Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1187

 

 

П.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, Г.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч А.Мөнхсайхан, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Гд холбогдох эрүүгийн 2309 01118 0896 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн П-гийн Г, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, механик, инженер мэргэжилтэй, ... засварчин ажилтай, ам бүл ... нарын хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

П.Г нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхоны ... дүгээр байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий 15 нас, 3 сартай Х.Н-ийн бэлгийн халдашгүй байдалд нь халдаж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл буюу бэлэг эрхтэнд нь өөрийн эд эрхтэн болох хуруугаа хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт П-гийн Г-ыг “Гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах сэтгэл засал, эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлийн хамаарал бүхий гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Япон улсад тус тусдаа амьдардаг байхдаа Х.У нь ашиг сонирхлын үүднээс гэрлэлтийн баталгааг надтай хийлгэсэн. Шалтгаан нь Х.Угийн виз дуусч Монгол буцах болсон бөгөөд тухайн үед намайг ажлын виз мэдүүлж байгааг ашиглаж буцаж Япон улсад ирэхийн тулд надтай гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. Х.У нь гэрчийн мэдүүлэг дээр хүүхэдтэй болох гэж байсан гэх бөгөөд үнэндээ тийм бодол байдаггүй байсан. Үргэлж жирэмсэнээс хамгаалах эм тогтмол уудаг байсан. Надтай дандаа мөнгө олж чадахгүй байна, мөнгөгүй чамаар яадгийн гэж хэрүүл хийдэг байсан ба баталгаа чинь ашиг сонирхлын үүднээс хийлгэсэн нэг муу цаас төдий зүйл гэж Х.У хэлсэн удаа байгаа. Иймд Х.Утой гэр бүлийн харилцаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр бүх зүйл зүгээр гарсан байхад үүнийг харгалзаж үзэхгүйгээр хохирогч, гэрчүүд гэх хүмүүс бүгд нэг гэр бүлийн хүмүүс байхад тэдний мэдүүлэг дээр үндэслэж хүнд ял оноосонд гомдол гаргаж байна.

Хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж байгаад гомдолтой байна. Х.У дүү нарынхаа гар утсыг надаар хураалгадаг байсан. Нэг удаа Х.Н-ийн гар утаснаас порно кино гарч ирснийг эгчид нь хэлсэн. Үүнээс болж надад өс санах болсон гэж бодож байна. Х.Утой би тогтворгүй харилцаатай бөгөөд бид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш. Түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй. Х.Г, Х.Н, Х.У нар нь бие биедээ худал хэлдэг байсан. Ийм худал хэлдэг хүмүүсийн үгийг үнэлж намайг буруутгаж, ял оногдуулсанд гомдолтой байна. Энэ хэргээс болж миний хувь хүний зан төлөв, эрх зүйн байдлыг маш их доройтуулж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Г, Х.У нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн 2008 оны тогтоолд тэтгэвэр тэтгэмж авах, орон сууцны талбай эзэмших, хуульд заасан бусад хөнгөлөлт, халамж эдлэх, гадаадад зорчих, бусад зөвшөөрөл авахаар гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцохоор  заасан. П.Г, Х.У нар нь гэр бүлийн баталгаатай хамт амьдарч байсан гэх боловч 2022 онд Японд байхдаа виз авах, сунгах хүсэл зорилгоор гэр бүл болсон. Ийм байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тус гэмт хэрэг нь бэлгийн ажил хийхийг шаарддаггүй зүйл анги болох ч заавал бэлэг эрхтний онгон хальс урагдсан, урагдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Нөгөө талаар анхан шатны шүүхэд бид хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцож гэмт хэрэг гарсан байдал,  П.Г-ын үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд эргэлзсэн. Зөвхөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийг ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг эргэлзээгүй тогтоох байдлыг зөрчсөн. Нэгэнт анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон учраас ял шийтгэлийн хувьд П.Г-ын анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хор уршгийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогч гэх Х.Н худал ярьсан, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэгт Х.Угийн талаар мэдүүлсэн П.Г-ын эхийн мэдүүлгийг мөрдөгч, прокурор огт тэмдэглээгүй гэсэн 3 асуудлыг хөндөж тайлбар гаргая. Шийтгэх тогтоолд “3 дугаар сарын 18-ны өдөр” гэж дурдсан бөгөөд уг огноог гэрчүүдийн хэн нь ч мэдүүлдэггүй. Энэ талаар хэрэгт гэрч Х.У “3 дугаар сарын 22-ны орой манай охин дүү Н намайг унтаж байхад Г ах оролдоод байдаг талаар хэлээд уйлсан”, “Би 3 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн” /хх 22/ гэж тус тус мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч хэрэгт 3 удаа мэдүүлэг өгөхдөө огт хугацаа хэлж байгаагүй. Тиймээс гэмт хэрэг хэзээ, яаж гарсныг хөдөлбөргүй тогтоох ёстой. Шүүх хаанаас, яаж дүгнээд 3 дугаар сарын 18-ны өдөр гэж гаргасныг ойлгохгүй байна. Насанд хүрээгүй хохирогч Х.Н “Ихэр бид хоёр аавын хамт амьдардаг байсан. Тэгээд энэ хүн ирсэн” гэж мэдүүлдэг. Мөн “Хүмүүс унтчихсан үед үүрээр орж ирээд миний хөхийг бариад өөрийн бэлэг эрхтнээ бариулдаг байсан” гэж мэдүүлсэн. Энэ үйл явдлаас улбаалан цаг хугацаа шаардагдана. Хэрэв тийм зүйл болсон бол тэр байдлыг нь хэлээд дуудах байсан ч огт тийм зүйл болоогүй байдаг. Мөн “Унтахаасаа өмнө өмдөө тайлж унтаарай гэж надад удаа дараа хэлдэг байсан бөгөөд би айсандаа ихэртэйгээ хамт нэг оронд унтах үед ихрийг маань өөр өрөө рүү тэвэрч оруулаад намайг оролддог байсан” /хх 16/ гэж мэдүүлсэн. Гэтэл ихэр нь эрэгтэй, байр нь 2 өрөө. Хэрэв Х.Н-ийн мэдүүлгийг үнэн гэж үзвэл тухайн орон сууц олон өрөөтэй юм шиг харагдана. Бодит байдал дээр орон сууц нь хоёр өрөөтэй бөгөөд нэг өрөөнд Г эхнэртэйгээ, нөгөө өрөөнд Х.Н ихэртэйгээ унтдаг. Эндээс насанд хүрээгүй хохирогч худал мэдүүлсэн нь харагдана. Х.Галбадрах мэдүүлэхдээ “Ойролцоогоор 3-4 цагийн үед сэрэхэд Г Номин-Эрдэнийн дэргэд ирээд зогсчихсон байсан ба гадуур хувцастайгаа байсан. Би хөнжил нөмөргөж байна гэж бодсон” гэдэг. Өөрөөр хэлбэл, Х.Галбадрах өөрийг нь тэвэрч яваагүй, хажууд нь байсан гэж мэдүүлсэн байхад Х.Н тэвэрч авч явсан гэж тайлбарладаг. Энэ мэтээр хэрэгт шалгаж тогтоох ёстой зүйлсийг тогтоогоогүй. Тухайн орон сууцны нэг өрөөнд эцэг нь ихрүүдтэй, нөгөө өрөөнд нь Х.У, П.Г нар байсан. Эцэг нь амьдарч байхад Х.Н-ийн хэлж байгаа шиг үйлдэл байнга үргэлжлэх боломжгүй. Эцэг нь гэртээ байхад, ихэр нь хажууд нь унтаж байхад П.Г хүүхэд оролдох боломж байхгүй. Аль ч гэрч 3 дугаар сарын 18 гэж мэдүүлээгүй байхад шүүх юуг үндэслэж 18-ны шөнө гэж тогтоосныг ойлгохгүй байна. Мөн шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрхтэн рүү нь хуруугаа хийсэн гэдгийг Х.Н, хийгээгүй гэдгийг П.Г л мэдүүлдэг бол Х.У, Х.Галбадрах нар дамжмал байдлаар мэдүүлдэг. П.Г-ын хуруугаа хийгээгүй гэдгийг шинжээчийн дүгнэлт нотолно. Шинжээчийн дүгнэлтээр охин хальс урагдалгүй гэж гарсан. Үүнээс өөрөөр П.Г өөрийн буруугүйг нотлох ямар ч баримт байхгүй. Мөн үүнийг нотолж буй нотолгооны өөр нэг хэрэгсэл нь шинжээчийн дүгнэлт. Х.Н өөрийнхөө мэдүүлгийг нотлох гэхээр үйлдэл, цаг хугацаа, яриа нь зөрж байна. Хэрэгт Х.Угийн гар утаснаас авсан баримтууд хэргийн 30, 130 дахь талд бий. Х.У нөхөртэйгөө харилцаж байгаа биш гудамжны хүнтэй харилцаж байгаа юм шиг байдаг. Энэ маргаанаас өмнө “Писда, гөлөг, лалар минь” гэж бичдэг хүн зан харьцаа, хүмүүжлийн хувьд ямар байх нь ойлгогдоно. Энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр Х.У тогтоогдсон. Зөвхөн дээрх мессежээс гадна П.Г, Х.У нар маш их асуудалтай, байнгын хэрүүл уруултай байдаг нь харагдана. Мөн энэ талаар Х.У “Бид хоёр ялих ялихгүй зүйлээс болж маргадаг” гэж мэдүүлдэг тул энэ  хувийн байдлыг тогтоогоогүй. Өмгөөлөгчийн хувьд Х.У хувийн таарамжгүй харилцаандаа Х.Номин-Эрдэнийг ашигласан гэж үзэж байна. Гүтгэчихвэл ийм зүйл болно гэж бодсон байх. Эцэг нь байхад яагаад Х.У хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож байна вэ. Нөхцөл байдлыг зохиож ярьсан учраас авцалдаагүй гэж ойлгож байна. Наранцэцэг гэх П.Г-ын эх Х.Угийн талаар мэдүүлсээр байхад “Энэ хэрэгт огт хамаагүй, хувь хүний нууцтай холбоотой асуудал” гээд хүлээж аваагүй. П.Г төлөв залуу бөгөөд эх нь боловсролын байгууллагад ажилладаг тул эмэгтэй хүнтэй яаж харьцах талаар заасан. Иймд гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай биш, Япон улс явах зорилгоор гэрлэлтээ батлуулсан тул гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж өмгөөлөгч ярьж байна. Хэргийн 29 дэх талд шүүгдэгч П.Г-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа авагдсан бөгөөд энэ нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүл мөн. Мөн гэрч Х.Угийн мэдүүлгээр шүүгдэгч, гэрч хоёрын хооронд таагүй харилцаа байсан  нь үнэн, Г-ыг хардах зэргээр хэл амаа ололцохгүй байсан нь тогтоогдоно. Шүүгдэгч П.Г “Бид хоёрын хооронд 20.000.000 төгрөгийн авлага байсан, уг асуудлаас болж намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж байна” гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Х.У оролцохдоо “Ямар нэгэн санхүүгийн өр авлага байхгүй, миний төрсөн дүүг оролдсон учир цаашид хамт амьдрахгүй” талаараа мэдүүлсэн. Тиймээс шүүгдэгч, гэрч нарын хооронд хувийн өс хонзон, санхүүгийн асуудал байхгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр Х.Н-ийн биед гэмтэл тогтоогдоогүй, охин хальс том, урагдалгүй, бэлгийн замын халдваргүй байна гэсэн бөгөөд уг дүгнэлттэй нь холбогдуулж шинжээч эмч Эрхэмбаяраас хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан. “Охин хальс урагдахгүй байж болно, үзүүлэхэд охин хальс бүтэн байсан, хуруугаа хэр зэрэг гүнзгий, ямар байдалтай хийхээс шалтгаална” /хх 51/ гэсэн мэдүүлэг бий. Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Миний бэлэг эрхтэн рүү хоёр хуруугаа хийх гээд орохгүй болохоор нь нэг хуруугаа хийгээд 2-3 удаа хөдөлгөсөн” гэж мэдүүлсэн нь шинжээчийн дээрх мэдүүлэгтэй таардаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй гэж байгаа боловч насанд хүрээгүй хохирогч Х.Н “Энэ гэмт хэрэг 2023 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө болсон” гэж мэдүүлдэг. Уг мэдүүлэг нь гэрч Х.Галбадрахын дахин өгсөн “Нэг удаа унтаж байхад үүрээр гэгээ ороогүй байхад ойролцоогоор 3-4 цагийн үед сэрэхэд Г.Н-ийн дэргэд ирээд зогсчихсон байсан, гадуур хувцастайгаа байсан” гэх мэдүүлгээр давхар нотлогддог. Энэ мэдүүлгээр насанд хүрээгүй хохирогчийн “Ажилдаа явахаас өмнө намайг оролддог байсан” гэх мэдүүлэг мөн нотлогддог. Өмгөөлөгчийн яриад байгаа хувцасаа тайлаад унтаарай, бэлэг эрхтнээ бариулах, долоодог байсан зэрэг нь Турк улсад байхад болсон. Энэ хугацаанд насанд хүрээгүй хохирогчийн бөгсийг барих зэргээр аливаа үйлдлүүд гаргаж байсныг хохирогч “Би тэсээд явж байсан, сүүлд тэсэхээ болиод Гтай хэрэлдээд эгчид хэлсэн” гэж мэдүүлдэг. Энэ талаар мөн гэрч Х.У мэдүүлдэг. Энэ хэргийн хувьд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 501 дүгээр байрны 129  тоотод болсон асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд Турк улсад болсон асуудлыг яриагүй. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн буюу бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн 2023 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хэлэлцэж байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаа тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Х-ыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй гэж байна. Ц.Х нь гэр бүл салсан, хоёр хүүхдээ хайхардаггүй байсан ба энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өөрөө болон гэрчүүд мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч болон насанд хүрээгүй гэрчийг асран хамгаалах үүргээ биелүүлж байсан хүн нь гэрч Х.У байсан. Ийм учраас түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой маргаан үүссэн учир эцэг Ц.Х-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, Х.Уг гэрчээр асуусан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан. Хэрэг болсон цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч  Х.Н, насанд хүрээгүй гэрч Х.Галбадрах, түүний эгч Х.У, шүүгдэгч П.Г нар нь хамт амьдарч байсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогч, холбогдогч хоёрын дунд үйлдэгддэг, нууц далд аргаар буюу хэн нэгний хажууд үйлдэгддэггүй байдлаараа бусад хэргүүдээс онцлогтой. Тиймээс хохирогчийн мэдүүлэг худал, шүүгдэгчийн мэдүүлэг үнэн гэх зүйл яригдахгүй. Мөн хуульд бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдгийг тайлбарлаж хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн эд, эрхтэн, бусад зүйлээ оруулсан байхыг ойлгоно гэсэн. Хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлдэг. Өгч буй мэдүүлгүүд нь эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

П.Г нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, “...” хотхоны ... дүгээр байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий 15 нас, 3 сартай Х.Н-ийн бэлгийн халдашгүй байдалд нь халдаж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл буюу бэлэг эрхтэнд нь өөрийн эд эрхтэн болох хуруугаа хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн “...ойролцоогоор 2023 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хөх барьж, уруул дээр үнсэж, бөгс, гуя бариад миний дотуур өмдний дотуур гараа оруулаад миний бэлэг эрхтэн рүү 2 хуруугаа хийх гэснээ орохгүй байхаар нь больж нэг хуруугаа миний бэлэг эрхтний дотогш ойролцоогоор 2 үе хүртлээ хийгээд 2-3 удаа хөдөлгөсөн ба би бас л яахаа мэдэхгүй унтаж байгаа дүр эсгээд хөдлөхөд Г гараа аваад өөр юм хийж байгаа дүр эсгэсэн. Тухайн үед Г эрүүл байсан. Шорт, фудволкгай байсан. ...Турк улсад амьдарч байхад хүргэн ах Пүрэвдаваагийн Г нь миний унтаж байсан өрөө рүү орж ирээд намайг унтаж байхад миний биед хамаагүй хүрээд оролдоод өөрийн бэлэг эрхтнээ надаар бариулаад байсан. ...Би энэ талаар гэр бүлийнхэндээ хэлж байгаагүй. ...Эгч, хүргэн ах хоёр 2023 оны 02 дугаар сарын эхээр гэрт ирээд хамт амьдарч эхэлсэн. Тэгээд 3 долоо хоногийн өмнөөс эгчийн нөхөр Г нь хүмүүс унтсан үед шөнөөр эсвэл үүрээр орж ирж миний бөгс, хөхийг бариад өөрийн бэлэг эрхтнээ бариулдаг байсан. ...Г ахын гаргаад байгаа үйлдлийн талаар хэлэхэд эгч нөхөр рүүгээ залгаад уурласан. Тэгтэл Г ах утсаа тасалсан. ...Г ах ...би тэгээгүй гээд миний хувцас хунарыг бэлд гэж эгчид хэлсэн байсан. Г ах надтай бэлгийн харьцаанд орж байгаагүй. Миний бөгс болон хөхийг бариад миний бэлэг эрхтэн рүү гараа хийгээд миний уруулыг долоодог байсан. Бас миний хөхний толгойг долоодог байсан. Турк улсад байхдаа бэлэг эрхтэн рүү гараа хийж байгаагүй. ...Монголд ирээд дахиад ижилхэн үйлдэл гаргаж, миний бэлэг эрхтэн рүү гараа хийсэн. Тэгэхээр нь би тэсэлгүй эгч Урангоод хэлсэн. ...” /хх 12-14/,

насанд хүрээгүй гэрч Х.Г-ын “...Манай ихэр Номин-Эрдэнэ нь Турк улсад гэр бүлийн хамт байхдаа “хүргэн ах Г нь намайг оролдоод байх шиг байна” гэж надад хэлсэн. Би тэр үедээ ихэртээ итгээгүй. ...Тэгээд Монгол Улсад ирээд ихэр Н нь эгчид энэ талаар хэлэхэд би эгчийн хажууд байсан. ...Санахад хүргэн ах Г нь ...үүрээр гэгээ ороогүй байх үед ойролцоогоор 3-4 цагийн орчимд Н-ийн дэргэд ирээд зогсчихсон байсан. ...” /хх 16-18/,

гэрч Х.Угийн “...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ...би гэртээ ороход Н нь буйдан дээр суучихсан уйлаад байсан. Тэгээд би “чи яагаад том хүний өмнөөс хэрэлдээд байдаг юм бэ” гэтэл дуугарахгүй уйлаад байсан. ...Тэгээд би юу болсон талаар асуухад “...би Гд чинь дургүй, намайг оролдсон" гээд уйлахаар нь би аргадаж тайвшруулж байгаад ярилцахад хөх, бөгсийг нь барьсан, уруулыг нь долоосон, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийсэн гэхээр нь би шууд өөрийнхөө ... гэх дугаараас Г-ын ... дугаар руу залгаад “чи Н-ийг оролдсон байна, яаж байгаа юм бэ” гээд уурандаа чангаар орилж хэлсэн. ...Өөрийн аав, мөн хадам эх Н-ийн дугаар луу залгаж танай хүү чинь миний эмэгтэй дүүг оролддог гэж байна гэж хэлсэн. ...” /хх 20/,

шинжээч эмч Э.Э-ын “...Үзүүлэгчийн охин хальс ямар нэгэн гэмтэл, урагдалгүй бүтэн байсан. Охин хальс урагдаж, урагдахгүй байж болно. Үзүүлэгчийн охин хальс бүтэн байсан. Хуруугаа хэр зэрэг гүнзгий, ямар байдалтай хийхээс шалтгаална. ...” /хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч Х.Угийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-32/, насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн нас тоолсон тэмдэглэл /хх 10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Г-ыг “Гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “...Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. ...“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

          Шүүгдэгч П.Г-ын гэр бүлийн хамаарал бүхий 15 нас, 3 сартай Х.Н-ийн бэлгийн халдашгүй байдалд нь халдаж, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл буюу бэлэг эрхтэнд нь өөрийн эд эрхтэн болох хуруугаа хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Г “...Гэр бүлийн хамаарал бүхий гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Х.У нь ашиг сонирхлын үүднээс гэрлэлтийн баталгааг надтай хийлгэсэн. Шалтгаан нь Х.Угийн виз дуусч Монгол буцах болсон бөгөөд тухайн үед намайг ажлын виз мэдүүлж байгааг ашиглаж буцаж Япон улсад ирэхийн тулд надтай гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. ...Х.Утой гэр бүлийн харилцаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр бүх зүйл зүгээр гарсан байхад үүнийг харгалзаж үзэхгүйгээр хохирогч, гэрчүүд гэх хүмүүс бүгд нэг гэр бүлийн хүмүүс байхад тэдний мэдүүлэг дээр үндэслэж хүнд ял оноосонд гомдолтой байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч А.Энхбуйр “...Хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд насанд хүрээгүй хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Г-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлгүүд өгч байсан, эдгээр нь гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байна.

Мөн түүнчлэн П.Г нь насанд хүрээгүй хохирогч Х.Н-ийн эгч Х.Утой гэр бүлийн баталгаатай, түүний дүү Х.Нтэй хамтдаа амьдарч байсан болох нь тогтоогддог.

Шүүгдэгч П.Г нь насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, түүний бэлэг эрхтэнд нь өөрийн эд эрхтэн болох хуруугаа хийснээр уг гэмт хэрэг төгссөн ба түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч П.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны энэ өдрийг хүртэл 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...шүүгдэгч П.Г-ыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч П.Г-ыг 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ