Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2025/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны 103 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* 

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******

Гомдлын шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876988 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876988 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд шүүхэд гомдол гаргасан.
  2. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 1/11 дүгээр албан бичгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, *******ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн, 10.000.000 /Арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 
  3. Эрх бүхий албан тушаалтан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Улмаар *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
  4. Гомдол гаргагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876988 дугаар шийтгэлийн хуудсыг дараахь үндэслэлээр хууль бус гэж үзсэн. Үүнд:
    1. Баянхонгор аймгийн ******* сумын ******* 4 дүгээр багийн иргэн ******* овогтой ******* ******* миний бие нь 2024 оны Орон нутгийн Сонгуульд ******* сумын 4 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн. ******* нь орон нутгийн сонгуулийг дөнгөж өнгөрөөд биеийн байдал муудаж, сумдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд улмаар яаралтай горимоор Улаанбаатар хот явж, онош тодруулах эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд 2024 оны 10 дугаар сарын сүүлээс хүний асаргаатай эмчлүүлэх шаардлага гарсан тул 2024 оны 12 сар сүүлч хүртэлх хугацаанд байнгын эмчилгээтэй байсан учраас орон нутгийн сонгуулийн хандивын дансаа хаалгаж хуулийн хугацаанд нь тайлангаа хүргүүлж амжаагүй.
    2. Улсын байцаагч захиргааны акт гаргахдаа захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.” гэх заалтуудыг хэрэгжүүлээгүй.
    3. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах зэрэг хууль заасан ажиллагаа явуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг харгалзалгүй шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
  5. Хариуцагч ******* гомдлын шаардлагын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.
    1. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан хариуцлага хүлээлгэсэн.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876988 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.  

2. Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Монгол Улсын Их хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 19 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон[1].

Нэр дэвшигч нар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа аудит хийлгэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

4. Хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, гомдол гаргагч *******д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй ...” гэж зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

5. Холбогдогч ******* сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй шалтгаанаа сонгуулийн дараа бие өвдөж, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, яаралтай горимоор Улаанбаатар хот явж, онош тодруулсан гэж маргаж байна. Үүнийгээ нотлон шүүхэд “Эмнэлгийн магадлагаа”[2], ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 29-ний өдрийн 40 дүгээр албан бичгийг[3] тус тус ирүүлжээ.

6. Хариуцагчаас шийтгэл ногдуулсан үндэслэлээ “...Холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тайлбарласан.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” уг зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1.-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой эсхүл түүнийг үйлдсэн этгээд зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ.

8. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг холбогдогчид тайлбарлаагүй, зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх  шалтгаан байгаа эсэхийг тодруулаагүй, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй атал зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэт явуулах, үр дагаврыг тайлбарлах, зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх  шалтгаантай эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасанд нийцээгүйгээс гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэснийг зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий 0876988 дугаар шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль бус.

9. Хариуцагч Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 1/11 дүгээр албан бичгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр[4] хүлээн авч, хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаж шийдвэрлээгүй, улмаар маргаан бүхий захиргааны акт нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ.

10. Гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ “...Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, ...захиргааны актыг гаргахын өмнө эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдэд ...сонсох ажиллагаа явуулаагүй, ...” гэсэн нь үндэслэлгүй. Уг ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлахгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч зөрчлийг шалган шийдвэрлэсэн  нь үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

11. Шүүх гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан “...хандивын данс нээлгэсэн, ...хуульд заасан хугацаанд хаалгаагүй...” гэх асуудлаар маргаагүй тул дүгнэлт өгөөгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0876988 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, *******ы гомдлын шаардлагыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.ОЮУНСАЙХАН

 

 

 

 

 

 

 

[1] Төрийн мэдээлэл, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №13 /1309/

[2] Хавтаст хэргийн 31 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 33 дугаар тал

[4] 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.