Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1186

 

                                                                                          Ө.Хад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Ө.Х, түүний өмгөөлөгч М.Жамъяндорж,

хохирогч З.Х,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Хын өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Хад холбогдох эрүүгийн 2310 00000 1108 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ө-ын Х, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д дотоод аудитор ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ө.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл төвд үйл ажиллагаа явуулдаг “Мета верс” караокед хохирогч З.Хтай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “эрүүний баруун өнцөг дайрсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Ө-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Хад 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ө.Хаас 17.920.860 /арван долоон сая есөн зуун хорин мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24-36 тоотод оршин суух /РД:.../, Зобо овогт З-ийн Х-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Х нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Хын өмгөөлөгч М.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдлийг ухамсарлаж, хохирол төлөхөө илэрхийлсэн. Мөн хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй зохисгүй үйлдэл гаргаснаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэргийн 11-22 дахь талд авагдсан баримтаас харагдана. Шүүх хохирогчид 17.920.860 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсний 11.250.000 төгрөг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны цалин хөлс гэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд учирсан 5.920.860 төгрөгийн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь нэг газар хуульч ажилтай, сарын цалин 2.500.000 төгрөг, мөн “CPL” ХХК, “BABA” гутлын үйлдвэрт цэвэрлэгээ хийдэг гэсэн. Тусгай мэргэжил шаардахуйц ажил буюу гутлын үйлдвэрт ажилладаг гэдэг нь нотлох баримтгүй бөгөөд уг ажлыг байнгын орон тооны ажил гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тодруулбал, гутлын үйлдвэрт цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар хийх ажилтан нь байнгын орон тоон дээр ажиллах бөгөөд Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар баримт хэрэгт авагдаагүй. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ маргаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас энэ үйл баримт нотлогдохгүй байгаа талаар илэрхийлж байсан. Ийм учраас хохирогчид төлөх ёстой эрүүл мэндийн даатгалын мөнгийг гаргуулж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ө.Х тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна.” гэв.

Хохирогч З.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд дансны хуулгаа гаргаж өгсөн. 7 дугаар сард 4-5 хоног ажилласан учраас 300.000 орчим төгрөгийн цалинг “CPL3 ХХК-иас авсан. Хэрэг явдал болохын өмнө хуулийн зөвлөхөөр ажиллах гэрээ байгуулсан ч зодуулснаас хойш ажиллаж чадаагүй. Эрүүндээ гэмтэл авч сар гаруй хугацаанд ам үдээстэй байсан. сэтгэл санаагаар унаж 20 гаруй кг хассан. Тухайн үед сэтгэл санааны хохирол нэхэмжлэх ёстой талаар хуулийн мэдлэг дутуу байсан тул үүнийгээ нэхэмжлээгүй орхигдуулсан байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг харгалзан үзэж иргэний журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогчоос гаргаж өгсөн ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх компаниудтай байгуулсан гэрээ, авсан цалингийн дансны хуулга зэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад үнэлж нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 17.920.860 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцүүлгийн явцад үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувьд, шүүх  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн биед учирсан гэмтэл, уг гэмтлийн улмаас хохирогч хэр удаан хугацаанд, хэдэн төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зэрэг бүх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Хын өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ө.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл төвд үйл ажиллагаа явуулдаг “Мета верс” караокед хохирогч З.Хтай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “эрүүний баруун өнцөг дайрсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8244 дугаартай “...З.Хын биед эрүүний баруун өнцөг дайрсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /хх 76-77/ гэх дүгнэлт,

хохирогч З.Хын “...Мишээл экспогийн Метаверси гэх нэртэй караокед орж сууцгаасан юм. Тэгээд би ажилчидтайгаа бүжиглэж байгаад Дарханы Энхүүш гэдэг залуутай тааралдаад, Энхүүш надаас “Чи Дарханых биз дээ” гэхэд нь би “тийн шүү дээ” гэж хариулахад Энхүүш дахин “Дарханы атаманыг таних уу ” гэж асуусан. Тэгэхээр нь би өөдөөс нь “мэдэхгүй” гэж хэлээд хэсэг зуур маргалдсан. ...Ажлынхан бид хоёрыг зодолдох гэж байна гэж бодоод салгасан. Дараа нь Х, Галмөнх гэх хоёр залуу над руу хүрч ирээд, намайг түлхээд караокены өрөөнөөс гаргасан. Х шууд миний нүд рүү гараараа цохиод авахаар нь би газар унахад миний дээрээс хэд хэдэн удаа толгой, хөл, нуруу луу гараараа цохиж, өшиглөсөн. Дараа нь Х миний цамцнаас зуураад босгох гэж оролдон хэсэг газар чирсэн. ...Тэгээд хэсэг хугацааны дараа би төрсөн ах болох Золбаяр руу залгаад дуудсан. Удалгүй ах маань ирж намайг аваад явсан. Маргааш нь Х бид хоёр 12:00 цагийн үед уулзаад Гэмтэл Согог Судлалын үндэсний төв дээр очиж үзүүлсэн. Х намайг зодсоноо хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Хтай 2020 оноос “Говь” компанид хамт ажиллаж байсан. Би Хтай маргалдах шалтгаан байхгүй байсан. Тухайн үед намайг Энхүүшээс салгасны дараа миний нүд эрүү лүү цохиж эхэлсэн. Дараа нь намайг унасны дараа дээрээс хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Харин Хын хэлж байгаагаар намайг Энхүүшээс салгахад би түүний хүзүүнээс барьсан болохоор намайг зодсон гэж хэлсэн. ...” /хх 59-60/,

гэрч З.З-ын “...2023 оны 6 дугаар сарын 26-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 30 минутаас 40 минутын үед Хосбаяр нь “би хүнд зодуулчихлаа босож чадахгүй байна, ирээд аваач” гээд над руу залгасан. Тэгээд би явж очиход Мишээл валкинг стрийтийн хамгийн цаад булангийн Нью-Йорк цаад талын караокед 1-ээс 2 давхар руу өгсдөг налуу шатан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь сугадаж босгоод “юу болсон бэ” гээд 2 давхар руу гаргасан. Тэр үед ажлын газрынх нь байхгүй байсан. Тэгээд бууж ирэхэд Хосбаяр хүзүүн нь хөхрөл шалбаралтай, зүүн нүд нь цус гараад бүлцийгээд хөхөрсөн, баруун доод шанаа нь хавдсан, хувцас нь цус болсон байсан. Би Хосбаярыг сугадаад ажлынханыг нь хайсан боловч олж чадаагүй. ...Караокены үүдэнд 20-30 метрийн зайд Х ширээн дээр сууж байсан. Х дээр очоод “яагаад ингээд нэгийгээ шал согтуу байхад нь зодож байгаа юм бэ, энэ хүн чинь биеэ авч явах чадваргүй байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Х “наадах чинь өөрөөсөө болсон, өөрөө далдганасан” гэх тайлбарыг өгсөн. Тэгэхээр нь би “чи өөрөө эрүүл байна шүү дээ” гэж гайхаад асуусан. Тэгсэн чинь “өдөр 3, 4 цагаас хойш ууж байгаа юм чинь одоо эрүүл болчихгүй яах вэ дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Хосбаяр Хыг “чи намайг эрүүл байсан бол ингэж чадахгүй шүү дээ” гэж хэлээд зогсож чадахгүй гуйваад ширээ түшээд зогсоод байсан. Тэгэхээр нь би “энэ хүн чинь шал согтуу байна чи өөрөө эрүүл байна, одоо чамтай юу ярих вэ дээ” гэж хэлээд Хосбаярыг аваад цаашаагаа явсан. ...” /хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ө.Хыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Хын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Мишээл төвд үйл ажиллагаа явуулдаг “Мета верс” караокед хохирогч З.Хтай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “эрүүний баруун өнцөг дайрсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Хын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ө.Хын өмгөөлөгч М.Жамъяндорж “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд учирсан 5.920.860 төгрөгийн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь нэг газар хуульч ажилтай, сарын цалин 2.500.000 төгрөг, мөн “CPL” ХХК, “BABA” гутлын үйлдвэрт цэвэрлэгээ хийдэг гэсэн. Тусгай мэргэжил шаардахуйц ажил буюу гутлын үйлдвэрт ажилладаг гэдэг нь нотлох баримтгүй бөгөөд уг ажлыг байнгын орон тооны ажил гэж харж байна. Тодруулбал, гутлын үйлдвэрт цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар хийх ажилтан нь байнгын орон тоон дээр ажиллах бөгөөд Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар баримт хэрэгт авагдаагүй. ...Ийм учраас хохирогчид төлөх ёстой эрүүл мэндийн даатгалын мөнгийг гаргуулж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч З.Х нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал нэг жилийн хугацаатай “Ба Ба” гутлын хэвлэгээ, уллагаа, цэвэрлэгээний ажилтнаар, ажлын гүйцэтгэлийг сард 1.500.000 төгрөгөөр тооцож хийхээр харилцан тохирч “Ажил гүйцэтгэх” гэрээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр захиалагч “Си Пи Эл” ХХК-тай байгуулсан, мөн “Эрчим хүчний аудиторуудын холбоо” НҮТББ-ын хуулийн зөвлөх ажлын байранд сарын үндсэн хөлс 2.500.000 төгрөгөөр тохирч, нэг жилийн хугацаатай ажиллахаар Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус байгууллагатай байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, “Си Пи Эл” ХХК болон “Эрчим хүчний аудиторуудын холбоо” НҮТББ-ын тодорхойлолт баримтууд, хохирогчийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга баримтуудаар тогтоогдсоноос гадна эдгээр Хөдөлмөрийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ нь хэрэг учрал болохоос өмнө байгуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул хохирогч З.Хын ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацаагаар тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулан хохирогч З.Хын өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Хын өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Х нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал болон өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ө.Хын өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ