| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2020/02989/И |
| Дугаар | 210/МА2021/00895 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2021/00895
| 2021 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 210/МА2021/00895 |
Л.Цгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00654 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Цгийн хариуцагч Ц.Б, Б.Энарт холбогдуулан гаргасан Э С С ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 27, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох, Б.Э, Ц.Б нараас тус компанийн тамгыг албадан гаргуулах тухай үндсэн, Э С С ХХК-ийн 2 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг Л.Цгээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Эд шилжүүлэхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Ц нь Э С С ХХК-ийн 10 хувийн, Б.Э нь 50 хувийн, Ц.Б нь 40 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр санаа нэгдэн Э С С ХХК-ийг үүсгэн байгуулж, Л.Цг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдэг авсан. Э С С ХХК-ийн дүрмийн 8.1-д “...гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан бөгөөд Э С С ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын зүгээс компанийн тамга, тэмдгийг өөрсдөө авч гүйцэтгэх захирал Л.Цд хүлээлгэн өгөөгүй, шаардлага тавихаар хүлээж авахгүй, компанитай холбоотой аливаа албан бичиг дээр ирж тамга тэмдгээ дарж бай гэх мэтчилэн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байсан. Үүнээс болж хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэн. Түүнчлэн Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Цд мэдэгдэлгүйгээр Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, мөн хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчин Ц.Б өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг бүхэлд нь, Б.Э өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааны 30 хувийн хувьцааг буюу нийт компанийн 70 хувийн хувьцааг С.Снд бэлэглэх нэрийдлээр худалдан борлуулж Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолыг хууль бусаар гаргасан. Уг асуудлаар маргаан үүсгэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад С.С тус компанийн хувьцааг эзэмшдэггүй талаар тайлбар ирүүлсэн, уг тогтоолыг хууль бус болохыг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг ба өнөөдрийг хүртэл Б.Э, Ц.Б, Л.Ц нар Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа. Гэхдээ дээрх 4 дугаар тогтоолыг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй. Мөн Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нар нь хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэтрүүлэн ашиглаж, хувьцаа эзэмшигч Л.Цд мэдэгдэлгүйгээр, Компанийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасныг илтэд зөрчин 2020 оны 3 дугаар сарын 27, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд ээлжит бус хуралдааныг хийж Э С С ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эдгээр тогтоолуудаас өнөөдрийг хүртэл нэгийг нь ч хувьцаа эзэмшигч Л.Цд гардуулж өгөөгүй. Хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нар нь Компанийн тухай хууль тогтоомжид заасныг удаа дараа зөрчин тус Л.Цд огт мэдэгдэлгүйгээр өөрсдийн эзэмшдэг хувьцааг бусад этгээдэд шилжүүлэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа хуралдуулах, улмаар аливаа хууль бус тогтоол гаргах зэргээр Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Цгийн эрх ашгийг хохироож байна. Иймд Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06, мөн сарын 27-ны, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлаас гаргасан тогтоолуудыг тус тус хүчингүй болохыг тогтоож, компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нараас Э С С ХХК-ийн тамгыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын тайлбарт: Э С С ХХК-ийг үүсгэн байгуулагчид болон Л.Ц нь танилууд учир түүний ажлын туршлагыг ашиглахын тулд гүйцэтгэх захирлаар томилж, Б.Э нь компанийн 10 хувийн хувьцаагаа бэлэглэсэн. Компани бүртгүүлэхэд шаардлагатай зардлуудыг гаргаж компанийг үүсгэн байгуулсан. Л.Цтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах тухай холбогдох гэрээ, хэлцэл байгуулах хүртэл компанийн тамгыг түүнд хүлээлгэн өгөхгүй байхаар харилцан тохиролцож байсан бөгөөд энэ хугацаанд Б.Э, Ц.Б болон Л.Ц нарын хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй, компанийн үйл ажиллагаанд аливаа доголдол үүсээгүй байсан. 2020 оны 3 дугаар сард Ц.Б, Б.Энар нь өөрсдийн эзэмшлийн нийт 70 хувийн хувьцааг бусдад бэлэглэх тухай хэлцэл хийж, уг хэлцлийг 10 хувийн хувьцаа эзэмшигч Л.Цд танилцуулахад гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Тухайн үед Л.Ц нь тамгыг өөртөө хадгалж, компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг байсан бөгөөд хувьцаа бэлэглэх тухай хэлцэлд гарын үсгээ зурсан боловч тамга дарж баталгаажуулаагүй. Компанийн 70 хувийн хувьцааг бусдад худалдан борлуулах хэлцэл хийгээгүй, тухайн үед Л.Цд мэдэгдэж гарын үсэг зуруулсан байдаг. Л.Ц компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, компанийн тамга гэрчилгээг үрэгдүүлсэн гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт худал мэдүүлж компанийн тамга, гэрчилгээг дахин гаргуулж авсан. Хуурамч тогтоол үйлдэж, гаргуулсан тамга, гэрчилгээг ашиглан компанийн ерөнхий нягтлан бодогч Т.Отгонбатыг ажлаас чөлөөлж, компанийн харилцагч банкнуудад түүний гарын үсэг зурах, харилцах эрхийг хасуулж, зөвхөн Л.Цгийн гарын үсгээр дансны орлого, зарлагын гүйлгээг хийх өөрчлөлтүүдийг хийсэн. Уг үйлдлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гарган тус газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2010 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр Л.Цгийн хуурамч баримт бичиг үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Л.Цгийн дээрх үйлдэлтэй нь холбогдуулан гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол гарган танилцуулж, түүнд хувийг гардуулсан боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй. Л.Ц нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э С С ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05, 06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх тогтоолуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хуурамч бичиг баримт үйлдсэнтэй нь холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан тул Л.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дээрх тогтоолуудыг гардуулж өгөөгүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.
Л.Ц нь өнөөдрийн байдлаар компанийн гүйцэтгэх захирлаас бүрэн чөлөөлөгдсөн, харин компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байх бөгөөд 10 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцох, санал, хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Харин компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Дамдинсүрэнг томилж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байх тул компанийн тамгыг Л.Цд гаргаж өгөх шаардлагагүй. Маргаан үүссэн гол шалтгаан нь Л.Ц тамга, гэрчилгээг шинээр гаргаж авч ашиглаад, хувьцаа эзэмшигч нараас томилсон ерөнхий нягтлан бодогчийг ажлаас нь чөлөөлсөн. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст компанийн эд хөрөнгийг завшсан гэх асуудлаар шалгагдаж байгаа учраас гүйцэтгэх захирлаар ажиллуулахаа болиулах, цаашдаа хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзсэн учраас 10 хувийн хувьцааг буцааж авна. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол бол хүчин төгөлдөр болоогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцаа шилжих ажиллагаа хийгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болдог. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн боловч шүүх дээр маргаантай, мөн эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул бүртгэхгүй гэсэн. Л.Ц дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаад, дахиж хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлах боломжтой байсан боловч хуралдуулаагүй. Тиймээс Б.Э, И.Батболд нар бүрэн эрхийнхээ дагуу хурал зарласан. Л.Цд хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцохыг удаа дараа мэдэгдэж, мэдэгдэл, заруудыг хүргүүлсэн боловч маргаан гарснаас хойш нэг ч удаа ирээгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан, тайлбар ирүүлээгүй. Ингээд компанийн хувьцаа эзэмшигчид бие дааж шийдвэрүүдээ гаргаж хуульд заасны дагуу хурлаа хийж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэлээ хийлгэсэн. Л.Ц гүйцэтгэх захирал биш зөвхөн 10 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 10 хувийн хувьцаа эзэмшигчид тамга байх шаардлагагүй гэж үзэж байна. Л.Цгийн ямар эрх ашиг хөндөгдөөд, компанийн ээлжит бус хурлын тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий байж шүүх шийдвэр гаргана. Эдгээр тогтоолуудыг хүчингүй болгосноор Л.Цгийн ямар эрх ашиг хөндөгдөх нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Эгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Б.Э, Ц.Б нар харилцан тохиролцож Э С С ХХК-ийг үүсгэн байгуулсан. Компанийг үүсгэн байгуулахад компанийн дүрмийн сангийн хэмжээг 20 000 төгрөг байхаар тооцож, Б.Э 60 хувь буюу 12 000 төгрөгийг, Ц.Б 40 хувь буюу 8 000 төгрөгийг тус тус гаргаж дүрмийн санг байгуулсан. 100 ширхэг хувьцаа гаргаж, нэг бүрийн нэрлэсэн үнийг 200 төгрөг байхаар шийдвэрлэсэн бөгөөд Л.Цгийн ажлын туршлагыг нь харгалзан үзэж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцуулахаар гүйцэтгэх захирлаар томилж, түүнд итгэл хүлээлгэж компанийн 10 хувийн хувьцааг үнэгүйгээр шилжүүлсэн. Гэтэл Л.Ц нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр компанийн гэрчилгээ, тамгыг үрэгдүүлсэн гэж Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт худал мэдүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдсэн байдаг. Л.Цгийн уг хууль бус үйлдлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2010 дугаар дүгнэлтээр Л.Цгийн үйлдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.4 дэх заалтыг зөрчиж, улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлснийг тогтоож, тамга, тэмдгийн 9019120417 дугаарыг болон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон. Л.Цгийн хуурамч бичиг баримт үйлдсэн хууль бус үйлдлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулсан. Л.Цд итгэл хүлээлгэх зорилгоор 10 хувийн хувьцааг үнэгүй олгосон байхад компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаж, ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байна. Иймд бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийг гэрээг хүчингүй болгож, Э С С ХХК-ийн 2 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцааг Л.Цгээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Эд шилжүүлэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Л.Ц, Б.Э, Ц.Б нар нь хуульд заасны дагуу Э С С ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрэм журмаа баталж, Л.Цг гүйцэтгэх захирлаар томилон улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдгээ авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хариуцагч Б.Э ямар хууль, дүрэм журмыг үндэслэн хувьцаа эзэмшигч Л.Цгийн бүрэн эрхэнд халдаж түүний эзэмшлийн 10 хувийн хувьцааг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Э С С ХХК-ийн дүрмийн 8.1-д “...гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан бөгөөд Э С С ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нарын зүгээс компанийн тамга, тэмдгийг өөрсдөө авч компанийн гүйцэтгэх захирал Л.Цд хүлээлгэн өгөөгүй, шаардлага тавихаар хүлээж авахгүй, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байсан бөгөөд үүний улмаас Л.Ц нь арга буюу Э С С ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс тус компанийн тамга тэмдгийг хууль бусаар гаргуулж авсан бөгөөд уг тамга тэмдгийг Э С С ХХК-д болон бусад хувьцаа эзэмшигч нарт хохирол учруулахуйц байдлаар ашиглаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч Л.Цгийн уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалган тогтоож, хууль бус үйлдэлд нь зохих шийтгэл оноосон. Гэтэл Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э нь уг асуудалтай холбоотойгоор Л.Цд дахин хариуцлага тооцох мэтээр дур зоргоороо аашлан хууль болон компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль, дүрэм журамд заагаагүй үндэслэлээр түүний эзэмшлийн 10 хувийн хувьцааг шилжүүлж авна гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байсан. Компани анх үүсгэн байгуулахад Л.Цд компанийн хувьцааны 10 хувийг бэлэглэсэн, бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон асуудал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй. Л. Цэцгээд хувьцааг өгсөн эсвэл бэлэглэсэн гэсэн баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э С С ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан №14 тоот “Гэрчилгээ, тамга хүчингүй болгох тухай” тогтоол, №15 тоот “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох тухай” тогтоол, №16 тоот “Гүйцэтгэх захирал томилох тухай” тогтоол, №17 тоот тогтоол, №18 тоот “Төлөөлөн Удирдах Зөвлөл байгуулах, компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоол; №19 тоот тогтоол, №20 тоот “үйл ажиллагааны чиглэл өөрчлөх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №04 тоот “Хувьцаа шилжүүлэх тухай” Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №05 тоот “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох тухай” Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №06 тоот “Гүйцэтгэх захирал сонгох тухай” Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолуудыг хүчингүй болгуулах, Э С С ХХК-ийн тамгыг албадан гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Э С С ХХК-ийн 2 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцааг Л.Цгээс гаргуулж, хувьцаа эзэмшигч Б.Эд шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2 020 050 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Манай компани нь 2-3 удаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар Л.Цд шуудангаар болон биечлэн хурлын зарыг хүргэж байсан боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирдэггүй байсан. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хурлын товыг хэвлэлээр болон шуудангаар хүргүүлж мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй. Л.Ц нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа бусад хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг дуурайлган зурж, компанийн гэрчилгээ, тамгыг шинээр гаргуулан авч, харилцах банкуудад зөвхөн өөрийн гарын үсгээр зарлага хийж байх эрхийг олгож, уг асуудал нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, түүнд торгуулийн ял оногдуулж байсан. Энэхүү үйл явдлаас хойш тэрээр бусад хувьцаа эзэмшигч нартай байнгын маргаантай байж, компанийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүйгээр саад учруулж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот тогтоол нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарсан шийдвэрийн дагуу Л.Цгийн хуурамч баримт бичиг үйлдэж, шинээр гаргуулан авсан тамга, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, 19 тоот тогтоол нь гүйцэтгэх захирлаас 2020 оны 1 дүгээр сарын 09-ний зарлаж хийлгэсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь хуулийн шаардлага хангаагүй тул ээлжит бус хурлаар тооцож хуульд заагдсан асуудлуудыг хэлэлцэж баталсан тухай, 20 дугаартай тогтоол нь өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлүүд нь тусгай зөвшөөрөл шаарддаг болсны дагуу эрхлэх үйл ажиллагааны жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн, хуулийн дагуу хийгдсэн тогтоол байсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар Л.Цгийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон, мөн хуурамч бичиг баримт үйлдэж, тамга, гэрчилгээг шинээр хэвлүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдэж, цаашид гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй болсон учраас Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дах хэсэгт зааснаар бүрэн эрхийг нь зогсоосон. Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх зогссонтой холбогдуулан, дараагийн гүйцэтгэх захирлыг сонгосон тогтоолыг гаргасны үндсэн дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрх зүйн зохицуулалттай байдаг учраас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15, 16 дугаартай тогтоолуудыг гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрүүд буюу тус компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгосон тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн тамга гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэсэн атлаа тогтоох хэсэгт Э С С ХХК-ийн тамгыг албадан гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дах хэсэгт зааснаар үнэгүй өгсөн хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд Л.Ц хувьцааны үнийг төлөөгүй. Л.Цг гүйцэтгэх захирлаар ажиллуулахын тулд түүнээс зардал гаргалгүй компанийн 10 хувийн хувьцааг эзэмшүүлсэн боловч гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусад хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлж ёс зүйн гутамшигт үйлдэл гаргасан компанийн 1 186 000 төгрөгийг ашиглан шамшигдуулсан зэрэг гэмт хэрэг үйлдэж хамтран ажиллах ёс суртахууны эрхгүй болсон Л.Цд үнэгүй өгсөн хувьцаагаа буцааж авах шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э С С ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гаргасан, тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Л.Цгийн Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 27, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурал, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг хүчингүй болохыг тогтоож, тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б нараас Э С С ХХК-ийн тамгыг албадан гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Ц.Б, Б.Энар эс зөвшөөрч, хариуцагч Б.Э нь Э С С ХХК-ийн 2 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг нэхэмжлэгчээс гаргуулж, шилжүүлэхийг даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Э С С ХХК 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Л.Ц компанийн хувьцааны 10 хувийг, Б.Э 50 хувийг, Ц.Б 40 хувийг тус тус эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирлаар Л.Ц сонгогдсон болох нь компанийн дүрэм, үүсгэн байгуулах хурлын тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх6-12/
Мөн компани үүсгэн байгуулагдсанаас хойш хувьцаа эзэмшигч Б.Э, Ц.Б, Л.Ц нарын хооронд компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулахтай холбоотой тамга, тэмдэгийн хэрэглээнээс хамааран маргаан үүсч, Л.Ц нь эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулан авсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/732 дугаартай тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн үйл баримтыг нотолсон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол зэрэг баримт хэрэгт авагджээ. /хх52-55, 194-196/
Анхан шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байхын зэрэгцээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Үндсэн нэхэмжлэлээс Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 3 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын тухайд,
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигч Б.Эгийн эзэмшлийн 30 ширхэг энгийн хувьцаа, хувьцаа эзэмшигч Ц.Бын эзэмшлийн 40 ширхэг энгийн хувьцааг тус тус иргэн С.Сд бэлэглэж, компанийн эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг, мөн сарын 27-ны өдрийн хурлын 5 дугаартай тогтоолоор компанийн гүйцэтгэх захирал Л.Цгийн бүрэн эрхийг зогсоон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, 6 дугаартай тогтоолоор компанийн гүйцэтгэх захирлаар иргэн Д.Дг сонгосон шийдвэрүүдийг тус тус гаргажээ. /хх35-36, 50/
Дээрх өөрчлөлтийн талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан журмын дагуу бүртгүүлээгүй байна. Анхан шатны шүүх уг тогтоолуудыг ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болоогүй гэж дүгнэн тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
Харин Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурал, уг хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын хувьд дараах үйл баримт тогтоогджээ.
Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Б.Э, Ц.Б нар 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ээлжит бус хурлыг хуралдуулж дараах тогтоолуудыг гаргасан байна. Тодруулбал, хувьцаа эзэмшигчид 14 дугаартай тогтоолоор компанийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, 15 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал Л.Цгийн бүрэн эрхийг зогсоож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн өдрийн 16 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар иргэн Д.Дг сонгож, 17 дугаартай тогтоолоор шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Дд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэн явуулах эрх олгосон. 18 дугаартай тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, компанийн дүрмийг шинэчлэн баталж, 19 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал Л.Цгийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ээлжит бус хурлаар тооцон компанийн 2019 оны үйл ажиллагааг хангалттай бус болохыг дүгнэж, 2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг баталж, 20 дугаартай тогтоолоор компанийн үйл ажиллагааны чиглэлээс гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээг хасч, худалдаа зуучлал, бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлийг нэмсэн шийдвэрүүдийг тус тус гаргасан болох нь хэргийн 33-42, 117 дугаар тал дахь Э С С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэрэг баримтуудаар нотлогджээ.
Нэхэмжлэгч Л.Ц нь “компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах ажиллагаа нь Компанийн тухай хуульд заасан журамд нийцсэн” эсэх талаар маргаж байна. Харин хариуцагч нар “Л.Ц компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулаагүйгээс бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир ээлжит бус хурлыг хуралдуулан зар мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг тус компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч Б.Э, 40 хувийг эзэмшигч Ц.Б нар гүйцэтгэх захирал Л.Цгээс шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй гэж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шаардсан байх ба нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын хувьд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулаагүй байна. /хх77/
Хувьцаа эзэмшигчид дээрх үндэслэлээр ээлжит бус хурлыг зарласан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.7 дах хэсгийн гүйцэтгэх удирдлага хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигчид ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргах заалттай нийцсэн байна.
Харин хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан этгээд болох хариуцагч нар хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Л.Цд хурлын зарыг хүргэхдээ хуульд заасан журмын дагуу хүргэсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дах хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээллэх үүрэг хүлээх бөгөөд хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоохоор заажээ.
Хэргийн 8-12 дугаар тал дахь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Э С С ХХК-ийн дүрмийн 6.2-т “ ..., компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит ба ээлжит бус хурал хуралдуулах, шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэхтэй .., холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна” гэж заасан байх ба мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээллэх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгахаар байна.
Хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн, сонинд зар тавьж мэдэгдсэн гэж тайлбарладаг.
Хэргийн 43-46 дугаар тал дахь “Монгол шуудан” ХК-ийн баримтаас үзэхэд хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 02, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд нэхэмжлэгч Л.Цгийн Баянгол дүүргийн 15-р хороо, 23а-141 тоот хаягт, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Ногооннуур гудамж, 507-133 тоот хаягаар илгээмж хүргүүлжээ. Уг илгээмжээр Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хурлын зарыг нэхэмжлэгчид хүргэсэн гэдгээ хариуцагч нотлоогүй байна.
Түүнчлэн хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сонины зард “ ... Э С С ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс ээлжит хурлыг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09.30 цагт компанийн нягтлан бодогчийн оффист хийх, хурлаар компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар хэлэлцэх батлах, компанийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох, компанийн ТУЗ-ийг байгуулах, гишүүдийг томилох, ТУЗ байгуулахтай холбогдуулан компанийн дүрмийг өөрчлөх асуудлуудыг хэлэлцэх ..,” талаар дурдсан байх боловч Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасан бусад нөхцлийг буюу хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журмыг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчийн “нэхэмжлэгчид хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хурлын зарыг 5 дугаар сарын 05-ны өдөр буюу 2 өдрийн өмнө хүргэснийг хуульд заасан боломжит хугацаанд зарыг хүргэсэн гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурлын зарыг нэхэмжлэгчид хуульд нийцсэн байдлаар боломжит хугацаанд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Э С С ХХК-ийн тамга тэмдэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хангаж шийдвэрлэхээр дүгнэж, тогтоох хэсэгтээ холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх боловч нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд,
Хариуцагч Б.Э Э С С ХХК-ийн 2 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Л.Цгээс гаргуулан буцаан шилжүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Л.Цд итгэл хүлээлгэж компанийн 10 хувийн хувьцааг бэлэглэлээр шилжүүлсэн боловч бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр компанийн гэрчилгээ, тамгыг үрэгдүүлсэн гэж хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт худал мэдүүлж бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэж тайлбарласан байна.
Хариуцагч Б.Э нь Э С С ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаанаас 10 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Л.Цд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь оновчгүй байх боловч шүүхийн уг дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.МӨНХЗУЛ