Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

*******ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2322000580124 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дундговь аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух, урьд Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял оногдуулсныг 02 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр тоот хашаанд зүс таних найз тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар цээжин тус газарт нь удаа дараа хутгалсны улмаас “Хэвлийн зүүн хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч хөндлөн гэдэс, нарийн гэдэсний цоорсон шарх, ходоодны урд ханын няцрал, нуруу, хэвлийн зүүн хэсгийн хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид 400.000 /Дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цэнхэр өнгийн иштэй, ажлын хэсэг 14.5 см, бариул хэсэг нь 11 см урттай хутга, улаан болон хар өнгө бүхий куртик, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн фудволк, хар өнгийн малгайтай зүүн талын энгэр дээрээ “Nortface” гэх бичиглэлтэй куртик, цагаан өнгийн ханцуйтай хар өнгийн ноосон цамц, цагаан өнгийн фудволк тус бүр 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нэхэмжилсэн 263.700 /Хоёр зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор *******ийг гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял ногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, тус шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр давж журмаар гомдол гаргаж байна.

           Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг анхнаасаа ойлгож, ухамсарлаж ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн, тухайн үйлдсэн гэмт хэргийн хор аюул, түүнийг шүүх гэм буруутайд тооцсон тохиолдолд ногдуулах ялын төрөл, хэмжээ зэрэг зүйлийг бүрэн ойлгож, өөрийн хийсэн үйлдэлдээ анхнаасаа туйлын их харамсаж, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг шүүхээс сонсохоор буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, ногдуулах ялыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон.

           Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болох “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтайгаар оролцсон.

           Түүнийг шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж, xapин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд ял шийтгэлийг ногдуулсан.

           Харин түүнд ял ногдуулахдаа “Шүүгдэгч нь согтуурсан үедээ зэвсэг ашиглан, хохирогчийн хэвлийн тус газарт удаа дараа хутгалсан буюу үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно” талаар үндэслэжээ.

           Мөн энэхүү эрүүгийн хэргийн шүүх хуралдааны төгсгөлд буюу эрүүгийн хариуцлага ногдуулах үе шатанд 6 жилийн хорих ялыг ногдуулсан үндэслэлээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг 4 удаа хутгалсан үйлдэл гаргасан учраас прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэсэн” гэх утга агуулгаар тайлбарласан.

           Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага ногдуулах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг асуудал буюу эрүүгийн хариуцлага ногдуулах асуудал нь тэр чигтээ шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь дан ганц шүүхийн эрх хэмжээний асуудал биш юм.

            Шийтгэх тогтоолд дурдсанаар буюу “Шүүгдэгч нь согтуурсан үедээ зэвсэг ашиглан хохирогчийн хэвлийн тус газарт удаа дараа хутгалсан буюу үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал” нь Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд саад болох үндэслэл болохгүй

            Учир нь, Шүүхээс шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Мөн энэ хуульд Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглох талаар хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох талаар хуульчилсан.

             Г.*******ийн хувьд 1.Түүний үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, 2.Гэм буруугаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө буюу анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, 3.Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл буюу тэрээр гэрч ийнд байхад шүүгдэгчийг 2 удаа цохисноос үүдсэн. Хэрвээ хохирогчийн энэ зүй бус үйлдэл болоогүй бол өнөөдөр гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх байсныг үгүйсгэхгүй. Мөн хохирогч нь шүүгдэгчийг “аар түрүү барьдаггэх зэргээр түүнд таагүй үгс тэр өдөр уулзаж эхэлснээс хэлж байсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. Мөн шүүгдэгч нь зэвсгийн шинжтэй буюу хутга хэрэглэж тус гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа. Энэхүү зэвсэг ашиглан үйлдсэн нь өөрөө тус зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн байсаар байтал шүүх зэвсэг ашиглан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийтгүүлж байгаа этгээдэд энэ заалтыг нь дахин хэрэглэж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаагийн жишээ болж байна. Мөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал гаргасан буюу хохирогчид эмнэлгийн тусламж даруй үзүүлэх гэж идэвхтэй үйлдлүүд хийж байгааг харгалзах үндэслэлтэй юм.

            4.Хохирогчид баримтаар учирсан хохирлыг бүрэн төлсөн, шаардлагатай хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн шүүхээс тогтоосон хохирлоос гадна нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар шаардсан хохирол болох 263700 төгрөгийг төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. Хохирогчид гэмт хэрэг үйлдэгдэх үед хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авснаар ердөө 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан бөгөөд өөр эмчилгээтэй холбоотой хохирлыг шаардаагүй нь түүний эрүүл мэнд хэвийн байгааг илтгэх нэг баримт болно.

            Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тэрээр маш хэцүү амьдралтай бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага хүү нь төрөөд ердөө 2 cap болох гэж байна.

            Тэрээр анхнаасаа мэдүүлгийг үнэн зөвөөр өгч, өөрийн үйлдлийн гэм бурууг сайтар ухамсарлаж байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна гэж үзэхээр байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ид ял ногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой байхад хууль буруу тайлбарлан хэрэглэж буюу зэвсэг хэрэглэсэн, удаа дараа хутгалсан үндэслэлээр тус хэсгийг хэрэглэхгүй байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нэн дордуулж байна.

           Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дугаар сарын 06-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж буюу шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Би бага насны 2 хүүхэдтэй. Том нь одоо 5 настай бэлтгэл ангид явдаг. Бага нь 07 сарын 24-нд төрсөн. Би бага хүүхдээ сар гарантаа байхад 06 сарын 09-ний өдөр хоригдсон. Манай том хүү хичээлд явдаг. Аавыгаа Солонгост байгаа гэж бодож байгаа. Намайг дугуй авчирна гэж бодож байгаа. Манай хүүхэд бас их цочролд орсон. Намайг санаж, бэтгэрээд орондоо шээгээд байгаа. Манай эхнэр бага насны хүүхэдтэй, нялх биетэй байгаа учир ажил эрхлэх боломж байхгүй. Би ар гэрээ авч явдаг байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байгаа. 3 сарын хугацаанд хоригдохдоо бүх зүйлийг ойлгож, гэмшиж байгаа. Буруутай зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хамгийн бага ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

Прокурор О.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоол тухайн шүүгдэгчийн гэм бурууг нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж хуулийн шаардлагыг хангасан шийтгэх тогтоол гарсан байгаа. Гэм буруугийн хувьд дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийсэн. Өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагч анхан шатны шүүх дээр гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж 6 жилийн хорих ялын саналыг тавьсан. Үүний дагуу анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, 2 бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг мөн анхан шатны шүүх тал бүрээс нь авч хэлэлцсэн. Оногдуулсан ял тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдад зэвсгийн шинж чанартай хутга ашиглаж хохирогчийг олон удаа хутгалсны улмаас хүнд гэмтэл учирсан. Энэ гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон ялыг оногдуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар ******* овогтой *******ид холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн хянав.

   Шүүгдэгч *******гийн ******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архи ууж согтуурсан үедээ иргэн биед хутга мэс хэрэглэн олон удаа халдаж, гэмтээж бусдын биед амь насанд аюултай хүнд хохирол санаатай   учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Дундговь аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг мөрдөн байцааж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид 400.000 /Дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох талаар хуульчилсан. Шүүгдэгч *******ийн хувьд 1. Түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, 2. гэм буруугаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө буюу анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, 3. гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл буюу ийнд байхад шүүгдэгчийг 2 удаа цохисноос үүдсэн. Хэрвээ энэ зүй бус үйлдэл болоогүй бол гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсныг үгүйсгэх аргагүй. Шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн тусламж дариу үзүүлсэн байдлыг ч харгалзах ёстой. Хохирогчид баримтаар учирсан хохирлыг бүрэн төлсөн, шаардлагатай хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд маш хэцүү амьдралтай, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага хүү нь төрөөд ердөө 2 cap болох гэж байна. ...анхнаасаа мэдүүлгийг үнэн зөвөөр өгч, өөрийн үйлдлийн гэм бурууг сайтар ухамсарлаж байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна гэж үзэхээр... нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой үндэслэл бүхий байна гэж үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 1.4-д хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 1.5-д өөрийгөө илчилсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг өмгөөлөгч дурдан гомдол гаргажээ.

            Өмгөөлөгчийн гомдлын үндэслэл болон нотлох баримтууд хавтаст хэргийн материалд авагдсаныг давж заалдах шатны шүүх анхаарч судалсан болно.

            Мөн шүүгдэгч ******* нь урьд сум дундын шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял оногдуулсныг 02 жилийн хугацаагаар хойшлуулж байсан ба өөр ямар нэг ял шийтгэл хүлээж байгаагүй гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан нь тогтоогдоогүй байна.

            Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, өөрөө гэм буруугаа бүрэн хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хүнд гэмтэл учруулсан ч эмнэлгийн тусламжийг авахад тусалснаар хохирогчид учирсан хүнд гэмтлийг эмчилж аврах боломж олгосон, нотлох баримт бүхий хор хохирлыг нөхөн төлж, цаашид төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, түүний улмаас холбогдох эрүүгийн хэрэг шуурхай шийдвэрлэгдсэн байгаа зэрэг байдлыг харгалзан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолд ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулахаар тогтов.

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноосон байсныг 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өөрчлөв.

           Оногдох ялыг 4 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж буй үндэслэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д ... гэмт хэрэг үйлдсэн хүн ... хохирлоо нөхөн төлсөн бол ... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэж заасныг баримталсан болно.

             Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоног болон бусад асуудлыг хянан шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 2023/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтын “6” гэснийг “4” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                           Ш.ТӨМӨРБААТАР.