Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01281

 

 

Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар

нарын нэхэмжлэлтэй, иргэний

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 241 дүгээр шийдвэртэй,

Архангай, Баянхонгор, Өвөрхайгай аймгийн

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар,

Хариуцагч : Г.Номинчимэг, Ш.Батсүх нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 82.866.365 төгрөг гаргуулах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нийт 16.220.400 төгрөг гаргуулах, хамтран ажиллах гэрээг цуцлах, 14-р байр, 3-р давхар, 7 айлын орон сууцны халаалтыг хариуцах этгээдийг тогтоох, ашгийг 30%, 70%-р тооцох хуваах

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагч Г.Номинчимэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар бид 7 айлын орон сууцны барилгыг Ш.Батсүх, Г.Номинчимэг нартай хамтран барихаар 2012.8.03-ны өдөр тохиролцсон. Барилгын гүйцэтгэлийн ажлыг бид хариуцаж, эхний 50 сая төгрөгийг Ш.Батсүх, Г.Номинчимэг нар гаргах, ашгийг 50, 50-ийн хувь хуваах талаар  тохирч гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Цаашид шаардагдах мөнгийг барилгын зээл авч шийдвэрлэхээр тохиролцон барилгын ажлыг эхэлсэн.  2012.10.01-нээс 2013.4.01-ний өдөр хүртэл банкууд барилгын зээлийг хаасан тул зээл авч чадаагүй.Би 2012.10.25-нд Улаанбаатар хотоос Ардчилсан Солонгос Улсын ажилчдыг авч ирж барилгын ажлыг үргэлжлүүлж 2013 оны 2 дугаар сард барилгыг ашиглалтанд оруулсан. Бид ашиглалтанд оруулсан байраа 404.900.000 төгрөгөөр зарах талаар тохиролцсон. Гэвч Ш.Батсүх, Г.Номинчимэг нар бидэнд мэдэгдэлгүйгээр байрны гэрчилгээг гаргуулан бусдад зарж албан байгууллага, хувь хүмүүсийн өр, ажилчдын цалинг өгөхгүй хохироож байна. Хариуцагч нар 3 байр зарж өөрийн оруулсан хөрөнгө болох 146.100.000 төгрөгийг авсан.Гэтэл одоо бидний амьдарч байгаа 3 өрөө орон сууцыг авах, эсхүл зарж борлуулахыг шаардаж байна. Орон сууцны өргөтгөлийг барихад биднээс19.663.100 төгрөг гарсан. Ш.Батсүх Г.Номинчимэг нар152.731.670 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Барилга барих явцад 45.801.000 төгрөгийн бараа материал зээлсэн. Барилгын нийт өртөг 218.195.770 төгрөг, ашиглалтанд орсон 7 байрны үнэ 354.700.000 төгрөг юм. Тэгэхээр ашиг нь 136.504.230 болж байна. Үүнээс одоо бусдад төлөх өр 11.897.700 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 124.606.530 төгрөг болно.Үүнийг хамтран ажиллах гэрээний дагуу 2 тэнцүү хуваахад бидэнд 62.303.265 оногдохоор байна.Энэ мөнгө дээр хөрөнгө оруулсан зардал 19.663.100 төгрөгийг нэмж нийт  81.966.365 төгрөг болно. Шүүх хуралдаанд ирэх очих зардал 900.000 төгрөг болсон учир бүгд 82.866.365 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...2012 оны 7 дугаар сард Р.Мөнхбаатар орон сууцны өргөтгөл барих гэсэн юм, хөрөнгө оруулаач гэхэд нь би 18-29 УНӨ улсын дугаартай автомашинаа барьцаалж авсан 4 сая төгрөгөө төлөхийг шаардсан ч одоо болтол төлөөгүй байгаа. Дараа нь  Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нартай уулзахад "..Танайх 50 сая төгрөг гаргачих гуравхан сарын дотор 50 хувийн ашиг буюу багаар бодоход 100 сая төгрөгийн ашиг өгье...” гэхээр нь би “...50 сая төгрөгөөр орон сууц барихгүй нь ойлгомжтой... бусад мөнгө хаанаас гарах вэ?...” гэхэд  “...50 сая төгрөгөөр  30 хувь нь босно... банктай ярьчихсан байгаа... барилга эхлүүлчих юм бол банкнаас зээл авч үргэлжлүүлээд 70 хувийг нь барих... байр захиалсан хүмүүс бэлэн байгаа учир тэднээс  урьдчилгаа аваад дуусгана...” гэсэн. Иймд итгээд гэрээ байгуулан 50 сая төгрөг гарган барилгын материалын ихэнхийг нь татаж, тоосго өрөөд барилга зогссон. Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нарт барилгын зээл олгох боломжгүй гэсэн. Тэгээд бид 4 ярилцаж тохиролцоод шинээр гэрээ байгуулан би шатахуун түгээх станцын бичиг баримтаа банкинд тавьж 30 сая төгрөгийн зээл авч барилгыг үргэлжлүүлсэн. Байр ашиглалтанд орсноос хойш ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Харин 5 сарын байдлаар гарсан зардлын тооцоог тулгаж баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Бид нар мөнгөний асуудал гарахаар л ярилцаж тохиролцон түүнийгээ баталгаажуулж гэрээ байгуулдаг. Байр ашиглалтанд оронгуут 1м2-ийг нь 1.2 сая төгрөгөөр зарна гэж зар явуулсан ч хүн аваагүй. Түүнээс хойш банкны хүү, хүмүүсээс авсан хүүтэй мөнгө нэхэгдэн алданги тооцож бид хүнд байдалд орсон. Бид энэ байдлаас гарах талаар ярилцаж, 1м2-ийг нь эхлээд 1.1 сая төгрөг, сүүлдээ 1 сая төгрөг өөр тооцон 8 дугаар сард эхний байрыг зарсан. Эхний байраа зарж өндөр хүү алдангитай мөнгө, банкны зээлийн эргэн төлөлтийг хийсэн. 8 хувийн зээл хэрэгжсэнтэй холбогдуулан байрны үнэ өсч байсан тул дараагийн 2 байрыг 1м2-ийг нь 1.1 сая төгрөгөөр зарж банкныхаа зээлийн ихэнхийг нь төлсөн. Одоо хүүтэй зээлсэн мөнгөний үлдэгдэл байгаа. Гэхдээ зарсан 3 байрны урьдчилгааг хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж хийж байсан. Жаргал эгчийн байрны мөнгөөр ажилчдын цалин болон өр төлөхөөр тохиролцсон ч одоо болтол мөнгө орж ирээгүй байгаа. Байрны гэрчилгээнүүдийг бид нар үл хөдлөх эд хөрөнгийн газар хамт очиж миний нэр дээр гаргуулахаар тохирч, 2 байрыг худалдан авагч  хүмүүсийн нэр дээр гаргасан боловч банк зээл гаргахгүй гэхээр нь буцаан миний нэр дээр гаргасан. Бидний тооцоогоор уг барилгын өргөтгөлийг барих үед авсан банкны зээл 119.200.000 төгрөг, өөрсдөөсөө гаргасан 58.117.400 төгрөг, хувь хүмүүсээс зээлсэн 62.250.000 төгрөг, зарагдсан 2 байрны татварт төлсөн 2.192.000 төгрөг, хувь хүн болон дэлгүүрээс зээлсэн бараа материалын үнэд төлсөн 28.853.000 төгрөг, хувь хүмүүсээс зээлсэн мөнгөний хүүд төлсөн 24.850.000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 17.583.629 төгрөг, зээлийн гэрээний дагуу бодсон хүү 46.493.920 төгрөг, байр зарсан орлогоос ажилчдын цалинд өгсөн 11.500.000 төгрөг, бараа материалын үнэ 11.897.700 төгрөг, Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарын оруулсан хөрөнгө 1.703.200 төгрөг нийт 383.876.179 төгрөгийн өртөгөөрөргөтгөл баригдсан. Ашиглалтад орсон байрны үнэ 354.700.000 төгрөг болж байгаа. Бид 29.176.179 төгрөгийн алдагдалтай ажилласан. Зээлийн гэрээний дагуу өөрсдөөс гаргасан бэлэн мөнгөнд бодогдсон хүү 46.493.920 төгрөгийг тооцохгүй бол 17.317.741 төгрөгийн ашигтай ажилласан байна.Үүнийг хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 70, 30 хувиар тооцоход Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарт 5.195.322 төгрөгийг олгох боломжтой гэжээ.

Ш.Батсүх, Г.Номинчимэг нар сөрөг нэхэмжлэлдээ: Улиастай сумын Жинст багт 7 айлын орон сууц барихад зориулж, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг нэхэмжлэгч нар тавьсан. Шууд давхарлаж барих тул барилгыг хурдан хугацаанд барих боломжтой. Танай талаас 50 сая төгрөг гаргачих 3 сарын дотор багаар тооцоход 100 сая төгрөгийн ашиг өгнө гэж хэлсэн. 50 сая төгрөг гаргачих юм бол барилга барьж эхлүүлээд  тэгээд дараа нь Хаан, Хас банкнаас зээл авахаар банктай ярьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид 2012.8.08-ны өдөр 3 сарын хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манай талаас 50 сая төгрөгөөр барилгын материал татаж барилга барьж эхэлсэн. 3 сарын хугацаа дуусахад 50 сая төгрөг гаргасан мөн барилгын ажлыг зогсоохгүйн тулд ажилчдын цалин, бараа материал гээд бидний зүгээс 83.463.250 төгрөг гарсан. Үүнийгээ хамтран ажиллах гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө мөнгө гаргаснаар гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасны дагуу гэрээний үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа. Хамтран ажиллах гэрээг сунгах талаар тохиролцоогүй байсан. Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нар манайд ирээд бид хоёрт банкнаас мөнгө гаргахгүй байна. Та хоёр мөнгө олоод барилгын ажлыг дуусгачих. Байр авах хүмүүс нь бэлэн байгаа гэж хэлсэн.Та хоёрын зээлсэн мөнгийг өдрийн 10 хувийн хүүтэй тооцно гэж хэлсэн. Ингээд ярилцаж тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Эхний хамтран ажиллах гэрээг Р.Мөнхбаатар Ш.Батсүхтэй байгуулсан байхад Д.Отгондэлгэр яагаад захиалагч болсон талаар асуудал үүссэн. Хөрөнгө оруулаагүй байж 50 хувийн ашиг авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Д.Отгондэлгэрээс ажилчдын цалингийн 3 сая төгрөг, хувийн өр 13.220.400 төгрөг гаргуулах, хамтран ажиллах гэрээг цуцлуулах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ашгийг 70, 30 хувиар хуваалгах, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, 14 дүгээр байрны 3 дугаар давхрын 7 айлын халаалтыг хэн хариуцахыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нар сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Бидний маргаан бол барилга барьсан хөрөнгөтэй холбоотой асуудал. Тиймээс халаалт, засварын асуудлыг хэн хийх нь шүүхэд хамааралгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж яриад байгаа. Хамтран ажиллах гэрээнд Батсүх, Номинчимэг нараас 50 сая төгрөг гаргах, Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарын зүгээс барилгын ажлыг гүйцэтгэж явуулах, үлдэгдэл мөнгийг банкнаас зээлж барилгыг барьж дуусгах талаар тохиролцсон. Тиймээс хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд Г.Номинчимэг ирээд гэрээний маягтанд гарын зуруулсан бөгөөд яг ямар учраас гарын үсэг зурж байгаагаа тухайн үед хараагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Товуу засаг ХХК-ийн ажилчдын цалингаас мөнгө авсан асуудал байхгүй. Хаан, Хас банкнаас зээл авах талаар яригдаж байсан.Та бүхэн хоорондоо маргаантай байгаа учраас зээл гаргах боломжгүй гэсэн хариуг банк өгсөн. Бидний зүгээс хувийн өр 13.220.400 төгрөгийг маргах зүйлгүй төлнө гэжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 241 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Номинчимэг, Ш.Батсүх нараас 17.903.460 төгрөг гаргуулж Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарт олгож, нэхэмжлэлээс 64.962.905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нараас 13.220.400 төгрөг гаргуулж Ш.Батсүх, Г.Номинчимэг нарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 3 сая төгрөг гаргуулах, хамтран ажиллах гэрээг цуцлах, халаалтын асуудлыг шийдвэрлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нар 649.099 төгрөг, Ш.Батсүх, Г.Номинчимэг нар 814.684 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Төрийн сангаас 76.817 төгрөг гаргуулж Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нарт, 505.432 төгрөг гаргуулж Ш.Батсүх, Г.Номинчимэг нарт олгож, Г.Номинчимэг, Ш.Батсүх нараас 247.467 төгрөг гаргуулан Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нарт, Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нараас 224.052 төгрөгийг гаргуулан Г.Номинчимэг, Ш.Батсүх нарт олгож шийдвэрлэжээ.

Архангай, Баянхонгор, Өвөрхайгай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 19 дүгээр магадлал гаргаж, шийдвэрийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний дагуу Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарт 30% буюу 24.259.500 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Ш.Батсүх, Г.Номинчимэг нарт 70% буюу 56.605.502 төгрөгийн ашиг тус тус оногдож байгааг..” тогтоосон нэмэлт оруулснаас гадна Г.Номинчимэг, Ш.Батсүх нараас нийт25.962.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс 56.903.665 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.Отгондэлгэрээс 3 сая төгрөг гаргуулж Ш.Батсүх, Г.Номинчимэг нарт олгож, улсын тэмдэгтийн хураамжийн заалтыг өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн гэж үзсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэх “хөрөнгө оруулалтын гэрээ”-г хамтран ажиллах гэрээний хугацааг сунгаж, үргэлжлүүлэн байгуулсан гэрээ гэж дүн нь хариуцагч нараас 25.962.700 төгрөг  гаргуулсныг зөвшөөрөхгүй байна. Ш.Батсүх тухайн үеийн нөхцөл байдлыг ашиглан  “...барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэе ...гарын үсэг зур...” гэхээр нь би өмнөх байгуулсан хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байна гэж ойлгоод зурсан. Тэрнээс биш хөрөнгө оруулалтын гэрээ шинээр байгуулж байна гэж огт ойлгоогүй ба мөн ашгаа 70, 30 хувиар тооцож авахаар байгуулсан гэрээ гэж бодоогүй. Би үнэхээр ашгаа 70,30 -аар хувааж авахаар гэрээ байгуулах гэж байгааг мэдсэн бол хэзээ ч ийм өөртөө     хохиролтой гэрээ байгуулахгүй. Гэтэл уг хөрөнгө оруулалтын гэрээгээр Ш.Батсүхийг хөрөнгө оруулагч, Р.Мөнхбаатарыг барилгын ажил гүйцэтгэгч мэт болгож, ашгаас 70 хувийг Ш.Батсүх, 30 хувийг Р.Мөнхбаатар авахаар хийсэн илт хохиролтой гэрээг байгуулсан байсныг бид сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд анхнаасаа барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй ба анхнаасаа хамтран ажиллах гэрээ л байгуулсан. Хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээ бол талуудын анх байгуулсан хамтран ажиллах гэрээний агуулгыг зөрчсөн, талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулсан нэхэмжлэгч нарын эрх ашгийг илт хохироосон хэлцэл тул Иргэний хуулийн 56.1.1-р хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар бид хоёрын хүсэл зорилго тусгагдаагүй, бид хоёрт хүсэл зорилгоо илэрхийлэх боломж ч олгоогүй. Шүүх зөвхөн нэхэмжлэгч гарын үсэг зурсан гэж  хөрөнгө оруулалтын гэрээг үнэлж хэргийг шийдвэрлэсэн ба гарын үсгийг ямар байдалд зурсан, хүсэл зориг нь тусгагдсан эсэх, гэрээний агуулгыг ойлгосон эсэх, хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэгт огт дүгнэлт хийсэнгүй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлж хариуцагч нараас нэхэмжлэгч нарт 25.962.700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Энэ хэргийн улмаас нэхэмжлэгч нар маш их хохирч байна. Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 82.866.365 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нар хамтран ажиллах гэрээний цэвэр ашиг 124.606.530 төгрөгийн 50 хувь 62.303.265 төгрөг, хөрөнгө оруулахад гарсан зардал 19.663.100 төгрөг, шүүх хуралдаанд ирж очих замын зардал 900.000 төгрөг нийт 82.866.365 төгрөгийг Ш.Батсүх, Г.Номинчимэг нараас шаардсан / хх 1-ийн 1, хх 3-ийн 639, хх 4-ийн 935/ байна. 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж, ажилчдын цалингаас авсан 3 сая төгрөг, хувийн өр 13.220.400 төгрөг гаргуулах, хамтран ажиллах гэрээг цуцлах, гэрээний ашгийн 30, 70 хувиар тооцох, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14-р байр, 7 айлын халаалтыг хариуцах этгээдийг тогтоолгохыг хүссэн байна. 

Анхан шатны шүүх хариуцагч нараас 17.903.460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох, нэхэмжлэгч нараас 13.220.400 төгрөг гаргуулж хариуцагч нарт олгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч нарт ашгийн 30% буюу 24.259.500 төгрөг, хариуцагч нарт 70% буюу 56.605.502 төгрөг ногдож байгааг тогтоож, хариуцагч нараас 25.962.700 төгрөг, нэхэмжлэгч нараас 16.220.400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.   

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид нь хамтран Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт 7 айлын орон сууц давхарлаж барих талаар 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тохиролцон, барилгын гүйцэтгэлийн ажлыг нэхэмжлэгч нар хариуцан, эхний хөрөнгө оруулалт 50.000.000 төгрөгийг хариуцагч нар гаргах, Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нар цаашид барилгад шаардагдах мөнгийг зээл авах, олох, барилгаас олсон ашгаа тэнцүү авахаар тохирч хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд хоёр шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 476 зүйлд нийцжээ.    

Хамтран ажиллах гэрээ үргэлжлэх хугацаанд нэхэмжлэгч нь барилгад шаардагдах мөнгийг оруулаагүйгээс барилгын ажил тасалдаж, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсноос Р.Мөнхбаатар барилгыг гүйцээж ашгийн 30%-г, Ш.Батсүх хөрөнгө оруулалтыг хариуцах, ашгийн 70% авах талаар тохиролцсон үйл баримт нотлогдсон байна. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хамтран барьсан 7 айлын орон сууц нийт 354.700.000 төгрөг болсон, үүнээс зардал 273.834.997 төгрөгийг хасаж талууд 80.865.003 төгрөгийн ашигтай ажилласан гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.   

Түүнчлэн, хэргийн баримтаар хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нар 30%, хариуцагч нар 70% ашиг хуваан авах талаар тохиролцсон нь тогтоогдсон тул энэ талаар магадлалд тусгайлан заах шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүх нэхэмжлэгч нарын гомдлоор хэргийг хянахдаа тэднээс 3.000.000 төгрөг нэмж гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Архангай, Баянхонгор, Өвөрхайгай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг мөн 4 дэх заалтын “...Д.Отгондэлгэр, Р.Мөнхбаатар нараас  224.052 төгрөгийг гэснийг 239.052 төгрөг гаргуулан Г.Номинчимэг, Ш.Батсүх нарт олгож...” гэснийг тус тус хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ