МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны 103 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******
Гомдлын шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876986 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Гомдол гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876986 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд шүүхэд гомдол гаргасан.
- Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 1/11 дүгээр албан бичгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, *******ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн, 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
- Эрх бүхий албан тушаалтан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Улмаар *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
- Гомдол гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876986 дугаар шийтгэлийн хуудсыг дараахь үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
- ******* нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Баян ******* сумын ******* 4 дүгээр багаас сумын ИТХ-д нэр дэвшсэн. Сонгуулийн хуульд зааснаар төрийн банканд өөрийн нэр дээр хандивын данс нээлгэсэн, дансанд нь 2,550,000 төгрөгийн хандив орсныг сонгуулийн ухуулагч нарын цалин, сонгуулийн сурталчилгааны хугацаанд авто машины шатахуунд зарцуулсан. Сонгуулийн хугацаанд нээлгэсэн хандивын дансаа хуулийн хугацаанд хаалгасан.
- ******* Баян-******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, сумын Засаг дарга удаан хугацаагаар ажиллаагүй тул сум орон нутгийн ажил ихтэй байсан. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр үед цас их орж байсан тул сумын малчдыг авч залгаа аймаг сумдын нутгаар отор хийх газар нутаг үзэх, ажлаар 1 сар гаруй хугацаанд явж ирсэн бөгөөд энэ хугацаанд тайлан өгөх хугацаа хоцорсон байсан дараа нь хугацаа сунгаж авсныг мэдээгүй өнгөрөөсөн.
- Улсын байцаагч захиргааны акт гаргахдаа захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно” гэх заалтуудыг хэрэгжүүлээгүй.
- Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах зэрэг хууль заасан ажиллагаа явуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг харгалзан үзэлгүй шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
- Хариуцагч ******* гомдлын шаардлагын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.
5.1. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан хариуцлага хүлээлгэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
- Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876986 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.
- Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- Монгол Улсын Их хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 19 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон[1].
Улмаар нэр дэвшигч нар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа аудит хийлгэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай.
Хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, гомдол гаргагч *******ид Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй ...” гэж зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
- Холбогдогч ******* сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй шалтгаанаа тухайн үед Баян-******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, сумын Засаг дарга удаан хугацаагаар ажиллаагүй учраас сум орон нутгийн ажил ихтэй, 2024 оны 10 дугаар сарын сүүлээр үед цас их орж байсан тул сумын малчдыг авч залгаа аймаг сумдын нутгаар отор хийх газар нутаг үзэх, ажлаар Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан, Хайрхандулаан, Баянхонгор аймгийн Баацагаан, Жинст, Баянцагаан сумдын нутгаар 1 сар гаруй хугацаанд явсан гэж маргаж байна.
- Хариуцагчаас шийтгэл ногдуулсан үндэслэлээ шүүх хуралдааны явцад “...Холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тайлбарласан.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” уг зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1.-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр байна.
- Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг холбогдогчид тайлбарлаагүй, зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулаагүй, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй атал зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
- Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэт явуулах, үр дагаврыг тайлбарлах, зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасанд нийцээгүйгээс гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэснийг зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий 0876986 дугаар шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль бус байна.
- Тухайн тохиолдолд хариуцагч Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 1/11 дүгээр албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр[2] хүлээн авч, хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаж шийдвэрлээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, улмаар маргаан бүхий захиргааны акт нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.
- Гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ “...Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, ...захиргааны актыг гаргахын өмнө эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдэд ...сонсох ажиллагаа явуулаагүй, ...” гэсэн нь үндэслэлгүй. Уг ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлахгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч зөрчил шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.
- Шүүх гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан “...хандивын данс нээлгэсэн, ...хуульд заасан хугацаанд хаалгасан...” гэх асуудлаар маргаагүй тул дүгнэлт өгөөгүй, *******ийн гомдолд хавсаргасан хавтаст хэргийн 8-34 дүгээр хуудаст авагдсан баримтууд /зээлийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, эргэн төлөлтийн график/ нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876986 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, *******ийн гомдлын шаардлагыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН
[1] Төрийн мэдээлэл, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №13 /1309/
[2] 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.