Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 394

 

                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                    

 

 

 

 

 

 

 

           М.Амартүвшинд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Алтантүлхүүр,

Хохирогч Ү.Оргилмаа, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

Ялтан М.Амартүвшин, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, З.Хүрэлсүх,  

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Амартүвшин, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Амартүвшинд холбогдох эрүүгийн 201525030609 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржгон овогт Мандахын Амартүвшин, 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн зураглаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Рео Баянхонгор” ХХК-д дотоод хяналтын ажилтан ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48-754 тоотод оршин суух бүртгэлтэй,

         

          2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 229а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УС86053118/,   

          М.Амартүвшин нь 2015 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Ү.Оргилмаатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан, муудалцах явцдаа хохирогч Ү.Оргилмааг 86-50 УНЦ улсын дугаартай “Honda Fit” загварын тээврийн хэрэгслээр дайрч санаатай алахыг завдсан,

 

          Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамжны 754 тоот гэртээ хохирогч Ү.Оргилмаатай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа түүнийг 2010 онд 3 удаа, 2011 онд 3 удаа, 2012 онд 2 удаа, 2013 онд 5 удаа, 2014 оны 8 дугаар сард 1 удаа, 2015 оны 2 дугаар сард 1 удаа буюу нийт 15 удаа байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: М.Амартүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч М.Амартүвшинг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр тээврийн хэрэгслийг ашиглаж хохирогч Ү.Оргилмааг мөргөж хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ү.Оргилмааг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, М.Амартүвшингийн цагдан хоригдсон 116 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.900.000 төгрөгийг гаргуулж төрийн өмчид шилжүүлж, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 86-50 УНЦ улсын дугаартай “Honda Fit” загварын автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшингээс 4.776.201 төгрөгийг гаргуулж, хохирогч Ү.Оргилмаа /РД: ХМ79073006/-д олгож, нэхэмжлэлээс 20 сая төгрөгийг хангахгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээч “Ю Би Пропертиес” ХХК-д тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхтэй холбогдон гаргасан зардал болох 150.000 төгрөгийг шүүгдэгч М.Амартүвшингээс гаргуулж “Ю Би Пропертиес” ХХК-д олгож, хохирогч Ү.Оргилмаа нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан М.Амартүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…400 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь, би хохирогч Ү.Оргилмааг тээврийн хэрэгслээр дайрч санаатай алахыг завдаагүй юм. Энэ үйлдэл нь хохирогч бид хоёрын согтуугаар гэртээ харих гээд тээврийн хэрэгсэл жолоодсоноос миний санамсар болгоомжгүй байдал, хохирогчийн өөрөө амиа хорлох гэсэн завдалт юм. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шалгуулъя гэж мөрдөн байцаагч, прокурор нар хэт нэг талыг барьж байсан миний эрх зүйн байдлыг дордуулж шалгаж өгөөгүй хэргийн гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсээр байхад хохирогчийн надад өс хонзон санаж өгсөн худал мэдүүлгээр хүнийг санаатай алахыг завдсан гэж хүнд ял тулгаж шийтгэсэнд туйлаас их гомдолтой байна.

Мөрдөн байцаалтын шатанд байцаагч Батсайхан дээр өдөр болгон очдог байсан боловч миний цагийг бүртгэж гарын үсэг зуруулдаггүй байсан. Удаа дараа ирэхгүй байна гэж цагдан хорино гэж айлгаж сүрдүүлдэг байсан. Мөн өрөөнийхөө хаалгыг түгжиж “хэргээ хүлээ, эхнэртэйгээ уулзах юм бол хорино шүү” гэж хэл амаар доромжилж, зодож цохидог байсан. 2015 оны 7 дугаар сард Оргилмаа над руу “чамайг хориулах гээд байцаагчтай ярьж байгаа” гээд мессеж ирсэн ба маргааш нь байцаагч дээр очтол “чамайг хорино” гээд эрүүгийн өрөөнд 11 цагаас 20 цаг хүртэл пааранд гавлаж, миний эрхийг зөрчиж байсан. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл 72 цаг үндэслэлгүй саатуулж байсан ба тогтоол нь одоо хэрэгт байдаггүй.

2013 онд хохирогч бид хоёрын муудалцаж хоорондоо бичиж байсан мессежийг хохирогч Оргилмаа тухайн үед угаалгаж хадгалж байгаад гаргаж өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байхад прокурор Н.Алтантүлхүүр нь “хэрэг гарсны дараа хохирогчийн утсанд үзлэг хийж авсан” гэж прокурор хүний ёс зүйгүй үйлдэл гаргаж худлаа ярьж, яллаж байгаад харамсаж байна. Мөн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр болсон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь миний төрсөн 2 охины том охиныг минь дагавар хүүхэд, тэр хүүхдээсээ болж байнга муудалцаж, зодолддог байсан гэж барин тавин худлаа ярьж байсан. Энэ үйлдлийг нь би намайг аль болох буруугаар шүүгч нарт ойлгуулж, үзэн ядуулж, яллуулах гэж байна гэж ойлгосон.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байцаалт өгөхөөр очиход байцаагч Батсайхан, прокурор Алтантүлхүүр нар хохирогч амьд байж байхад надад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан зүйлүүдээр ял тулгаж байцаалт авч байсан. 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байцаагч Батсайхан, прокурор Алтантүлхүүр, хохирогч Оргилмааг дагуулж хэргийн газрын үзлэг хийх гээд явж байхдаа “хэрэг гарсан уулаа олохгүй байна” гэж байцаагч Батсайхан над руу залгаж хэрэг гарсан уулыг тодорхой заалгуулж авсан. Тэр өдөр над руу залгаж ярьсан утасны бичлэг одоо ч миний утсан дээр байгаа. Иймд хэргийн газрын үзлэгийг эргэлзээтэй хийсэн гэж бодож байна.

Хохирогч Оргилмаа 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэмтлийн эмнэлэгт машинд дайруулсан гэж өвчтөний түүх нээлгэсэн байдаг. Гэтэл 5 дугаар сарын 23-нд Оргилмаа гэмтлийн эмнэлэгт хэвтээгүй хувийн эмнэлэгт хэвтсэн. Миний өмгөөлөгч Дашдорж гэмтлийн эмнэлэгт хүсэлт явуулж архив шүүлгэхэд тэр өдрийн бүртгэлийн дэвтэрт юмнаас унаж бэртсэн гэж бүртгүүлсэн байдаг. Үүнийг шалгаж өгнө үү гэж хүсэлт тавьсан боловч шалгаж өгөөгүй.

Мөн хохирогч Оргилмаа 2013 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд надаас болж очиж байрлаж байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байдаг. 2013 онд намайг кино зураг авалтаар хөдөө явж байхад туслах найруулагч охинтой хардаж, хэрүүл хийж ээжийнх рүүгээ явсан. Зураг авалт завсарлаж Оргилмаатай ирж уулзахад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2 хамгаалагчаар намайг зодуулж, би хүнд гэмтэл авч байсан. Тухайн үед би цагдаад хандаж шалгуулж байсан. Тэгэхэд хохирогч Оргилмаа ээжтэйгээ ширүүн муудалцаж очих газаргүй болоод Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очсон гэж өөрийнх нь өгч байсан мэдүүлгийг шинээр нотлох баримт болгож гаргаж өгсөн.

Хохирогч Оргилмаа намайг маш их хардаж зовоодог байсан учраас 2014 онд би салахаар шийдэж 6 сар тусдаа амьдрах хугацаандаа Бат-Оюун гэх бүсгүйтэй танилцаж хэсэг хугацаандаа хамтран амьдарч байсан. 2014 оны 12 дугаар сард Оргилмаа “хоёр охиноо бодъё, эргээд амьдаръя” гэж гуйхаар нь охидуудаа бодоод эргээд нийлсэн. 2015 оны 1 дүгээр сараас эхлэн Оргилмаа ажилдаа орж, би бага насны 2 охиноо харж гэртээ байх болсон. Энэ хугацаанд Оргилмаа ажлаа тараад байнга архи ууж ирээд агсам тавьдаг байсан. “Би чамайг заавал чадна аа, чиний мууг үзэж байж санаа амарна” гэж амиа хорлох оролдлого хийдэг байсан. Хохирогч Оргилмаа худлаа мэдүүлгүүд өгч 2013 онд муудалцаж бичиж байсан мессежүүдийг хадгалан энэ хэрэгт нотлох баримт болгож байгаа нь надад өс хонзон санаж, урьдаас төлөвлөж ийм хэрэгт гүтгэж байна. Иймд энэ хэргийг тал талаас нь харж үзэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хохирогчийн согтуугаар амиа хорлох гэж байсан үйлдлийг зогсоож чадалгүй санамсар болгоомжгүй байдлаасаа ийм гэмт хэрэгт орсондоо маш их гэмшиж харамсаж байна…” гэв.

Ялтан М.Амартүвшингийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317, 318 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн үндэслэлээр гомдол гаргалаа. Шүүх М.Амартүвшингийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго нь хамтран амьдрагч хохирогч Ү.Оргилмааг олон жилийн турш хардаж, үүнийгээ үгээр болон үйлдлээр илэрхийлж гэмт үйлдлээ хэрэгжүүлсний улмаас хохирогчийн амьд явах эрхэнд халдсан болох нь хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тухай шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь зөвхөн 2010, 2013, 2015 онд хохирогч шүүгдэгч нарын таарамжгүй харьцаа, зодсон зодуулсан тухай гэрчүүдийн мэдүүлгүүд нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар гэрчилдэггүй. Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед гэмт хэрэг гарсан газрыг зааж чадаагүйг нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал шүүх хүлээн авч байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлд заасан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны шаардлагыг хангаагүй. Мөрдөн байцаагч болон хохирогч хэрхэн зөрчсөний нотолгоо болох учиртай байлаа. Мөн энэ хэрэгт хохирогчийн бие махбодод учирсан ясны хугарлыг эмнэлгийн анхан шатны баримт дээр зөрүүтэй тэмдэглэсэн, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр КТГ зургийг уншуулалгүй холбогдох зааврыг зөрчиж шинжээч эмч Бадрал шууд дүгнэлт гаргасан байхад Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэлээр зайлшгүй дахин шинжилгээ хийлгүүлэх саналыг хүлээн аваагүй нь буруу юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын зарим ажиллагаа зайлшгүй нэмж явуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Ялтан М.Амартүвшингийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Дашдорж миний бие, М.Амартүвшингийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна.

Өмгөөлөгчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд ялтан М.Амартүвшингийн өмгөөлөгчөөр оролцохдоо Эрүүгийн 201525030609 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах доорх саналтай оролцсон.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4, 80.1.5 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгүүлэх.

2. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Оргилмаагийн 3 удаагийн мэдүүлэг авсан байх ба мэдүүлгүүд нь тогтворгүй эргэлзээ бүхий мэдүүлгүүд байдаг хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.11, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасны зөрчсөн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хангахгүй болж байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь бичиглэлийн алдаа бүхий зөрүүтэй эргэлзээ бүхий байх тул дахин шинжээч томилуулж уг хохирогчид учирсан гэмтлүүд ямар тохиолдолд үүсэх боломжтой эсэхийг тодруулах.

4. Хохирогч Оргилмаа нь удаа дараагийн мэдүүлэг дээрээ 1 метрийн зайнаас Амартүвшин машинаар мөргөсөн гэж мэдүүлдэг боловч уг машин нь 1 метрт хэдэн км/цаг хурдлах боломжтой эсэх зэргийг техникийн шинжээч томилж тодруулж уг шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан ч шүүх хүлээн авалгүй М.Амартүвшинг гэм буруутайд тооцож, М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэдэг хуулийн шаардлага хангаагүй, хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж нотлох баримтын шаардлага хангахгүй баримтанд тулгуурлан хэргийг шийдвэрлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 400 тоот шийтгэх тогтоолын 14 дүгээр хуудсанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “шинжээч эмч хохирогчийн биед үүссэн “шаант ясны хугарал нь мөргөлтөөс үүснэ” гэдэг боловч “Монгол Хьюндэй” эмнэлгийн эмч “зөрүүтэй хугарал” гэж тайлбарласан, дүрс оношилгооны эмч оролцуулж дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, хохирогч Ү.Оргилмаагаас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй нь нотлох баримтын шаардлага хангаагүй, автомашинд техникийн шинжээч тогтоолгох, шүүгдэгч М.Амартүвшингийн үйлдэл нь гэмт үйлдэл мөн эсэх, ямар гэмт үйлдэл болох, сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүй зэрэг ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8061 дугаартай актыг гаргасан шинжээч эмч Ц.Бадрал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Амартүвшингийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийг үхэлд хүргэх боломжтой шалтгаант холбоо бүхий “...баруун талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжний баруун талын хөндий дэх шингэн хуралдалт...” бүхий гэмтэл үүссэнийг шинжээч, тогтоож тодорхой тайлбарласан ба хүний санаатай алахыг завдсан үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодод учрах үедээ амь насанд аюултай уг гэмтэл үүссэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон гэж дүгнэж байна.

Хэдийгээр хохирогч Ү.Оргилмаа нь шүүгдэгч М.Амартүвшинтэй хамтран амьдарч байсан боловч, хэрэг болсноос хойш хамтран амьдраагүйгээс гадна тухайн гэмт хэргийн улмаас санаа сэтгэл, бие эрхтнээрээ хохирсон талаар анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь шүүгдэгч М.Амартүвшингийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдлэхгүй болохыг харуулж байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажсан хохирогч Ү.Оргилмаа өөрийн амьд явах эрхээ хамгаалах ёс зүй ёсны хэрэг юм” гэжээ. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шүүх шинжилгээний шинжээч эмч Бадралын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гаргасан №8061 дугаартай үзлэгийн акт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн. Шинжээч эмч Бадрал нь Оргилмаад учирсан гэмтэл буюу зүүн шаант ясны дунд 1/3-ийн зөрүүтэй хугарал нь мөргүүлэх үед бусад гэмтэл нь унахад үүсэх боломжтой гэжээ. Гэтэл хохирогч машин 1 метр зайнаас дайрсан гэж мэдүүлдэг ч уг гэмтэл нь дайрагдах үед үүсэхгүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Шүүгдэгч М.Амартүвшин нь хохирогчийг зүүн талаараа хаалга онгойж унасан гэж мэдүүлдэг ч хохирогчид учирсан гэмтлүүд нь ихэнх хэсэг нь зүүн талдаа байгаа нь шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэл бүхий болох нь харагдаж байна. Шүүхийн хэлэлцүүлэг шинжээч эмч Бадрал нь зүүн шаант ясанд учирсан гэмтлийг тайлбарсан болохоос биш бусад учирсан гэмтлийн талаарх дүгнэлтээ хамгаалж чадаагүй эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн. Мөн шинжээч эмч нь дүрс оношилгооны мэргэжилтэй биш мэргэжлийн дүрс оношилгооны эмчээр хохирогчийн зүүн хөлний зургийг уншуулаагүй өөрөө хараад дүгнэлт гаргасан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хохирогч анх “Монгол Хьюндэй” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн эмнэлгийн үзлэгийн актанд эмч зөрүүтэй хугарал гэж тэмдэглэсэн нь шинжээч эмч Бадралын гаргасан дүгнэлттэй зөрж байна.

2. Хэрэг гарах үе болтол Оргилмаа Амартүвшин дундаасаа 2 хүүхэдтэй хамтран амьдарч байсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээс нотлогддог. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2 “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амьны болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүнийг”, “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 “Гэр бүлийн гишүүн гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч дүү, тэдэнтэй хамтран амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг” гэж хуульчлан заасан байна. Эндээс үзэхэд хохирогч Оргилмаа шүүгдэгч Амартүвшин нар нь маргах үгүйгээр гэр бүлийн гишүүд болох нь үүний нотолгоо юм. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсгийг Оргилмаад сануулж мэдүүлэг авах ёстой байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчлан заасныг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийн нотлох баримт гэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ү.Оргилмаагийн мэдүүлэг нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

3. Хэрэг гарах үед хохирогч Оргилмаа ялтан Амартүвшин нараас өөр хүн байгаагүй учраас хэргийг талаар мэдүүлэх хөндлөнгийн гэрч байхгүй байхад шүүх гэрч нарын мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг буюу Оргилмааг алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан ял шийтгэлийг оногдуулсан. Ялтан М.Амартүвшин нь 2 хүүхдийн эх болсон Оргилмааг алах санаа зорилго байхгүй, хэрвээ тийм санаа зорилго агуулсан бол энэ үйлдэл бүрэн хэрэгжих боломжууд байсан болох нь цаг хугацаа нөхцөл байдлын хувьд бүрэн тодорхой нотлогддог.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийн талаар тогтоохоор заасан ч үүнийг тогтоогоогүй. Хохирогчид учирсан гэмтлүүд нь машинаа унахад учир ч болох гэмтэл гэдгийг шинжээч эмч шүүх хуралдааны явцад мэдүүлсэн шүүх бүрэлдэхүүн анхааралдаа аваагүй. Өмгөөлөгчийн зүгээс тухайн цаг үед хохирогч Оргилмаа уг гэмтлийг авсантай маргадаггүй гагцхүү Оргилмаагийн удаа дараагийн мэдүүлэгт тулгуурлан ялтан М.Амартүвшингийн эрх зүйн байдлыг дордуулан хүнд зүйл ангиар ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас заавал гэмт хэрэг гарах сэдэл шалтгааныг тогтоож эцэст нь хийсэн үйлдэлдээ тохирсон зүйлчлэлээр ял шийтгэл оногдуулах ёстой гэж үздэг.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан зүйлийг зөрчиж эргэлзээ бүхий нотлох баримтууд байсаар байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг хэрэглээгүй. Тухайлбал,

1. Хохирогч Оргилмаагийн мэдүүлэг илт зарим зүйлийг худал мэдүүлсэн болох нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт зэргээр нотлогдсон.

 2. Шинжээч 8061 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн шинжээч эмч Бадралын мэдүүлэг зэргээс хохирогчид учирсан гэмтэл уналтаас үүсэх боломжтойг мэдүүлсээр байхад ач холбогдол өгөөгүй байдаг.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 400 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Ү.Оргилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би бичгээр тайлбар гаргаж өгсөн бөгөөд тодорхой бичсэн. Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Би 1 жилийн хугацаанд огт ажил хийгээгүй бөгөөд эх болон хүүхдүүдээ асарч байна. Миний баруун талын мөрний яс овойсон байдалтай байгаа бөгөөд хүйтэн болохоор баруун тал янгинаж өвддөг. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байсан. М.Амартүвшин нь одоог хүртэл өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ү.Оргилмаагийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр ялтан М.Амартүвшин гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Хохирогч яаж гэмтэл авсан талаараа хүртэл тодорхой мэдүүлэг өгсөн. Тухайн үед болсон асуудал хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Мөн хохирогчийн ажлын газрын хүмүүс ялтан М.Амартүвшин эхнэрээ ажлаас нь хүчээр авч явдаг байсан, зодож цохидог байсан талаар тодорхой мэдүүлгүүд өгсөн байдаг. Иймд “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж явуулаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхээс ялтанд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

М.Амартүвшин нь 2015 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Ү.Оргилмаатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан, муудалцах явцдаа хохирогч Ү.Оргилмааг 86-50 УНЦ улсын дугаартай “Honda Fit” загварын тээврийн хэрэгслээр дайрч санаатай алахыг завдсан,

Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамжны 754 тоот гэртээ хохирогч Ү.Оргилмаатай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа түүнийг 2010 онд 3 удаа, 2011 онд 3 удаа, 2012 онд 2 удаа, 2013 онд 5 удаа, 2014 оны 8 дугаар сард 1 удаа, 2015 оны 2 дугаар сард 1 удаа буюу нийт 15 удаа байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ү.Оргилмаагийн “...2015 оны 5 дугаар сарын 22-ны орой манай манай ажлынхан нийлээд төрсөн өдөр тэмдэглээд, орой 22 цаг 30 минутын орчимд утсаар ярьж Амартүвшин ирж намайг авсан. Би Модны хоёрт сууж байсан газраа сайн мэддэггүй болохоор хамт сууж байсан ажлын найзынхаа нөхөр болох хүнээр заалгаж яриулсан. Тэгтэл Амартүвшин “ямар хүнээр яриулж байгаа юм” гээд уурласан. Амартүвшин угаасаа байнга хардаж зоддог, ажилдаа явахад хүртэл харддаг юм. Тэгээд би машинд суугаад явж байтал тэр уурлаад байсан, Хайлаастад байх гэрийнхээ ойролцоо очоод гэр рүүгээ орохгүй, өнгөрөөд явсан. Би “гэр рүүгээ оръё” гэтэл “хоёулаа хойд уулан дээр гарч жаахан юм ярьж байгаад оръё” гэсэн. Түүнд итгээд “за” гээд явтал хойд уулан дээр гарч зогсоод, архи гаргаж ирээд “чи уусан юм чинь би ууна” гээд архи хундагалаад уугаад байсан. Тэр архийг уг нь бид хоёр эмчилгээний зориулалтаар уухаар Эрээн хотоос авч ирж байсан. Архи ууж байгаад нилээд согтоод “би үхнэ үгүй бол хамт үхнэ” гээд байсан. Үглээд байхаар би аавыг нь дуудах гээд цүнхээ аваад машинаас жаахан алхсан. Гэтэл орилоод машиндаа нэг ороод, буцаж гараад байсан. Цүнхнээс утсаа гаргаж ярих гээд шороон дээр суусан. Амартүвшин машинаа асааж миний ард ирээд зогссон. Би босоод машинд суух гэтэл Амартүвшин машинаа хөдөлгөөд намайг ирээд дайрсан. Эхлээд ард зогсохдоо машинаа унтраасан, намайг сууж байгаад босох гээд өндийтөл шууд ирээд мөргөсөн. Дайруулчихаад юу болсноо мэдэхгүй босох гэтэл зүүн хөл, зүүн гap хоёр хугарчихсан, ямар ч мэдээгүй болсон байсан. Би орилоод “чи намайг дайрчихлаа” гэхэд бууж ирж харчихаад “битгий худлаа ярь” гээд орилж хашгираад яваад өгсөн. Ингэхдээ миний цүнхийг аваад хол шидсэн, би гэмтэл авсан болохоор босож чадахгүй 10 орчим минут суусан. Даараад байхаар нь хөлөө чирч мөлхөж байгаад машинд орж суугаад Амартүвшинд хандаж “чи дайрчихлаа” гээд ойлгуулах гэтэл “худлаа ярь” гээд намайг зодох гээд байгаа дүр эсгэж, согтуурхаад орилж хашгираад байсан. Эмнэлэг рүү явах талаар хэлтэл “одоо хамт үхнэ” гээд Амартүвшин машинаа асаах гэтэл машины бензин нь дуусчихсан, асахгүй байсан. Бид хоёр үүр цайтал тэндээ янз бүрийн зүйл болсон. Гэгээ ороход хараад итгэсэн юм уу аавыгаа дуудах гээд явсан. Тэгээд аав нь ирж намайг тэвэрч машинд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. 2009 оноос хойш хамтран амьдарч байхдаа 15 удаа зодсон, ер нь архи уусан үедээ агсам тавьж, зоддог байсан. Зодуулсан үедээ байнга ээжийндээ очдог байсан, 2013 онд аргагүй эрхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очиж хоносон. Би гомдолтой байна, би амьд үлдсэндээ баярлаж байна, энэ хүн намайг алах зорилготой машинаар дайрсан гэж би бодож байна. Тэр үед өөрөө үхнэ үгүй бол намайг ална гээд байсан юм. Амартүвшин намайг ихэвчлэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд бид хоёрын амьдарч байсан байшинд зоддог байсан. Миний санаж байгаагаар 2010 онд 3 удаа, 2011 оны 11 сард 1 удаа, нөгөөх нь хэдэн сард байсныг санахгүй байна, 2012 оны 1, 3 дугаар сарууд нэг нэг удаа, 2013 онд cap өдрийг санахгүй байна 5 удаа, 2014 оны 8 сард 1 удаа, 2015 оны 2 сард 1 удаа, нийт 14 удаа зодож эцэст нь намайг машинаар мөргөж алах гэж байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2 удаа хандсан, эхлээд зөвлөгөө аваад явсан, дараа нь 14 хоног байрласан. Цагдаад өргөдөл өгвөл дараа нь эвлэрэхээр алах байх, мөн хоёр хүүхдээ бодоод өргөдөл өгч чаддаггүй байсан. Ээж Сэргэлэн нь хүртэл утас авч нууж, хаагаад ах, дүүстэй яриулахгүй, дарамталдаг байсан. Маш их гомдолтой байна, одоо миний биеийн байдал их хүнд, зүүн хөл, гар хоёр хадаастай, явж болохгүй, эгэм хавирга гүйцэд бороолоогүй, сэтгэл санааны хувьд айдас ихтэй, маш хэцүү, шөнө нойргүй, бүх бие янгинаж өвддөг, үнэхээр хэцүү байна. Амартүвшин хэрэг болсноос хойш над руу байнга мессеж бичиж уулзъя гэж байгаа. Би түүнтэй уулзахаас үнэхээр айж байна...” /хх-21-27-I/,

Гэрч Д.Цэрэнлхамын “...Ү.Оргилмаа миний хоёр дахь охин. Амартүвшин гэдэг залуутай 2010 оноос эхлэн хамтран амьдарч эхэлснээс 3 сарын дараа Амартүвшин Оргилмааг зодож эхэлсэн. Тэр үед Оргилмаагийн аав Үзэмээ Баянхошуунд тусдаа амьдарч байсан ба Оргилмааг тэнд очиж хэд хоносон байсныг би дараа нь мэдсэн. Оргилмаа 2011 оны 4 дүгээр сард том охиноо төрүүлсэн, 2011 оны 11 дүгээр сард мөн зодуулаад хүүхдээ аваад гэртээ ирсэн. Яаж зодуулсан талаар асуутал “ташуураар зодож, нурууг нь улаан, эрээн болгосон” гэсэн. Оргилмаа нурууныхаа зургийг утсан дээрээ аваад хадгалсан байсан ба Амартүвшин түүнийг нь үзээд аав, ээждээ үзүүлж намайг цагдаад өгч, надаас салах гэж байна гэж зодсон байсан. Амартүвшин ирээд алах байх гэж Оргилмаа бид хоёр айгаад манай дүү Сэлэнгээгийн гэрт нэг cap байсан. Тэр хооронд Амартүвшин манай гэрт ирж гаднах давхар модон хаалгыг цөм өшиглөөд дотогш ороод гэрийн бүргэд хаалгыг хөшиж байхад нь хажуу айл Сонгинохайрхан дүүргийн цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн байсан. Маргааш нь дахиж ирээд хаалганы хоёр бариул эвдэлсэн байсныг бид засуулсан. Оргилмаа 4 cap орчим гэртээ байж байтал Амартүвшин манай гэрт ирээд хутга тулгаад Оргилмааг аваад гараад явж байхад нь би аавынх нь ахтай хамт явж байгаад үүдэнд тааралдаад салгаж авсан. Тэгэхэд манай гэрт байсан эрээн иштэй том хутга алга болсон. Оргилмаагаас энэ талаар асуухад “Амартүвшин аваад гарсан” гэж байсан тул бид цагдаад хэлж шалгуулж, Амартүвшин Оргилмааг хуурч, янз бүрийн юм ярьсаар байгаад 2012 оны 3 дугаар сард аавтайгаа ирээд аваад явсан. Амартүвшин 2013 онд Оргилмааг жирэмсэн байхад нь зодсоныг надад хэлээгүй. Оргилмаа Хүчирхийллийн эсрэг төвд очиж 10 орчим хоног болсон байсныг би сүүлд нь мэдсэн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд байхад хүүхэд нь салхин цэцэг тусаад гэр рүүгээ явахаас өөр аргагүй болоод Амартүвшингийн аавыг дуудаад гэр рүүгээ явах гэж байхад нь Амартүвшин очоод тэнд байсан хамгаалагчийнх нь машины цонхны шилийг хагалж, гэртээ ирээд хашаандаа зодож бөөн асуудал болсныг Оргилмаагаас сонссон. Түүний дараа 2014 оны 8 дугаар сард бас зодоод болохгүй байхаар нь Оргилмаа хоёр хүүхдээ аваад манай гэрт 4 cap орчим болоод 2015 оны эхээр бас л буцаад явсан. 2015 оны цагаан сараар бас л зодоод хацар, нүүр рүү нь цохисон байсан. Тэр үед нь би Оргилмааг шүүх эмнэлэгт үзүүлээд дүгнэлт гаргуулсан. Манайд ирээд хоёр cap болоод байтал араас ирж янз бүр болсоор байгаад бас аваад явсан. Тэгээд гэртээ очоод ээждээ янз бүрийн юм ярилаа гээд 2-3 удаа зодсон гэсэн, би түүнийг нь хараагүй Оргилмаагаас сонссон. 2015 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 10 цагт Оргилмаа над руу утсаар залгаад “би хөл, гараа хугалчихсан, эмнэлэгт байна, та ирээд намайг сахиад өгөөч” гэсэн. Намайг очиход “Монгол Хьюндэй” гэдэг хувийн эмнэлэгт гар, хөлөө шохойдуулсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Амартүвшин намайг машинаар дайрсан” гэдгээ хэлсэн. Амартүвшингийн ээж Сэргэлэн гэдэг хүн бол Амартүвшин Оргилмааг зодож байх үед Оргилмаа над руу ярих гэхээр нь утсыг нь булааж аваад яриулдаггүй гэж Оргилмаа хэлсэн...” /хх-28-29-I/,

Гэрч Ц.Одмаагийн “...2011 оны сүүлээр байх манай гэрт “Амартүвшин намайг зодсон, зугтаагаад ирлээ” гээд Оргилмаа том охиноо дагуулаад ирж байсан. Тэгэхэд ил харагдах гэмтэл байгаагүй, энэ үеэс л зодоод байдаг юм байна гэдгийг мэдсэн. Манай гэрт нэг cap гаран байсан, манай ээж рүү залгаад хэл, амаар доромжлоод, согтуу хаалга, үүд эвдээд, цонхны доор орилж чарлаад байсан. Тэгэхэд бид ээжийн дүүгийн гэрт байсан. Тэр хугацаанд гэрийн үүд, хаалга эвдээд “гал голомтоор чинь самарна” гэж ээжийг минь их дарамталсан. Хардаад, өөрийнхөөрөө байлгах гээд маргалдаад байдаг юм шиг байна лээ. Амартүвшин ер нь их хатуу, хэрцгий зантай хүн, манайд согтуу ирээд хаалга, үүд нүдээд их хэцүү байдаг байсан. 2014 онд бас зодоод гээд бага охиноо дагуулаад манай гэрт ирж байсан. Тэгээд араас нь утасдаад янз бүр болоод байхаар нь бид нар эгчийг өөр газар байлгаж байсан. 2015 оны Цагаан сарын шинийн гурванд яг зодож байхыг нь хараагүй. Зодуулчихсан баруун талын чамархай нүд нь хавдаад, хөхөрсөн байсан. Гэр бүлээрээ нийлж байгаад миний эгчийг ийм байдалд байлгаад байдаг юм шиг байна лээ. Миний мэдэхээр нилээн хэдэн удаа ийм асуудал гаргаж байгаа. ...Ээж маань над руу залгаад “Оргилмаагийн хөл, гар нь хугарсан гэж байна, би эмнэлэг явах гэж байна” гэсэн. Тэгээд ээжтэй хамт эмнэлэг явсан, ээжид “Амартүвшин намайг машинаар мөргөсөн” гэж хэлсэн байсан. Хэд хоногийн дараа харахад нүүрний баруун хэсэг шалбарч, эм түрхсэн, зүүн гарын шуу, зүүн хөлний шилбэ, зүүн эгэм нь хугарсан, баруун талын 3, 4 дүгээр хавирга хугарсан байсан. Яасан талаар нь би асууж тодруулаагүй, ээжид бүх зүйлээ ярьсан байсан, би ээжээс бүгдийг нь сонссон...” /хх-30-31-I/,

Гэрч Д.Цогдоржийн “...Манай дүү Үзэмээ одоо бол байхгүй, нас барсан. Түүний охин Оргилмаа нь 2011 онд Амартүвшин гэдэг залуутай суусан. Суугаад удаагүй байхдаа Амартүвшинд зодуулаад, салаад ирлээ гээд аавындаа ирсэн байсан. Аав нь “би очиж уулзахаас, нөхөр нь зодсон байна” гэж ярьж байсан. Сүүлд нь Оргилмаа буцаад явсан байсан, би нарийн учрыг нь сайн мэдээгүй. 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын үед Оргилмаагийн ээж нар руу утасдаад “та хурдан хүрээд ирээч” гэхээр нь эхнэр бид хоёр очсон. Очтол Амартүвшин согтуу ирчихсэн, Амартүвшингийн ээж Сэргэлэн гадаа машин дотор том охиныг нь тэвэрчихсэн сууж байсан. Амартүвшин Оргилмааг авч явах гээд гэрээс нь чирээд гаргаж байсан. Би болиулах гэтэл надтай ноцолдож, би түүнийг салгаж дийлэхгүй байсан, орцны жижүүр залуу орж ирж арай гэж салгасан. Дараа нь Цэрэнлхамын гэрт очтол гаднаа төмөр хаалга хийлгэсэн байсан. “Амартүвшин удаа дараа ирж хаалга, үүд эвдсэн” гэж Цэрэнлхам ярьж байсан. Тэднийх уг нь модон хаалгатай байсан юм. 2014 онд бас зодсон гээд Оргилмаа ээжийндээ ирсэн байсан. Би хамт явж Амартүвшингийн гэрээс Оргилмаагийн хувцсыг нь авсан, би олон удаа очиж хувцсыг нь авч байсан. Байсхийгээд л Оргилмаа “Амартүвшинд зодуулсан” гээд хүрээд ирдэг байсан. Хамгийн сүүлд 2015 оны Цагаан сараар “Амартүвшинд зодуулсан” гээд нүд нь хөхөрчихсөн, ээжийндээ ирчихсэн байсан. Тэгээд сая энэ машинаар мөргөсөн сурагтай байсан, би яг өөрөө нүдээрээ хараагүй. Эмнэлэг дээр очиж Оргилмаатай уулзахад “Амартүвшин намайг машинаар дайрсан” гэж ярьж байсан...” /хх-32-I/,

Гэрч Г.Тунгалагийн “...Оргилмаатай 10 жилийн өмнө 2005 онд Германд байхаас хойш найзууд болсон. 2006 онд Германаас ирээд холбоо барилгүй хэсэг сураггүй болсон. 2014 оны 9 дүгээр сард би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны гадаа таарсан. Амартүвшин гэдэг залуутай суугаад, түүнтэй муудалцаад, салаад ээжийндээ 2014 ны 8 дугаар сард ирсэн гэж ярьж байсан. Мөн нөхөр нь архи уухаараа их агсам гэж ярианаас нь ойлгосон. Тэгээд “2014 оны 12 дугаар сард нөхөртэйгөө буцаад нийлсэн” гэж байсан. 2015 оны Цагаан сарын дараахан Оргилмаатай уулзахад 21 дүгээр хороололд ээжийндээ бас ирчихсэн. Нөхөр цагаан сараар айл хэсээд явж байтал ялихгүй зүйлээс болоод нүүр рүү цохисон. Тэгээд би салаад ирсэн, маш хэцүү байгаа гэж байсан. Харахад нүүрний баруун хацар нь үл ялиг хавдаад, хөхөрчихсөн байсан. 2015 оны 5 дугаар сарын сүүлээр Оргилмаа над руу утсаар залгаад “найзыг нь манай нөхөр машинаар дайрчихсан, би эмнэлэгт байна” гэж хэлсэн. Эргэж очтол “гэмтлийн эмнэлэгт дөнгөж ирээд хэвтэж байна, хувийн эмнэлэгт хэд хоносон” гэж ярьж байсан...” /хх-33-I/,

Гэрч Д.Оюунсүрэнгийн “...2011 онд Оргилмаатай хамт ажиллаж байсан учраас танилцсан. 2015 оны 1 дүгээр сарын ундуур Оргилмаа жирэмсний амралтаа дуусаад ажилдаа орсон. Тэгээд ажилдаа ороод 2-3 хоногийн дараа Оргилмаагийн баруун талын хацар нь хавдаж, хөхөрсөн, нүд нь хөхөрсөн байдалтай ажилдаа ирэхээр нь юу болсон талаар нь асуухад нөхөртөө зодуулсан юм аа” гэж байсан. Удалгүй Цагаан сарын шинийн 5-ны өдөр баруун нүд, хацар нь хавдаж, хөхөрсөн байдалтай ажилдаа ирэхээр нь асуухад бас л “нөхөр зодсон, тэгээд би ээжийндээ ирчихсэн байгаа” гэж байсан. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа ажил тарж байхад Оргилмаагийн нөхөр гаднаас орж ирээд Оргилмааг гэр рүүгээ авч явах гээд шууд үсдэж, чирээд авч гарахаар нь би ажлынхаа Одонтуяатай хамт Оргилмааг салгаж авч үлдээсэн. Тэгэхэд Амартүвшин гэх залуу Оргилмаагийн цүнхийг нь аваад машиндаа хийгээд яваад өгсөн. Миний мэдэхээр 2015 оны 1 дүгээр сард Оргилмааг ажилдаа орсноос хойш 2-3 удаа зодож, нүд, хацрыг нь хавдуулж, хөхрүүлдэг байсан. Харин ямар шалтгаанаас болж зоддогийг нь би мэдэхгүй. Манай ажлынхан Оргилмааг нөхөртөө удаа дараа зодуулж байсныг бүгд мэднэ...” /хх-34-I/,

Гэрч Б.Байгалмаагийн “...2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажил тараад 19 цагийн үед ажлын газрын хүмүүстэй караоке, бааранд миний төрсөн өдөр болон өөр хоёр хүний төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн. Тухайн үед дандаа манай ажлын газрын бүсгүйчүүд байсан. Хоёр цаг гаран болоод тарах үед Оргилмааг нөхөр болох Амартүвшин ирж гэр рүүгээ авч явсан. Оргилмаа ерөөсөө архи хэрэглэж байгаагүй, тухайн үед миний төрсөн өдөр гээд нэг хундага архи уусан...” /хх-35-36-I/,

Гэрч Э.Ариун-Очийн “...2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын газрын хүүхнүүдтэй хамт ажилладаг Байгалмаа болон өөр хоёр хүний төрсөн өдрийг хамтатгаж хийцгээсэн. Тэгээд бид нар 3 дугаар хорооллын Модны хоёрын хавьд караокед орцгоож орой 22-23 цагийн үед гэр рүүгээ харьцгаасан. Оргилмаа тухайн үед нэг пиво, нэг хундага архи уусан, тэрээр өөрийгөө хянах чадвартай байсан. Манай нөхөр Сүхбаатар намайг авах гээд караокед ирсэн. Манай нөхөр Амартүвшинтэй утсаар ярьж бид нарын байгаа газрыг зааж өгөн Оргилмааг нөхөрт нь хүлээлгэн өгч явцгаасан. Миний хажууд Оргилмаа, Амартүвшин нар хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Оргилмаа нөхөр бид хоёрыг нөхөртэйгөө танилцуулсан. Нэг удаа Амартүвшин манай ажил дээр ирчихээд Оргилмаатай хэрэлдээд, зодох гээд байхад нь таарсан. Оргилмаа ер нь ажил дээр ирэхдээ нүд, ам нь хөхөрчихсөн ирж байсан. Надад нэг хоёр удаа “нөхөр Амартүвшинд зодуулчихлаа” гэж ярьж байсан. Оргилмааг нөхөр нь байнга хардаж ажил тарах үед ирж авдаг байсан...” /хх-37-39-I/,

Шинжээч эмч Ц.Бадралын “...Хохирогч Оргилмаагийн баруун талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Оргилмаагийн 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авахуулсан хоёр ширхэг рентген зураг болон 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн зүүн шилбэний байрлалын рентген зургийг үзэхэд Оргилмаагийн зүүн шаант ясны доод 1/3-р гурвалжин өнцөг үүсгэсэн вемпер хэлбэрийн хугаралтай харагдана. Энэ нь автомашинд босоо байрлалтай мөргөгдөх үед үүсгэгддэг хугарал юм. Иймд Оргилмаагийн биед  учирсан гэмтэл автомашинаас унах үед биш босоо байрлалтай зогсож мөргүүлэх үед үүссэн байж болох гэмтэл юм...” /хх-48-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8061 тоот акт, дүгнэлтэд “Ү.Оргилмаагийн биед баруун талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжний баруун талын хөндий дэх шингэн хуралдалт, зүүн эгэм, атгаал, шаант ясны дунд 1/3-ийн зөрүүтэй далд хугарал, дух, баруун нүдний зовхи, зүүн өвдөгт няцарсан шapx, зулгаралт, нүүр, зүүн хацар, шанаа, эрүү, баруун тохой, шуу, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдандад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна…” /хх-44-45-I/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 709 тоот дүгнэлтэд “...М.Амартүвшин нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна ...М.Амартүвшин нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна...” /хх-47-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3291 тоот акт, дүгнэлтэд “…Оргилмаагийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” /хх-146-I/ гэх дүгнэлтүүд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан Ү.Оргилмаагийн өргөдөл /хх-6-I/, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-I/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-18-19-I/, өвчний түүхийн хуулбар /хх-50-59-I/, М.Амартүвшингийн эзэмшлийн “96683126” дугаарын гар утаснаас хохирогч руу явуулсан мессежнүүдийн гэрэл зургууд /хх-85-89-I/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн албан бичиг болон зөвлөгчийн үйл явцын тэмдэглэл /хх-115-118-I/, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн хуулбар /хх-126-I/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-139-141-I/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-90-II/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан М.Амартүвшин “…Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, прокурор миний эрхийг зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийг шалгасан …мөн надад өс хонзон санасан хохирогчийн худал мэдүүлгүүдэд үндэслэн намайг хүнд зүйл ангиар ял шийтгэсэнд гомдолтой байна …хохирогчийн согтуугаар амиа хорлох гэж байсан үйлдлийг зогсоож чадалгүй, санамсар болгоомжгүй байдлаасаа ийм гэмт хэрэгт орсондоо маш их гэмшиж харамсаж байна…” гэж,

түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын зарим ажиллагаа зайлшгүй нэмж явуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү…” гэж,

мөн өмгөөлөгч Б.Дашдорж “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ү.Оргилмаагаас 3 удаагийн мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлгүүд нь тогтворгүй эргэлзээ бүхий мэдүүлгүүд байдаг …мөн хохирогчид үүссэн гэмтэлтэй холбогдуулан шинжээч эмчээс мэдүүлэг авахад “мөргөх үед үүсэх боломжтой гэмтэл” гэж хариулсан хэдий ч энэ нь “Монгол Хьюндэй” эмнэлгийн дүгнэлттэй зөрөөд байгаа юм. Иймд эдгээр үндэслэлээр хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэж давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд ялтан, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хэт нэг талыг барьж шалгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хохирогч Ү.Оргилмаад хууль сануулж авсан мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах үндэслэлгүй ба шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийг байцаасан мэдүүлэг зэргээр хохирогчид учирсан гэмтэл тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь бичгийн баримтуудаар хангалттай тогтоогджээ. Иймд ялтан, түүний өмгөлөөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

Түүнчлэн хэрэг үйлдэгдэх үед хэрэг учралын газар хохирогч, шүүгдэгчээс өөр хүн байгаагүй ба хохирогчид хууль сануулсан авсан “…би аавыг нь дуудах гээд цүнхээ аваад машинаас жаахан алхсан. Цүнхнээс утсаа гаргаж ярих гээд шороон дээр суусан. Амартүвшин машинаа асааж миний ард ирээд зогссон. Би босоод машинд суух гэтэл Амартүвшин машинаа хөдөлгөөд намайг ирээд дайрсан. Эхлээд ард зогсохдоо машинаа унтраасан, намайг сууж байгаад босох гээд өндийтөл шууд ирээд мөргөсөн...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч М.Амартүвшин гэмт үйлдлийнх нь улмаас учрах хор уршгийг урьдчилан мэдэж, хүсэж үйлдсэн буюу гэмт хэрэг “санаатай” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Харин анхан шатны шүүх М.Амартүвшингийн хохирогч Ү.Оргилмааг алахаар завдсан үйлдлийг “төгссөн завдалт” гэж үзэж түүнд ял шийтгэл оногдуулсан ба хэргийн үйл баримтаас үзэхэд М.Амартүвшин нь хохирогчийг алахаар автомашинаар дайрч хохирогчийн бие махбодод хүнд гэмтэл учруулсан байх ба энэхүү үйлдлээ бүрэн гүйцэд хийгдээгүй гэдгийг мэдсэн ч гэмт үйлдэл зогссон байх тул түүний үйлдлийг “төгсөөгүй завдалт” гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхээс М.Амартүвшингийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэглэхдээ алдаа гаргасан байна.

Шүүгдэгч М.Амартүвшин нь хохирогчийг байнга зодож, тарчлаасан гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тус тус хүлээн зөвшөөрсөн, энэ хэрэгтэй холбогдуулан хохирогч, нэхэмжлэл гаргаагүй нь дээрх хуулийн 7 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангажээ.

Иймд шүүгдэгч М.Амартүвшинд холбогдох “хохирогчийг байнга зодож, тарчлаасан” гэмт хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн М.Амартүвшинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргүүдээс хохирогчийг байнга зодож, тарчлаасан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн түүний хохирогчийг автомашинаар дайрч алахаар завдсан гэмт хэргийг “төгсөөгүй завдалт” гэж үзэх үндэслэлтэй зэргийг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг бууруулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Харин шүүгдэгч М.Амартүвшин нь согтуурсан үедээ бусдыг алахаар завдсан гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилгаагүй болон тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь хор аюулын шинж чанарыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг багасгах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч М.Амартүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч М.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан М.Амартүвшин, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

        

  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ