Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2025/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******

Гомдлын шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876991 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876991 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

2. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 1/11 дүгээр албан бичгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, *******г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн, 10.000.000 /*******ван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. “*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан гомдолдоо[1]: “Баянхонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн малчин овогтой нь 2024 оны Орон нутгийн Сонгуульд ******* сумын 2-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн.

******* сум нь 2024оны 10 дугаар сарын 27-нд их хэмжээний цас орж Улсын онцгой комисс, Аймгийн Онцгой комиссын орлогч дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж улсын хэмжээнд ******* сум нь Цагаан зудтай гэсэн дүгнэлтийг гаргасан. *******гийн тухайд цаг агаарын хүндрэлтэй үед мал ахуйгаа оторт гаргах шаардлага нэн тэргүүн гарсан тул 2024 оны 10 дугаар 28-ны өдөр нүүж Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багт өвөлжсөн.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн байсан ч эхнэр бага насны хүүхдийн хамт 3 уулаа хүн бүл муутай цаг агаарын бэрхшээлтэй үед алслагдмал оторт гарсны улмаас хандивын дансаа ч хаалгаж амжаагүй. Тус хандивын дансанд иргэн *******оос 500.000 төгрөгийн хандив орж ирснийг сонгуулийн ухуулагчийн цалинд *******ын дансанд 130.000 төгрөг, менежерийн урамшуулалд *******ын дансанд 100.000 төгрөг, утасны дата болон түлш шатахууны зардалд 269.200 төгрөг, банкны гүйлгээний шимтгэлд 800 төгрөг тус тус зарцуулан ажилласан билээ. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын сүүлээр аймгийн төвд дуудаж байна гэхээр нь ирэхэд СТСХ ийн мэргэжилтэн ******* Сонгуулийн тухай хуульд зааснаар “нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтааж зардлын тайландаа хувийн аудитаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгосон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876991 дугаар Шийтгэлийн хуудас гардуулсан байна. *******гийн тухайд 10.000.000 төгрөг төлөх боломжгүй өр зээл ихтэй, өрхийн орлого муутай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй өндөр шийтгэл оногдуулсан байна. ******* суманд 2025 оны 1 дүгээр сар хүртэл цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас сумын нутагт отор нүүдэл хийж холбоо барих боломжгүй байсан учраас Орон нутгийн сонгуулийн хандивын тайлангаа хугацаанд нь хүргүүлж амжаагүй билээ.

Улсын байцаагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно гэх заалтуудыг хэрэгжүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах” зэрэг хууль заасан ажиллагаа явуулалгүй шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

          Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн заасан хариуцлага хүлээлгэсэн” гэжээ.

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын гарзын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876991 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.

2. Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлэн дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшжээ.

4. Нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу ******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа аудит хийлгэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

5. Хариуцагч гомдол гаргагч *******д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 10.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

6. Гомдол гаргагч нь гомдлыг үндэслэлээ “...******* сумд 2024 оны 10 дугаар сарын 27-нд их хэмжээний цас орж Улсын онцгой комисс, Аймгийн Онцгой комиссын орлогч дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж улсын хэмжээнд ******* сум нь Цагаан зудтай гэсэн дүгнэлтийг гаргасан. Цаг агаарын хүндрэлтэй үед мал ахуйгаа оторт гаргах шаардлагатай байсан тул 2024 оны 10 дугаар 28-ны өдөр нүүж, Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн Хооногийн хөндийн ******* хэмээх газарт өвөлжсөн...” гэж тайлбарладаг. Энэ нь ******* сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 15, тус сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 35 дугаар албан бичгээс харагдаж байна.

7. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг тусгасан бөгөөд 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1.-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус хуульчилсан.

8. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тухайн зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон, зөрчил гаргагч сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэхээр заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг холбогдогчид тайлбарлаагүй, зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасантай нийцэхгүй байна.

9. Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 дүгээр “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар *******д шийтгэл ногдуулах тухай бичгийг /хх-н 40-р тал/ Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч /хх-н 40-р тал, доорх тэмдэглэгээ/, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий 0876991 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн нь ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.

10. Иймд, шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876991 дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876991 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, *******гийн гомдлын шаардлагыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.СУВДМАА

 

         

 

 

[1] Хавтас хэргийн 1-2 дугаар тал