Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00200

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.С-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 8,678,276.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С нь манай компанитай 2023 оны 12 сарын 07-ны өдөр **** дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ***** зээлийн дансны дугаартай, 785,000.00 /долоон зуун наян таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ****** банкны тоот дансанд;

2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ****** зээлийн дансны дугаартай, 1,220,000.00 /нэг сая хоёр зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ****** банкны тоот дансанд;

2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 4,830,000.00 /дөрвөн сая найман зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 7 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 706,499.79 төгрөг, шимтгэл: 14.130 төгрөг, Үндсэн хүү: 187,677.31 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 31,960.89 төгрөг, Нийт: 940.267.99 төгрөг,

2. 2024 оны 6 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,139,310.54 төгрөг, Үндсэн хүү: 295,916.26 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 9,191.02 төгрөг, Нийт: 1,444,417.82 төгрөг,

3. 2024 оны 6 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 4,829,999.55 төгрөг, Үндсэн хүү: 1,412,000.74 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 43,090.89 төгрөг, Нийт: 6,285,091.18 төгрөг.

Иймд зээлдэгч Б.С-с үндсэн зээлийн төлбөрт 6,675,809.88 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,895,594.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,242.80 төгрөг, шимтгэл 14,130.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 8,678,276.99 /найман сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан зургаан төгрөг ерөн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 8,678,276.99 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,678,276.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Б.С нь ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 8,678,276.99 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 8,678,276.99 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,802.43 төгрөгийн 76,901.21 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 76,901.22 төгрөгийг, хариуцагч Б.С-с 76,901.21 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,678,276.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,802.43 төгрөгийн 76,901.21 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 76,901.22 төгрөгийг, хариуцагч Б.С-с 76,901.21 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА