Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

 2018            3               05                                            207

 

-

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708025950067 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б-ийн Ц /РД: /.

Яллагдагч Б.Цнь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудал орчим хохирогч Ч.Яыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708025950067 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ч.Яын: “2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед Баянхошууны шинэ эцсийн буудал дээр “Бүдүүн” Нараа гэдэг танилтайгаа нэг шил архи хувааж уучихаад Нараа согтоод түрүүлээд яваад өгсөн. Тэгээд байж байхад Цогоо ирээд “юу хийж байгаа юм” гэхээр нь “юу ч хийгээгүй” гэж хэлээд “нэг шил архи аваад өгчих” гэхэд Цогоо надад “би чамд том архи авч өгч чадахгүй” гээд 0.33 литрийн архи аваад бид хоёр Баянхошууны Гандангийн гүүрны урд талд чингэлэгийн буланд суугаад Цогоо уг архинаас уугаад байсан. Би “эцэс рүү гарлаа” гэхэд Цогоо намайг “чи санаа гаргалаа” гээд байхаар нь би “тэгвэл нэг хийгээд өг” гээд архинаас уусан. Тэгээд би Цогоод “чи одоо намайг танихгүй хүн шиг явж байгаарай, нөхөр цагдаад өргөдөл гаргасан байгаа” гэж хэлээд намайг эцэс рүү гаргаад өгчих” гэхэд Цогоо уурлаад ...намайг контенерын булан руу эргүүлээд түлхээд унагаасан. Тэгэхээр нь би “чи намайг зодох нуу, зодооч тэгээд” гээд орилоод босоод ирэхэд намайг газар унагаад чирээд миний уруул, эрүү рүү өшиглөсөн. Тэгээд би “за Цогоо больё, хоёулаа хамт явъя” гэж хэлээд Цогоог сугадаад явсан. Намайг “манай гэрт очьё” гэхээр нь “ээж чинь байгаа юм уу” гэхэд Цогоо “манай ээж байгаа” гээд гэрт нь очсон. Миний ороолт цус болсон байсныг угааж өгөөд хамт хоносон. Өглөө нь “миний бие өвдөөд байна” гэхэд Цогоо гарч яваад 100 гр шилтэй архи авчирч өгсөн. Миний эрүү хөхөрсөн, уруул язарсан байсан. Толгой өвдөөд байгаа болохоор эмчилгээ хийлгэмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.

...Эмчилгээний зардалд 200000 төгрөг авсан. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-8-9, 10/,

Гэрч Ц.У-ийн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Цогтбаатарыг “маханд яваад ир” гээд мөнгө өгөөд явуулсан. Цогтбаатар ирэхдээ нэг эмэгтэйтэй хамт ирээд юм яриад сууж байсан. Би тэр хүнийг ямар хүн байсныг тогтож сайн хараагүй, ямар ч байсан эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Д.Н-ийн: “2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед Баянхошууны эцсийн буудал дээр Ч.Ятай тааралдсан. Тэр надад “би Цогоод зодуулчихлаа, цагдаад өгнө” гэж хэлж байсан. Амандаа макс зүүсэн, зүүн эрүү нь хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.11.26-ны өдрийн 14725 дугаар актын дүгнэлтэд “1.Я-ын биед тархи доргилт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ /хх- 24/,

Шүүгдэгч Б.Ц-ын яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхошууны эцсийн буудал дээр мах авах гээд явж байгаад Янжиндуламтай тааралдсан. “Юу хийж байна” гэхэд Янжиндулам “архиа уугаад явж байна, чи ганц юм аваад өгөөч” гэж гуйхаар нь би “том архи авч өгч чадахгүй” гэж хэлээд 0.33 литрийнн жижиг шилтэй архи авч өгсөн. Янжиндулам “хоёулаа хуваагаад ууя” гэхээр нь эцсийн буудлаас холгүй Баянхошууны хийдийн урд талын гудамжаар ороод нэг чингэлэгийн хажууд уг архиа ууж дуусаад Янжиндуламыг “чи харих юм байгаа биз дээ” гэхэд “би эцэс рүү гарлаа, дахиж нэмж ууна” гэхээр нь “чи согтсон байна, би чамайг хүргээд өгье эсвэл манай оч” гэхэд “үгүй миний ууж идэх ямар хамаатай юм бэ зодох гээд байгаа юм бол зодооч” гээд орилоод босоод ирэхээр нь “тэгвэл архиа уугаад зайлаач” гээд түлхэж унагаад нүүр лүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би эргээд алхаж байтал араас Янжиндулам босч ирээд миний гараас бариад “за за танай гэрт очьё” гээд хамт явсан. Гэрт очиход манай ээж зөрөөд гараад явсан. Янжиндулам ч миний орон дээр хэвтээд унтаад өгсөн. 22 цагийн үед ёолоод байхаар нь очоод “яасан бэ” гэж асуухад “бие өвдөөд шартаад байна, зуун грамм аваад өгөөч” гэхээр нь урд талын дэлгүүрээс 2000 төгрөгөөр зуун грамм архи авч ирж өгөхөд Янжиндулам уугаад унтаад өгсөн. Өглөө нь дахиад архи нэхээд байхаар нь дахиад нэг шил зуун граммын шилтэй архи авч өгсөн. Баянхошууны эцсийн буудал руу дөхүүлж өгөөд би харьсан” гэх мэдүүлэг /хх-33-34/,

гэрч Б.Л-ын мэдүүлэг /хх-21/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, шүүгдэгчийн засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-66/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-76/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Цнь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудал орчим хохирогч Ч.Яыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 200000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял санал болгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, цаашид гарах хор уршиг байхгүй зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэчлэн төлүүлэх саналтай...” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Цурьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Цторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Цбусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                    

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР