аваагүй байдаг.

12. Нэхэмжлэгчийг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.10 дахь заалтыг зөрчсөн болох нь өөрийнх нь тайлбар, бусад баримтаар тогтоогдсон гэсэн хариуцагчийн тайлбар, ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр үйл баримттай талууд маргаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Отгонзулын гомдлын агуулга, шалгалтын хүрээнээс гадуур, ёс зүйн дүрэмд болон хуульд заагдаагүй асуудлаар буюу гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэх асуудлаар дүгнэлт хийж түүнийгээ “нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэдэг заалттай холбож тайлбарлаж байгаа нь ёс зүйн дүрмийн энэхүү заалтыг “гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай байж” гэдэг нэг нь нөгөөгөө тодотгосон заалтыг хамтад нь биш, салгаж өөр агуулгаар тодруулбал гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь гэрлэгчид бие биедээ үнэнч байх хэм хэмжээг зөрчсөн гэх Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан хууль зүйн хэм хэмжээний агуулгад хамааруулан тайлбарлаж нотлох баримтыг үнэлж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ гэж үзэхээр байна.

13. Мөн ЦЕГ--ын дарга нь албан хаагчдын зөвхөн үйл ажиллагаанд л мөрдөгдөх Ёс зүйн дүрэм баталж мөрдүүлэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт заасан байхад хуулиар тогтоосон энэ хэм хэмжээнээс хальсан, тодруулбал хэдийгээр цагдаагийн албан хаагч ч гэлээ хувь хүний хувийн харилцаа, хувийн амьдралын асуудалд дүрэм тогтоож түүгээрээ үндэслэн ажил хөдөлмөр эрхлэх эрхэд нь халдаж байгаа нь эрх зүйн хэм хэмжээний агуулгыг ойлгохгүй, нийтийн эрх зүй болон хувийн эрх зүйн зохицуулалтын хүрээг хольж хутгасан хууль хэрэглээний бүдүүлэг алдааг хууль зөрчөөгүй хэмээн давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь энэ шүүх өөрөө хууль хэрэглэх чадваргүй байгааг харуулж байна. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоох, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүл үр хүүхэддээ хайр халамжтай байх гэдэг нь өөр өөр агуулгатай. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосноор гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай байх ёс зүйн хэмжээ зөрчсөн гэж үзэх эсвэл энэ хоёрыг ижил зүйл гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болно. Тэгвэл маргаан бүхий актад Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.10-т заасан “Гэр бүл үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг үндэслэн ажлаас халсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхэд, шүүх хуралд хариуцагчийн гаргасан гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон гэх тайлбарыг үндэслэн зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг болно.

14. Иймд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

             ХЯНАВАЛ:

15. “ЦЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Дарьганга сумын хэсгийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай Ц.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “...Цагдаагийн албан хаагч Б.Саранчимэг нь бусдын гэр бүл үймүүлсэн, бүдүүлэг үг хэлээр доромжилдог, ...ёс суртахуунгүй авирласан...” хэмээн түүнд гомдолтой байгаагаа илэрхийлж, нэхэмжлэгч Ц.О-ын эхнэр Д.Отгонзулаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргад ирүүлсэн өргөдлийг үндэслэн ЦЕГ--ын даргаас өгсөн үүргийн дагуу хийсэн албаны шалгалтаар Ц.О- нь Б.Саранчимэгтэй гэр бүлээс гадуур дотно харьцаатай болсон нь тогтоогдсон, Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.4-т “ёс суртахуунтай байх”, 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, ...”, 2.4.10-т ”гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээрээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэснийг зөрчсөн гэж үзэж, “цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах” санал бүхий 2018 оны 08 сарын 11-ний өдрийн “Албаны шалгалт явуулсан тухай танилцуулга”-ыг шалгалтын хэсгээс ЦЕГ--ын даргад хүргүүлжээ.   

17. Үүний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, тус газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Дарьганга сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.О-ыг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хураахаар шийдвэрлэсэн байна.

18. Нэхэмжлэгч Ц.О- нь Б.Саранчимэгтэй гэр бүлээс гадуур дотно харьцаатай болсноо үгүйсгэж маргаагүй боловч “...гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.10 дахь заалтуудын агуулгад нийцэхгүй, ёс зүйн зөрчил биш...,” гэж, хариуцагч нь “...ёс зүйн зөрчил мөн, ...шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй...” гэж тус тус маргажээ.

19. Цагдаагийн албаны хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж, “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан сануулах, албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; албан тушаал бууруулах; цагдаагийн цолыг бууруулах; цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийн аль нэгийг ногдуулахыг энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгээр зохицуулжээ.

20. Хуулийн энэ заалтуудаас үзвэл, цагдаагийн албан хаагч Ц.О- нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд түүний эрх зүйн байдал, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн асуудал нь Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдана.

21. Иймээс эрх бүхий албан тушаалтан ёс зүй, сахилгын дүрэм зөрчсөн албан хаагчид Цагдаагийн албаны хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгож хэрэглэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн /2002 оны/ 26.1-д “...зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан...” гэх нөхцөлийг зайлшгүй анхаарах шаардлагатай юм.  

22. Энэ маргааны тухайд хариуцагч нь Ц.О-ыг иргэн Б.Саранчимэгтэй гэр бүлээс гадуур дотно харьцаа тогтоосон гэж буруутгаж, үүнийг ёс зүйн асуудалд хамруулж, “зөрчил” гэж үзэж шийтгэл ногдуулахдаа иргэн Д.Отгонзул нь гомдолдоо “...хэл амаар доромжилсон, зүй бус харьцсан, маргалдсан...” гэх асуудлыг Б.Саранчимэгт холбогдуулан тусгайлан дурдсан, эдгээр нь Ц.О-той хамааралгүй, Б.Саранчимэгт холбоотой гомдлыг тусад нь шалгаж шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүйгээс сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

23. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Цагдаагийн албаны хуулиар илүү нарийвчлан зохицуулсан..., ... эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэлийн төрлүүдээс сонгон хэрэглэх эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй...” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал үндэслэл муутай болжээ. Учир нь, эрх бүхий албан тушаалтны хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх эрх хэмжээ нь Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуульд нийцэж хэрэгжих учиртайг анхаараагүй байна. 

24. Иймээс ”...Цагдаагийн албаны тухай хуулиас гадна Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг энэ маргаанд тайлбарлаж хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

25. Харин хариуцагчийн зүгээс Ц.О- нь шууд ажлаа тайлагнах дээд албан тушаалтантайгаа гэр бүлийн харилцаа тогтоосныг түүний ёс зүйтэй холбож тайлбарласныг буруутгах үндэслэлгүй тул “...зөрчил гаргаагүй...” гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

26. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0176 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ