| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0194/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 198
2018 02 27 198
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Н.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708015620081 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн Б /РД:/.
Яллагдагч Н.Б-нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 52-97 УБВ улсын дугаартай “Портер” маркийн автомашинд ачсан байсан Д.Н-гийн эзэмшлийн барааг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намир” худалдааны төвийн ар талын автомашины зогсоол дээр буулгаж байхдаа 1 ширхэг сандал, 1 хайрцаг ээмэг, зүүлт зэрэг барааг нь авч яван бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг нь завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1708015620081 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Н-гийн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр лангуугаа нүүлгэх гээд 5 шарын урд зам дээрээс цагаан өнгийн “Портер” машин барьсан. 5 шарын “Этолон” төвөөс бараагаа ачаад байж байхад сандал, нэг хайрцагтай эд зүйлийг манай эхнэр Бямбасүрэн авч явж байхад нь “ийшээ хийчих” гэж хэлээд кабин руу хийсэн. “Намир” дэлгүүрийн хойд талын зогсоол дээр очиж манай юмыг зөөж өгсөн. Ачаан дээр байсан эд зүйлийг зөөж дуусахад шууд хөдлөөд яваад өгсөн. Би манай хаягийг мэдэж байгаа авчраад өгчих гэж бодоод хоёр хоног цагдаад мэдэгдээгүй. Ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан 10 гаруй хоногийн дараа модны 2-ын зам дээр таарсан. Би “юмаа авъя” гэж хэлэхэд “грашид байгаа орой очоод авчъя” гэж хэлсэн. Би номер утасных нь дугаарыг авсан. Орой залгахад “байж бай” гэж хэлээд дахин утсаа аваагүй. Сүүлд 12 сарын дундуур ярихад “юун сүртэй юм, ээмэг бөгж байна лээ, би компанитай, төлөөд өгчихнө” гэж хэлээд утсаа салгасан. Би гомдолтой байна.
...Миний алдсан гэх ээмэг бөгж дандаа гоёлын зориулалтай бөгөөд үнэт эдлэл биш. Ээмэг нь загварын хувьд өөр боловч үнэ нь адилхан бөгөөд 120 орчим ширхэг, бөгж нь бас гоёлын зориулалтай бөгөөд 80 орчим ширхэг байсан. Би тухайн үед БНХАУ-ын Эрээн хот болон Бээжин хотоос бөөний үнээр худалдаж авсан, үнэ нь 500000 төгрөг болж байсан шиг санаж байна. Тэр дугуйтай түшлэгтэй сандал нь тусдаа үнэтэй, 185.000 төгрөгөөр худалдаж авсан шиг санаж байна. Манай улсад бол энэ үнээс дээгүүр үнэтэй байдаг. Би тухайн үед нэг бүрийг нь монгол мөнгөөр бодоход 2500 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад одоо худалдаж авч байсан баримт байхгүй. Миний хувьд хохирлын 573.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сандал эд зүйлээ буцааж авмаар байна. Хэрвээ эд зүйлийг маань зарж үрсэн бол мөнгийг нь авмаар байна” гэх мэдүүлэг /хх-11-12, 13/,
Шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах “Баруун туруун” гэх очиж барилгын ажлаа эхлүүлчихээд буцаад “Таван шар” уруу орж иртэл зам дээр нэг залуу гар өргөөд зогсож байхаар нь зогссон чинь “ачаа ачих уу” гэсэн “хаашаа юм” гэтэл “Саппоро” руу гэхлээр нь “30.000 төгрөгөөр яваад өгье” гэтэл зөвшөөрч “Таван шар”-ын үйлчилгээний төвөөс модон шилэн лангуу, хайрцагтай эд зүйлс, 1 ширхэг түшлэгтэй сандал байсныг ачаад “Саппоро” үйлчилгээний төвийн араар орж буулгах болсон чинь тэр залуу “та хамт зөөгөөд өгчих боломж байна уу?, ганцаардаад байна” гэхээр нь хамт зөөж оруулж өгсөн. Тэвшин дээр ачсан зүйлээ буулгаад давхар кабинд байсан нэг сандал, хайрцагтай эд зүйлээ мартсан байсныг би тухайн үед анзаараагүй аваад явсан байсан. Орой зуслан дээр очоод буцаж явахдаа давхар кабинд сандал хайрцагтай эд зүйл орхисныг нь мэдсэн. Сандал тэр хайрцагтай эд зүйлийг нь гэртээ ирээд хашаандаа буулгаад тавьчихсан. Тэр үед ажил ихтэй байсан учраас тэр залуутай холбогдож аваачиж өгөөгүй мартсан байсан. Түүнээс хойш 10-аад хоногийн дараа Модны-2-ын зам дээр нөгөө залуутайгаа тааралдсан чинь “таны машинд эд зүйлээ мартсан байна” гэхээр нь “харин тийм байна лээ, чи миний утасны дугаарыг авчих, орой чам руу залгаж байгаад аваачиж өгье” гэж хэлээд явсан. Тэгээд тэр залууд эд зүйлийг нь аваачиж өгөөгүй. Би тухайн тэр хайрцагтай ээмэг бөгжийг гэрийнхээ хашаан дотор байдаг ажлын байрныхаа ширээний шургуулга руу хийчихсэн байсан чинь алга болсон байсан, хэн авсныг нь мэдэхгүй. Сандал нь грашид байгаа. Манай ажлын байранд үйлчлүүлж байгаа хүмүүс байнга л орж гарч байдаг. Би тэр үед хайрцагтай эд зүйлийг нь задалж үзсэн. Ямар ч байсан ээмэг, бөгж байсан яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Би тэдгээр зүйлсийг зарж борлуулсан асуудал байхгүй. Ер нь бол миний буруу. Би тэр залуугийн байрлаж байгаа газар лангууг мэдэж байсан, яагаад ч юм зав болохгүй байсан. Миний өөрийн эзэмшилийн “Портер” маркийн давхар кабинтай 52-97УБВ улсын дугаартай автомашин байгаа. Миний буруу, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-19-20/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-45, 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-53-56/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49, 60/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б-нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 52-97 УБВ улсын дугаартай “Портер” маркийн автомашинд ачсан байсан Д.Н-гийн эзэмшлийн барааг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Намир” худалдааны төвийн ар талын автомашины зогсоол дээр буулгаж байхдаа 1 ширхэг сандал, 1 хайрцаг ээмэг, зүүлт зэрэг 573000 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ нь хохирогч Д.Н-гийн “...би юмаа авъя” гэж хэлэхэд “грашид байгаа орой очоод авчихъя” гэж хэлсэн. Залгахад “байж бай” гэж хэлээд дахин утсаа аваагүй. ...Би сүүлд 12 сарын дундуур ярихад “юун сүртэй юм, ээмэг бөгж байна лээ, би компанитай, төлөөд өгчихнө” гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-12/, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-д нийт 573.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “700.000 төгрөг болон сандлыг биет байдлаар хүлээн авсан. Иймд Б-д гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч тээврийн хэрэгсэлтэй, тодорхой хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ялаас чөлөөлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Н.Бод тухайн зүйл, хэсэг, заалтад хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн тул түүнийг 6 сарын хорих ялаас чөлөөлж шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.